Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                   Б.Алтансүх

Улсын яллагч                                 Э.Болор

Шүүгдэгч нарын өмгөөлөгч            Э.Батбаяр

Хохирогч                                          Б.Б, Б.Г, Д.Т

Гэрч                                                 Б.Ц, Г.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  токарчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн  хамт оршин түр суух, М овогт А.С,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт түр оршин суух, Б овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн 1720000700012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Б, А.С нар нь бүлэглэн 80-73 УНӨ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” сувилалын газар амарч байсан Б.Б-н эзэмшлийн 4 хүний майхан, эвхдэг сандал ширээ, виски 1, хүнсний зүйл, Б.Г-н шар өнгийн эвхдэг сандал 1 ширхэг, эрэгтэй хүний цамц, хүнсний зүйл, Д.Т-н битүү чанагч, хийн зуух, гааз 4 ширхэг, нярай хүүхдийн 2 ширхэг өмд зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 229.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” гэх газарт гэр бүлийн хамт амрахаар очсон. Тэнд халуун байсан тул Баяраа ах хохирогч Б.Б яриад майханд нь байрлахаар болсон. Тэгээд биднийг явах болоход эдгээр хүмүүс ирээгүй тул майхныг нь замдаа таарвал өгье гэж бодоод ачаад явсан. Авч явах болсон шалтгаан нь өөр хүмүүс ирээд авчих байх гэж бодсонийх юм. Бид хулгай хийгээгүй...гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” гэх газарт А.С гэр бүлийн хамт, манайх гээд 4 том хүн, 4 хүүхдийн хамт амрахаар очсон. Тэнд халуун байсан ба замд Б.Б таарсан. Тэгээд нарнаас халхлах газар байгаа эсэхийг асуухад манай майхан манхны цаана байгаа тэнд хүүхдүүдээ оруулаад байж бай гэж хэлсэн.  Тэгээд биднийг явах болоход эдгээр хүмүүс ирээгүй тул майхныг нь өөр хүмүүс ирээд авчихаж магадгүй гэж бодоод ачаад явсан. Бидэнд майхнаа хариуцуулаад үлдээж байхад майхныг нь хүнгүй орхиж болохгүй гэж бодсон юм. Авч яваад замдаа таарвал өгчихнө гэж бодсон боловч замд таараагүй тул Өргөн сумын цагдаад өгнө гэж бодож байсан. Гэвч маргааш нь цагдаагийн газраас дуудаад эд зүйлийг хураан авсан. Бид хулгай хийгээгүй...гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” гэх газарт найз нөхөд, гэр бүлийн хамт амрахаар очсон. Тэнд халуун байсан тул сувиллын газарт байр авч байрлаж байсан. Тэр өдөр эдгээр хүмүүс олон жоохон хүүхдүүдтэй хамт амрахаар явж байхаар нь эх хүний хувьд манай майхан тэнд байгаа хүүхдүүдээ оруулж болно гэж хэлсэн. Тэгээд орой ирэхэд майхан байхгүй байсан тул цагдаад утсаар хэлсэн юм. Миний хувьд эдгээр хүмүүст майхнаа хариуцуулж өгсөн л гэж үзэж байна. Хулгай эсэх талаар хуулийн хүмүүс л хэлэх байх, надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэв.

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” гэх газарт найз нөхөд, гэр бүлийн хамт амрахаар очсон бөгөөд Б.Б эдгээр хүмүүсийг майхандаа байрлаж бай гээд хэлчихлээ гэж хэлж байсан.  Тэгээд орой ирэхэд майхан байхгүй байсан тул цагдаад утсаар хэлсэн юм. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэв.

Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” гэх газарт найз нөхөд, гэр бүлийн хамт амарч байсан ба 11-ний өдөр энэ хүмүүс очсон байх. Б.Б хэлэхдээ эдгээр хүмүүсийг майхандаа байрлаж бай гээд хэлчихлээ гэж хэлж байсан.  Тэгээд орой ирэхэд майхан байхгүй байсан тул цагдаад утсаар хэлсэн юм. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэв.

Гэрч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” гэх газарт нөхөр хүүхдийн хамт мөн А.С-н гэр бүлийн хамт амрахаар очсон. Тэнд хохирогч нарын майханд хүүхдүүдээ байрлуулж амарсан ба биднийг явах болоход эдгээр хүмүүс ирээгүй тул майхныг нь өөр хүмүүс ирээд авчихаж магадгүй гэж бодоод ачаад явсан. Бидэнд майхнаа хариуцуулаад үлдээж байхад майхныг нь хүнгүй орхиж болохгүй гэж бодсон юм. Бид хулгай хийх санаа зорилго байхгүй, гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ амарч явсан шүү дээ ...гэв.

Гэрч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” гэх газарт нөхөр хүүхдийн хамт мөн Д.Б ахын гэр бүлийн хамт амрахаар очсон. Тэнд хохирогч нарын майханд хүүхдүүдээ байрлуулж амарсан ба биднийг явах болоход эдгээр хүмүүс ирээгүй тул майхныг нь өөр хүмүүс ирээд авчихаж магадгүй гэж бодоод ачаад явсан. Бидэнд майхнаа хариуцуулаад үлдээж байхад майхныг нь хүнгүй орхиж болохгүй гэж бодсон юм. Замдаа майхныг нь өгнө гэж бодож байсан боловч нөхрийн ажилд гаргах цаг болоод яараад яваад өгсөн. Мөн Өргөн сумын цагдаад хүлээлгэж өгнө гэж бодож байсан боловч нөхөр ажилтай байсан тул амжаагүй. Төд удалгүй цагдаагаас ярихаар нь эд зүйлийг нь аваачиж өгсөн. Бид хулгай хийе гэж бодоогүй, зөвхөн хүний юмыг ххаяад явж болохгүй л гэж бодсон...гэв.

Хохирогч Б.Б-н цагдаад гаргасан өргөдөл /хх-ийн 5 тал/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 тал/

Эд мөрийн баримт эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /10-11 тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12,13 тал/

Хохирогч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 25 тал/

Хохирогч Д.Т-н мэдүүлэг /хх-ийн 35 тал/

Хохирогч Б.Г-н мэдүүлэг /хх-ийн 26 тал/

80-73 УНӨ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Д.Б-н жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 66 тал/

Д.Б-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67 тал/

А.С-н иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 63 тал/

Шүүгдэгч Д.Б, А.С нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73 тал/

М ХХК-ийн тодорхойлолтууд /хх-ийн 119,122 тал/

С.Э, С.А нарын төрсний  гэрчилгээний хуулбар /хх-ийн 120-121 тал/

Б.Т, Б.М, Б.Ө нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 124-125 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Б, А.С нарыг бүлэглэн 80-73 УНӨ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” сувилалын газар амарч байсан Б.Б-н эзэмшлийн 4 хүний майхан, эвхдэг сандал ширээ, виски 1, хүнсний зүйл, Б.Г-н шар өнгийн эвхдэг сандал 1 ширхэг, эрэгтэй хүний цамц, хүнсний зүйл, Д.Т-н битүү чанагч, хийн зуух, гааз 4 ширхэг, нярай хүүхдийн 2 ширхэг өмд зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 229.400 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч нар хохирогч Б.Б-н эзэмшлийн 4 хүний майхан, эвхдэг сандал ширээ, виски 1, хүнсний зүйл, Б.Г-н шар өнгийн эвхдэг сандал 1 ширхэг, эрэгтэй хүний цамц, хүнсний зүйл, Д.Т-н битүү чанагч, хийн зуух, гааз 4 ширхэг, нярай хүүхдийн 2 ширхэг өмд зэрэг эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр уг хэрэг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болсон ба мөн шүүгдэгч нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч уг үйлдэл дээр хамт байсан гэрч Б.Ц, Г.З нарыг энэ хэрэгт оролцсон эсэх талаар шалгаагүй нь ойлгомжгүй, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын болон хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа ба харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт тайлбараар “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан шүүгдэгч нарын хохирлын хэмжээ нь энэ заалтад хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч А.С, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болно.

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 80-73 УНӨ улсын дугаартай Субару форестер маркийн авто машиныг битүүмжилсэн тул уг тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Б-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М овогт А.С, Б овогт Д.Б нарт  холбогдох эрүүгийн 1720000700012 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч А.С, Д.Б нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 80-73 УНӨ улсын дугаартай Субару форестер маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Б-д буцаан олгосугай.

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ