Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 715

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00195 дугаар шийдвэртэй, “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.С, А.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 24 274 116 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Б.М, П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.С, А.Т нар манай банктай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг жилийн 20,25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалттай зээлсэн. Банк нь 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч Э.С-ийн Хас банк дахь 1520007160 тоот дансанд 25 000 000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. 1520007160 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “ХХ” ХХК нь хариуцагч нартай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1520007160-01 баталгаат ипотекийн гэрээ байгуулж хувийн сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5 054 099 төгрөг, зээлийн хүүд 18 913 393 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24 467 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 435 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХХ банк нь удаа дараа зээлийн эргэн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үр дүн гараагүй өнөөдрийг хүрсэн тул гэрээний дуусгавар болох хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг буцаан төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 451.1, 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1520007160 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээл 19 945 901 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 4 280 862 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 353 төгрөг нийт 24 274 116 төгрөгийг Э.С, А.Т нараас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу “ХХ ” ХХК төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэж маргаагүй. Хэдийгээр гарын үсгийн тайлал байхгүй ч гэсэн тухайн үед 52 дугаар тооцооны төвийн захирал нь “Х Х” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр юм. “ХХ банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал бүх гэрээнд гарын үсэг зурах боломж байхгүй учраас салбарынхаа захирлууддаа эрх олгосон юм. Иймээс салбар бүрийн захирал гарын үсэг зурах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд зээлийн гэрээ байгуулсан. Барьцаа хөрөнгө Э.С-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тул А.Т гэр бүлийн гишүүн, хамтран өмчлөгч гэж маргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Э.Са, А.Т  нар нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж авсан байдаг. Улмаар зээлийн төлбөрт 23 991 959 төгрөгийг төлсөн. “ХХ” ХХК анх хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байгуулсан тул хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл 1 008 040 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байгаа тул гэрээ гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компанийг эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал төлөөлөх бөгөөд түүнээс итгэмжлэл олгосон хүн гэрээг байгуулах ёстой. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн нэр тодорхойгүй, түүнд гэрээ байгуулах эрх олгосон эсэх талаар баримт байхгүй. Барьцаа хөрөнгийн хувьд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан энэхүү гэрээнд хариуцагч А.Т гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авах байтал энэ талаар баримт байхгүй. Иймд хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөр 1 008 040 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.С, А.Т нараас 21 530 631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,743,485 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Э.С, А.Т  нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Э.С-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019632 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2201007564 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 18635316191083 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 21 530 631 төгрөгийг гаргуулж “Х Х” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нараас 335 688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан дараах үндэслэлүүд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. "Х Х ХХК нь 2019 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны дараа гэрээ цуцлах талаар шаардах хуудас өгч, тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин нэхэмжлэл гаргах хүртэл 240 гаруй хоногийн хугацаа өнгөрсөнд хариуцагч нарыг буруутгах, улмаар зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сард цуцалсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Дээрхээс дүгнэвэл “Х Х банк” ХХК нь 2019 оны 03 сард гэрээг цуцлах хүсэл зоригоо илэрхийлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тооцох нь зүйтэй" гэсэн байна. “Х Х банк” ХХК нь хариуцагч Э.С, А.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01736 дугаартай шийдвэрээр хариуцагч нар нь үүргийг ялимгүй зөрчсөн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон, үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Банк шүүхийн шийдвэрт дурдагдсан алдааг залруулах зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус Э.С-д шаардах хуудас хүргүүлэх ажиллагаа хийж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцлах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулсан гэрээг банк нэг талын санаачилгаар цуцалсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Мөн “ХХ банк” ХХК Э.С, А.Т нартай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 1050031763 дугаартай Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна" гэж заасан тул нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх тэлаар болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхойлох бөгөөд гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлдүүлэгч буюу банк нь зээлдэгчээс шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхээс нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж хуульд тусгагдаагүй агуулгаар тайлбарлан хуулийн ямар заалтыг үндэслэж буй нь тодорхойгүй хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх шийдвэртээ “нийт 21 530 631 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна" гэсэн байна. Хариуцагч Э.С, А.Т нар нь зээлийн төлбөрт үндсэн зээлд 5 054 099 төгрөг, зээлийн хүүд 18 913 393 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24 467 төгрөг төлсөн болох нь Э.С-ийн 1520007160 дугаартай дансны хуулга, хариу тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална" гэж заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны "Журам шинэчлэн батлах тухай" А-203 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд заасан аргачлалыг баримтлан тооцоолсон ба хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 19 945 901 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хүү 4 280 862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 47 353 төгрөг, нийт 24 274 116 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл Анхан шатны шүүхээс дээрх тооцооллыг ямар нотлох баримтад үндэслэн, ямар аргачлалаар хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлээс 2 743 485 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заладах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Ш.С, А.Т нар нь “Х Х банк” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг жилийн 20,25 хувийн хүүтэй 120 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалттай зээлсэн. Тухайн үед зээлийн зээлийн гэрээг “”ХХ банк”-ийг төлөөлж хэн гэдэг хүн гарын үсэг зурсан тодорхойгүй байдаг ба түүнд гэрээ байгуулах эрх олгосон эсэх талаар баримт байхгүй. Барьцаа хөрөнгийн хувьд 2014 оны 6 дугаар дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээнд хариуцагч А.Т гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасанаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авах байтал энэ талаар баримт байхгүй. Анхан шатны шүүхээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 18 775 029 төгрөг, хүүд 2 755 602 төгрөг нийт 21 530 631 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба хүү 2 755 602 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

        Нэхэмжлэгч “ХХ банк” ХХК хариуцагч Э.С, А.Т нарт холбогдуулан үндсэн зээл 19 945 901 төгрөг, зээлийн хүү 4 280 862 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 353 төгрөг нийт 24 274 116 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг  хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

        Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,  Э.С, А.Т нарт 25 000 000 төгрөгийг 10 жилийн хугацаатай, жилийн 3.75 хувь дээр 16,5 хувийн хүүг нэмж, 20.25 хувийн хувьсах хүүтэй зээлэх, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг зээлдэгчид эргүүлэн төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Э.С-гийн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өмчлөлийн 96 м.кв талбайтай хувийн сууцыг, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан болох нь №1520007160 тоот зээлийн гэрээ, зээлийг эргэн төлөх хуваарь, №1520007160-01 тоот баталгаат ипотекийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх  10-17 /

       Зээлийн гэрээний дагуу хариуцагч Э.С, А.Т нарт 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр  25 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл 5 054 099 төгрөг, зээлийн хүү 18 913 393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 467 төгрөг нийт 23 991 959 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна. /хх 18-20/

         Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээний зүйлийг зээлдэгч хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдсон нөхцөлд зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр барагдуулах үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

          Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч  үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тооцон, шаардсан нь хуульд нийцсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь  буруу  болжээ.

            Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “25 000 000 төгрөгийг 10 жилийн хугацаатай, жилийн 3.75 хувь дээр 16,5 хувийн хүүг нэмж, 20.25 хувийн хувьсах хүүтэй” зээлэхээр тохиролцжээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагч Э.С, А.Т нараас зээлийн хүү 2 755 602 төгрөг гаргуулсан нь зүйтэй байна.

            Мөн гэрээний 5.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн тул хариуцагч нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймээс хариуцагч Э.С, А.Т нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 19 945 901 төгрөг, зээлийн хүү 4 281 682  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 353 төгрөг нийт 24  274 116 төгрөгийг төлөх үүрэгтэй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөр гэрээг цуцалж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй. 

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  тус тус заасныг зөрчөөгүй байна.

            Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу хүү тооцох хоногийг бодохдоо 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөр хязгаарлан, нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн тооцож тооцооллын алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.С, А.Т нараас 24 274 117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХ банк” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн,

3 дахь заалтын “335 688” гэснийг “349 520” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 845 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                          Д.БАЙГАЛМАА