Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00814

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00550 дугаар шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 967 дугаар магадлалтай, 

 *******ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.07-ны өдрийн 492 дугаар захирамжаар *******аас 45,280,000 төгрөг гаргуулж НБМ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ү-2204073251 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 68-3 дугаар байрны 3 тоотод байрлах 56,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур 95,007,182 төгрөгөөр үнэлсэн. Уг байрлалд 1 м.кв нь 2,100,000 төгрөгийн үнэтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний мэдэгдлийг ******* өгөөгүй, түүний эхнэрт гардуулсан. Ч.Мядагсүрэн, ******* нар гэрлэлтээ цуглуулсан талаар шүүхийн шийдвэр байгаа. Төлбөр төлөгч *******т мэдэгдлийг гардуулан өгөөгүйгээс 7 хоногийн дотор гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.07-ны өдрийн 492 дугаар захирамжаар *******аас 45,280,000 төгрөг гаргуулж НБМ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.09.13-ны өдрийн 19291032 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2019.10.22-ны өдрийн 4-22906 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. *******ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байрны 3 тоотод байрлах 56,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019.11.25-ны өдрийн 19291033/01 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 19291032/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч ******* нь дээрх орон сууцыг 157,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч НБМ финанс ББСБ ХХК нь зөвшөөрөөгүй тул шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон. Шинжээч уг орон сууцны зах зээлийг үнийг 95,007,182 төгрөгөөр үнэлснийг 2019.12.24-ний өдрийн 4/29916 албан бичгээр, 2020.01.24-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг 2020.02.07-ны өдрийн 4-4262 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 183/ШШ2020/00550 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сэлэнгэ эстимэйт ХХК 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 967 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 183/ШШ2020/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ... Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.07-ны өдрийн 183/ШЗ2019/00492 дугаар захирамжаар *******аас 45,280,000 төгрөг гаргуулж НБМ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байрны 3 тоотод байрлах 56,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангахаар заажээ. (хх41-42)

Төлбөр төлөгч ******* төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул барьцааны хөрөнгө болох дээрх 2 өрөө орон сууцыг 2019.10.16-ны өдрийн 19291032/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019.11.25-ны өдрийн 19291032/02 тоот тогтоолоор хураах ажиллагааг явуулж, төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэ тогтоолгоход орон сууцыг 95,007,182 төгрөгөөр үнэлжээ. Энэ тухай болон бусад ажиллагааны мэдэгдлийг төлбөр төлөгчид хуульд заасан журмын дагуу хүргүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хуульд нийцүүлэн явуулжээ.

 Тухайлбал, орон сууцны үнэлгээ 95,007,182 төгрөг талаар 2919.12.26-ны өдөр нэг гэр бүлийн хүн Ч.Мядагсүрэнд гардуулсан нь хууль зөрчихгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан эдгээр албадан гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана.

 Орон сууцны зах зээлийн үнийг 95,007,182 төгрөгөөр тогтоосныг, төлбөр төлөгч ******* 2019.12.26-нд 4/29916 тоот мэдэгдлийг гэрт нь хүргүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба тэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2020.01.22-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. /хх-1, 105-107/

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуульд заасан гомдол гаргах хугацааны талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Иймд шинжээч томилуулах хүсэлт хангаагүй, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00550 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 967 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦОЛМОН

                                                 ШҮҮГЧИД                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ