Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 976

 

 

П.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00550 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.З-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 492 дугаар захирамжаар П.З-аас 45 280 000 төгрөг гаргуулж “НБМ финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ү-2204073251 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 68-3 дугаар байрны 3 тоотод байрлах 56,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур 95 007 182 төгрөгөөр үнэлсэн. Уг байрлалд 1 м.кв нь 2 100 000 төгрөгийн үнэтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний мэдэгдлийг П.Зөгөөгүй, түүний эхнэрт гардуулсан. Ч.Мядагсүрэн, П.Знар гэрлэлтээ цуглуулсан талаар шүүхийн шийдвэр байгаа. Төлбөр төлөгч П.З-т мэдэгдлийг гардуулан өгөөгүйгээс 7 хоногийн дотор гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 492 дугаар захирамжаар П.З-аас 45 280 000 төгрөг гаргуулж “НБМ финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 19291032 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-22906 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. П.З-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байрны 3 тоотод байрлах 56,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19291033/01 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 19291032/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч П.Знь дээрх орон сууцыг 157 000 000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч “НБМ финанс ББСБ” ХХК нь зөвшөөрөөгүй тул шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилсон. Шинжээч уг орон сууцны зах зээлийг үнийг 95 007 182 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/29916 албан бичгээр, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4-4262 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох “Сэлэнгэ эстимэйт” ХХК 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн П.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч П.Здавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч аваагүй шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч П.Знь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байр, 3 тоотод байрлах 56,1 м.кв талбайтай, Ү-2204073251 дугаартай, 2 өрөө орон сууцыг 95 007 182 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2019/00492 дугаар захирамжаар,  “НБМ финанс” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.З-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50572260 төгрөг гаргуулах тухай хэргийн  хариуцагч П.З нэхэмжлэлийн шаардлагаас  45 000 000 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд байгаа  Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байр, 3 тоот 56,1 м.кв талбайтай Ү-2204073251 дугаартай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  талууд эвлэрснийг баталгаажуулсан байна. /хх-41-42/

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Төлбөр төлөгч П.Знь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг  157 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “НБМ финанс ББСБ” ХХК зөвшөөрөөгүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ тайлбарлажээ.

           Төлбөр төлөгч П.Знь төлбөр авагч “НБМ финанс ББСБ” ХХК-д 45 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул НШШГГдээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-51-53, 56-58/

            Төлбөр төлөгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг 157 000 000 төгрөг гэж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “НБМ финанс ББСБ” ХХК нь зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-61,62,65/

            Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь П.З-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг 95 007 182 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч П.З-ын эхнэр Ч.Мядагсүрэнд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ. /69-104, 105-106/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт  “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасан.

Үүний дагуу хариуцагч НШШГГ2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/29916 тоот албан бичгээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 95 007 182 төгрөгөөр үнэлсэн, уг эд хөрөнгийг 1 сарын хугацаанд шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах эрхтэй талаарх мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч П.З-ын эхнэр Ч.Мядагсүрэнд мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй. /хх 105-106/

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар эсхүл ажлын байрандаа байхгүй бол түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасан байх тул шинжээчийн үнэлгээний мэдэгдлийг гэр бүлийн гишүүн бус этгээдэд гардуулсны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайбар үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байр, 3 тоот 56,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлэх үнэлгээчийг томилох асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал биш.

Дээр дурьдсан үндэслэлээр төлбөр төлөгч П.З-ын төлбөрт хураагдсан эд эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлж, эрх ашгийг хохироосон гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

                                                    ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД    

                                                                                                  Д.БАЙГАЛМАА