Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 714

 

М.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00152 дугаар шийдвэртэй, М.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЦЕ газар, “М” ХХК, “Э” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох www.police.gov.mn, www.undesten.mn, www.arslan.mn, www.ontslokh.mn, www.jirgee.mn, www.news.mn цахим хаяг /сайтууд/-д Дундговь аймаг дахь Ц-н даргыг ажлаас нь чөлөөлжээ гэсэн гарчигтай нийтлэгдсэн мэдээлэлд М.Г-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүнд гутаагдсаныг сэргээж, дээрх сайтуудаар дамжуулан уг мэдээнд няцаалт хийх, бичгээр уучлалт гуйхыг тус тус даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ЦЕ газрын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн и.төл  Б.О, Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь хариуцагч нарт холбогдуулан бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс өөрийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төр гутаагдсаныг сэргээлгэх, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Харин уучлалт гуйхыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахад, хариуцагч нар нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох www.police.gov.mn, www.jirgee.mn, www.arslan.mn, www.ontslokh.mn, www.undesten.mn, www.news.mn зэрэг цахим хаягт 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймаг дахь “Ц-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээ тараасан. Уг мэдээнд Ц газрын даргын тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлжээ гэсэн. Цагдаагийн хурандаа М.Ганбаатар нь Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүйн байдлын хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан байна гэжээ. Өөрөөр хэлбэл, намайг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас ажлаас чөлөөлсөн гэсэн агуулга бүхий мэдээ тараасан. Энэ өдөр зөвлөлийн хурал болж байсан. Цагдаагийн ерөнхий газрын дарга 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/250 тоот тушаалаар надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын ажлаас чөлөөлсөн. Миний бие нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/365 дугаар тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байхад 2018 оны 3 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс нь хяналт шалгалт явуулахдаа Цагдаагийн ерөнхий газраас хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн. Уг шалгалтын үр дүнг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж, хурлаас намайг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай Б/250 тоот тушаалд дурдсан үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг М.Ганбаатар миний бие үйлдсэн эсэхийг Нийслэлийн прокурорын газар болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар шалгаж, гэм буруугүй гэдгийг тогтоож, хэрэг бүртгэлийн 180200229 тоот хэргийг хаасан байсан. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга намайг цагдаагийн албанаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал шийдвэр, эрхийн акт гараагүй байхад тус газрын харьяа www.police.gov.mn, www.jirgee.mn, www.arslan.mn, www.ontslokh.mn, www.undesten.mn, www.news.mn зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээ мэдээллийг тараасан гэж үзэж байна. Д.Г намайг дээр хууль тогтоомж, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхийг эрх бүхий байгууллагаар шалгагдсан хэдий ч тогтоогдоогүй гэсэн бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлэн нийтэлж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЦЕ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай алба, Хууль зүйн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар агентлагийн дарга алба хаагчийг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээг эдэлдэг. Мөн байгууллагадаа хөдөлмөрийн дотоод журам, дүрэм тогтоон, дагаж мөрдүүлэх зэрэг бусад эрх хэмжээ эдэлдэг. Ажлаас чөлөөлөгдөх үед нэхэмжлэгч М.Г нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. 2018 оны 4 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд шалгалт явуулсан. Энэ шалгалтаар тухайн үед цагдаагийн даргаар ажиллаж байсан М.Ганбаатар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 8.7, Төрийн албаны тухай хуулийн, 13 дугаар зүйл, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.2, 2.3.6, 2.3.8-д заасан хэм хэмжээнүүдийг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ талаарх баримт, шалгалтын материал танилцуулан, Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/250 дугаар тушаалаар М.Г-ыг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс тасалбар болгож Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Засгийн газрын агентлагийн тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн албан хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна” гэж, мөн 81.4.3-т “...албан тушаал бууруулна” гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Агентлагийн дарга, Цагдаагийн төв байгууллагын дарга албан хаагчдаа сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаал бууруулах зэрэг бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа баримтаа гаргаж өгөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим сайтуудад тавигдсан мэдээллийг үндэслэсэн байгаа 5, 6 сайтад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар М.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлийг дурдаад, ажлаас чөлөөлсөн байна гэсэн агуулга бүхий мэдээлэл, зургуудыг гаргаж өгсөн байна. Цагдаагийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан үндэслэлээ энэ мэдээллийн дээрх сайтууд нь Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn сайтаас эх сурвалжаас авсан гэдэг. www.police.gov.mn сайтад М.Г-ыг ажлаас чөлөөлсөн талаарх мэдээлэл тараагдсан эсэх лавлагааг авсан. Уг сайтад М.Г-ыг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлэл баримт тавигдаагүй. Иймд Цагдаагийн ерөнхий газар дээрх сайтаар дамжуулж М.Г-ыг ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээлээгүй байна. Энэ мэдээлэл нь бодит байдал нийцсэн. Бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайт нь манайд хамааралгүй. М.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан нь үнэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 250 тоот тушаал нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. М.Г-ын гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл, зөрчилд холбогдох асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгуулахаар шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК /www.news.mn/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь www.news.mn гэсэн сайт ажиллуулдаг. Тухайн өдрийн болж байгаа үйл явдлын мэдээллүүд өдөрт зуун ширхгээр урсаж байдаг. Манай www.news.mn сайтад 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймаг дахь Ц газрын даргыг чөлөөлжээ гэсэн гарчигтай гарсан мэдээллийг нэхэмжлэгч нэр хүнд нь халдсан байна гэж үзсэн. Хавтаст хэрэгт байгаа www.news.mn сайтад гарсан мэдээлэлд шүүхээс үзлэг хийсэн. www.news.mn сайт нь эх сурвалжаа www.police.gov.mn  сайтаас авсан нь манайд гарсан мэдээллийн линк дээр дарахад дараагийн сайт руугаа ордог. Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл тараагүй гэх нь тайлбар үндэслэлгүй. Сайтууд мэдээллээ устгадаг. Гэтэл Цагдаагийн ерөнхий газар мэдээллийн эх сурвалжийг үгүйсгэж байгаа нь бид эх сурвалжгүй мэдээлэл тавьсан юм шиг харагдаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Гэтэл манай сайтад гарсан мэдээ нь ЦЕ газрын даргын тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн гарын дарга, цагдаагийн хурандаа М.Г-ыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан аж гэсэн байгаа. Бид тухайн өдрийн болсон үйл явдлын талаар мэдээлэл хийсэн ба бусдын нэр хүндэд халдаагүй. Гэтэл өнөөдөр энэ тушаал нь хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК /www.undesten.mn/ шүүхэд гаргасан тайлбартаа: Манай www.undesten.mn  сайтад 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргыг чөлөөлжээ гэсэн гарчигтай мэдээллийг сэтгүүлч Ж.Б нийтэлжээ. Уг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудас болох www.police.gov.mn сайтаас эх сурвалж болгон авч нийтэлсэн гэж мэдэгдлээ. www.police.gov.mn  бол цагдаагийн газрын цаг үеийн, үйл явдлын мэдээ мэдээллийг нийтлэгдсэн албан ёсны сайт. Энэ сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд албан ёсны эх сурвалжаа болгон ашигладаг. Манай сэтгүүлчийн хувьд ч тухайн үед нийтлэгдсэн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч өөрийн сайтад байршуулсан. Гэвч мэдээллийг нийтлэхдээ эх сурвалжаа дурьдаагүй алдаа гаргасан байна. www.undesten.mn  сайт болон тухайн үед ажиллаж, уг мэдээллийг нийтэлсэн сэтгүүлч М.Ганбаатартай ямар нэг холбоо байхгүй. Тиймээс Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргыг чөлөөлжээ гарчигтай мэдээллийг мэдээлэх үүргийнхээ дагуу албаны эх сурвалжаас авч нийтэлсэн. Хэрвээ уг мэдээлэл гомдол гаргагчийн нэр хүндэд халдсан гэж үзэж, албаны эх сурвалж тайлбар залруулга гаргавал бидний зүгээс дээрх мэдээллийг залруулах боломжтой гэжээ.

Хариуцагч “Э” ХХК /www.arslan.mn/ шүүхэд гаргасан тайлбартаа: Манай www.arslan.mn мэдээллийн сайтад Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тавигдаж, иргэний талаар үндэслэлгүй мэдээлэл иргэд олон нийтэд цацагдаж хүний ажил, нэр хүндэд халдсандаа харамсаж байна. Мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаа тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй, илт ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна. Манай сайтын хувьд Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг 4 дүгээр сарын 13-ны /2018 оны 4 дүгээр сарын 13/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээллийг www.news.mn  мэдээллийн сайтаас эх сурвалжаа болгон нийтэлсэн юм. Одоо тухайн мэдээг устгаж, уг залруулгыг сайтдаа нийтэлсэн болно. Ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатараас болон Цагдаагийн Ерөнхий газар, уншигчдаасаа хүлцэл өчье гэжээ.

Хариуцагч Харилцаа, хамтын ажиллагааг дэмжигч сэтгүүлчдийн холбоо /www.ontslokh.mn/ шүүхэд гаргасан тайлбартаа: Мэдээ мэдээллийн www.ontslokh.mn сайтад Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ гэсэн мэдээлэл 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд энэхүү мэдээллийг нийтлэхдээ нэг талын эх сурвалжийг барьж мэдээллийн тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүй, М.Ганбаатараас тодруулан мэдээллийг нягтлаагүйн улмаас бусдын нэр хүндэд халгаатай мэдээлэл болсон байна. ...Цагдаагийн хурандаа М.Ганбаатарт Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүйн байдлын хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмийг зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх зөвлөлийн хурлаар дээрх шийдвэрийг гаргасан байна гэж мэдээлсэн нь тэнцвэртэй мэдээлэл бус, нэг талын мэдээллийг эх сурвалж болгосон тул www.ontslokh.mn  сайтын мэдээллийн сангаас устгасан болно. Иймд нэг талыг барьсан ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатараас болон уншигчдаасаа хүлцэл өчиж, уучлал хүсэн, залруулгаа вэб сайтад нийтэлсэн болно. /www.ontslokh.mn сайтад нийтэлсэн залруулгаа хавсаргав/ Манай сайт нь хурандаа М.Ганбаатарын нэр төрд санаатайгаар халдах, гүтгэн доромжлох санаа агуулаагүй билээ гэжээ.

Хариуцагч: С.Чулуунтогтох /www.jirgee.mn-ийн домайн эзэмшигч/ шүүхэд гаргасан тайлбартаа: С.Чулуунтогтох миний бие нь www.jirgee.mn -ийн домайн хаягийн эзэмшигч, вэб сайтыг ажиллуулдаг билээ. Нэхэмжлэлтэй холбоотой уг мэдээллийг тухайн үед хариуцаж байсан админ оруулсан бөгөөд www.arslan.mn сайтаас мэдээллийг авч байршуулсан нь үнэн юм. Хэрэв шаардлагатай гэж үзвэл мэдээллийг залруулан нийтлэхэд татгалзах зүйлгүй. Мөн сошиал орчинд залруулга, мэдээллийг түгээж өгөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох www.police.gov.mn, www.undesten.mn, www.jirgee.mn, www.news.mn сайтуудад Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ гэх мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж, нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд М.Ганбаатарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь сэргээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газар, “Маст технологи” ХХК, “Ньюс аженси” ХХК, С.Чулуунтогтох нарт тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алдар хүнд сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч “Энх-Арслан” ХХК /www.arslan.mn/, Харилцаа, хамтын ажиллагааг дэмжигч сэтгүүлчдийн холбоо /www.ontslokh.mn/ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, өөрсдийн мэдээллийн вэб сайтад залруулга нийтэлж, М.Ганбаатараас уучлал хүссэн байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7  дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газар, “Маст технологи” ХХК, “Ньюс аженси” ХХК, “Энх Арслан” ХХК, Харилцаа хамтын ажиллагааг дэмжигч сэтгүүлчдийн холбоо, С.Чулуунтогтох нараас нийт 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ганбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч төлөөлөгч Ж.Болд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ "Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт хийсэн талаарх баримтгүй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь тогтоогдоогүй байхад "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх зөвлөлийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан" гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй гэж дүгнэжээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт цагдаагийн төв байгууллага нь "цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах" чиг үүрэг хэрэгжүүлэхээр заасан. 2018 оны 02 дугаар сард цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой мэдээлэл, гомдол саналыг хүлээн авдаг 126 дугаарын утсанд Дундговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаа, тус газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарт холбогдуулан гомдол мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс гомдол мэдээллийг шалгах ажлын хэсэг томилогдон шалгалтын ажиллагаа явуулахад М.Ганбаатар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар М.Ганбаатарт "Албан тушаал бууруулах" сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх "гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь тогтоогдоогүй байхад бодит байдалд нийцээгүй мэдээ тараасан" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд цахим мэдээллийн хэрэгслээр М.Ганбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлээгүй, харин албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан талаарх мэдээлэл тавигдсан байна. Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар байгууллагын дарга нь хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод дүрэм зөрчсөн, сахилга ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрхийг эдлэх бөгөөд энэхүү сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага хянадаггүй. Түүнчлэн М.Ганбаатарт сахилгын шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/250 дугаар тушаал хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                    Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

          Нэхэмжлэгч М.Ганбаатар нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газар, “Маст технологи” ХХК /www.Undesten.mn/, “Энх-Арслан” ХХК /www.arslan.mn/, Харилцаа хамтын ажиллагааг дэмжигч Сэтгүүлчдийн холбоо /www.оntslokh.mn/, “Ньюс аженси” ХХК /www.news.mn/, www.jurgee.mn-ийн домайн эзэмшигч С.Чулуунтогтох нарт холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох  www.police.gov.mn, www.Undesten.mn, ww.arslan.mn,  www.оntslokh.mn, www.news.mn, www. jurgee.mn  зэрэг цахим хаяг /сайтууд/-т нийтлэгдсэн мэдээлэлд М.Ганбаатарын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр уучлалт хүсэн, няцаалт, залруулга хийхийг хариуцагч нарт  даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болох www.police.gov.mn сайтад  2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр  нийтлэгдсэн “Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн мэдээг олон нийтийн бусад сайтууд эх сурвалжаа болгон, “...Дундговь аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тэрээр Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бара ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан байна” гэх мэдээлэлийг, цахим хаягтаа байршуулан 2018 оны 4 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд олон нийтэд тараасан нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

          Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар “...уг мэдээлэл бодит байдалд нийцсэн, М.Ганбаатарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хүчин төгөлдөр байгаа, уг гомдолд Захиргааны хэргийн шүүх ажиллагаа явуулж байгаа, харин гэмт хэргийн шинжтэй зөрчилтэй холбоотой асуудал нь Авилгалтай тэмцэх газарт дахин хянагдаж байгаа” гэсэн тайлбар гарган маргажээ.

          Мөн дээрх мэдээллийн эх сурвалжийг Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn цахим хуудсанаас авсан болохыг хамтран хариуцагч нар буюу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох цахим хаяг /сайтууд/ тэдгээрийг эзэмшигч нар тайлбарласаныг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт хамааралгүй гэж үгүйсгэн маргасан байна.

Хэргийн 9-14 дэх талд талд авагдсан  нотлох баримт, талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар, “Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр  хариуцагч Цагдаагийн ерөнхий газар өөрийн www.police.gov.mn цахим хаяг /сайт/-т нийтэлсэн  үйл баримт  тогтоогджээ.

Улмаар бусад хамтран хариуцагч нар өөрсдийн сайтуудад тусгагдсан мэдээллүүдийн эх сурвалжаа дээрхи www.police.gov.mn сайт мөн болохыг заасан, нийтлэлд дурьдснаар Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт хийсэн эсэх нь тогтоогдоогүй. Улмаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад “бүрэн бус мэдээллийг тараасан” гэж  дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

  Нөгөө талаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” №Б/250 дугаар тушаалын 1 дэх хэсэгт, М.Ганбаатарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, 2 дахь хэсэгт түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн гэх 2 заалт бүхий тушаал байх боловч албан тушаал буруулах сахилгын шийтгэлийн талаар дээрх мэдээлэлд мэдээлээгүй байна.

Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төр гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээх бөгөөд үнэн зөвийг нотлож чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаах үүргийг хүлээнэ.

Гэтэл хариуцагч Цагдаагийн ерөнхий газар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр  нийтлэгдсэн “Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн мэдээ нь бодит байдалд нийцсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Иймээс нэхэмжлэгч нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэн, мэдээлэл тархсан хэлбэрээр уучлалт хүсэн, няцаалт, залруулга хийхийг  шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт  заасантай нийцсэн байна.

Харин түүний хамтран хариуцагч нар болох нэхэмжлэлд дурьдсан нэр бүхий олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох цахим хаяг /сайтууд/ тэдгээрийг эзэмшигч нар нэхэмжлэгчээс уучлал хүссэн үндэслэлээр шүүх тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА