Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 0725

 

                                                          С.О-ын нэхэмжлэлтэй

                                                      захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.О-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хүчингүй болж, үйлчлэл нь арилсан, эсхүл дуусгавар болсон захиргааны актыг шүүхээс хууль бус байсан гэж тогтоож, хуулийн гипотези буюу гол нөхцөл нь нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол гэж тодорхойлсон. Ийм ч учраас анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг тодруулахаар мэтгэлцсэн юм.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн гэж тайлбарласан боловч ямар ашиг сонирхол байгааг тодорхойлж чадахгүй байхад шүүгч хөндлөнгөөс өөрөө оролцож “эд хөрөнгийн ашиг сонирхол”, “оюун санааны ашиг сонирхол” гэж байдаг хэмээн тайлбарлаж байгаагаас үзвэл шүүгч, гуравдагч этгээд, нэхэмжлэгч нарын хооронд мэтгэлцээн  болсон болно.

Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан нэхэмжлэгчийн ашиг сонирхол байвал гэдгийг оюун санааны ашиг сонирхол гэж ойлгож хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаагаас гадна шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгч талын өмнөөс гуравдагч этгээдэд тайлбар өгч, мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал юм.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн ашиг сонирхол байна гэж үзсэн талаараа шийдвэртээ дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэх, эсхүл шүүгчийн ярьснаар оюун санааны ашиг сонирхол байгаа гэж үзсэн гэхээр байна.

Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарласнаар “Хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн” гэж анхан шатны шүүх үзсэн бол өөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дүгнэлт өгсөн үйл баримтад дахин дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр С.О-ын “...С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах..” шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх үйл баримтыг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгчийн ямар алдаа зөрчил гаргаж, ямар хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөнөө мэдэх боломж олгоогүй, бодит байдлыг хууль зүйн хүрээнд тогтоогоогүй” гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь мөн л өөр шүүхэд хэлэлцэгдсэн үйл баримт байсан болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох буюу ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар хянан дүгнэлт хийсэн гэдэг нь нотлогдож байна. Дахин дахин хэлэлцэгдсэн асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсон байх бөгөөд мөн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлж, гуравдагч этгээд А.Т-ыг тус хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсон байна.

С.О нь Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан “..Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамжаар Засгийн газрын тухай хуулийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөөлж, мөн өдрийн 132 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар А.Т-ыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилж, 2 дахь заалтаар Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодруулсан байна.

Анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий сайд маргаан бүхий 88 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.2.3-д заасныг тус тус зөрчиж, захиргааны актын үндэслэх хэсэгт ямар нэгэн хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийг ямар алдаа гаргаж, ямар хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг мэдэх боломж олгоогүй хэмээн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

Энэхүү акт нь хууль зүйн үндэслэлгүй байхын зэрэгцээ С.О-ын хөдөлмөрлөх эрхийг хөндөж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх агуулгатай байсан, мөн нэхэмжлэгч өөрийн ашиг сонирхол байгаа болохоо илэрхийлж байгаа нь 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэж болохоор хуульд зохицуулсан ба  нэхэмжлэгч С.О-ын зүгээс ашиг сонирхол байсан гэдгийг “...ажлаа хийгээд явж байхад ямар ч үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халсан явдал нь надад сэтгэл санааны хохирлыг учруулсан” хэмээн тайлбарлаж байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-гийн “...нэхэмжлэгчийн ашиг сонирхол байвал гэдгийг оюун санааны ашиг сонирхол гэж ойлгож хэрэглэсэн нь хуулийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж байна” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авах боломжгүй.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгч талын өмнөөс гуравдагч этгээдэд тайлбар өгч, мэтгэлцсэн..., ...өөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дүгнэлт өгсөн үйл баримтад дахин дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж дурдсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ТМ2017/2550 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул уг гомдол үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргасан байхад анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 88 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоосугай” гэснийг “...Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоосугай...” гэж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА