Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 15

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , түүний өмгөөлөгч А.М-Ө нарыг оролцуулан иргэн С.О ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: С гийн О

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.О миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажилд Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг үндэслэн 6 жилийн хугацаагаар томилогдон ажиллаж байгаа билээ.

Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлөх тухай захирамж нь хууль зүйн ямар нэг зүйл заалт баримтлаагүй мөн Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг зөрчин 6 жилийн хугацаатай томилогдсон бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

Мөн түүнчлэн Ерөнхий сайдын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40

дүгээр зүйлийг зөрчсөн илт хууль бус, үндэслэлгүй захирамж юм. Иймд Захиргааны хууль бус акт болох Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн С.О ын Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамж нь хууль зүйн ямар нэг зүйл заалт баримтлаагүй мөн Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг

зөрчин 6 жилийн хугацаатай томилогдсон бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Ерөнхий сайдын 88 дугаар захирамжийг хүчингүй болгож өмнө эрхэлж

байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу

тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч иргэн С.О нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 102 дугаар захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ерөнхий сайдын 88 дугаар захирамжаар тус албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр томилно гэж заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд нь “Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4 болон 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг, “Эрчим хүчний тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан байна гэж үзэж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүргийг заавал 6 жил хаших ёстой гэж нэхэмжлэгч тал буруу ойлголттой байх шиг байна. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн томилдог албан тушаалыг заавал хугацааг нь дуустал байлгана гэсэн ойлголт байхгүй.

Засгийн газрын 2016 оны 132 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийг баталсан. Дүрмийн 3.3-д Хорооны дарга нь дээд боловсролтой, эрчим хүчний салбарт ажилласан дадлага туршлагатай Монгол Улсын иргэн байна гэж заасан. Одоо хорооны даргын үүрэг гүйцэтгэж буй А.Т нь эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллаж буй, дулааны эрчим хүчний доктор зэрэгтэй хүн.

Ерөнхий сайдын 88 дугаар захирамж техникийн алдаанаас болж хуулийн үндэслэлгүй гарсныг Захиргааны Ерөнхий хуулийн 45.1-д заасны дагуу засварлан гарахад бэлэн болоод байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлага нь Ерөнхий сайдын захирамжаар томилогддог, дүрмийг нь Засгийн газрын тогтоолоор баталдаг, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлд заасны дагуу Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм.

Сонгуулийн тухай хуулийн 125.5-д Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна гэснийг ноцтой зөрчин 2016 оны УИХ-ын сонгуульд албан тушаалаа хүлээлгэж өлгөлгүйгээр нэр дэвшиж өрсөлдсөн нь энэ албан тушаалаас чөлөөлөгдөх хангалттай үндэслэл юм.

Мөн иргэн С.О нь ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын эрчим хүчний нөөц хэмжээнээс хэдэн зуу дахин их хэмжээний эрчим хүчний тусгай зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд олгосон нь уг ажилдаа ашиг сонирхлын зөрчил байсныг тодорхой харуулж байна.

Нэхэмжлэлдээ өөрийн хувийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзсэн мөртлөө улсын эрх ашгийг хүндэтгэж үзээгүй нь харагдаж байна. Дээрх үндэслэлүүдээр иргэн С.О ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч хүлээн авах боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О өөрийг нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажлаас хууль бусаар чөлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн.

Маргаан бүхий Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамжид “С гийн О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, А ийн Тыг тус хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсугай” гэжээ. Энэхүү захирамж нь ямар нэг хуулийн зүйл, заалтыг баримтлаагүйн зэрэгцээ С.О ыг ажлаас нь чөлөөлж, А.Тыг тус хорооны даргаар томилох болсон үндэслэлийг тодорхойлоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Ерөнхий сайдын 88 дугаар захирамж техникийн алдаанаас болж хуулийн үндэслэлгүй гарсныг Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасны дагуу засварлан гаргахад бэлэн болоод байна” гэсэн ба шүүх хуралдаан дээр маргаан бүхий 88 дугаар захирамжийг зөвтгөж гаргасан гэх тайлбарыг хийж, Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 131, мөн ижил огноотой “Ажилд томилох тухай” 132 дугаар захирамжуудыг нотлох баримтаар өгсөн. Ерөнхий сайдын 132 дугаар захирамжаар маргаан бүхий 88 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэдий ч 131 дүгээр захирамжид “С гийн О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөөлсүгэй” гэсэн байх тул нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдал өөрчлөгдөөгүй байна.

Дээрх нөхцөл байдал бий болсонтой холбогдуулж Ерөнхий сайдын 131, 132 дугаар захирамжтай маргах эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад “...хэргийг урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдүүлье, ...эдгээр захирамжуудтай маргах эсэхээ дараа нь тусдаа шийднэ...” гэсэн тайлбарыг хийсэн учраас шүүх “Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

“Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр хийсэн тайлбартаа “Ерөнхий сайдын 88 дугаар захирамж техникийн алдаанаас болж хуулийн үндэслэлгүй гарсныг Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасны дагуу засварлан гаргасан” гэдэг. Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэжээ. Энэхүү заалтаар алдаатай захиргааны актыг захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхийг олгосон болохоос тухайн актыг бүхэлд нь хүчингүй болгоод дахин шинэ акт гаргах эрхийг олгоогүй байна. Харин Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар захиргааны байгууллага хууль бус захиргааны актыг хэсэгчлэн болон бүхэлд нь хүчингүй болгох эрхтэй болохыг дурдах нь зүйтэй юм. 

Нэхэмжлэгч С.О нь Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д зааснаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 6 жилийн хугацаагаар томилогдсон байх бөгөөд түүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ерөнхий сайдын 88 дугаар захирамж нь ямар нэгэн хуулийн зүйл заалтыг үндэслээгүйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон үндсэн эрх, тухайлбал хөдөлмөрлөх эрхийг хөндөж байгаагийнхаа хувьд хууль зүйн үндэслэл бүхий байх ёстой. Иймээс маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, материаллаг болон формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх дүгнэв.

Эрчим хүчний тухай хуульд зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, дүрэм нь Засгийн газраас батлагддаг, даргыг нь эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилж, томилолтын хугацааг нэг удаа сунгаж болдог зохицуулалттай байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаарх Засгийн газрын бүрэн эрхийг заасан бөгөөд 7.4-д “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг хэлэлцэнэ” гэж заажээ. 

Мөн Засгийн газрын 2016 оны 132 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.5-д “Хорооны дарга, гишүүнийг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 3.5.1-д “томилсон хугацаа дуссан”, 3.5.2-т “өөрөө хүсэлт гаргасан”, 3.5.3-д “эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсныг эрх бүхий эрүүл мэндийн байгууллага тогтоосон”, 3.5.4-д “хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 3.5.5-д “хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргасан болон гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон” гэж тус тус заажээ. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх дээр дурдсан тохиолдлын аль нэгэн тогтоогдохгүй байна. Хэдийгээр Ерөнхий сайдад Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдсон хэдий ч энэхүү эрх нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байх, хууль зүйн шаардлагад нийцсэн байхаар хязгаарлагддаг бөгөөд Ерөнхий сайдад олгосон хэмжээлшгүй эрх биш юм. 

Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.6-д “Хорооны дарга, гишүүнийг энэ дүрмийн 3.5.2-3.5.5-д заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлсөн тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүнийг бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан боловч Ерөнхий сайдын 88 дугаар захирамжаар А.Тыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсон нь Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн дээрх холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна. 

Мөн хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д “...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга ... нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ... ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэснийг ноцтой зөрчсөн нь энэ албан тушаалаас чөлөөлөгдөх хангалттай үндэслэл болсон...” гэх тухайд.

 Тус асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд Ч.Х ын нэхэмжлэлтэй, Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 025/ШШ2016/0008 шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү шийдвэрийн 11 дүгээр талд “...С.О нь Улсын Их Хурлын сонгууль нэр дэвшээгүй, тийм хүсэлт гаргаж байгаагүй тул түүнд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаа хүлээлгэн өгөх шаардлага тавигдахгүй юм” хэмээн дүгнэсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн боловч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тул маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв. 

“...урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамжид “...С.О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөөлсүгэй”, 132 дугаар захирамжид “...Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар А.Тыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсугай” гэж тус тус заасан бөгөөд дээрх захирамжуудтай хэн ч маргаагүй, хууль бус хэмээн тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй буюу хүчин төгөлдөр захиргааны шийдвэр байсаар байхад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

Хэрэв хожим нэхэмжлэгч Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131, 132 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар маргах тохиолдолд “ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно. “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131, 132 дугаар захирамжууд байсан бөгөөд эдгээр захирамжуудтай маргаж шүүх хүчингүй болгосон тохиолдолд энэхүү шийдвэрийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдал үүсэх буюу дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх нөхцөл үгүйсгэгдэх болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, “урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДОЛГОРСҮРЭН