Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 535

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Б.Батболдын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Хандармаа нар шүүх хуралдаанд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн Б.Солонгод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийг зөрчсөнөөс иргэн Б.Батболдын 2008 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээр авсан газар дээр иргэн Б.Солонгын газрыг давхцуулж олгосон. Улмаар уг газрыг хуульд заасан эрхийн дагуу өөрийнхөөрөө ашиглах боломжгүй болгон орц, гарцыг хаасан. Давхардуулж олгосон гэдэг үндэслэлээр иргэн Б.Солонгод холбогдох 2013 оны А/213 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2013 онд иргэн Б.Солонго болон н.Батсайханы өргөдлийн дагуу 216 м2 талбайтай газрыг гэрчилгээжүүлж иргэн Б.Солонгод шилжүүлсэн байдаг. 

Улмаар н.Батсайханаас Б.Солонгод газар эзэмших эрхийг шилжүүлж 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/213 тоот захирамжийг гаргасан. Уг захирамж нь болохоор Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар газар эзэмшихэд тавигдах шаардлагыг зөрчсөн. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь эзэмшүүлэх тухай заагдсан. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй гэдэг хуулийн шаардлагыг хангаагүйгээс өнөөдөр уг захирамжийг дагуу газар олгосон гэж байгаа. 

Иргэн Б.Солонго болохоор иргэн Б.Батболдын хууль ёсны газар өмчлөх, түүнийг ашиглахэрх хязгаарлагдсан. Яаж зөрчсөн бэ гэхээр уг асуудлыг бол бид нар Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оноос хойш тавьсан байдаг. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд сүүлд шинэчлэн өгсөн. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 918 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас иргэн Б.Батболдод албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт 2013 онд газар эзэмшүүлсэн бөгөөд захирамжийг бид мэдээгүй байсан. Улмаар үйлчилгээний барилга 2013 онд барьж эхлэхэд хүсэлтээ гаргасан. Үнэхээр манай газар дээр барилга барьчихлаа үүнийг албадан буулгуулъя гэсэн хүсэлт гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас таны манай байгууллагад ирүүлсэн орц, гарцыг чөлөөлүүлэх хүсэлттэй танилцлаа. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 358 тоот захирамжаар иргэн Б.Батболдод өмчлүүлсэн 00036119 дугаар бүхий эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 25 дугаар хороо, Хайрханы 10-152 тоот хашаатай, ийм бүртгэлтэй газарт хашааны зүүн талд зам дагуу танай орц, гарцыг хааж, зөвшөөрөлгүй үйлчилгээний барилга барьсан иргэний барилгыг буулган газар чөлөөлөх хүсэлтийг манай талд шийдвэрлэх боломжгүй гэсэн байгаа. 

Энэ албан бичигт дурдсанаар нэг зүйлийг тодорхой зааж өгсөн. 1. Иргэн Б.Батболд бол өөрөө Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Нөгөө талаасаа иргэн Б.Солонгын барьж байгаа иргэн Б.Батболдын хашааны зүүн талд баригдаж байгаа барилга өөрөө 2014 онд хууль зөрчиж барьж эхэлсэн асуудал энэ дээр ярьсан. 

Улмаар уг асуудал шийдэгдэхгүй байсан тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу дээд шатны удирдлага буюу Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох баримтуудыг бүрдүүлж хандсан. Улмаар Нийслэлийн Засаг даргад хандахад 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3003/468 тоот албан бичгээр “Нийслэлийн өмчийн харилцааны газраас Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд албан бичиг хүргүүлсэн байгаа. Уг албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2008 оны 358 тоот захирамжаар 25 дугаар хороонд иргэн Б.Батболдод 700 м2 талбайтай газрыг өмчлүүлсэн байна. Дээрх иргэний өмчилж авсан газар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар иргэн Б.Солонгод 216 м2 талбайтай газрыг 5 жилийн хугацаатай давхцуулж эзэмшүүлсэн байна. Үүнийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж хариу мэдэгдэнэ үү” гэсэн байдаг. 

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба уг асуудал дээр шийдвэрлэхгүй, удаашралтай хандсаны эцэст 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1262 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Манай албанд хүргүүлсэн хүсэлтийг судалж үзэж, дараах хариуг хүргүүлж байна. 

“Нийслэлийн Засаг даргын захирамжаар 700 м2 талбайтай газрыг иргэн Б.Батболдод өмчлүүлсэн нь 2013 оны А/213 тоот захирамжийг иргэн Б.Солонгод эзэмшүүлсэн үйлчилгээний зориулалттай барилгатай давхцаж байгаа учраас манай алба шийдвэрлэх боломжгүй” гэсэн байдаг. 

Үүнээс үзэх юм бол өнөөдөр бодит байдал дээрээ иргэн Б.Солонгод 2013 оны А/213 тоот захирамжаар эзэмшүүлсэн газар нь иргэн Б.Батболдтой түүний газар дээр баригдсан гэх байшингийн тодорхой хэсэг нь иргэн Б.Батболдын газар дээр давхацсан бөгөөд газрын нөхцөл байдал өөрөө онцлог бүхий газар. Яагаад гэхээр иргэн Б.Батболдын газар өөрөө нүүрэн талын хашаа буюу засмал замруугаа шууд оролттой. Яагаад оролттой вэ гэхээр түүний ертөнцийн зүгээр баруун тал болон хойд талд нь гарах ямар ч боломж бол байхгүй. Үзлэгээр бол тодорхой харагдсан. Ийм байршилтай газрын үүдэнд үйлчилгээний барилгыг зөвшөөрөлгүйгээр барьсан. Улмаар зөвшөөрөлгүй баригдсан барилгад давхцал үүссэн. 

Газрын тухай хуульд заасны дагуу бусдын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар дээр давхцаагүй байна гэдэг. Гэтэл ямар хэмжээтэй давхцаж байгаа нь тодорхойгүй. Яагаад тодорхойгүй байна вэ гэхээр 2013 оны А/213 тоот захирамж өөрөө захиргааны акт. Маргаан бүхий захиргааны акт өөрөө биежсэн байдлаар гарахдаа захиргааны актад тавигдах хуулиар хүлээсэн шаардлагыг биелүүлээгүй, хууль зөрчиж гарсан учраас уг давхцал бий болсон. Давхцал юу нь дээр үүссэн бэ гэхээр уг захирамжид заасан байгаа бөгөөд 2 дугаар хэсэгт 2013 оны захирамжийг давхцуулснаас гадна 2 үндэслэлээр хууль зөрчсөн. 1. 2013 онд иргэн н.Солонго, н.Батсайхан нар өргөдөл бичсэн. Уг өргөдөлд худалдаа үйлчилгээний зориулалтаар уг газрыг шилжүүлж өгнө үү, хамтран ашиглая гэсэн хүсэлт гаргасан байхад хавтаст хэрэгт байгаа нотлох баримтад тулгуурлаж үзэх юм бол ямар ч эзэмших хүсэлт байхгүй, ийм газарт эзэмших эрхийн захирамж гарсан.

2013 оны А/213 тоот захирамжийн гол үндэслэх буюу гол газрыг эзэмшиж байсан эрх зүйн акт нь 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 тоот захирамж байдаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны А/213 тоот захирамжийн үндэслэл болсон Б/54 тоот захирамж бол 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга н.Батсайханд 0.004 га буюу 40 м2 талбайтай газрыг 2 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн байдаг. 

Улмаар 2004 онд газар эзэмших гэрчилгээ гарсан. Ашиглах эрх үүссэн газар дээр ямар нэгэн эзэмших хүсэлт байхгүй газар дээр шууд эзэмших эрхийн гэрчилгээгээр уг газрыг томруулж 216 м2 талбайтай болгосон бөгөөд зөвхөн гэрчилгээ нь дээр туссан байгаа. Бодит нөхцөл хуульд заасан шаардлагаар үзэх юм бол гэрчилгээгээр газрын хэмжээг томруулах боломжгүй. Өнөөдөр үзлэг хийхэд 216 м2 талбайтай газар хаана байна, хаана олгосон гэдэг асуудал дээр дүгнэлт хийх зайлшгүй шаардлага гарч шүүх мөн энэ асуудал дээр Газрын харилцаа геодези зураг зүйн газар луу албан бичиг явуулсан. Уг албан бичигт давхцал үүссэн байна уу, газрын мэдээллийн санд иргэн Б.Солонгын газар хаана байна, үнэхээр иргэн Б.Батболдын газартай давхцаж байна уу гэдгийг тодруулахаар шүүх хүсэлт явуулсан. Шүүхийн хүсэлтийн дагуу албан бичиг ирсэн байгаа. 

Уг албан бичигт асуудлыг “Далай гурван өндөр” ХХК одоо Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хувийн хэрэгт байгаа иргэн Б.Солонгын өгсөн байгаа кадастрын зураг нь дээр үндэслэж хийсэн. Уг зургаас үзэхэд кадастрын мэдээллийн санд: 1. Иргэн Б.Солонготой холбогдуулж ямар нэгэн газрын цэг авагдаагүй. Мэдээллийн санд бүртгэгдээгүй зураг дээр давхцуулж үзэх юм бол 2014 оноос зөвшөөрөлгүй гэж яригдаж байсан үл хөдлөх хөрөнгө гэх тэр объект өөрөө иргэн Б.Батболдын газрын тодорхой хэсгээр давхацсан. Нөгөө талаас орц, гарцыг бүхэлд нь хаасан. Объект нь догол хэлбэртэй бөгөөд орц, гарцыг битүү хааж, иргэн Б.Батболдод гарах бололцоогүй болгосон.  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны А/213 тоот захирамж иргэн Б.Батболдын эрх ашгийг зөрчиж байна. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Газрын тухай хуульд зааснаар Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Кадастрын харилцааны даргын 2008 оны 83 тоот тушаал байгаа. Энэ тушаалд заасан ямар ч шаардлагыг хангахгүйгээр гаргасан. Иргэн Б.Солонгод эзэмшүүлсэн захирамж гарах үед дээрх кадастрын зураг батлагдаагүй байсан учраас өнөөдөр давхцал үүсч байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны А/213 тоот захирамж бол иргэн Б.Солонгод Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ч биш 9 дүгээр хороонд 216 м2 талбайтай газрыг эзэмшүүлэв гэсэн байдаг. Хууль зөрчиж захирамж гаргасны улмаас өнөөдөр магадгүй Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба хуулийн дагуу явуулсан бол иргэн Б.Солонго болон Б.Батболдын хооронд маргаан гарахгүй байх боломж байсан. Гэтэл өнөөдөр тодорхойгүй газар олгочихсон бөгөөд нэг нь зөвшөөрөлгүй барилга барьсан. Ийм нөхцөл байдлын улмаас иргэн Б.Батболдын газар өмчлөх, түүнийгээ ашиглах, захиран зарцуулах хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байна. 

Иймээс Газрын тухай хуульд заасны дагуу давхацсан байгаа объект, газрыг  чөлөөлөх нь дараагийн асуудал. Газар давхацсан гэж байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны А/213 тоот захирамж хууль бус учир хүчингүй болгуулж, иргэн Б.Батболдод өөрийн газраа бусдад зарах мөн ашиглах, орц, гарцаар чөлөөтэй гарах энэхүү боломжийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэжээ.

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Иргэн Б.Батболдын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Маргаан бүхий газруудын эрх зүйн харилцаанд анх орсон байдлыг судлан үзэхэд нэхэмжлэгч Б.Батболд, Н.Дуламсүрэн нар нь дүүргийн Засаг даргын 2004 оны 204 дүгээр захирамжаар тус бүр 500 м.кв газрыг 1 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан байдаг.

Мөн иргэн Ж.Батсайхан нь нэхэмжлэгч нарын газрын хажуугийн байршилд дүүргийн Засаг даргын 2002 оны Б/54 дүгээр захирамжаар 216 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх үүсч байх үед маргаан үүсэх ямар нэгэн нөхцөлгүй байсан.

Тухайлбал дүүргийн Засаг дарга нь дээрх захирамжуудаар иргэдэд газар

эзэмшүүлэхдээ газрын мэдээллийн санд давхцал байгаа эсэхийг лавлаж Газрын

тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “... хүсэлт гаргасан газар нь

бусдын эзэмшил ашиглалтанд байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр

давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчөөгүй юм.

Харин нэхэмжлэгч нарын газрууд дүүргийн Засаг даргаас олгосон 500 м.кв

байхад 700 м.кв болж нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон талаарх

шийдвэрийн баримт байдаггүй болно.

Учир нь өмчлөх эрх олгогдсон газруудын хувийн хэрэгт иргэний өөрийн

өргөдөл хүсэлт холбогдох материалууд бүрдээгүй явснаас давхцал үүсэх

болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын газрын хажууд газар эзэмшдэг иргэн Ж.Батсайхан нь өөрийн хүсэлтээр иргэн Б.Солонгод газар эзэмших эрхээ шилжүүлснийг дүүргийн Засаг даргаас 2013 оны 213 дугаар захирамжаар баталгаажуулж өгсөн болно. 

Иргэн Б.Солонго нь тус дүүргий Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн сангийн бүртгэлээр 216 мкв газрыг эзэмшдэг болно. 

Дээрх байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч нарын газрын хэмжээ нийслэлийн Засаг даргаас олгогдохдоо ихэсч буюу тус бүр 200 мкв газраар ихэссэн, нөгөөтэйгүүр иргэн Б.Солонго нь эзэмшил бүхий газраа сунгаж хашаа татсан байдлууд нь маргааныг үүсгэх болжээ.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргын бүрэн эрхэнд хамааруулж өгсөн бөгөөд иргэн Б.Солонгод олгогдсон газрыг хүчингүй болгох нь хууль зүйд нийцэхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Б.Солонго миний бие нь иргэн Б.Батболд, Н.Дуламсүрэн нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэн Б.Солонго миний бие нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудам 53 тоотод Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу 216 мкв газрыг дүүргийн Засаг даргын 2013 оны 05 сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар эзэмшдэг болно. Гэтэл Б.Батболд, Н.Дуламсүрэн нар нь өөрсдийн өмчилж буй газартай миний эзэмшлийн газрыг давхацсан гэж үзэж иргэн надад газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандсан байна. 

Б.Батболд, Н.Дуламсүрэн нарын газар эзэмших, өмчлөх эрх нь хэзээ анх үүссэн талаар авч үзвэл дүүргийн Засаг даргын 2004 оны 204 дүгээр захирамжаар 500 мкв газрыг эзэмшсэн байна. Харин миний одоогийн эзэмшиж байгаа 216 мкв газрын тухайд эзэмших эрх хэзээ үүссэн гэхээр анх миний төрел садангийн хүн болох иргэн Ж.Батсайхан нь уг газрыг дуүргийн засаг даргын 2002 оны Б\54 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байдаг юм.

 Үүнээс хоёр жилийн дараа Б.Батболд, Н.Дуламсүрэн нар нь Ж.Батсайханы эзэмшиж байсан 216 мкв газрын хажуу талд зэрэгцэн 500 мкв газрыг мөн дүүргийн засаг даргын захирамжаар эзэмшсэн. Ингэзд тухайн үед Ж.Батсайханд 216 мкв газрыг эзэмшүүлсэн дүүргийн засаг даргын 2002 оны Б\54 дүгээр захирамжтай холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд Ж.Батсайхан нь хууль ёсны дагуу газраа эзэмшиж ашиглаж байсан.

Миний бие нь 2013 онд Ж.Батсайхантай харилцан тохиролцсоны дагуу түүний

газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2013 оны 05 сарын 27-ны өдрийн 213

дугаар захирамжаар шилжүүлэн авч түүнээс хойш хууль ёсны дагуу эзэмшиж байгаа

болно. Дүүргийн засаг даргын дээрх 213 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн

дагуу иргэд хоорондын газар эзэмших эрхээ шилжүүпж байгаа харилцааг зохицуулж

Ж.Батсайханы газар эзэмших эрхийг дуусгавар болгон миний газар ззэмших эрхийг

баталгаажуулж өгсөн эрх зүйн акт юм. 

Иймээс миний эзэмшиж байгаа дээрх 216 мкв

газрын тухайд эзэмших эрх 2002 онд үүссэн байгаа учир нэхэмжлэгч нарын

нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн дүүргийн Засаг

даргын 2013 оны 05 сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамж нь уг 216 мкв газрын

байршил болон хэмжээг өөрчлөөгүй, зөвхөн эзэмшигч өөрчлөгдсөнийг

баталгаажуулсан байгаа учир уг захирамж нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй

эрх зүйн акт юм. Иймд нэхэмжлзгч нарын нэхэмжлэлимн шаардлагыг бухэлд нь

хзрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Нийслэлийн засаг даргын 2008 оны 358 дугаар захирамжаар Б.Батболдод 700 мкв газрыг, мөн Нийслэлийн засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжаар Н.Дуламсүрэнд 700 мкв газрыг тус тус өмчлүулсэн байна, Ингэж Б.Батболд, Н.Дуламсүрэн нарт өмчлүүлсэн газар иь миний одоогийн эзэмшиж байгаа 216 мкв газартай бүрэн давхцаж байгаа болно. Иймд Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагуй байна" гэсэн заалтыг Нийслэлийн засаг даргын 2006 оны 147, 2008 оны 358 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хучингүй болгож иргэн миний хууль ёсны дагуу газраа эзэмших эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ. 

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Б/54 тоот захирамжаар н.Батсайхан гэдэг хүнд 216 м2 талбайтай газрыг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 10-85 тоотод эзэмшиж анх авсан байдаг. 

Энэ газрыг 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу иргэн Б.Солонго болон н.Батсайхан нар харилцан тохиролцож газар эзэмших эрхийг хуулийн дагуу эрх шилжүүлэх гэрээгээр газрын эрхийг шилжүүлж авсан байдаг. 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/231 тоот захирамжийг нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчиж гарсан, иргэн Б.Батболдын эрх ашгийг хөндөж байгаа гэсэн асуудал тавьдаг. 

Гэтэл энэ захирамж гарах үндэслэл нь бол 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Б/54 тоот захирамж болон н.Батсайханд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/231 тоот захирамж гарсан байдаг учраас энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл заалтыг зөрчиж, иргэн Б.Солонгод газар эзэмших эрх олгогдсон гэдэг зүйл яригддаг.  Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар ямар хуулийг яаж зөрчиж байгаа, ямар үйлдлийг зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. Давхцал гэж өөрсдийнх нь яриад байгаа зүйл үүсэх үндэслэл нь 2004 онд иргэн Б.Батболд нь газраа эзэмшиж авчхаад 2006 онд өмчлөхөөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт сунгуулахдаа 500 м2 талбайтай газрыг 700 м2 талбайтай газар болгож, өөрөө ямар нэгэн хуулийн шаардлага хангуулахгүйгээр ямар хуулийн дагуу, хэрхэн ямар материал бүрдүүлж, өмчлөх эрхээ авахдаа газрын хэмжээг томруулсан нь тодорхойгүйгээр томруулж авсан нь газрын давхцал гэдэг үндэслэл яригдах болсон. 

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Б.Солонгын газар бүхэлдээ давхацсан гэж ярьдаг бөгөөд бүхэлдээ давхцаагүй. Иргэн Б.Солонгын хувьд 216 м2 талбайтай газрыг эзэмшдэг бөгөөд уг газрын хэмжээнд нь тохируулж байшин барьсан. Монгол Улсын иргэн байшинг барихаасаа өмнө зөвшөөрөл авдаггүй. Энэ нь ямар нэгэн стандарт шаарддаггүй барилга. Байшингаа барьсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээгээ авдаг. Байшин барьсан асуудал нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал бол байхгүй бөгөөд ийм маргаантай асуудал байгаа учраас өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч чадахгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2002 оны захирамжаар 0.04 га газар авсан бөгөөд энэ нь 40 м2 талбай гэж ярьдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихийн тулд шүүхийг төөрөгдүүлсэн, үндэслэлгүй зүйл ярьж байна. Өмнө нь хариуцагч шүүх хуралдаанд оролцож байхдаа хэлсэн. 0.04 га гэдэг үндсэндээ 400 м2 талбайтай газар, харин 216 м2 талбайтай газар олгогдсон байсан. Үүнийг хариуцагч шүүх хуралдаанд оролцохдоо ярьж байсан. Өмнө 2002 онд газар эзэмшсэн байхад 2004 онд юм уу, 2006 онд гарч ирсэн 700 м2 талбайтай, 700 м2 талбайтай газар гарч ирлээ гэсэн үндэслэлээр өмнө нь эзэмшсэн байсан хүний эрхийг зөрчих боломжгүй. Засаг даргын захирамж тодорхой дарааллын дагуу явагддаг. 

Тийм учраас иргэн Б.Солонгын хувьд ямар ч хууль зөрчөөгүй байгаа. Хэрвээ нэхэмжлэгч орц, гарц гаргаж өгнө үү гэдэг асуудал ярьж байгаа бол сая үзлэгийн тэмдэглэл дээр харагдаж байна. Иргэн Б.Солонгын барилгын хувьд бол Б.Батболдын газрын орц, гарцын хаасан асуудал байхгүй. 

Харин иргэн н.Дуламсүрэн гэдэг хүнтэй орц, гарцын асуудлын талаар маргаж болох юм байна. Эдгээр байдлаас дүгнэх юм бол иргэн Б.Солонгын эзэмшиж байгаа газар нь хуулийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, хуулийн дагуу анх 2002 онд эзэмшсэн, 2013 онд хуулийн дагуу эрх шилжүүлэх гэрээгээр эзэмшсэн” гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Б.Батболд “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 тоот захирамжийн Б.Солонгод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчээс “...дүүргийн Засаг дарга миний 2008 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээр авсан газар дээр иргэн Б.Солонгод давхцуулж газар олгосон, орц, гарцыг хаасан нь хууль бус” гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 19 дүгээр гудамжид байрлах 500 м.кв газрыг амины хашааны зориулалтаар нэхэмжлэгч Б.Батболдод эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 73678 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 52, 90)-г 2005 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгожээ.

 Нэхэмжлэгч Б.Батболд эзэмшиж байсан газраа өмчилж авах өргөдлийг Нийслэлийн Засаг даргад гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 358 тоот захирамжийн хавсралт 1-ийн 412 дах хэсэг (хх 99-100)-ээр Б.Батболдод түүний эзэмшлийн газрыг 700 м.кв хэмжээтэй өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлүүлэх гэрчилгээ (хх 51)-г 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгожээ.

Харин гуравдагч этгээд Б.Солонгийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн хавсралт 1-ийн 17 дах хэсгээр тус дүүргийн 25 дугаар хороо, Шинэ эцэс гэх газар 216 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн Ж.Батсайханаас шилжүүлэн авсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Б.Солонго газар эзэмших эрхийг Ж.Батсайханаас шилжүүлж авахдаа хууль зөрчсөн. Учир нь иргэн Ж.Батсайханд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 54 дүгээр захирамжаар 0,04 га газрыг павилоны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тус дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар Б.Солонгод маргаан бүхий газрыг шилжүүлэхдээ газрын хэмжээ, зориулалтыг өөрчилсөн, газрын кадастрын зургийг үйлдэж, мэдээллийн санд бүртгээгүй нь өнөөдрийн маргаан үүсэх нөхцөлийг бий болгосон” хэмээн тайлбарлажээ. 

Бодит нөхцөл байдалд гуравдагч этгээд Б.Солонгын одоо амьдарч, дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хашаа, байшин нэхэмжлэгчийн газрын зарим хэсгээр давхцалтай, орц, гарцыг хаасан болох нь Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримт (хх-82-86), шүүхээс хийсэн газрын үзлэг (хх 106-110, 198-208) зэргээр нотлогдож байна.

Харин газар эзэмших эрх олгосон баримт бичгийн хувьд буюу гуравдагч этгээд Б.Солонгын газрын хувийн хэргийг судалж үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд 216 м.кв газрыг олгосон. Гэтэл тухайн газар олгосон хэмжээгээр кадастрын зургийг үйлдэж баталгаажуулаагүй, газрын хувийн хэрэгт авагдсан кадастрын зургийг “Далай гурван өндөр” ХХК 584 м.кв хэмжээгээр үйлдсэн  бөгөөд тэр нь мэдээллийн санд бүртгэгдээгүй, нэгж талбарын дугааргүй болох нь тогтоогдож байна. 

Иймд шүүх хувийн хэрэгт авагдсан иргэн Б.Солонгын кадастрын зургийг үндэслэж бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн маргаж байгаа газрын давхцал, орц гарцын асуудлыг тодруулах боломжгүй байгаа нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/7410 тоот албан бичгээр хариуцагчаас маргаан бүхий газрын аль хэсэгт 216 м.кв газрыг иргэн Б.Солонгод олгосон талаарх лавлагаа, түүнийг нотлох баримтыг шаардсан.

Харин Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1340 тоот албан бичгээр (хх-186) “... хувийн хэрэгт авагдсан 584 м.кв-аар хийгдсэн зурагнаас өөр зураг байхгүй” гэсэн хариуг ирүүлжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн, аж ахуй нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг ямар журмаар гаргах, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтан нь хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг тусгайлан заасан. Мөн хуулийн 32.2.2-т зааснаар хүсэлт гаргагч эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хүсэлтэд хавсаргах ёстой байна.

Гэтэл хариуцагч гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ газар эзэмших эрх олгох газрын нэгж талбарыг харуулсан зургийг авч баталгаажуулалгүй 216 м.кв газрыг олгосноор иргэн Б.Солонгод маргаан бүхий газрын аль хэсэгт, ямар байршилд, ямар эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж солбицол үйлдсэн нь 216 м.кв газар олгогдсон нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгожээ. 

Энэ байдлаас шалтгаалж бодит байдал дээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зарим хэсэгтэй гуравдагч этгээдийн хашаа, байшин байрлаж байгаа газар давхцалтай байгаа асуудалд хариуцагч гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ энэхүү давхцалыг үүсгэсэн буруутай, эсхүл гуравдагч этгээд газар эзэмших эрх олгосон газрын байршлаас өөр газарт хашаа, байшингаа дур мэдэн сунган барьснаас болж уг давхцал болон орц гарцыг хаасан нөхцөл байдал бий болсон гэдгийг шүүхийн зүгээс тогтоох боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл, энэхүү маргаан бүхий захиргааны актын иргэн Б.Солонгод холбогдох хэсэг газрын давхцал бий болгосон эсэх, Б.Солонгын газар нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан эсэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасны дагуу шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байна. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 тоот захирамжаар иргэн Б.Солонгод 216 м.кв газрыг эзэмшүүлэхдээ маргаан бүхий газрын аль хэсэгт, ямар байршилд олгосныг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал гэж шүүх дүгнэв.  

Иймд хариуцагч иргэн Б.Солонгод олгосон 216 м.кв газрын хэмжээ, байршлыг газар дээр нь очиж тэмдэгжүүлэн, координатжуулах замаар нэхэмжлэгчийн газар эзэмшлийн байршлыг тодорхой болгож, нэгж талбар олгож, кадастрын зураг үйлдэж мэдээллийн санд оруулсны үндсэн дээр хариуцагч өөрийн шийдвэрээс шалтгаалж гуравдагч этгээд Б.Солонгын газар нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа эсэх, орц гарцыг хааж байгаа эсэхийг өөрөө тогтоох шаардлагатай.

Харин гуравдагч этгээд өөрийн эзэмшлийн 216 м.кв газрын хэмжээнээс илүү хэмжээгээр газраа сунгаж, дур мэдэн хашаа, байшин барьсантай холбоотой маргаан нь тус шүүхийн харьяаллын маргаан биш болохыг дурдах нь зүйтэй. 

Үүний учир шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсгийг түдгэлзүүлэн шийдвэрлэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг баримтлан дахин шинэ акт гарах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Энэхүү шүүхийн шийдвэрийг  биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж иргэн Б.Солонгод олгосон 216 м.кв газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдсэний үндсэн дээр Б.Солонгын эзэмшлийн 216 м.кв газрын байршлыг тодорхойлон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн Б.Солонгод холбогдох хэсгийн улмаас Б.Батболдын өмчлөлийн газартай давхцаж байгаа эсэх, орц гарцыг хааж байгаа эсэхийг тогтоон нэхэмжлэгч, гуравдагч этгээд иргэдийн давхцал, орц, гарцны асуудлыг шийдвэрлэх болохыг дурдсугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.САРАНГЭРЭЛ