Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00083

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00083

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунжаргал, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-53 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Э овогт Б-ийн Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-8 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Д овогт Тийн Бд холбогдох гэм хорын хохирол 2,530,120 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, хариуцагч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат, иргэдийн төлөөлөгч Х.Серикхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Б.А нь Т.Бтай цуг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 93-22 ХОҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр зорчин явж байхдаа жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас автомашины осолд орж, хамрандаа хүнд гэмтэл авч, хамарны ихэнх яс хугарсан. Хамарны яс дахин нөхөн төлжих боломжгүй гэж эмч нар үзсэн учир хамарны яс нөхөх хагалгаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хийлгэсэн. Цаашдаа дахин арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэх шаардлагатай байгаа. Т.Бгаас удаа дараа хагалгааны төлбөрийг шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж өдийг хүрсэн тул Т.Бгаас хагалгааны төлбөр болон бусад зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хотруу явах онгоцны зардалд 333,990 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Т.Бд холбогдуулан гэм хорын хохирол 2,530,120 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгийн үед ...Би 2019 оны 06 дугаар сараас хойшхи эмчилгээний зардал буюу 2,530,120 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хариуцагч Т.Б нь ...Би нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хотруу явах онгоцны зардалд 333,990 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнө хариуцагч Т.Б нь өөрийн жолоодож явсан 93-22 ХОҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

Ослын улмаас нэхэмжлэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэж, хамрын яс тэгшлүүлэх, хамрын мөгөөрс суулгах хагалгаанд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн картын эх хувь, УБ Сонгдо эмнэлэгийн үзлэгийн захиалгын хуудас, эмчилгээний төлбөр тооцооны тасалбар, авто тээврийн үндэсний төвийн тасалбар захиалсан захиалгын хуудас.... зэргээр нотлогдож байна.

Хавтаст хэргийн 10 дугаар хуудаст авагдсан УБ Сонгдо эмнэлэгийн эмчилгээний төлбөр тооцоо тасалбар /... төлөх төлбөр нийт дүн 1,884,870 үүнээс даатгал 168,000 үлдэгдэл 1,716,870 төгрөг гэх/ , хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан УБ Сонгдо эмнэлэгийн эмчилгээний төлбөр тооцоо тасалбар /... эмчийн үзлэг 38,000 төгрөг гэх/ , хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан УБ Сонгдо эмнэлэгийн эмчилгээний төлбөр тооцоо тасалбар /... шинжилгээ рентген 165,400 төгрөг гэх/ , хавтаст хэргийн 15 дугаар хуудаст авагдсан авто тээврийн үндэсний төвийн тасалбар захиалсан захиалгын хуудас /... тээврийн хөлс 71,000 төгрөг гэх/ , хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст авагдсан болон нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн Health-Aid үүдэн эмнэлэгийн бэлэн мөнгөний орлогын баримт, толгойн компьютер томографийн шинжилгээний баримт /... толгойн компьютер томографийн шинжилгээ /хамар/ 80,000 төгрөг гэх/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Т.Бгаас 2,071,270 /хоёр сая далан нэгэн мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримт болон тайлбарыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба хариуцагчийн хууль бус үйлдэл ба нэхэмжлэгчид учирсан хохирол нь шалтгаант холбоотой байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас эмчилгээний зардал шаардах эрхтэй бөгөөд үүнийг хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй учраас гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролыг баримтаар тогтоогдож буй хэмжээгээр тооцож, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Бгаас 2,071,270 /хоёр сая далан нэгэн мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нээмжлэлийн шаардлагаас үлдэх 458,850 /дөрвөн зуун тавин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 8, 9, 12, 16, 17, 18, 19 дүгээр хуудсанд авагдсан Е баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн Е баримтууд нь хуулбар баримтууд мөн хэзээ хаанаас ямар үйлчилгээ авсан болох нь харагдахгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 48,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид Б.Ад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Т.Бгаас 2,071,270 /хоёр сая далан нэгэн мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 458,850 /дөрвөн зуун тавин найман мянга найман зуун тавь/төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 48,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид Б.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд CD-1 ширхэг, хамрын яс нэг ширхэгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ