Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/00513

 

 

 

 

 

 

 

 

2024 о 01 с 19

Дугаар 101/ШШ2024/00513

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* овогт *******гийн Балжинням /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* цагаан хариад овогт *******ын ******* /рд:*******/-т холбогдох,

 

үйлчилгээний зориулалттай талбайн 0.48 м.кв хэсгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Балжинням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, С.*******, хариуцагч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н., гэрч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Балжинням би 2014.07.31-ний өдөр  тоот хаягт байршилтай 5,59 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 201035022 таар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу талбайн баруун талын хэсэгт 6026 дугаар лангуу өмчлөгч Ш.******* лангууныхаа зарим хэсгийг байрлуулсан байсан. Ш.******* өргөтгөл хийж, нарийн лангуу нэмж байгуулахдаа миний өмчлөлийн талбайд лангууныхаа зарим хэсгээ байрлуулсан нь тогтоогдсон. Энэ нь лангууны схем зурагт тодорхой тусгагдсан байгаагаас гадна албан ёсны тусгай зөвшөөрөлтэй Скай лайн дизайн ХХК-ийн хэмжилтээр 4.81 м.кв гэсэн хэмжилтийн дүгнэлтээр тогтоогдсон. Ш.*******аас миний өмчлөлийн талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хэл амаар доромжилж чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Би тус барилгын ашиглалт хариуцсан плаза бизнес эрхлэгчид байр ашиглалтын захиргаа гэх төрийн бус байгууллагад энэ талаар хандсан боловч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэдэг хариу өгдөг. Одоо би өөрийн өмчлөлийн 5,56 м.кв талбайгаас 4.81м.кв талбайг ашиглаж байна. Иймд миний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай талбайг Ш.*******ын хууль бус эзэмшлээс 0.77 м.кв чөлөөлж өгнө үү.

 

Миний бие 2014 онд плаза үйлчилгээний төвийн 6008Б тоотод байршилтай 5.56 м.кв үл хөдлөхийн гэрчилгээтэй талбайг худалдаж авч, талбайг хэмжүүлж үзэхэд дутуу байсан. Иймээс БЗД-ийн Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж лангууны анхны схем зураг буюу анх барилгыг барьсан газрын инженерүүдийн зурж өгдөг схем зургийг гаргуулж авсан. Эд хөрөнгө эзэмшигч нь өөрийн үл хөдлөх хөрөнгийн схем зургийг авч үзэх эрхтэй байдаг. Схем зургийг авч үзэж өөрийн эзэмшиж буй талбайн хэмжээ дутуу гэдгийг олж мэдэж хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд хэмжээ дутуу байна гэж дүгнэлт гарсан. Ш.******* миний өмчлөлийн талбайг эзэмшиж, ашиглаж байгаа учраас би энэ хүнд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа. 4 жилийн өмнө хариуцагчтай очиж уулзаж та миний аав шиг хүн байна, миний өмчийг чөлөөлөөд өгөөч гэхэд их бухимдаж хүлээж авсан. Энэ хугацаанд зүй ёсны шаардлага тавьж өөрийн өмчлөлийн талбайг өгөхийг шаардахад манай эхнэрийг элдэв бусаар харааж, зодож, гар утсыг нь удаа дараа хагалсан. Би плаза төвийн удирдлагуудад энэ талаар хэлэхэд бид нарт хамаагүй та нарын өмчлөлтэй холбоотой асуудал учраас шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлээрэй гэсэн.Би мэргэжлийн байгууллагад энэ талаар хандаж үзсэн. Энэ талбайн өмчлөлийн гэрчилгээ гэх зэрэг бүх бичиг баримт миний нэр дээр байгаа учраас би өөрийн өмчлөлийн талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авмаар байна... гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би плаза үйлчилгээний төвийн 6 давхрын  тоот талбайг эзэмшдэг. Анх плаза үйлчилгээний төвийг баригдахад энэ талбайг худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгчийн эзэмшиж байсан талбайг түүний хадам ээж нь худалдаж авч байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн хадам ээж талбай худалдаж авахад талбайн хэмжээний дотор талд багана байсан, плаза үйлчилгээний төвийн удирдлагууд уг баганыг талбайн хэмжээнд оруулж тооцож талбайн үнэд уг баганын м.кв-ыг тооцохгүй байхаар шийдэж байсан. Нэхэмжлэгчийн дутуу гэж байгаа 0.7 м.кв нь уг баганын хэмжээ бөгөөд дутсан зүйл байхгүй, үүнийг үнийг хасаж тооцсон. Нэхэмжлэгчийн хадам ээж уг талбайг анх худалдаж авахад ямар ч хэл ам хийж байгаагүй, гэвч нэхэмжлэгч одоо ийм маргаан гаргаж байна. Багана хэмжээнд орсон ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ дээр тусгагдаагүй байгаа. Чингис холдинг ХХК-аас анхны гэрчилгээнүүд 2011 оны 5 сард гарсан, бусдын хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус өмгөөлөгч ашиглан авах гэж байна. Нэхэмжлэгч надтай маргалдах биш өөрийн хадам ээжтэйгээ маргаантай асуудлаа шийдэх ёстой. Нэхэмжлэгч анх энэ талбайг худалдаж авахад байгаагүй учраас тэр баганыг талаар юу ч мэдэхгүй. Бид нар талбайг анх худалдаж авахад 3 сарын турш нарийн хэмжилт хийж байж худалдаж авсан, ингэж хэмжилт хийсэн хүмүүс дунд хариуцагчийн хадам ээж ч байсан. Тухайн үед баганын байршлыг зөвшөөрч худалдаж авчхаад 15 жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь надад ойлгомжгүй байна... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Хэргийн 3-12-р тал.

 

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Хэргийн 21-28, 31, 33-123, 139-145-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хэргийн 152-185, үзлэгийн тэмдэглэл 2 хуудас, хавсаргасан зураг 22 хуудас-189-212, гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Балжинням хариуцагч Ш.*******т холбогдуулан Ү-2204035022 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн  тоот хаягт байрлах, 5.56 м.кв худалдаа-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 0.77 м.кв хэсгийг Ш.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт үзлэг хийхэд хэмжсэн 1.20см*0.40см=0.48 м.кв хэсгийг Ш.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна гэв.

 

Өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхгүй хэдий ч энэ багасгасан талаарх шаардлага, тайлбарыг нэхэмжлэгч эсэргүүцэхгүй, дэмжиж байх тул багасгасан гэж үзэв.

 

Хариуцагч 2009 оноос эзэмшиж, 2011 оноос өмчилсөн, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн лангуу анхны байдлаараа одоог хүртэл хэвээр байгаа, хууль бусаар эзэмшээгүй, хэмжилт хийсэн компанийн багаж тохируулгын үр дүнгийн гэрчилгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Ү-2204035022 дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байрлах, 5.56 м.кв худалдаа-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Чингис холдинг ХХК-иас 2011 оны 03 сарын 18-нд Ж.Даваажаргал худалдан авч өмчилж байгаад хүргэн болох Т.Балжиннямд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч Т.Балжинням 2014 оны 07 сарын 31-ний өдрөөс өмчилж, эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбар, өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрч П.ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-3, 154-184/

 

Хариуцагч Ш.******* 204026395 дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байрлах, 29.65 м.кв худалдаа-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оноос эзэмшиж, 2011 оноос өмчилж байгаад болгон тусад нь бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаануудаар тогтоогдож байна. /39-44/

 

Нэхэмжлэгч тал ...2019 онд миний талбайг Ш.******* хууль бусаар эзэмшиж байгааг хойд лангууны н.Мягмаржаваас мэдсэн... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

 

Анхны өмчлөгч Ж.Даваажаргал эзэмшиж өмчилж байсан үед болон нэхэмжлэгч Т.Балжинням 2014 оны 07 сарын 31-ний өдөр 6008Б тоот худалдаа-үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр бүртгүүлж, эзэмшиж эхэлснээс хойш хариуцагч Ш.******* залгаа 6026 тоот лангуугаа өөрийнхөө талбайн хэмжээнээс хэтрүүлж эзэмшиж, нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайн 0.48 м.кв хэсгийг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлаар тогтоогдохгүй байна.

Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хэмжих хэрэгсэл гэж хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжил зүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг, 3.1.7-д хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга гэж хэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж, хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг, 3.1.12-т хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг, 10.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна, 10.5-д Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.

 

6008б тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээнд заагдсан 5.56 м.кв гэх хэмжээг үндэслэн, нэхэмжлэгчийг бодитоор 0.77 м.кв дутуу эзэмшиж байгаа болохыг дизайн ХХК тогтоосон гэх баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт өгсөн байна. /хх-7-11/

 

Стандарт, хэмжил зүйн газрын 2023.02.17-ны 06/139 тоот бичгээр ....Скай лайн дизайн ХХК тус газарт уртын хэмжих хэрэгслийг шалгалт тохируулгад хамруулаагүй бөгөөд хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэлгүй тул шалгалт тохируулгын гэрчилгээ болон шалгалт тохируулгын үр дүн байхгүй болно... гэсэн хариу ирсэн байх тул ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хуульд нийсэн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байх ба энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэл бүхий байна. /хх-185/

 

Гэрч П.ын ...тухайн үед баганыг хасаж хэмжээд мөнгөө авсан ба хэмжиж хүлээлгэн өгсөн, одоог хүртэл манай компанид гомдол гаргаагүй.... гэх тайлбар, нэхэмжлэгчийн ... 2014 оны 07 сарын 31-ний өдрөөс өмчилж, 2019 оноос эзэмшиж буюу гутал зарж байгаа, 2019 оноос хойш лангууг өөрчилсөн зүйл байхгүй... гэх, хариуцагчийн ...2011 онд Чингис холдинг ХХК-иас худалдан авсан лангуу хэвээрээ байгаа, тухайн үед худалдан авч байгаа хүмүүс удаа дараа хэмжиж авсан, тухайн үед хэмжиж авсан хадам Ж.Даваажаргал нь сайн мэднэ... гэх тайлбар, ХХК-ийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгчийн 0.48 м.кв талбайг хариуцагч Ш.******* хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгч тал хэрэгт өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй ба нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага ханган өгнө гэсэн боловч өгөөгүй байна.

 

дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт биш байх тул нэхэмжлэгч талыг өгөөгүй гэж буруутгаагүй, үнэлээгүй болно.

 

Иймд хариуцагч Ш.*******т холбогдуулан гаргасан Ү-2204035022 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13336/ Намъяанжүгийн гудамж, 37 барилгын байр, 6008б тоот хаягт байрлах, 5.56 м.кв худалдаа-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 0.48 м.кв хэсгийг Ш.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Балжиннямын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагчийн өмгөөлөгч ... нэхэмжлэгч БЗД-ийн 11-р хороо гэж нэхэмжлэлдээ бичсэн... гэсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш байх ба техникийн шинжтэй алдаа гэж үзсэн болно.

 

Тус иргэний хэрэг 2022 оны 12 сарын 02-нд үүссэнээс хойш 380 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байх ба талуудад эрх, үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсныг дурдав.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.*******т холбогдуулан гаргасан үйлчилгээний зориулалттай талбайн 0.48 м.кв хэсгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Балжиннямын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ