| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/00905/И |
| Дугаар | 183/шш2024/02487 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 183/шш2024/02487
2024 оны 06 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2024/02487 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*******ын Т*******
Нэхэмжлэгч: Э******* Г******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ******* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.И*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т*******, Э.Г******* нар тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна:
Үүнд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тоот захирамжаар төлбөр төлөгч Б.Т*******, Э.Г******* нараас 164,930,904 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бүртгэлийн дугаар бүхий 5 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын тухай хуульчилж өгснийг зөрчин ажиллагаа явуулсан. Дээрх үйл ажиллагааг хариуцагч буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01029 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 221-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Эд ажиллагаа хийхийг зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг НШШГГ-ын Хан-Уул дүүргийн 92-р тойрогт ажиллагаа хийгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар батлагдсан шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харьяалал тогтоох тухай тушаалын хавсралтад зааснаар Хан-Уул дүүргийн 138-р тойрог нь тус дүүргийн 1 болон 14-р хороог хариуцан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар заажээ. Энэ нь одоогийн 92-р тойрог гэж үзвэл хэрхэн тухайн тойрогт ажиллагаа хийхийг зөвшөөрсөн тушаал шийдвэр байдаггүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын тухай хуульчилж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт төлбөр төлөгч иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, эсхүл түүний хөрөнгө буюу хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 22.2 төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг. Эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ гэж заасныг зөрчин 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэхдээ 92-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М гэсэн боловч угтаа биш өөр гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдээр үйлдүүлсэн /гарын үсэг, бичгийн хэв өөр/. Харин 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20290069/06 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эд хөрөнгийг хураахдаа 92-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М өөрөө хураах актыг үйлдсэн. Дээрх 2 өөр битүүмжлэх, хураах акт үйлдэхдээ хэрхэн ямар хүнээр хийлгэсэн нь эргэлзээтэй, харин өөр тойргийн гүйцэтгэгчээр тогтоолуудыг зөрүүтэй хийлгэсэн гэж үзвэл Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар байх ёстой боловч огт байхгүй. Маш том алдаатай үйлдэл бол 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот битүүмжлэх тогтоол үйлдэхдээ 92-р тойргийн Шийдвэр гүйцэтгэгч Д.М хэмээн гарын үсэг зурсан үйлдэл юм. Дээрх агуулга бүхий гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч дээд шатны газар болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/19 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны явагдсан хэмээн хариуг өгөөд байна. Иймд, хуульд заасан тойргийн харьяаллыг зөрчин алдаатай хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 2022.04.15-ний өдрийн битүүмжлэх тогтоол, 2022.05.04-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол зэргийг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд бичгээр хариу тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.О******* би Б.Т*******, Э.Г******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1908 дугаар шийдвэрээр Б.Т*******, Э.Г******* нараас 164,930,904 төгрөгийг гаргуулж "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20290069 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Т*******, Э.Г******* нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 110 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагч "Худалдаа хөгжлийн банк" ХХК-аас хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолын дагуу хөндлөнгийн шинжээч томилж дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 379,364,721 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4-92/10612 дугаартай мэдэгдэлээр танилцуулан тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд Шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйл, иргэний хуулийн 177-д заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК нь шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т*******, Э.Г******* нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ******* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Т*******, Э.Г******* нар нь ...Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 5 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын тухай хуульчилж өгснийг зөрчин ажиллагаа явуулсан. Дээрх үйл ажиллагааг хариуцагч буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01029 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20290069 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 221-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Эд ажиллагаа хийхийг зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг НШШГГ-ын Хан-Уул дүүргийн 92-р тойрогт ажиллагаа хийгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар батлагдсан шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харьяалал тогтоох тухай тушаалын хавсралтад зааснаар Хан-Уул дүүргийн 138-р тойрог нь тус дүүргийн 1 болон 14-р хороог хариуцан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар заажээ. Энэ нь одоогийн 92-р тойрог гэж үзвэл хэрхэн тухайн тойрогт ажиллагаа хийхийг зөвшөөрсөн тушаал шийдвэр байдаггүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын тухай хуульчилж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт төлбөр төлөгч иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, эсхүл түүний хөрөнгө буюу хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 22.2 төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг. Эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ гэж заасныг зөрчин 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэхдээ 92-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М гэсэн боловч угтаа биш өөр гүйцэтгэгч буюу гуравдагч этгээдээр үйлдүүлсэн /гарын үсэг, бичгийн хэв өөр/. Харин 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20290069/06 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эд хөрөнгийг хураахдаа 92-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.М өөрөө хураах актыг үйлдсэн. Дээрх 2 өөр битүүмжлэх, хураах акт үйлдэхдээ хэрхэн ямар хүнээр хийлгэсэн нь эргэлзээтэй, харин өөр тойргийн гүйцэтгэгчээр тогтоолуудыг зөрүүтэй хийлгэсэн гэж үзвэл Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар байх ёстой боловч огт байхгүй. Маш том алдаатай үйлдэл бол 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот битүүмжлэх тогтоол үйлдэхдээ 92-р тойргийн Шийдвэр гүйцэтгэгч Д.М хэмээн гарын үсэг зурсан үйлдэл юм. Дээрх агуулга бүхий гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч дээд шатны газар болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/19 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны явагдсан хэмээн хариуг өгөөд байна. Иймд, хуульд заасан тойргийн харьяаллыг зөрчин алдаатай хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 2022.04.15-ны өдрийн битүүмжлэх тогтоол, 2022.05.04-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол зэргийг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1908 дугаар шийдвэрээр Б.Т*******, Э.Г******* нараас 164,930,904 төгрөгийг гаргуулж "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20290069 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Т*******, Э.Г******* нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 110 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагч "Худалдаа хөгжлийн банк" ХХК-иас хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолын дагуу хөндлөнгийн шинжээч томилж дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 379,364,721 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4-92/10612 дугаар мэдэгдлээр танилцуулан тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд Шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйл, иргэний хуулийн 177-д заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргадаг.
Б.Т*******, Э.Г******* нар Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ, тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, гэрээгээр 150,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлжээ. Зээлдэгч Б.Т*******, Э.Г******* нар нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр зайсангийн гудамж 30-р байрны 17 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалжээ.
Б.Т*******, Э.Г******* нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Худалдаа хөгжлийн банк ХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 164,930,904 төгрөгийг хариуцагч Б.Т*******, Э.Г******* нар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны дотор 14,930,904.11 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор 15,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 33,750,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор 33,750,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 33,750,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 30-ны дотор 33,750,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрч, тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 дугаартай захирамжаар эвлэрлийг баталжээ.
Б.Т*******, Э.Г******* нар эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус шүүхийн 2019 онд дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 1 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар тогтоолоор зээлдэгч Б.Т*******, Э.Г******* нарын 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 20290069/06 дугаартай тогтоолоор хураасан байна.
Талууд нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоолууд үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, тус тогтоолын тогтоох хэсгийн 2 дагаар зүйлд 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхийг зөвшөөрсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шийдвэр гүйцэтгэх тойргийн харьяалал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар өөрчлөгдсөн, иймд дахин ахлах шийдвэр гүйцэтгэгчээс даалгавар бичих шаардлага байхгүй тул даалгавар бичигдээгүй гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойргийн харьяалал тогтоох тухай тушаалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойргийн харьяаллыг тогтоожээ. Тус тушаалын хавсралтын 5.2-д Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэх 2 дугаар хэлтэс: 92 дугаар тойрог: Хан-Уул дүүргийн 1, 4 дүгээр хороо гэж заасан байна.
Тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 дугаартай захирамжид дурдсан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр зайсангийн гудамж 30-р байрны 17 тоот хаягт байрлах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойрог өөрчлөн шинэчлэгдсэн гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойргийн харьяалал тогтоох тухай тушаалын 2 дугаар зүйлд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тойргийн харьяаллыг үйл ажиллагаанд мөрдөж, гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх, холбогдох мэдээ, судалгааг бодитой нэгтгэн боловсруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай гэж заасан буюу тушаалаар шийдвэр гүйцэтгэх тойргийг шинэчлэн тогтоон харьяаллын дагуу 92 дугаар тойрогт шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цгийн гаргасан албан даалгавар бичигдээгүй, бичих шаардлага байхгүй гэх тайлбар үндэслэлтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д Шийдвэр гүйцэтгэгч дараахь зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ: 49.4.2.төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх; гэж, 49 дүгээр зүйлийн 49.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын дансанд байгаа хөрөнгөөс бусад хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд тэмдэглэл үйлдэж, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт гарган хувийн дугаар бүхий тэмдэг дарна. гэж тус тус заасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг дээрх хуулийн заалтад нийцүүлэн гүйцэтгэсэн байх бөгөөд эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэхэд хөндлөнгийн гэрчийг оролцуулахыг хуульд тусгайлан заагаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна. гэж, 54 дүгээр зүйлийн 54.2-д Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ. гэж, 54 дүгээр зүйлийн 54.3-д Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна. гэж, 54.4-д Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. гэж, 54.5-д Төлбөр төлөгчөөс хураан авсан хурдан гэмтэж муудах, чанараа алдах бараа, материал, эд зүйлийг төлбөр төлөгч энэ хуульд заасан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг сайн дураар биелүүлэх хугацааг дуусахаас өмнө худалдан борлуулж болно. гэж тус тус заажээ. Шийдвэр гүйцэтгэгчээс дээр дурдсан ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн байх ба эд хөрөнгө хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Д.С, Т.М нарыг оролцуулжээ.
Хөндлөнгийн гэрч Д.С, Т.М нарт хуульд заасан эрх үүргийг танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 20290069/06 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч Б.Т*******ын дүү Б.Нд танилцуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч шүүх хуралдаанд Битүүмжлэн хураах тогтоол зөрүүтэй, бичгийн хэв болон гарын үсэг өөр зурагдсан. Эд хөрөнгө битүүмжлэн хураах тогтоолыг өөр хүнээр бичилт хийлгэсэн. Өөр хүнээр бичүүлэхдээ ахлах шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар өөр хүнд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй. гэх тайлбарыг гаргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг Д.М нь өвчний улмаас бусдаар үйлдүүлсэн байх боловч тогтоолд өөрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдгийг дарж баталгаажуулсан байх тул тус тогтоолыг Д.М үйлдсэн гэж үзэх нь зүйтэй./х.х-ийн 95 хуудас/
Дээрхээс үзвэл 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ******* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол нь хууль тогтоомжид заасан үндэслэл бүхий гарсан байна.
Мөн дээрх тогтоолуудыг нэхэмжлэгч нарт гардуулсан болох нь гэрч Д.Мийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан тогтоол хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ******* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т*******, Э.Г******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ