Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 626

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ж.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Татварын ерөнхий газарт холбогдох

“Татварын ерөнхий газрын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, сургалтын хөнгөлөлтөд хамрагдахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ө шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Их засаг” Олон Улсын их сургуулийн бакалаврын эчнээ ангид сурдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.” гэж заасны дагуу хөнгөлөлтөд хамрагдахаар холбогдох баримтыг бүрдүүлж, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйлчилгээний 54, 23 дугаар цонхны үйлчилгээний ажилтанд хандсан болно.

Гэвч хүлээн авахаас татгалзсан ба үүнийг эс зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн татварын газрын даргад гомдол гаргасан.

Нийслэлийн татварын газраас 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/330 дугаар албан бичгээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.7-д заасны дагуу хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэхүү албан бичгийн “... боломжгүй” гэсэн хариу нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхээр гаргасан Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/283 дугаар албан бичигт үндэслэн.

Энэхүү Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заасан Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан, хуулийг гуйвуулан хэрэглэж, иргэдийн хуүлиар олгогдсон эрхийг дордуулж, зөрчсөн учир илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичигт “бакалаврын түвшинд боловсрол эзэмших, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд эдэлж байсан эсэх” өөр хэлбэл суралцаж байх хугацаандаа хөнгөлөлт эдэлж байсан иргэн өөр мэргэжлээр бакалавраар суралцах хугацаандаа дахин хөнгөлөлт эдлэх тухай яригдаагүй, харин суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлөх талаар юм. 

Одоо эчнээ ангид суралцаж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар татвар төлж сургалтын төлбөрөө төлсөн нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Өмнөх сургалтын хөнгөлөлт эдэлж чадаагүй асуудал дээр маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлсэн талаар ярьж байгаа. Энэ дээр суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлсэнтэй холбоотой татвар төлөх асуудал яригдаж байна.  

Анхан шатны буюу ерөнхий суурь боловсрол эзэмшихээр их дээд сургуульд суралцах талаар яригдлаа. Их дээд сургууль нь анхан шатны болон ерөнхий суурь боловсролыг эзэмшүүлдэггүй. Бусад хууль тогтоомж дээр анхан шатны суурь боловсрол эзэмшүүлэх гэсэн нэр томьёо байхгүй. Бакалаврын боловсролыг анхан шатны суурь боловсрол гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно.

Иймээс хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар болон сургалтын төлбөр төлж суралцаж байгаа суралцагч миний төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаж байгаа захиргааны акт буюу Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоос албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамруулна” гэж тус тус заасан байдаг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн танилцуулга, хуулийн үзэл баримтлал, теслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлүүдээс үзэхэд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7-д заасан /төслөөр хэлэлцэгдсэн хуулийн заалт нь 23 дугаар зүйлийн 23.6, 23.8/ албан татварын хөнгөлөлт нь “анхан шатны буюу ерөнхий суурь боловсрол эзэмших”-ийг дэмжих зорилгоор гадаад, дотоодын ямар ч төлбөртэй аль ч их, дээд сургуульд суралцаж байгаагаас үл хамааран сургалтын төлбөрийг төлсөн, тэр нь баримтаар нотлогдож байвал хөнгөлөлт үзүүлэх боломжийг олгосон.

Түүнчлэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн дээрх 24.7-д заасан хөнгөлөлтөд хамруулахаар хэлэлцэгдсэн байна. 

Мөн “Их, дээд мэргэжлийн боловсролын сургууль, коллеж” гэсэн сургалтын байгууллагуудын ангилал, сургалтын үйл ажиллагаа, үндсэн чиглэл, сургалтын зорилго зэргийг Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхойлжээ.

Үүнээс үзвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д тусгагдсан “Их, дээд мэргэжлийн боловсролын сургууль, коллеж”-д “анхан шатны буюу ерөнхий суурь боловсрол эзэмших”-ээр элсэн суралцагчийг хөнгөлөлтөд хамруулахаар тусгагдан хэлэлцэгджээ.

Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д зааснаар боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших гэсэн хэсгээс бүрдэж, дээд боловсролын сургалтын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын сургалт гэсэн шатлалтай байна.

Иймд их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид анхан шатны суурь боловсрол эзэмшихээр суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг хөнгөлөлтөд хамруулах тул ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа, дахин бакалаврын боловсрол эзэмших аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. 

Ж.Ө суралцаж байх хугацаандаа хөнгөлөлтөд хамрагдаж байгаагүй байна. Татварын ерөнхий газраас гаргасан чиглэлийн дагуу хоёр дахь бакалавраар эчнээ ангид суралцаж байгаа учраас анхан шатны боловсролыг өөр чиглэлээр суралцсан учраас хуульд заасан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах үндэслэлийг хангахгүй байна гэж үзэж байна. Хэдийгээр хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаагүй ч гэсэн хоёр дахь бакалавраар суралцаж байгаа учраас хөнгөлтөд хамрагдах боломжгүй. Нэхэмжлэгч нь 2005 оноос 2009 он хүртэл суралцаж байх хугацаандаа сургалтын төлбөрийг ар гэрээс нь төлсөн бол тухайн төлбөрийг төлсөн хүнээс баримтыг гаргуулж буцаан олгох боломж тухайн үед байсан.

Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан асуудал дээр маргаж байгаа. Харин 24 дүгээр зүйлийн 24.6 дээр маргаагүй. Одоо эчнээ ангиар сурч байгаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар татвар төлж сургалтын төлбөрөө төлсөн нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Өмнөх сургалтын хөнгөлөлт эдэлж чадаагүй асуудал дээр маргаагүй. Хариуцагчийн зүгээс суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлсэн талаар ярьж байгаа. Энэ дээр суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлсэнтэй холбоотой татвар төлөх асуудал юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д зааснаар бол суралцаж байх хугацаандаа буюу ажиллаж байх хугацаандаа гэдэг нь 2 өөр асуудал юм. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд анхан шатны бакалавр эзэмших, боловсролоо дээшлүүлж суралцах, санхүүгийн чадавхийн талаарх асуудал бүгд тус тусдаа ойлголттой. Анх бакалавраар суралцах хугацаандаа хөдөлмөр эрхэлж татвар төлсөн бол хөнгөлөлтөд хамрагдах бүрэн боломжтой. 

Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичигт “бакалаврын түвшинд боловсрол эзэмших, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд эдэлж байсан эсэх” өөр хэлбэл суралцаж байх хугацаандаа хөнгөлөлт эдэлж байсан иргэн өөр мэргэжлээр бакалавраар суралцах хугацаандаа дахин хөнгөлөлт эдлэх тухай биш юм. Харин суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлөх талаар маргаж байгаа юм.

Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичиг нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг шууд хөндөөгүй. Уг албан бичиг нь зөвхөн дотооддоо чиглэсэн бөгөөд захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д магистр, доктор болон 2 дахь удаагийн бакалавраар суралцсан оюутанд хөнгөлөлт үзүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ө Татварын ерөнхий газрын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, сургалтын хөнгөлөлтөд хамрагдахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ . 

Иргэн Ж.Ө нь Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст хандан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт заасны дагуу их, дээд сургуулийн сургалтанд төлсөн төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлэхээр 2016 оны хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж, холбогдох материалыг бүрдүүлэн өгчээ . 

Уг өргөдлийг Нийслэлийн татварын газар хянаад Татварын ерөнхий газраас аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэст Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэх талаар өгөгдсөн Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2а/283 дугаар албан бичгээр өгсөн ажлын чиглэлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “суралцаж байх хугацаандаа гэж” заасныг үндэслэн ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй, мөн 2 дахь мэргэжлийн сургууль, магистр, доктор гэх мэт дахин суралцаж байгаа үед энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж заасан гэсэн үндэслэлээр татгалзан шийдвэрлэжээ . 

Татварын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх явцад гарч байгаа хуулийн зарим заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар татварын албадаас ирүүлсэн асуултыг нэг мөр ойлголттойгоор хэрэгжүүлэх зорилгоор хариултыг хавсралтаар хүргүүлж байна гэжээ. 

Уг албан бичгийн хавсралтын 8-д “Бакалаврын түвшинд боловсрол эзэмшиж сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байсан иргэн өөр мэргэжлээр бакалавраар суралцах үед дахин хөнгөлөлт эдлэх эсэх” гэсэн асуудалд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “суралцаж байх хугацаандаа” гэж заасныг үндэслэн ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн 2 дахь мэргэжлийн сургууль, магистр, доктор гэх мэт дахин суралцаж байгаа үед энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж ойлгох хэрэгтэй гэсэн байна . 

Нэхэмжлэгч уг албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заажээ. 

Татварын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичиг болон түүний хавсралтыг үзвэл Татварын ерөнхий газраас харьяа газар, хэлтэст хандан уг албан бичгийг гаргасан байх бөгөөд гадагш чиглэсэн байх захиргааны актын шинжийг агуулаагүй байна. 

Өөрөөр хэлбэл дээрх албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу гаргасан татварын байгууллагын захиргааны акт нь иргэний эрх, ашиг сонирхолд чиглэсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр Татварын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.7. “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.”, 24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.” гэж заажээ. 

Иргэн Ж.Ө нь 2005-2009 онд Монгол улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байна . 

Үүний дараа 2011 оноос хөдөлмөр эрхэлсэн  байх бөгөөд 2016 онд Их засаг олон улсын их сургуулийн эрх зүйн эчнээ ангид элсэн суралцжээ . 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.7 дахь заалт нь анх удаа бакалаврын боловсрол эзэмшиж байгаа иргэнд хамааралтай бөгөөд Ж.Ө нь 2 дахь удаа бакалаврын боловсрол эзэмшиж байгаа тул хөнгөлөлтөд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.  

Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.” гэж заасан байх бөгөөд уг заалтад анх удаа их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагч байх шаардлага тавигдаагүй байна. 

Мөн уг хуулийн үзэл баримтлал, танилцуулга, Улсын Их Хурлын Байнгын хорооны хурлын тэмдэглэл, Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны хурлын тэмдэглэл, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулан авч үзэхэд тус хуулийн заалтын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагч гэдэгт гадаадын их, дээд сургуульд суралцагчийг хамруулах эсэх талаар хэлэлцсэнээс өөрөөр анх удаа суралцагч байх эсэх талаар хэлэлцээгүй ажээ .

Иргэн Ж.Ө өмнө нь Улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшихдээ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 болон 24.7 дахь заалтын дагуу татварын хөнгөлөлт эдлээгүй, одоо  Их засаг олон улсын их сургуулийн эрх зүйн эчнээ ангид элсэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо сургалтын төлбөрт 2,100,000.00 төгрөг төлсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар , Үндэсний татварын албаны тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтуудаар  тогтоогдож байна. 

Иймд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтын 17.1.2-т заасан татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4 дэх заалтад заасны дагуу татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх эрхээ Татварын алба хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох сургалтын хөнгөлөлтөд хамрагдахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтын 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын сургалтын хөнгөлөлтөд хамрагдахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Татварын ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө-т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                          Л.ӨЛЗИЙЖАРГАЛ