Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/00962

 

 

 

 

 

 

2023 06 28 142/ШШ2023/00962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар: *******,*******, *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар *******, *******/ холбогдох,

Гэм хорын хохирол 2 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

НэхэмжлэгчБ.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Т.Т шүүх хурлын тов мэдэгдсэн боловч ирээгүй, талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Ч.И-оос гэм хорын хохирол 2 280 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023-04-04 ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7-д Хохирогч Б.М нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжпэх эрхтэй болохыг дурьдсугай гэсний дагуу хохирогчБ.М би гэмтлийн улмаас удаан хугацаанд ажил хийгээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжтэй байсны улмаас 2023 оны 01 дүгээр улирлын урамшуулалт цалин хасагдсан, шинжилгээнд хамрагдсан зардал зэргийг Ч.И-оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүх хуралдаанаас хойш гарсан зардал 2023 оны 01 дүгээр улирлын урамшуулалт цалин олгоогүй 2.240.000 төгрөг, Эхо шинжилгээний төлбөр 40.000 төгрөг, нийт 2.280.000 /Хоёр сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг Ч.И-оос гаргуулж Б.М намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Б.М ын нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилсэн 2 280 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй Ч.Ч би зам тээврийн осол гаргасан гэж буруугаа яг тэр дор нь хүлээн зөвшөөрч 3 215 000 төгрөг урьд нь төлсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Ч.И-оос гэм хорын хохирол 2 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн. Миний хувьд гэмтлийн улмаас удаан хугацаанд ажил хийгээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжтэй байсны улмаас 2023 оны 01 дүгээр улирлын урамшуулалт цалин хасагдсан, шинжилгээнд хамрагдсан зардал нийт 2 280 000 төгрөгийг Ч.И-оос гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагчийн төлөөлөгч: нэгдүгээр улирлын урамшууллыг авсан мөртлөө аваагүй гээд байна, нотлох баримт нь шаардлага хангаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан эзэмшигч биш... гэсэн тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Ч.Ч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчБ.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЩТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

6. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Ч.Чг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 000 төгрөгөөр торгож... шийтгэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Ч.Ч-гийн гэм буруугийн талаар шүүх дахин нотлохгүй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

9. Нэхэмжлэгч: Миний хувьд нурууны 4, 5 дугаар нугалам гэмтсэн, мэдрэлийн судал шүргэсэн, хэдэн жилийн дараа улам хүндэрнэ гэсэн. Одоо би ажил дээрээ хүнд юм ч өргөж чадахгүй дандаа хүн царай алдаж байна. Гэмтлийн улмаас ажилдаа явж чадалгүй хэдэн сар болсны улмаас нийгмийн даатгал бага төлөгдөж, орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байтал хамрагдаж чадаагүй, нэгдүгээр улирлын урамшууллаа авч чадаагүй, би өмнө нь сагс, волейбол тоглодог, барилдаж ноцолддог байсан, одоо бол завилж сууж ч чадахгүй байна. Урамшууллын мөнгийг авсан бол би юу гэж шүүхэд хандах юм, нуруу, бөөр тасарчих гээд эход харуулсан маш их гомдолтой байна, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэсэн тайлбар гаргасан.

10. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

11. Хариуцагч Ч.Чгийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчБ.Мын биед хүндэвтэр гэмтэл учирсан, гэмт үйлдэл хохирол нь шалтгаант холбоотой байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан... этгээдийг хэлнэ гэжээ.

13. НэхэмжлэгчБ.М хариуцагчаар Ч.Чг татаж гэм хорын хохирлыг нэхэмжилсэн, хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдож байх тул Ч.И-оос хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

14.Б.Мын 2023 оны 1-р улирлын урамшуулал 93 хувь буюу 1 814 825,25 төгрөг бодогдсон болох нь байгууллагын нягтлан бодогчийн тооцооллоор, мөн эход харуулсан нь 40 000 төгрөгийн QR код бүхий баримтаар нотлогдож байгаа бөгөөд, хариуцагч тал уг урамшууллыг авсан гэж маргаж тайлбараа нотлоогүй. Хэрэгт урамшууллын мөнгийг нэхэмжлэгч авсан талаар баримт ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

15. Иймд хариуцагч Ч.И-оос баримтаар нотлогдож буй 1 854 825 төгрөгийг гаргууланБ.Мад олгож, нэхэмжлэлээс 425 175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 430 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 44 627 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.И-оос 1 854 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425 175 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчБ.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 430 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан олгож, хариуцагч Ч.И-оос улсын тэмдэгтийн хураамжаар 44 627 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА

 

Р.ҮҮРИЙНТУЯА