Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2016/0078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох;

-Ю ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах;

-Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю ХХК-ийн захирал Ч.Д, түүний өмгөөлөгч Б.Г*******, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ю ХХК-ийн захирал Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Засгийн газраас зарласан талбайд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших "*******" нэртэй 3096 гектар талбайд өргөдөл гарган ******* дугаарт бүртгүүлсэн. Уг өргөдлийг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Энэхүү татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад гомдол гаргасан боловч Ашигт малтмалын газрын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6/6348 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн бөгөөд энэхүү хариуг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэл бол уг талбай нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан газартай давхцалтай гэсэн шалтгаанаар орон нутгаас зөвшөөрөхгүй гэсэн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг.

Гэтэл уг талбай нь анх зарлагдах үедээ орон нутгийн болон улсын нөөцөд бүртгэгдээгүй, өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянахдаа анхан шатны шүүлт хийсний дараа уг талбай нь тусгай хэрэгцээний болон нөөцөд авсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгаж давхцаагүй нөхцөлд орон нутгаас санал авах-аар явуулдаг.

Манай компанийн өргөдлийг Ашигт малтмалын газраас хүлээн авч шалгаад орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээнд авсан газартай ямар нэгэн давхцал байхгүй гэж үзэж орон нутгаас санал авахаар явуулсан хэрнээ давхцалтай гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компаниас гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээхийг даалгаж өгнө үү. гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч Ю ХХК-ийн захирал Ч.Д 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Манай компани тус шүүхэд хандаж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, тус компаниас гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг сэргээхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уг талбайд Г*******" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг Ашигт малтмалын вэб сайтнаас олж мэдлээ. Манай компанийн өргөдөл өгсөн талбайд өөр компанид тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэж байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн "Г*******" ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Гурав. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

..."Ю" ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-025104 дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших "*******" нэртэй 3096.19 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг ''Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана." гэсэн заалтын дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/853 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

"Ю" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. гэсэн заалтын дагуу хуулийн хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын 12 дугаар албан бичигт дэмжихгүй саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын санал болон хавсралтаар ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Тонхил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 05 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд "Ю" ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, тус компаниас гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг сэргээхийг даалгуулах, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн "Г*******" ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ******* дугаарын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт Хүрэн нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр Г******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. Тухайн талбай дээр Ю ХХК нь өргөдөл гаргаж тус өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

...Нэхэмжлэгчээс хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Ю ХХК-нд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг гаргаж, харин Г******* ХХК-нд тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг гаргасан нь хууль бус гэж тайлбарладаг. Гэтэл санал өгөх эрх нь тухайн орон нутгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна. Төрийн захиргааны байгууллагаас санал өгөх эрхэд халдах эрх байхгүй. Аймгийн Засаг даргын дэмжсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга хүчингүй болгох эрх байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж байгаа боловч хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүй байна. Тэгэхлээр Кадастрын хэлтсийн даргыг хууль зөрчсөн гэж үзэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч Ю ХХК нь шүүхээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох; Ю ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах; Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчийн 2015 оны 538 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. гэснийг үндэслэн Засаг даргын дэмжихгүй санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх боловч тус 538 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй саналыг үндэслэж гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. гэсэн заалтын татгалзсан хариу өгч болно. гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно. гэж Улсын Дээд шүүхийн 2010 оны Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд тайлбарлажээ.

Тэгэхлээр Ю ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй, мөн хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь:

1. хариуцагчийн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/853 дугаар албан бичиг;

2. хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас тус шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн ...3.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай 07/01 дугаар тогтоолын үйлчлэлд N-025104 дугаартай өргөдлийн талбай хамрагдаагүй байгааг харуулсан кадастрын зураг хүргүүлж байна. гэсэн 6/524 дугаар албан бичиг;

3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар буюу Засаг даргын санал нь Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоол, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг хангахгүй байна. гэсэн эрх зүйн шүүлт хийсэн баримтаар тус тус нотлогдож байхад Говь-Алтай аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлгүй дэмжихгүй саналыг үндэслэж Ю ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн гаргасан 2015 оны 538 дугаар шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлд Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, ...энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ., мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын Нийтлэг үндэслэл гэсэн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно. гэжээ.

Тэгэхлээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын 4 дэх хэсгийн 4.5-д Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ. гэсэн заалтыг хариуцагч хэрэгжүүлэх ёстой байна. Гэтэл Ю ХХК-ийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас-т бичигдсэн эрх зүйн шүүлт хийсэн дүгнэлтээс үзэхэд Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль ёсны байх, гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Засаг даргад 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 6/853 дугаар албан бичигт:

# Уртраг Өргөрөг

град мин сек град мин сек

1 97 18 6.25 46 12 7.55

...гэж явуулсан байхад,

Засаг даргын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар саналд:

# Өргөрөг Уртраг

град мин сек град мин сек

1 97 18 6.25 46 12 7.55

...гэж уртраг, өргөрөгийг зөрүүтэй бичиж, ...солбицлуудтай цэгүүдийг холбосон шулуун шугамаар хязгаарлагдсан ******* нэртэй 3096.19 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй байна. гэж, мөн дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчид хууль зүйн үндэслэлгүй дэмжихгүй саналыг Засаг даргаас ирүүлсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтад заасан албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх; гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хүлээх үүргээ хариуцагч биелүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар санал нь бодит байдалд хууль зүйн үндэслэлгүй санал болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.2-т заасан ажиллагаагаар тогтоосон, түүнчлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааварт заасан хянан шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд шалгасан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Ю ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2015 оны 538 дугаар шийдвэрийг гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., Далдугаар зүйлийн 1 дэх заалтын Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино., Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй, Ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын 4.5-д заасан Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ. гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч хууль зүйн үндэслэлгүй Засаг даргын саналыг үндэслэж нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг гаргаж, мөн оны 9 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн уг талбайд Г******* ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг ...Засаг дарга энэ хуулийн 19.2.2-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн... гэсэн үндэслэлээр Засаг даргын дэмжив санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2015 оны 718 дугаар шийдвэрийг гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын ...шударга ёс, ...тэгш байдал ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Г******* ХХК-ийн ******* бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дотоод хяналтын хуудаст ...025104 өргөдөлтэй Ю ХХК-д уг талбайд дахин өргөдөл гаргах боломжоор хангасан эсэх гэсэн эрх зүйн шүүлт хийсэн баримт;

2. Гуравдагч этгээд Г******* ХХК нь ...Хүрэн нэртэй 3096.19 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг гаргасан... байх бөгөөд тус талбай нь Ю ХХК-ийн өргөдлийн талбай болон талбайн солбилцлуудтай тохирч, давхцаж байгааг Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж тодорхойлсон Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 6/853, мөн оны 6/6485 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдэд адил тодорхойлсноор нотлогдож байна. Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн 6/8481 дугаар албан бичигт ...Ю ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр Г******* ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-018985 тоот тусгай зөвшөөрлийг олгосон... гэх бичгээр тогтоогдож байна.

3. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаас тус шүүхэд ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/69 дүгээр албан бичгээр ...Засаг даргад хүргүүлсэн бөгөөд манайхаас Г******* ХХК-д албан бичиг хүргүүлээгүй болно. гэжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн 2015 оны 718 дугаар шийдвэр гарах үндэслэл болсон Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 251 дүгээр санал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т ...тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх;, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т ...сум, ...аймаг, ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ...төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь дээр дурдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1/69 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь заалтад заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх гэсэн чиг үүргийг хэрэгжүүлж, Ю болон Г******* ХХК-д холбогдох 2015 оны 538, 718 дугаар шийдвэрийг гаргахдаа эрх зүйн хэм хэмжээг буюу хууль зүйн үндэслэлийг тэгш байдал-аар баримтлах ёстой байтал хариуцагч уг шийдвэрийг гаргахдаа тус зарчмыг баримтлаагүй ялгаатай шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж ялгаварлан гадуурхсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна

Өөрөөр хэлбэл, хариуцагч Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, Ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5-д заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлж ашигт малтмалын харилцаанд төрийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн адил нөхцөлд байгаа хуулийн этгээд бүрт, тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүрийг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн баталгааны хувьд адил тэгш байдлыг хангаж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын ...шударга ёс, ...тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэсэн заалттай нийцнэ.

Иймд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Ю ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ю ХХК-иас ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах бус гагцхүү ...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хүрээнд маргааныг хянаж, Үндэслэх хэсгийн нэг, хоёрт дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох; Ю ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах; Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад заасныг баримтлан Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн Ю ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн Г******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Ю ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙСАЙХАН