Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 16

 

 

Б.Алимаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2020/00083 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-53 тоотод оршин суух, *******,*******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-8 тоотод оршин суух, ПК74093019 дугаарын регистртэй, ******* холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алимаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,530,120 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Б.Алимаа нь Т.Батаатай цуг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 93-22 ХОҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр зорчин явж байхдаа жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас автомашины осолд орж, хамрандаа хүнд гэмтэл авч, хамарны ихэнх яс хугарсан. Хамарны яс дахин нөхөн төлжих боломжгүй гэж эмч нар үзсэн учир хамарны яс нөхөх хагалгаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хийлгэсэн. Цаашдаа дахин арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэх шаардлагатай байгаа. Т.Батаагаас удаа дараа хагалгааны төлбөрийг шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж өдийг хүрсэн тул Т.Батаагаас хагалгааны төлбөр болон бусад зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Би нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хотруу явах онгоцны зардалд 333,990 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан  Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,530,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2,071,270 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас 458,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хотруу явах онгоцны зардалд 333,990 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй. Нэхэмжлэгч Б.Алимаа нь 2019 оны 06 дугаар сард Улаанбаатар хот руу онгоцоор явсан нь биеэ үзүүлсэн юмуу албаны ажлаар явсан эсэх нь тодорхойгүй үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Алимаагийн хариуцагч Т.Батаагаас 2,530,120 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Алимаа нь хариуцагч Т.Батаад холбогдуулан гэм хорын хохирол 2,530,120 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.Батаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “би нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хот руу явах онгоцны зардалд 333,900 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

Шүүх Б.Алимаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.Батаагаас 2,071,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 458,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Хариуцагч Т.Батаа нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 93-22 ХОҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас түүний авто машинд зорчиж явсан нэхэмжлэгч Б.Алимаагийн биед “хамар ясны 2 хажуу ханыг хамарсан цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш муруйсан” гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.Алимаа нь хариуцагч Т.Батаад холбогдуулан 2,530,120 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилснийг шүүх 2,071,270 төгрөгийн баримтыг шаардлага хангасан гэж дүгнэн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 458,850 төгрөгийн нотлох баримтыг шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримтыг дүгнэхэд.

“Хариуцагч Т.Батаа нь нэхэмжлэгч Б.Алимаагийн Хаан банкны 5863102970 дугаарын данс руу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлж өгсөн, мөн Б.Алимааг 2019 оны 6 дугаар сарын 16-ний өдөр Ховдоос Улаанбаатар хот руу Хүннү Эйр ХХК-ийн онгоцоор явахад нь тийзний үнэ 333,900 төгрөгийг төлсөн” гэх хариуцагчийн тайлбар, баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад шүүх үүнийг анхаараагүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид 933,900 төгрөг өгсөн байх бөгөөд үүнээс Б.Алимаа нь 2019 оны 6 дугаар сарын 16-ний өдөр Ховдоос Улаанбаатар хот руу Хүннү Эйр ХХК-ийн онгоцоор зорчин явсан тийзний үнэ 333,900 төгрөг төлсөн баримт нь хэрэгт  авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг шүүх хасаж тооцох байжээ.

Иймд шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан тул тэдгээрийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Батаад буцаан олголоо.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2020/00083 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 2,071,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алимаад олгож” гэснийг “1,471,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алимаад олгож” гэж “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 458,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,058,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

 Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагч Т.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алимаад олгосугай” гэснийг  “... хариуцагч Т.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алимаад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

                                  

                                                                                              М.НЯМБАЯР