Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 279

 

                                                      

З.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 535 дугаартай тогтоолтой, З.А-д холбогдох 1813001360100 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ш.Одонсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт З-ны А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирох”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 сар хорих ялд шилжүүлж, ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч З.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлж 1 сараар тогтоож, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоон уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулсан 8 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ш.Одонсүрэн бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.А-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Б.Д-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч З.А хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч З.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг хорих ялд шилжүүлж 1 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөгийг шүүгдэгч З.А-оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-д олгож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 535 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхээс З.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлаж ял оногдуулсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг дунд суудлын хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрх хэмжээтэй холбоотой заалтуудад зохих өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...” шинэ нөхцөл илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 535 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулсан 8 дахь заалтыг хүчингүй болгосон заалтуудад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ш.Одонсүрэнгийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн З.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Прокурор хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу хянахдаа уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх дүгнэлтээ анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд гаргахаар зохицуулсан байна.

 

Дээрх зохицуулалтын дагуу прокурор З.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор З.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалтын дагуу 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 сар хорих ялд шилжүүлж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосныг мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 535 дугаартай тогтоолоор шүүгдэгч З.А-д оногдуулсан хорих ял түүний гэм бурууд тохироогүй гэж дүгнэж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2 жил болгон хүндрүүлж, уг ялд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 сар хорих ял болгон шилжүүлснийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч З.А-оос сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болохоор хуульчлагдсан байсан билээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх хуулийн заалтуудын ял хүндрүүлэх хэсэгтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн...баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн 01 дүгээр дүгнэлт гаргасныг Монгол Улсын Их хурал хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудын “ял хүндрүүлэх” тухай зохицуулалтад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ял хүндрүүлэх эрхгүй болж, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлсэн хэргүүдийг дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Иймээс прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2 жил болгон хүндрүүлж, улмаар ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 535 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 сар хорих ял болгон шилжүүлж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон” өөрчлөлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд оруулсан бусад өөрчлөлтийг хэвээр үлдээсүгэй.

 

                       

                     ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР