Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 0015

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот дахь “Г” ХХКомпанийн нэхэмжлэлээр

      Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 тоот захирамжаар байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс”-ын даргад холбогдуулан үүсгэсэн

      Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актанд гарын үсэг зурахгүй байгаа тус комиссын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын комиссын актад гарын үсэг зурахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Г” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, Э, хариуцагч Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дарга Г, гуравдагч этгээд “Г” ХХК-ийг төлөөлж захирал М, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “Г” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн Э-тай хамтран ажиллаж сум, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд өөрийн хувь нэмрийг оруулж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “С” багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж дуусгасан.

      Бид барилгын ажлыг дуусахтай зэрэгцэн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2015 оны 08, 11 дүгээр саруудад 2 удаа Улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлт тавьснаар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг байлцуулан Улсын комисс ажилласан ба Улсын комисст хүлээн авах актыг гарган холбогдох байгууллагуудаар баталгаажуулж байх явцад барилга угсралтын ажил хийж  оролцож байсан “Г” ХХК-аас Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хөрөнгө оруулагч компанитай ажлын хөлсний тооцоо дуусгавар болоогүй гэх шалтгаанаар гомдол гаргаснаас шалтгаалж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б Улсын комиссын актад “Г” ХХК-ийн эрх ашгийг хамгаалж хувийн ашиг сонирхолоор төрийн албаны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй улсын комиссын даргын хувьд улсын комисс ажиллаад комиссын актын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан 2015 оны 11 дүгээр 25-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн атал гарын үсэг зурахаас үндэслэлгүйгээр татгалзаж өнөөдрийг хүрлээ.

      Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г-ийн дээрх хууль бус үйлдлээс шалтгаалж хөрөнгө оруулсан манай компанийн эрх ашиг хөндөгдөхийн сацуу эдийн засгийн асар их хохирол учирч, цаашлаад сум орон нутгийн иргэдийн орон сууцанд амьдрах эрх зөрчигдөж байна. 

         Иймд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актад даргын хувьд гарын үсэг зурахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, улсын комиссын актад гарын үсэг зурахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

      “Г” ХХКомпани нь Замын-Үүд суманд иргэн Атай хамтран С багийн нутаг дэвсгэрт 65 айлын орон сууцны барилгыг “М” ХХК, “Г” ХХКомпаниуд болон хамгийн сүүлд “И” ХХКомпаниар гүйцэтгүүлж 2015 оны 10 дугаар сард барьж дуусгасан. Үүний дагуу бид 2015 оны 8, 11 дүгээр саруудад барилга ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах хүсэлтийг тавьсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 14-нд улсын комисс ажилласан ба гэтэл комиссын даргаар ажилласан Г нь нэхэмжлэгч компанийг “Г” ХХКомпани хоорондын маргаантай асуудлаа зохицуул гэснээр актад гарын үсэг зурахаас татгалзсан. Бидний зүгээс энэ үйлдлийг “Г” ХХКомпанийн эрх ашгийг хамгаалж хувийн ашиг сонирхлоор хандаж байна гэж үзэж байна.

         Улсын комиссын актын 2.2 дахь заалтад “... 65 айлын орон сууцны барилга угсралтын ажил нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан тул ашиглаж болно ...” гээд “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрөв ...” гэсэн заалт байсаар байхад гарын үсэг зурахаас татгалзаж байна. Үүнээс болж нэхэмжлэгч компани нь барилгыг ашиглаж чадахгүй, хөрөнгө мөнгөөр хохирч байна.

       Иймээс тус комиссын даргыг актад гарын үсэг зурахгүй байгааг хууль бус үйлдэл гаргаж байна гэж үзэж уг үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улмаар актад гарын үсэг зурахыг даалгах гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

      Гол нь улсын комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж бусад гишүүд нь зөвшөөрч гарын үсэгээ зурчихаад байхад комиссын даргын зүгээс комиссыг ажиллаагүй мэтээр тайлбарлаж ганцаараа гарын үсэгээ зурахгүй байгааг хууль бус гэж үзэж байна.

      Хариуцагчийн зүгээс гаргасан хариу тайлбартаа гуравдагч этгээд болох “Г” ХХКомпанитай санхүүжилттэй холбоотой маргаанаа шийдвэрлэсний дараа акт баталгаажих боломжтой гэсэн тайлбарыг гаргадаг, гэтэл энэ асуудал нь гарын үсэг зурахаас татгалзах үндэслэлд хамааралгүй бөгөөд энэ нь тусдаа өөр журмаар шийдвэрлэгдэх асуудал юм. “Г” болон “Г” ХХКомпаниудийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын хооронд үүссэн маргаанаа Арбитрын шүүхээр шийдүүлэхээр зааж өгсөн байгаагийн дагуу тухайн асуудал нь гэрээнд зааснаар шийдвэрлэгдэнэ.

         Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

    Хариуцагчаас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын С багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Аын захиалгаар баригдсан 65 айлын орон сууцны барилгад улсын комисс ажиллуулах хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 28-нд манай байгууллагад гаргасан бөгөөд барилга угсралтын ажлын зураг төслийн автор, захиалагч, гүйцэтгэгч байгууллагын хамтарсан дотоодын хяналтын дүгнэлтийг баталгаажуулж ирүүлэх тухай зөвлөмжийг өгсөн билээ.

       Тус барилга нь 5 давхар 65 айлын орон сууцны зориулалттайгаар зураг төсвөө батлуулж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч барилга угсралтын ажлаа эхлүүлсэн бөгөөд ажил гүйцэтгэх явцдаа зураг төслийн болон мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн давхараа нэмж 6 давхар болгон өөрчилсөн ноцтой зөрчил гаргасныг Замын-Үүд суманд ажилласан хяналт шалгалтын ажлын хэсэг илрүүлж, зөрчлийг арилгуулах үүрэг даалгаварыг өгч, Мэргэжлийн хяналтын байцаагч торгуулын арга хэмжээг авсан.

       Дээрх зөрчилтэй холбоотой захиалагч болон гүйцэтгэгч байгууллагад үүрэг даалгавар өгсөний дагуу зураг төслийн өөрчлөлт, холбогдох байгууллагын дүгнэлтийг гарган, зөрчлийг арилгасны дараа захиалагч байгууллагаас дахин 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 тоот албан бичгээр хүсэлт гаргаж, барилга ашиглалтанд хүлээн авах улсын комисс 2015 оны 11 дүгээр сарын 13-нд ажилласан.

      Тухайн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагч талтай “Г” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэсэн бөгөөд барилга ашиглалтанд хүлээн авах комиссын бүрэлдэхүүн захиалагчийн хүсэлтээр ажиллаж, гүйцэтгэгч байгууллагаас гаргаж өгөх шаардлагатай бичиг баримтын бүрдэл, бусад шаардлагатай зүйлүүдийг хийж гүйцэтгэх тухай үүрэг даалгавар өгсөн.

        Гэтэл хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч байгууллагууд хоорондоо санхүүжилтийн асуудлаас болж маргаан үүсгэсэн нь барилга ашиглалтад хүлээн авах комиссын акт баталгаажих боломжгүй болсон бөгөөд компани хоорондын маргаантай асуудлаа эцэслэн шийдвэрлэсний дараа дахин комисс ажиллах тухай албан бичгээр хандсан.

     Мөн гүйцэтгэгч байгууллагаас тус барилгын холбогдолтой баримт, материал барилгын талбай дээрээс алга болсон тухай цагдаагийн газарт гомдол гаргаж, Замын-Үүд сумын цагдаагийн газрын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36а-2/1435 тоот албан бичгээр манай газарт хандаж тухайн барилгатай холбоотой баримт материалыг гаргуулан авсан.

      Манай байгууллагын зүгээс тухай бүрт нь талуудад албан бичгээр хариу, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байсан бөгөөд захиалагч болон гүйцэтгэгч байгууллага хоорондын санхүүгийн маргаантай асуудлаа шийдвэрлэсний дараа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд комисс ажиллаж, улсын комиссын акт бусад холбогдох баримт бичгүүдэд захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд аль аль нь гарын үсэг зурж баталгаажуулна.

        Иймд барилгын тухай хуулийн 16.9-д /Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно/ гэж заасны дагуу тухайн орон сууцны барилга ашиглалтын 3 жилийн баталгаат хугацаанд үндсэн гүйцэтгэгч компани засвар үйлчилгээг хариуцах бөгөөд гүйцэтгэгч захиалагч байгууллагууд маргаанаа эцэслэн шийдвэрлэсний дараа улсын комисс дахин ажиллаж, комиссын акт баталгаажих боломжтой юм гэсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

      Анхнаасаа энэ хоёр компанид маргаантай асуудлаа шийдвэрлэх шаардлага тавьсан, мөн албан бичгээр ч хандаж байсан. “Г” ХХКомпани 2015 оны 8 дугаар сард улсын комисс ажиллуулах хүсэлт өгсөн ба үүнээс өмнө 2015 оны 01 дүгээр сард Замын-Үүд суманд баригдаж байгаа нийт барилгын зөрчил дутагдлыг арилгах зорилгоор аймгийн Засаг даргын удирдамжтай улсын комисс ажилласан.

       Гэтэл “Г” ХХКомпанийн 65 айлын орон сууцны тухайд анх 5 давхар орон сууцны зураг төслөөр баригдаж байсан барилгыг 6 давхар болгож өөрчилсөн байсан ба холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй, зураг төслийн байгууллагаас дүгнэлт аваагүй дур мэдэн давхар нэмж өөрчилсөн нь хууль, дүрмийг зөрчсөн асуудал байсан. Иймд тухайн компанид зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн боловч үүнээс хойш 2015 оны 8 дугаар сард мөн улсын комисс ажиллуулах хүсэлтийг өгсөн атлаа зөрчлөө арилгаагүй байсан тул дахин зөрчил арилгуулах тухай албан бичгээр мэдэгдэл өгсөн.

       Үүний дараа тус компани нь 11 дүгээр сард дахин хүсэлт өгөхдөө барилгыг 6 давхар болгосон талаарх холбогдох баримт бичгийг нөхөн гаргаж өгснөөр 2015 оны 11 дүгээр сарын 14-нд улсын комисс ажилласан.

         Тухайн барилгын 90 гаруй хувийг “Г” ХХКомпани гүйцэтгэсэн ба барилгыг дуусгахдаа “И” ХХКомпани дуусгасан ба тус компаниар дүгнэлт, баталгааг гаргуулсан байсан. Гэтэл баталгаа хариуцах эзэн нь тодорхойгүй байдал үүссэн учраас бидний зүгээс Барилгын тухай хуулиараа орон сууцны дараагийн 3 жилийн баталгааг аль компани нь хариуцах нь тодорхойгүй байна гэсэн шаардлагыг тавьсан ба үүнээс гадна үндсэн гүйцэтгэгч компаниас ирүүлэх ёстой талбайн журнал, барилгын ажлын ил, далд ажлын акт гэх мэт зайлшгүй байх ёстой баримтуудаа гаргаж өгөөгүй. Гэтэл тус материалууд нь барилгын талбай дээрээ алга болсон тул Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэснээр цагдаа манайхаас тайлбар авсанд бид холбогдох тайлбарыг өгсөн байгаа.

        “Г” ХХКомпаний барилгыг хүлээн авах актад гарын үсэг огт зурахгүй гээд байгаа зүйл байхгүй, зөрчилтэй байгаа асуудлаа 14 хоногийн дотор арилгаад ир гэсэн үүрэг даалгаврыг өгсөн боловч уг хугацаанд биелэгдээгүйгээс акт баталгаажих боломжгүй болсон. Манайхаас дээр хэлсэнчлэн гүйцэтгэгч байгууллагын зүгээс ирэх материалуудыг бүрдүүлж өгвөл гарын үсэг зурна, уг нь энэ асуудлыг тус барилгын захиалагч, гүйцэтгэгч нартай 3 талаасаа хуралдаад тохиролцоонд хүрсэн гэж ойлгож явсан.

      Нэхэмжлэгч тал ярьж байна, актад зөвхөн би ганцаараа гарын үсэг зураагүй биш юм, манай барилгын асуудал хариуцсан хүн болох О гээд комиссын бүрэлдэхүүний гишүүн бас гарын үсгээ зураагүй. Яагаад гэвэл үүний дараагийн асуудлыг Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар болох манай байгууллага хариуцаад явдаг учраас гол нь барилгын баталгааг хариуцах асуудалтай холбогдуулан татгалзаж байгаа, тэгэхээс хоёр компанийн хоорондын санхүүжилтийн асуудалд үндэслэж татгалзаагүй.

        Манайхаас аймгийн хэмжээний бүх барилгыг хүлээн авч байгаа ба жилдээ 500-600 айлын орон сууц ашиглалтад оруулж байна. Энэ бүх барилгын ашиглалтын баталгаа болон архивт бүрдүүлж өгөх ёстой материалыг манай байгууллага гардаж хийдэг. Орон сууцны тухайд маш олон иргэдийн эрх ашиг хөндөгддөг тул барилгын насжилт 60-100 жил байх ёстой учраас бид дээрх шаардлагыг тавиад байгаа юм гэв.

 

          Гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г” ХХК нь 2014 оны 06 сарын 05-нд  Дорноговь аймаг Замын-Үүд суманд  иргэн Э.Аын үйлчилгээтэй 6 давхар 65 айлын орон сууцны барилгын ажлыг  “Г” ХХК-тай  ажил гүйцэтгэх гэрээ хийж  2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн  2015 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл хийж гүйцэтгэсэн. “Г” ХХКомпани энэ ажлын гүйцэтгэл дээр нийт ИТА 10, нийт 186 мэргэжлийн ажилчдын багтайгаар ажилласан. Энэ хугацаанд бид тус барилгын дотор гадна  хананы өрлөг угсралт  /6-н давхар/, зүрхэвч бетон, хучилт, шатны ажил,  хаалга цонх суулгах ажил , дотор гадна заслын ажил, дээврийн ажил, гадна тохижилт, дотор  цэвэр, бохир ус,  дотор цэвэр, бохир ус, дотор халаалт, салхивч, дотор гэрэлтүүлэг холбоо дохиоллын ажил, гадна  инженерийн шугам сүлжээний ажил /уурын зуух, гадна дулаан, гадна цэвэр бохир ус, холбоо дохиолол, аянга зайлуулагч/ эдгээр ажлуудыг  цогцоор нь  хийсэн. Дээрх ажлуудад хийгдэх ил далд ажлын актууд,  фото зургууд, барилга угсралтын ажлын журналууд зэрэг бүх холбогдох бичиг баримтуудыг захиалагчтай хамтран улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлдсэн байсан. Гэвч  захиалагч Голдэн сэркл ХХК нь  бидэнд  хүсэлт тавилгүйгээр  өгөх санхүүжилтын  үлдэгдэл тооцоогоо  хийхгүй гэсэн бодолтойгоор бидний хийж гүйцэтгэсэн  ажлуудыг өөр компаний нэр дээр улсын комисст хуурамч материал бүрдүүлэн өгсөн.

        2015 оны 11-р сард уг барилгыг улсын комисст өгч байгаа мэдээллийг авч Дорноговь аймаг Барилга хот байгуулалтын газрын дарга Б-тэй очиж уулзахад иргэн Э.А, “Г” ХХК нь удаа дараа хүсэлт гаргасны дагуу бид улсын комисс ажиллуулсан гэсэн тайлбар хэлсэн. Ингээд бид энэ барилгын ажлыг гүйцэтгэсэн компани нь байна гээд холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгч энэ асуудлыг зогсоосон. Бидэнд талбайн журналууд ил далд ажлын актууд, ил далд ажилд хавсрагдах зургууд болон бусад холбогдох материалууд байна.Бид ажил гүйцэтгэж байх явцад “Г” ХХК-д ил далд ажлын актуудыг хүлээлгэж өгсөн харин холбогдох зургуудыг хадгалаж байсан компьютерын процессорыг хулгайд алдан Дорноговь аймаг Замын-Үүд сумын цагдаагийн газар шалгуулж байна. “Г” ХХК нь ажлын санхүүжилтын үлдэгдэл болох 219,540,000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй. Иймд “Г” ХХК-нь урьдчилан төлөвлөж манай үлдэгдэл санхүүжилтыг өгөхгүйгээр тооцоолж бидэнд хандахгүйгээр заслын бага хэмжээний ажил гүйцэтгэсэн “И” ХХК -р хуурамч дүгнэлт, баталгаа гаргуулан улсын комисс ажиллуулсан байсан. Манай компани нь тухайн барилгад гүйцэтгэгч компаниар ажилласаныг баталгаажуулсан олон баримт байгаа. Иймд хууль бусаар хуурамч материал бүрдүүлж улсын комисст өгсөн  Г ХХК-г шалгаж тогтоож өгнө үү гэсэн бөгөөд гуравдагч этгээдийг төлөөлж “Г” ХХКомданийн захирал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

       Манай Г ХХКомпани нь энэ барилгын ажилд 98 хувийн гүйцэтгэл хийсэн. Анх оролцоход тус барилгын суурь нь хийгдсэн байсан боловч “М” ХХК нь барилгын суурийг буруу хийсэн тул манайх дахин хийж, уг барилгын ажлыг цогцоор нь хийсэн. “И” ХХКомпани нь зоорийн буюу зөвхөн нэг давхарын замаск, эмульсийн ажлыг л хийсэн. Ийм байтал  манайхтай хамтарч улсын комисс ажиллуулах хүсэлт гаргаагүй.

        Мөн манайд санхүүжилтийг 2 сард нэг удаа олгож байсан. Манай компани энэ ажил дээр нийт 180 ажилтантай ажиллаж байсан ба сүүлдээ энэ олон хүмүүсийн цалинг өгч чадахгүй байдалд хүрээд хүмүүсээ аваад буцсан.

       Гэтэл “Г” ХХК нь манай компанид 260 гаруй сая төгрөг өгөх ёстой байсан ба түүнийгээ өгөлгүйгээр өөр компаниар ажлаа дуусгуулж улсын комисст хүлээлгэж өгөхөөр анхнаасаа төлөвлөсөн байсан. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлд гүйцэтгэгч компани нь буюу манай компани баталгаа гаргаж өгөх ёстой. Гэтэл “И” гэж 36 сая төгрөгийн ажил хийсэн, 10 Солонгос ажилтантай компаниар барилгын ажлын баталгаа гэх мэт бүх баримтуудыг хийлгүүлсэн нь хууль бус юм. Үндсэндээ манайх 2 жил ажил гүйцэтгэсэн. Мөнгөө өгөхгүй гэсэн төлөвлөгөөтэйгээр л Г ХХК ийм ажил хийж байгаа. Заслын ажил хийсэн компани нь барилгын дүгнэлт гаргах эрхгүй, 3 жилийн баталгаа гаргах эрхгүй. Улсын комисст өгөхөд улаан журнал буюу барилгын өдөр тутмын үйл ажиллагааг тэмдэглэж байдаг энэ журнал улсын архивт улсын комиссоор дамжуулан очих ёстой. Гэтэл бид нарт мөнгө өгнө, өгнө гэчихээд араар нь хуурамч баталгаа гаргаад улсын комисс ажиллуулаад яваад байсанд нь гомдолтой байна

      “И” ХХКомпани  нь яагаад миний хийсэн ажил дээр баталгаа гаргаад байгаа юм бэ?, энэ баталгааг би гаргах ёстой. Миний өөрийн гараар хийсэн зүйлийг өөр байгууллага хийсэн болгочихоод дээрээс нь төрийн байгууллагатай эрх ашгийн зөрчилтэй гэж хүнийг гүтгэж болохгүй. Харин ч би энэ хүнийг чинь загнаад цагдаад өгнө гэж хүртэл хэлж байсан. Би энэ хүнийг таних ч үгүй. Одоо нэхэмжлэгч талаас урьд нь юу ярьж байсныг мэдэхгүй хүмүүс ирчихээд олон юм ярьж байна. Гэтэл би урьд нь А-тай Б-гийн өрөөнд байцаагч нарыг нь байлцуулан тохиролцоод салсан. Тэр үед эдний компаний  Буд гэдэг хүн чи материалаа өгөхгүй байсан ч би ямар нэгэн аргаар улсын комиссыг ажиллуулна гэж хэлж байсан. Өнгөрсөн 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд А-тай олон удаа уулзсан, тохиролцсон. Гэтэл одоо аль нь ч алга, утсаа салгаад бүгд алга болчихсон. Ингэж хамаагүй хүн гүтгэж болохгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  үндэслэн нэхэмжлэгч “Г” ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       1. Барилгын тухай хууль дахь  /2008 оны/ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх”-ийг зохицуулсан 7 дугаар зүйлийн 7.2.1-д “барилгын талаархи төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”, 7.2.3-д “барилгын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрэгжүүлэх ...”-ээр тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 дугаар захирамжаар, Засгийн Газрын 2012 оны 151 тоот тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг үндэслэн байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс” нь 2015 оны 11 дүгээр сарын 14-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэхэмжлэгч “Г” ХХКомпанийн захиалгаар баригдсан 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд хүлээн авахаар ажилласан боловч тус комиссын даргаар томилогдсон Г.Б нь “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс”-ын актад /цаашид комиссын акт гэх/ гарын үсэг зурахаас татгалзсан байна.

       Засгийн Газрын дээр дурдсан тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн  4.3-д “Барилга байгууламжийн зориулалт, онцлогоос хамааруулан тухайн барилгын үйлдвэрлэл, үйлчилгээ, техник технологитой нь холбоотой салбарын төрийн захиргааны болон мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг комиссын бүрэлдэхүүнд оруулна.” гэж заасны дагуу дээрх комиссын бүрэлдэхүүнд орсон бусад гишүүд нь холбогдох салбарын чиглэлээр актад зөвшөөрч гарын үсгээ зурсан байх ба харин уг комиссын бүрэлдэхүүнд барилгын салбарын төрийн захиргааны байгууллагыг төлөөлж орсон комиссын гишүүн О /аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга/, комиссын дарга Г.Б /аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга/ нар комиссын актад гарын үсгээ зураагүй тул нэхэмжлэгчийн зүгээс тус комиссын даргын комиссын актад гарын үсэг зурахаас татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэж маргааныг үүсгэх үндэслэл болгожээ /хх-ийн 8 дугаар хуудас/.

            Хариуцагч болох тус комиссын дарга нь комиссын актад гарын үсэг зурахаас татгалзсан үйлдлээ, захиалагч буюу хөрөнгө оруулагч тал болох “Г” ХХКомпанитай “Г” ХХКомпани нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, улмаар уг барилгын ажлын 90 гаруй хувийг хийж гүйцэтгэсэний хувьд тус гүйцэтгэгч компаниас гаргаж өгөх ёстой шаардлагатай бичиг баримт болох гүйцэтгэгч байгууллагын ил далд ажлын акт, талбайн журнал зэрэг баримт бичгийн бүрдлийг хангах, хамгийн гол нь гүйцэтгэгч компани болох “Г” ХХКомпаниас техникийн болон чанарын дүгнэлт, барилгын чанарын баталгааг гаргаж өгөх үүрэг даалгаврыг “Г” ХХКомпанид өгсөн боловч 14 хоногийн дотор үүнийг биелүүлээгүй тул дараа нь энэ асуудлыг манай байгууллага хариуцаж явдагийн хувьд тухайн үед комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулах боломжгүй байсан.

            Гэтэл "Г” ХХКомпани “Г” ХХКомпани хоёрын хооронд санхүүгийн асуудалтай маргаан үүссэн талаар “Г” ХХКомпаниас манайд гомдол гаргасан ба үүнээс үүдэн гүйцэтгэгч “Г” ХХКомпани барилгын ажлын холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүйтэй холбогдож уг барилгын гол зүйл болох баталгааны асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй болсон тул компани хоорондын маргаанаа шийдвэрлэсний дараа комисс дахин ажиллах талаар нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдэж, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан ажлыг хийж гүйцэтгэсэн компани нь гүйцэтгэгч болохын хамт мөн Барилгын тухай хуульд заасан 3 жилийн баталгааг хариуцах ёстой гэснийг үндэслэл болгон комиссын актад гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй тухай тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дахь тайлбаруудаараа гаргаж байна.

         2. Маргааны үйл баримтыг хянаж үзвэл нэхэмжлэгч “Г” ХХКомпаниас улсын комисс ажиллуулах тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 тоот албан бичгээр гаргаж, хүсэлтэд өөрийн компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Г” ХХКомпанийн Замын-Үүд сумын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажлын захиалагч, зохиогч, гүйцэтгэгчийн хамтарсан техникийн болон чанарын дүгнэлт, Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа, “Г” ХХКомпани болон “Г” ХХКомпанийн хооронд байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” түүний хавсралт бүхий баримт бичгүүдийг хавсарган хүргүүлсэн /хх-ийн 3,5,6,9,10-15,63,64,67-69-р хуудас/ байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагч нь тухайн үед эдгээр баримт бичгүүдийг комисст хүлээлгэн өгсөн ба комисс хүлээн авсан гэх тайлбарыг мөн шүүх хуралдаанд гаргаж байна.

      Дээрх баримт бичгүүд дэх техникийн болон чанарын дүгнэлт /хх-ийн5,6,67-69-р хуудас/-ийг гүйцэтгэгч компаниар “И” ХХКомпани хамтран, барилгын чанарын баталгаа /хх-ийн 9-р хуудас/-г мөн “И” ХХКомпани хариуцан тус тус гаргасан байх ба “И” ХХКомпани нь тус 65 айлын барилгын ажлыг хамгийн сүүлд гүйцэтгэж дууссан нь шүүх хуралдаан дахь хэргийн оролцогчдын тайлбартаа дурдаж байгаагаар тогтоогдож байх боловч тус компани нь “Г” ХХКомпанитай 2015 оны 02 сарын 29-ний /гэрээний он, сар засвартай бичигдсэн/ өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр /хх-ийн 126-128-р хуудас/ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнийг “гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн” болох талаар гаргаж буй тайлбар зэргээс үзэхэд тэрээр тус 65 айлын орон сууцны дотор заслын ажил, барилгын дараах ажлыг буюу плита, чулуу, замаск, обой, паркет, хаалга, дүүжин тааз, гадна зам цутгалт, будаг, босоо шугам, шатны бариул хийх ажлуудыг гүйцэтгэж барилгын ажлыг дуусгасан байна.

     Харин гуравдагч этгээд болох “Г” ХХКомпани нь нэхэмжлэгч “Г” ХХКомпанитай 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр /хх-ийн 10,36-р хуудас/ тус 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт, салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах ажлуудыг гүйцэтгэхээр хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт /хх-ийн 75-р хуудас/ дурдагдаж байгаагаар тухайн барилгын гадна хананы өрлөг угсралт, зүрхэвч бетон хучилт, шат, хаалга, цонх суулгах, дотор, гадна засал, дээвэр, гадна тохижилт, дотор цэвэр, бохир усны шугам, дотор халаалт, салхивч, дотор гэрэлтүүлэг болон гадна инженерийн шугам сүлжээний ажил болох уурын зуух, гадна дулаан, гадна цэвэр бохир ус, холбоо дохиолол, аянга зайлуулагчийг хийх ажлуудыг гүйцэтгэсний хамт, мөн гуравдагч этгээдээс тайлбартаа хавсарган ирүүлсэн “Г” ХХКомпаниас “Г” ХХКомпанид хүргүүлж байсан барилгын ажлын явцыг дүгнэсэн тухай 2015 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 1/26 тоот албан бичигт /хх-ийн 103-р хуудас/ байгаагаар тус 65 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг өмнө нь хийж байсан “М” ХХКомпанийн дутуу орхигдсон ажлыг нэхэмжлэгч компанид мэдэгдсэнээр, холбогдох зургийг гаргуулан, зөвлөх инженерийн удирдлага дор барилгын суурийн ажлыг  гүйцээж хийжээ.

        Дээрх үйл ажиллагаанууд нь гуравдагч этгээдийн зүгээс гаргаж өгсний дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох барилгын ажлыг гүйцэтгэх явцад баримтжуулж авсан гэрэл зургууд, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл №01, №02, дээр дурдсан барилгын ажлын явцыг дүгнэх тухай 1/26 тоот албан бичиг, 2014 оны 07 сарын 14-ны өдрөөс 08 сарын 22-нийг хүртэл, 2014 оны 09 сарын 11-27-нийг хүртэл, 2014 оны 10 сарын 18-наас 11 сарын 09-нийг хүртэл, 2014 оны 12 сарын 29-ны өдрөөс 2015 оны 01 сарын 25-ныг хүртэл хугацаанд уг барилгын ажлын гүйцэтгэлийг давхар тус бүрээр нь гаргаж байсан ажлын тайлангууд, мөн ажлын гүйцэтгэлийг гаргасан жагсаалт, “Г” ХХКомпаниас ажлын хөлсийг санхүүжүүлж байсан талаарх дансны хуулга бүхий хавтаст хэргийн 75 дугаар хуудаснаас 119 дүгээр хуудас дахь баримтуудаар нотлогдож байна.

      Уг нотлогдож буй байдал болох “Г” ХХКомпанийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа “... тухайн барилгын 90 гаруй хувийн гүйцэтгэлийг Г ХХКомпани гүйцэтгэсэн ...” гэж байгаагаар гуравдагч этгээд болох “Г” ХХКомпанийг уг 65 айлын орон сууцны гол гүйцэтгэгч компани болно гэж, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дахь тайлбартаа “...Манай талаас Г ХХК-ийг барилгын ажлын гүйцэтгэгчээр оролцсон эсэх дээр маргаан гаргаагүй ...” гэж дурдаж байгаагаар  гуравдагч этгээд болох “Г” ХХКомпанийн гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэхгүй байна гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.

         Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын  тухай хууль /2008 оны/ дахь “Барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 16 дугаар зүйлийн 16.8-д “Сонгон шалгаруулалтад оролцож барилгын ажил гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга, байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно” гэж тус тус заасан байгаа ба хуулийн уг зохицуулалтаас үзэхэд барилга байгууламжийн үндсэн ажил болох барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг зохих зөвшөөрлийн үндсэн дээр хийж гүйцэтгэсэн этгээдийг барилгын ажлын гүйцэтгэгч гэж үзэхээр байх ба улмаар тухайн барилгын ажил гүйцэтгэгч нь нь дээрх Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг” ойлгохоор заасны дагуу мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дүгээр зүйлд “Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна” гэж заасан барилга байгууламжийн чанарын баталгааны гурван жилийн хугацааг хариуцахаар зохицуулагджээ.

       Үүний дагуу гуравдагч этгээд “Г” ХХКомпани нь Барилга, хот байгуулалтын Яамнаас 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр олгосон, БУ19-1067/14 дугаартай, барилга угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн /хх-ийн 56-р хуудас/ үндсэн дээр нэхэмжлэгч “Г” ХХКомпанийн хөрөнгө оруулалт буюу захиалгаар  Замын –Үүд сум дахь үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгад хийж гүйцэтгэсэн ажлуудыг энэ талаар дээр нотлогдож буй байдлыг үндэслэн хуульд заасан “барилгын үндсэн ажил”-ыг гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэлтэй  бөгөөд энэ нь Барилгын тухай хууль /2008 оны/ -ийн 16 дугаар зүйлийн 16.8, 16.9 дүгээр зүйлүүдэд заасантай нийцэж байгаа тул тэрээр тухайн 65 айлын орон сууцны барилгын хувьд Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан барилгын чанарын баталгаат хугацааг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу хариуцахаар байна.

        Уг 65 айлын орон сууцны барилгыг “И” ХХКомпани нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэснээр дуусгасан боловч түүний гүйцэтгэсэн ажил нь дээрх хуульд заасан “барилгын үндсэн ажил”-д хамаарахгүй байгаагийн хувьд түүнийг  барилгын гүйцэтгэгч гэж үзэх боломжгүйг болон тус компанийн тусгай зөвшөөрлийн талаар хариуцагчаас шүүх хуралдаанд “... И ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл нь заалт бүрээрээ байхгүй байсан ...” талаар тайлбарлаж байгаа зэргийг  дурдах нь зүйтэй байна.

            3. Барилгын тухай хууль /2008 оны/ дахь “Барилгын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах” тухай асуудлыг зохицуулсан 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хөрөнгө оруулагч, захиалагч нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон мэргэжлийн хяналт гүйцэтгэгчийн дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 1 сарын дотор холбогдох архивт шилжүүлнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд журамлагдсаны дагуу буюу Засгийн Газрын 2012 оны 151 тоот тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулсан 4.13 дугаар зүйлийн 4.13.4-д “энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ил, далд ажлын гүйцэтгэлийн актууд /гарын үсэг, тамга тэмдэг бүрэн гүйцэд, бичилт бүрэн байх/-ыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулан, фото зургийг материалд хавсарган бичиг, баримтын товьёог хийсэн байх”, 4.13.5-д “ ... чанарын баталгааг холбогдох ил, далд ажлын актад хавсаргасан байх”, 4.13.6-д “ барилгын ажлын үе шатны хяналтын болон захиалагч, зураг төслийн байгууллагын гаргасан акт, албан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг гүйцэтгэгчтэй хамтран гаргасан байх”, 4.13.7-д “ барилга байгууламжийн болон гадна, дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг гарган материалд хавсаргах”, 4.13.8-д “барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх явцын барилгын ажлын тэмдэглэл /талбайн журнал/-ийг зохих ёсоор хөтөлж захиалагчид хүлээлгэн өгөх”, 4.13.9-д “комисс ажиллах үед зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг зураг төслийн байгууллагын хамт гаргаж, биелэлтийг хангуулах”, 4.13.10-д “Барилгын тухай хуулийн 12.4-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаарх баталгаа гаргах”-аар тус тус заасан байгаа ба харин эдгээр баримт, бичгүүдийг барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллах үед захиалагч болон гүйцэтгэгч талууд нь хариуцан бүрдүүлж өгөхөөр зохицуулагдсан байна.

            Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХКомпанийн комисс ажиллуулах хүсэлтийн дагуу Замын-Үүд дэх 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комиссыг ажиллах үед захиалагч буюу хөрөнгө оруулагч “Г” ХХКомпани, мөн гүйцэтгэгч “Г” ХХКомпаниуд нь дээрх хууль болон журамд заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчээс тухайн үед комисст хүлээлгэж өгсөн болон комиссын хүлээн авсан болох дээр нотлогдож буй баримтуудаар тогтоогдож байх тул энэ нь Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 21.2 дахь зүйл, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.13 дугаарт заасан шаардлагад нийцэхгүй байна.

         Иймд шүүх хариуцагчийг “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн  4.3-д зааснаар барилгын салбарын төрийн захиргааны байгууллагыг төлөөлж комиссын даргаар уг комиссын бүрэлдэхүүнд орж байгаагийн хувьд Барилгын тухай хууль /2008 оны/-ийн “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”-ийг зохицуулсан 6 дугаар зүйлийн 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах”-аар заасныг үндэслэн хариуцагчаас комиссын актад гарын үсэг зурахаас татгалзсан үйлдлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж буй “...Г ХХКомпаниас техникийн болон чанарын дүгнэлт, барилгын чанарын баталгааг гаргаж өгөх үүрэг даалгаврыг “Г” ХХКомпанид өгсөн боловч 14 хоногийн дотор үүнийг биелүүлээгүй тул дараа нь энэ асуудлыг манай байгууллага хариуцаж явдагийн хувьд тухайн үед комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулах боломжгүй байсан бөгөөд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан ажлыг хийж гүйцэтгэсэн компани нь гүйцэтгэгч болох учир Барилгын тухай хуульд заасан 3 жилийн баталгааг хариуцах ёстой гэснийг үндэслэл болгон комиссын актад гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй ...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

            4. Харин дээр тогтоогдож байгаа нөхцөл байдлууд нь “... хариуцагчаас “Г” болон “Г” ХХКомпаниудийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын хооронд үүссэн маргаанаа Арбитрын шүүхээр шийдүүлэхээр зааж өгсөн байхад тус хоёр компанийг маргаанаа шийдвэрлэсний дараа актыг баталгаажуулна гэсэн үндэслэлээр комиссын актад гарын үсэг зурахгүй байгаа үйлдэл нь хууль бус, мөн  хамгийн сүүлийн гүйцэтгэгчээр баталгаа гаргуулах нь хууль ёсных ...” гэж үзэж байгаа талаар нэхэмжлэгч талаас гаргаж буй тайлбар нь үндэслэлгүй болохыг нотолж байхын хамт нэхэмжлэгч “Г” ХХКомпани нь хуульд заасанчлан “барилгын үндсэн ажлыг” гүйцэтгээгүй “И” ХХКомпанийг барилгын гүйцэтгэгчээр оролцуулсан нь Барилгын тухай хууль /2008 оны/-ийн  16 дугаар зүйлийн 16.8, 16.9 дүгээрт заасныг болон барилга, байгууламжийг ашиглалтад оруулахад харгалзах нэг чухал үзүүлэлт болох барилгын чанарын баталгааны талаар зохицуулсан мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгч “Г” ХХКомпанийн Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актанд гарын үсэг зурахгүй байгаа тус комиссын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын комиссын актад гарын үсэг зурахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

        Захиргааны  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14  дэх  зүйлд заасныг удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

      1. Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.7, 12 дугаар зүйлийн 12.4, 16 дугаар зүйлийн 16.8, 16.9, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХКомпанийн гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 тоот захирамжаар байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс”-ын актанд гарын үсэг зурахгүй байгаа тус комиссын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын комиссын актад гарын үсэг зурахыг  хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦЭНД