Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2020/00152

 

     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ..... оршин суух, эрэгтэй, Т овгийн М-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Чингэлтэй дүүрэг .... байрлах, Ц газар,

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг ..... байрлах, Ү сайт,

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг ..... байрлах, А сайт,

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..... байрлах, О сайт,

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ..... байрлах, Ч сайт,

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг ..... байрлах, Н сайтад тус тус холбогдох,

         2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Ү сайт, А сайт, О сайт, Ч сайт, Н сайт цахим хаяг /сайтууд/-д “Д аймаг дахь ... газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай нийтлэгдсэн мэдээлэлд М.Г-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүнд гутаагдсаныг сэргээж, дээрх сайтуудаар дамжуулан уг мэдээнд няцаалт хийх, бичгээр уучлалт гуйхыг тус тус даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагч Ц газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.О, хариуцагч Н сайт-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, иргэдийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь хариуцагч нарт холбогдуулан бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс өөрийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төр гутаагдсаныг сэргээлгэх, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Харин уучлалт гуйхыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна.

      Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахад, хариуцагч нар нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Р сайт, Ч сайт, А сайт, О сайт, Ү сайт, Н сайт зэрэг цахим хаягт 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Д аймаг дахь Ц газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээ тараасан. Уг мэдээнд Ц газрын даргын тушаалаар Д аймаг дахь Ц газрын дарга М.Г-ыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлжээ гэсэн. М.Г нь Ц газрын .... хэлтсээс албаны шалгалт хийхэд ..... тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул .... газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан байна гэжээ.

            Өөрөөр хэлбэл намайг .... тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Ц газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас ажлаас чөлөөлсөн гэсэн агуулга бүхий мэдээ тараасан.

            Энэ өдөр зөвлөлийн хурал болж байсан. Ц газрын дарга 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б/5 тоот тушаалаар надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Д аймаг дахь Ц газрын даргын ажлаас чөлөөлсөн. 

           Миний бие нь Ц газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/6 дугаар тушаалаар Д аймаг дахь Ц газрын даргаар томилогдон ажиллаж байхад 2018 оны 03 дугаар сард Ц газрын ... хэлтэс нь хяналт шалгалт явуулахдаа Ц газраас хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн. Уг шалгалтын үр дүнг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ц газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж, хурлаас намайг ... тус тус зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

          Ц газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” Б/5 тоот тушаалд дурдсан үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг М.Г миний бие үйлдсэн эсэхийг Нийслэлийн прокурорын газар болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар шалгаж, намайг гэм буруугүй гэдгийг тогтоож, хэрэг бүртгэлийн 180200229 тоот хэргийг хаасан байсан.

        2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ц газрын дарга намайг чөлөөлсөн ямар нэгэн тушаал шийдвэр, эрхийн акт гараагүй байхад тус газрын харьяа Р сайт, Ч сайт, А сайт, О сайт, Ү сайт, Н сайт зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Д аймаг дахь Ц газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээ мэдээллийг тараасан гэж үзэж байна.

         Д.Г намайг дээр хууль тогтоомж, .... ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхийг эрх бүхий байгууллагаар шалгагдсан хэдий ч тогтоогдоогүй гэсэн бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлэн нийтэлж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

        Хариуцагч Ц газар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц алба нь ... хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг агентлаг юм. Агентлагийн дарга алба хаагчийг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээг эдэлдэг.

            Мөн байгууллагадаа хөдөлмөрийн дотоод журам, дүрэм тогтоон, дагаж мөрдүүлэх зэрэг бусад эрх хэмжээ эдэлдэг. Ажлаас чөлөөлөгдөх үед нэхэмжлэгч М.Г нь Д аймаг дахь Ц газрын даргаар ажиллаж байсан. 2018 оны 4 дүгээр сард Ц газрын .... хэлтсээс Д аймаг дахь Ц газрын үйл ажиллагаанд шалгалт явуулсан. Энэ шалгалтаар тухайн үед даргаар ажиллаж байсан М.Г нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 8.7, Төрийн албаны тухай хуулийн, 13 дугаар зүйл, “Ц алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.2, 2.3.6, 2.3.8-д заасан хэм хэмжээнүүдийг зөрчсөн нь тогтоогдсон.

        Энэ талаарх баримт, шалгалтын материал танилцуулан, Ц газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б/5 гэдэг тушаалаар М.Г-ыг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс тасалбар болгож Д аймаг дахь Ц газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг.

         Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Ц газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлая. Үүнд:

       1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа баримтаа гаргаж өгөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим сайтуудад тавигдсан мэдээллийг үндэслэсэн байгаа 5, 6 сайтад Ц газрын даргын тушаалаар М.Г-д сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлийг дурдаад, ажлаас чөлөөлсөн байна гэсэн агуулга бүхий мэдээлэл, зургуудыг гаргаж өгсөн байна. Ц газрыг хариуцагчаар татсан үндэслэлээ энэ мэдээллийн дээрх сайтууд нь Ц газрын Р сайтаас эх сурвалжаа авсан гэдэг.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээд миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод Р сайтыг эрхлэн, өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг тус газрын хэвлэл мэдээллийн төвийн сайтад нь М.Г-ыг ажлаас чөлөөлсөн талаарх мэдээлэл тараагдсан юм уу, үгүй юм уу гэдэг лавлагааг авсан. Хэвлэл мэдээллийн төвөөс “Ц газрын Р сайт сайтад М.Г-ыг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлэл баримт тавигдаагүй байна” гэсэн хариуг албан ёсоор бичгээр өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд сайтаар дамжуулж М.Г-ыг ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээлээгүй байна.

       2. Энэ мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй учраас нэхэмжлэгч гомдсон гэж байна. Гэтэл энэ мэдээлэл нь бодит байдал нийцсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл М.Г-д сахилгын шийтгэл оногдуулсан нь үнэн. Ц газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5 тоот тушаал нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.

          3. М.Г-ын гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл, зөрчилд холбогдох асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгуулахаар шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас энэ асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, ажиллагаа дахин хийгдэж байгаа.

         Бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

         Ц газрын албан ёсны Р сайтад М.Г-ын талаар үндэслэлгүй гүтгэсэн, алдар нэр хүнийг гутаасан шинж бүхий мэдээлэл нийтлэгдээгүй болно. Бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайт нь манайд хамааралгүй.

          Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагч Н сайтын төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н-А” ХХК нь Н сайтыг сайт ажиллуулдаг. Тухайн өдрийн болж байгаа үйл явдлын мэдээллүүд өдөрт зуун ширхгээр урсаж байдаг. Манай Н сайтад 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Д аймаг дахь Ц газрын даргыг чөлөөлжээ” гэсэн гарчигтай гарсан мэдээллийг нэхэмжлэгч нэр хүнд нь халдсан байна гэж үзсэн. Хавтаст хэрэгт байгаа Н сайтад гарсан мэдээлэлд шүүхээс үзлэг хийсэн. Тодорхой өгүүлбэр үгтэйгээ хэргийн материалд байгаа. Н сайт нь эх сурвалжаа Р сайт сайтаас авсан гэдэг нь юугаар тогтоогдох вэ гэхээр манайд гарсан мэдээллийн линк дээр дарах юм бол дараагийн сайт руугаа ордог. Ц газраас Р сайтад мэдээлэл тавиагүй гэж байна. Хэрэв тийм бол манай тавьсан мэдээллийн линк дээр дарах юм бол мэдээлэл гарч ирэхгүй. Сайтууд мэдээллээ устгадаг. Г газар мэдээллийн эх сурвалжийг үгүйсгэж байгаа нь бид эх сурвалжгүй мэдээлэл тавьсан юм шиг харагдаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Гэтэл манай сайтад гарсан мэдээ нь Ц даргын тушаалаар “Д аймаг дахь Ц газрын дарга М.Г-ыг Ц газрын .... хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ... ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул Ц газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан аж” гэсэн байгаа. Бид тухайн өдрийн болсон үйл явдлын талаар мэдээлэл хийсэн ба бусдын нэр хүндэд халдаагүй. Гэтэл өнөөдөр энэ тушаал нь хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагч Ү сайт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Ү сайт сайтад 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Д аймаг дахь Ц газрын даргыг чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээллийг сэтгүүлч Ж.Б нийтэлжээ. Уг мэдээллийг Ц албан ёсны цахим хуудас болох Р сайтаас эх сурвалж болгон авч нийтэлсэн гэж мэдэгдлээ. 

         Р сайт бол Ц газрын цаг үеийн, үйл явдлын мэдээ мэдээллийг нийтлэгдсэн албан ёсны сайт. Энэ сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд албан ёсны эх сурвалжаа  болгон ашигладаг. Манай сэтгүүлчийн хувьд ч тухайн үед нийтлэгдсэн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч өөрийн сайтад байршуулсан. Гэвч мэдээллийг нийтлэхдээ эх сурвалжаа дурдаагүй алдаа гаргасан байна. Үүнээс болоод уг мэдээллийг өөрсдөө бэлтгэж, нийтэлсэн мэт ойлголтыг гомдол гаргагчид төрүүлжээ.

           Манай Ү сайт болон тухайн үед ажиллаж, уг мэдээллийг нийтэлсэн Ж.Б сэтгүүлчийн хувьд М.Г-тай ямарваа нэг асуудал байхгүй болно. Тиймээс “Д аймаг дахь Ц газрын даргыг чөлөөлжээ” гарчигтай мэдээллийг мэдээлэх үүргийнхээ дагуу албаны эх сурвалжаас авч нийтэлсэн. Хэрвээ уг мэдээлэл гомдол гаргагчийн нэр хүндэд халдсан гэж үзэж, албаны эх сурвалж тайлбар залруулга гаргавал бидний зүгээс дээрх мэдээллийг залруулах боломжтой гэжээ.

              Хариуцагч А сайт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай А сайт мэдээллийн сайтад “Д аймаг дахь  Ц газрын М.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” тухай мэдээлэл 2018  оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тавигдаж, иргэний талаар үндэслэлгүй мэдээлэл иргэд олон нийтэд цацагдаж хүний ажил, нэр хүндэд халдсандаа гүнээ харамсаж байна.

          Мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаа тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй, илт ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна.

          Манай сайтын хувьд Ц газрын тушаалаар Д аймаг дахь Ц газрын дарга, М.Г-ыг 04 дүгээр сарын 13-ны /2018 оны 04 дүгээр сарын 13/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээллийг Н мэдээллийн сайтаас эх сурвалжаа болгон нийтэлсэн юм. Одоо тухайн мэдээг устгаж, уг залруулгыг сайтдаа нийтэлсэн болно. Ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Д аймаг дахь Ц дарга М.Г-аас болон Ц газар, уншигчдаасаа хүлцэл өчье гэжээ.

         Хариуцагч О сайт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мэдээ мэдээллийн О сайтад “Д аймаг дахь Ц газрын дарга М.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” гэсэн мэдээлэл 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд энэхүү мэдээллийг нийтлэхдээ нэг талын эх сурвалжийг барьж мэдээллийн тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүй, М.Г-аас тодруулан мэдээллийг нягтлаагүйн улмаас бусдын нэр хүндэд халгаатай мэдээлэл болсон байна.

       ...М.Г-т Ц газрын .... хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ... ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Ц газрын дэргэдэх зөвлөлийн хурлаар дээрх шийдвэрийг гаргасан байна“ гэж мэдээлсэн нь тэнцвэртэй мэдээлэл бус, нэг талын мэдээллийг эх сурвалжаа болгосон тул О сайт сайтын мэдээллийн сангаас устгасан болно.

         Иймд нэг талыг барьсан ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Д аймаг дахь Ц газрын дарга М.Г-аас болон уншигчдаасаа хүлцэл өчиж, уучлал хүсэн, залруулгаа вэб сайтад нийтэлсэн болно. /О сайт сайтад нийтэлсэн залруулгаа хавсаргав/

       Манай сайт нь М.Г-ын нэр төрд санаатайгаар халдах, гүтгэн доромжлох санаа агуулаагүй билээ гэжээ.  

        Хариуцагч Ч сайтын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч сайтын домайн хаягийн эзэмшигч, вэб сайтыг ажиллуулдаг  ба нэхэмжлэлтэй холбоотой уг мэдээллийг тухайн үед хариуцаж байсан админ оруулсан. А сайтаас мэдээллийг авч байршуулсан нь үнэн юм. Хэрэв шаардлагатай гэж үзвэл мэдээллийг залруулан нийтлэхэд татгалзах зүйлгүй. Мөн сошиал орчинд залруулга, мэдээллийг түгээж өгөх боломжтой гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                ҮНДЭСЛЭХ Нь: 

         Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Ц газар, Ү сайт, А сайт, О сайт, Н сайт, Ч сайт нарт тус тус холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Р сайт, Ү сайт, А сайт, О сайт, Ч сайт, Н сайт зэрэг цахим хаяг /сайтууд/-д “Д аймаг дахь ... газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай нийтлэгдсэн мэдээлэлд М.Г-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр уучлалт хүсэн, няцаалт, залруулга хийхийг хариуцагч нарт даалгуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хамтран хариуцагчаар Ү сайт, А сайт, О сайт, Ч сайт, Н сайуудыг татах хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг хэрэг зургаан хариуцагчтай болсон. /х.х-ийн 141-142, 146, 149-154, 176-178 тал/

         Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1.-д “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:” гээд 1.2.-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж тунхагласан бөгөөд Иргэний эрх зүйгээр Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататгаж зохицуулжээ.

            Нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ, алдар хүнд нь хүний нэр төртэй уялдаа холбоо бүхий, нийгэмд эзэлж байгаа түүний байр суурийн илрэл юм.

            Иймд Иргэний эрх зүйгээр иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээлгэж, учирсан гэм хорыг арилгуулдаг байна.

         Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд өөрөөс нь өөр хэн нэгэнд уг мэдээ мэдээлэл хүргэгдсэн байхад нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан гэж үзнэ.

          Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээдэг.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Р сайтаар “Д аймаг дахь ... газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээлэлд үндэслэгдсэн гэх ба Ц газрын Р сайтад нийтлэгдсэн дээрх мэдээлэл нэхэмжлэгчийн нэр төрд халдсан үндэслэлгүй мэдээ, уг мэдээг бусад олон нийтийн Ү сайт, А сайт, О сайт, Н сайт, Ч сайт зэрэг сайтуудад эх сурвалжаа болгон 2018 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд олон нийтэд тараасан үйлдэлд зөвхөн Ц газар буруутай гэжээ.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ц газрын даргаас намайг Ц албанаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй байхад, Ц газрын Р сайтад “Д аймаг дахь ... газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээлэлд Ц газрын тушаалаар Д аймаг дахь Ц дарга М.Г-ыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д аймаг дахь Ц газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. М.Г-т Ц газрын ... хэлтсээс албаны шалгалт хийхэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, .... ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон гэдэг үндэслэлгүй өрийн цахим хаягт байршуулан тараасан нь миний нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндэд халдсан үйлдэл болж байна“ гэж,

          Хариуцагч Ц газар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх татгалзлын үндэслэлээ “...Ц газрын албан ёсны Р сайтад М.Г-ын талаар үндэслэлгүй гүтгэсэн, нэр төр, алдар хүндийг, ажил хэргийн нэр төрийг гутаасан шинж бүхий мэдээлэл нийтлэгдээгүй. М.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан Ц газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа. Уг мэдээлэл бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. М.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан нь үнэн. Ц газрын даргын 2018 оны  04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 тоот “Сахилгын шийтгэл оногдуулсан тухай” тушаал нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг тушаалтай холбоотой гомдол нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

        М.Г-ын гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл, уг зөрчилтэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, дахин хянагдаж байгаа.

          Р сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээллийг бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд албан ёсны эх сурвалжаа болгосон эдгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайт нь манай Ц газарт хамааралгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байгаа болно.

         Ү сайт, А сайт, О сайт, Н сайт, Ч сайт нар дээрх мэдээллийн эх сурвалжаа Ц газрын албан ёсны цахим хуудас болох Р сайт, харин А сайт мэдээллийн эх сурвалжаа Н сайтаас тус тус авсан гэх тайлбарыг гаргаж байна. /х.х-ийн 160-162, 169, 171-174, 196 тал/

        Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ", мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Бодит баримтыг гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ" гэж тус тус заажээ.

              Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар  зүйлийн 14-д “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно“ гэж заажээ.

           Хариуцагч “Ц газар нь өөрийн эрхлэн гаргадаг Р сайт нэртэй цахим хаяг /сайт/-т 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Д аймаг дахь ... газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн болох нь зохигчдын тайлбар, шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 79-95, 98-107, 160-162, 169, 171-174, 196 тал/

         Хариуцагч нь М.Г-т сахилгын шийтгэл ногдуулсан Ц газрын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 тоот тушаал хүчинтэй гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг мэдээллийн агуулга нь “Ц газрын даргын тушаалаар Д аймаг дахь Ц газрын дарга М.Г-ыг энэ сарын 11 /2018.04.11/-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай байх ба “М.Г-т Ц газрын ... хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль .... ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул  Ц газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас дээрх шийдвэрийг гаргасан байна“ гэжээ.

          Ц газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 дугаар “сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Д аймаг дахь Ц газрын дарга М.Г нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1, 33.2.2, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 13.1.5, 13.11, ... ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.6, 2.3.8-д заасныг зөрчсөн тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, М.Г-ыг үүрэгт нь ажлаас нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тухай“ дурджээ.

            Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “...М.Г-т Ц газрын .... хэлтсээс албаны шалгалт хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ...ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон...“ гэх мэдээллийг бодит байдалд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

         Хариуцагч Ц газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 тоот тушаалаар Д аймаг дахь Ц газрын дарга М.Г-ыг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, М.Г-ыг Д аймаг дахь Ц газрын даргын ажлаас нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.

         Харин Ц газрын .... хэлтсээс албаны шалгалт хийсэн талаарх баримтгүй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь тогтоогдоогүй байхад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ... ёс зүйн дүрэм тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Ц газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан” гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй, хамтран хариуцагч нар нь мэдээллийн үнэн зөвийг нягтлаагүй, зөвхөн нэг талын мэдээллийг эх сурвалжаа болгосон, мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүйгээс дээрх мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй байх ба харин нэхэмжлэгчийн алдар хүндэд халдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газраас нотлох баримтаар гаргуулсан тус газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр тогтоолд “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэл нээсэн эрүүгийн 229 дугаартай хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2018 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад “...Д аймаг дахь Ц газрын даргаар ажиллаж байсан М.Г нь албаны Ланд крузер 200 маркийн 2555 ДУА улсын дугаартай автомашины эвдэрсэн моторыг солиулахдаа тус аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 15.000.000 төгрөг шийдүүлж, мотор худалдан авахдаа албан тушаалын байдлаа урвуулж бусдад давуу байдал олгосон болох нь тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн 229 дугаартай хэргийг хааж шийдвэрлэжээ. /х.х-ийн 76-77 тал/

         Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолыг хүчингүй болгосон болох нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

         Иймд хариуцагч Ц газар нь нэхэмжлэгч М.Г-ын гэм буруу байгаа эсэхийг эрх бүхий байгууллага шалган, эцэслэн тогтоогдоогүй байхад бүрэн бус мэдээллийг олон нийтэд тараасан явдал нь нэхэмжлэгчийн нэр төрд халдсан, түүний ёс зүй, ажил хэргийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэхээр байна

          Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1 дүгээр зүйлд “олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь ...үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэж тус тус заасан байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан тул нэхэмжлэлд дурдсан шаардлагын талаар бусдад тараасан үндэслэлээр нэр бүхий сайтуудад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар татсан нь буруу биш гэж үзнэ.

             Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татагдсан А сайт, О сайт нь нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, өөрсдийн мэдээллийн вэб сайтад залруулга нийтэлж, М.Г-аас уучлал хүссэн байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх мэдээлэл “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн, бодит байдлыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх агуулга бүхий байдлаар мэдээлэл тараасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

      1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511дүгээр зүйлийн 511.2-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Р сайт, Ү сайт, Ч сайт, Н сайтсайтуудад “Д аймаг дахь ... газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ” гэх мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж, нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд М.Г-ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь сэргээж, хариуцагч Ц газар, Ү сайт, Н сайт, Ч сайт нарт тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “алдар хүнд сэргээлгэх тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хамтран хариуцагч А сайт, О сайт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, өөрсдийн мэдээллийн вэб сайтад залруулга нийтэлж, М.Г-аас уучлал хүссэн байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц газар, Ү сайт, Н сайт, А сайт, О сайт, Ч сайт нараас нийт 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-т олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ

 

       ШҮҮГЧИД                           Н. БАЯРМАА

 

                                                       Т. НАРАНЦОГТ