Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0494/З |
Дугаар | 221/МА2017/0768 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0768
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэртэй, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 дугаар актуудаар “Ц” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон 34.006.600 төгрөгийн торгууль, 24.783.500 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар “Ц” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон нийт 101.982.700 төгрөгийн нөхөн татварыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүх шийдвэртээ татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл мөн гэж үзэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна гэж үзсэн мөртлөө татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар нь захиргааны шийтгэл биш гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1.11, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар Татварын улсын байцаагчийн акт нь өөрөө бүхэл цогц захиргааны байгууллагын шийдвэр бөгөөд үүнээс нөхөн татварыг нь ялгаж, хүү, торгууль, алдангийг нь ялгах боломжгүй ба Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д зааснаар татвар болон нөхөн татвар гэдэг ойлголтууд нь өөр өөр утгыг илэрхийлсэн хоорондоо ялгаатай ойлголтууд гэж үзэхээр байна.
2. Татварын байгууллага татвар төлөгчийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж акт, дүгнэлт гаргахдаа нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг нэгтгэж зөрчлийн дүн, хяналт шалгалтын актаар илрүүлсэн зөрчил гэж нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг нэгтгэж бичдэг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоол дээрээс тодорхой харагддаг. Энэ нь татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн нэг хэсэг юм.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж зааснаас үзэхэд нөхөн татвар нь захиргааны зөрчил, захиргааны байгууллагаас оногдуулж байгаа шийтгэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэлгүй байна.
“Ц” ХХК-ийн 2007-2010 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хувь хүний орлогын албан татварын тайлан, анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн иж бүрэн шалгалтыг татварын улсын байцаагч нар хийж, 2011 оны 231482 дугаар актаар шалгалтаар илэрсэн нийт 1254393,0 мянган төгрөгийн зөрчилд 117856,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 25370,1 мянган төгрөгийн алданги, 69,9 мянган төгрөгийн хүү, нийт 183441,6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 183441,6 мянган төгрөгийн төлбөрөөс 621648,0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 65581,6 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 632745,0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 117860,0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актыг өөрчилжээ.
Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 дүгээр актаар “Ц” ХХК-ийн 2011-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийн 351141,5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 26819,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 10277,9 мянган төгрөгийн торгууль, 7815,0 мянган төгрөгийн алданги, нийт 44912,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Нэхэмжлэгч “Ц” ХХК нь шүүхэд “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 дүгээр актуудаар ногдуулсан нийт 101.982.700 төгрөгийн нөхөн татвар, 34.006.600 төгрөгийн торгууль, 24.783.500 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн хуулийн этгээдэд ногдуулсан нөхөн татварыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо “... нөхөн татвар нь захиргааны зөрчил, захиргааны байгууллагаас оногдуулж байгаа шийтгэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэж дурдсан байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан.
Нэхэмжлэгч компанийн татварын зөрчилд татварын улсын байцаагчийн 231482, 232869 тоот актуудаар ногдуулсан торгууль, алдангийг өршөөлд хамруулах үндэслэлтэй байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “... эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагчийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасны дагуу татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна.
Иймээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 дүгээр актуудаар нэхэмжлэгч “Ц” ХХК-д ногдуулсан 34.006.600 төгрөгийн торгууль, 24.783.500 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хариу төлбөргүйгээр улсын төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч “Ц” ХХК нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй тул нэхэмжлэгч компанийн хугацаандаа төлөөгүй 101.982.700 төгрөгийн нөхөн татварыг түүнд ногдуулсан захиргааны шийтгэл гэж үзэхгүй.
Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дах хэсэгт заасны дагуу магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА