Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/150

 

 

 

 

 

 

   2020           1              30                                       2020/ДШМ/150                 МАЛАЛ

 

С.Б, Ц.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр С.Б, Ц.З нарт холбогдох 1805028430235 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Буриад овгийн С.Б, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсныг түдгэлзүүлсэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЕ82061551/;

2. Дарьганга овгийн Ц.З 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 5-г байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ88042032/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

С.Б нь Ц.Зтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,

Ц.З нь С.Бтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, 99190099 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн ойлголт шинжийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхыг заасан бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь “...компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан...” гэх шинжийг нарийвчлан заажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад сим карт нь компьютерын төхөөрөмжид хамаарна гэснээс бус цахим төхөөрөмж гэж заагаагүй, гар утасны сим карт нь компьютерын систем гэх ойлголтод хамаарах эсэхийг шалгаж гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодруулах шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заажээ. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 114 дугаартай яллах дүгнэлтэд “...Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч...” хэмээн хохирогчоор Б.Мыг тогтоожээ. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Мобиком корпораци ХХК-ийн албан бичигт “...Дугаарын сим карт нь манай байгууллагын өмч болно...” /хх2х116/ гэх, мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичигт “...сим карт нь үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу тухайн компанийн эзэмшилд хамаардаг...” /хх2х120/ гэх зэрэг нотлох баримтуудаас үзэхэд гар утасны дугаарын эзэмшигч нь хэн болох, улмаар гэмт хэргийн хохирогч хэн болох, гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульчлан заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч С.Б, Ц.З нар бүлэглэж үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго юу байсан, хэрхэн яаж зохион байгуулж бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох, хохирогч Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн, хэрхэн, яаж олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Г.Наранбаатар нь гэрч Э.Галбадралын мэдүүлгийг шинжлэн судалж, өөрийн дүгнэлтийн үндэслэл болгосон бөгөөд гэрчийн “2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан “...явахаасаа 2-3 хоногийн өмнө 351543045732094 IМЕI кодтой гар утас буюу шүүгдэгч С.Бын эхнэр М.Нарангаравын гар утсыг хохирогч Б.Мт өгсөн, түүнээс хойш дахиж энэ утсыг ашиглаагүй” /хх2х59-61/ гэж бодит байдлаас илтэд зөрүүтэй мэдүүлсэн болох нь 351543045732094 IМЕI кодтой гар утсанд өөрийн ашиглаж байсан 99113285 дугаарын сим картыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 цагт хийж ашигласан баримт /хх1х82/ хэрэгт авагдсан байна. Мөн Э.Галбадралын ашиглаж байсан гэх 99113285 дугаар, шүүгдэгч Ц.Зын 91117570 дугааруудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ярьсан талаар дэлгэрэнгүй лавлагаа авагдсан /хх1х132-133/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасны дагуу гэрч Э.Галбадралын мэдүүлгийн эх сурвалжийг тодруулж нягтлах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүйгээр хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, дүгнэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж чадаагүй, энэхүү гэмт хэрэг үйлдэх ямар шалтгаантай, яах гэж үйлдсэн нь тодорхойгүй учир хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.З, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 дугаартай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль хэсэгт заасан үндэслэл, хуулийн зүйл, хэсгийг баримталж буцаасан нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагатай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад сим карт нь компьютерын төхөөрөмжид хамаарна гэснээс бус цахим төхөөрөмж гэж заагаагүй, гар утасны сим карт нь компьютерын систем гэх ойлголтод хамаарах эсэхийг шалгаж гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодруулах шаардлагатай. Мөн гар утасны дугаарын эзэмшигч хэн болох, улмаар гэмт хэргийн хохирогч хэн болох, гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилсан ба 26.1 дүгээр зүйл “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах”, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл дамжуулж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан” байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын албан бичиг /хх-ийн 2-р хавтас 102, 121-р хуудас /, Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг/ хх-ийн 2 хавтас 116-р хуудас/ болон бусад нотлох баримтаар гар утасны цахим төхөөрөмж буюу сим карт нь компьютерын төхөөрөмжид хамаарагдана гэснээс үзэхэд гар утасны цахим төхөөрөмж буюу сим карт нь эд хөрөнгө болохын хувьд Мобиком корпорацийн өмч болох нь батлагдаж байна.

Харин сим картад хадгалагдаж, агаарын орон зайгаар дамжин бусдад хүрч байгаа мэдээлэл нь хууль журам, гэрээний дагуу төлбөрийг төлж, сим картыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн Б.Мын хувийн мэдээ, мэдээлэл буюу эзэмшигчийн хувийн эрх болох нь тодорхойлогдоно.

Цахим төхөөрөмж, түүгээр дамжиж байгаа мэдээллийн аюулгүй байдал алдагдсанаар Мөнхбаярын “халдашгүй байх” хувийн салшгүй эрх ашигт хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирол нь эд хөрөнгийн өмчлөгчийн эрх бус, хувь хүний “халдашгүй байх эрх” гэж хэрэгт нотлогдсон үйл баримтад прокуророос хууль зүйн дүгнэлт хийсэн.

Гэтэл “гар утасны сим карт нь компьютерын систем гэх ойлголтод хамаарах эсэхийг шалгаж, гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодруулах шаардлагатай” гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагааг явуулснаар гэмт хэргийн шинжийг тогтоох нөхцөл бүрдэх талаар захирамжид тодорхой дурьдаагүй, “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”-н зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зассан” Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

З. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг шүүгдэгч С.Б, Ц.З нар бүлэглэж үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго юу байсан, хэрхэн яаж, зохион байгуулж, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох, хохирогч Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн, хэрхэн яаж олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэснийг мөн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Мын цахим төхөөрөмж /сим карт/-ийг сэргээхэд ашигласан иргэний үнэмлэхийн хуулбар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүгчийн хувийн хэрэгт хадгалагдаж байсан хуулбар хувиас дахин хуулбарлагдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авах, иргэний үнэмлэх, хувийн хэрэг хадгалагдаж байсан газар үзлэг хийх зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг бүрэн явуулсан.

Шүүх хуралдааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг тодорхой нотлох баримт гаргаж өгөлгүй, зөвхөн өөрсдийн гэм бурууг зөвшөөрөхгүй талаар тодорхой нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүйгээр маргасан шүүгдэгчдийн мэдүүлэгт үндэслэн,“бүлэглэж үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго юу байсан, хэрхэн яаж зохион байгуулж, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй” гэж дүгнэсэн тохиолдолд тэднийг цагаатгах эрхтэй байтал хэргийг прокурорт буцаасан нь илт үндэслэл муутай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх”, “гэм буруугүйд тооцох” зарчмыг ноцтой зөрчсөн.

4. Шүүхээс яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй, прокуророос үнэлээгүй, гэрч Э.Галбадралын “бодит байдлаас илт зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулж нягтлах“ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд “Анхан шатны шүүх С.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар “прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон яллагдагч нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнээд” прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг дахин прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд, яллагдагч нарын гэм буруутай байдал, хэргийн үйл баримтыг харгалзан үзэж, хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Цахим төхөөрөмж сольсон тухайд Ц.Зын “Б.М гэх хүн өөрөө надаар сэргээлгэсэн. Ингэхдээ хар хөх өнгийн Приус маркийн автомашинд жолоочтойгоо хамт явж байсан” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бодитой явуулсан бол тухайн үед И-март худалдааны төвийн 24 цагийн камерын бичлэгээс шүүж, хар хөх өнгийн Приус маркийн автомашины жолоочоос гэрчийн мэдүүлэг авсан бол хэрэг шийдвэрлэгдэх боломжтой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.Б, Ц.З нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, С.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч С.Б, Ц.З нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б, Ц.З нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч С.Б, Ц.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ