Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0095

 

MOHГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч А.Насандэлгэр нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Б******* болон Б.Бат-Эрдэнэ нарын ногдуулсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350002169 тоот актыг хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т заасны дагуу хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Монгол дахь махаяна уламжлалыг хадгалах төвийн захирал М.Энхмандах, хариуцагч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, иргэдийн төлөөлөгч З.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус төвийг сүсэгтэн олны хүсэлтээр болон Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Б******* ламтан санаачлан байгуулсан юм. Тус Төв нь 70 жилийн өмнөөс устгагдаж үгүй болохдоо тулсан монголчуудад төдийгүй манай улсад оршин сууж буй буддизмыг сонирхогч гадаадын иргэдэд тайлбарлан таниулах, шашны хурал номоо хурах, бясалгал, иогийн хичээл заах, төвд, англи хэл дээр гарсан буддын шашны нэн чухал номнуудаас орчуулж нийтэд хүргэх, эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс болон тэднийг асарч хамгаалж буй ар гэрийнхэнд нь сэтгэл заслын дасгал, бясалгал заах, монголчуудын түүх дурсгал, соёлын өвийг хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулан Баянзүрх дүүрэгт орших 230 жилийн түүхтэй Дулмаалин хийдийг харуул хамгаалалттай болгон сэргээн засварлах, нэн ядуу иргэдэд өдөр бүр халуун хоол өгөх /өнөөдрийн байдлаар өдөр бүр 70-90 хүнд/, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин тухайлбал хорих ангиудад хүмүүжигчдэд сэтгэл санааны дэм үзүүлэх, амьдралаа эерэгээр өөрчлөх аргуудад сургах сургалтыг явуулах зэрэг гэгээрэл, хүмүүжил, нийгмийн үйлчилгээгээ 1999 оноос хойш тогтвортой явуулж ирлээ. Манай төвийн үүд хаалга өглөөний 7.30 аас оройны 20-21 цаг хүртэл хүн бүхэнд нээлттэй байдаг. Өглөөний 7 цагаас эхлэн манай сүсэгтэн өндөр настан нар тус төвд өдөр бүр тогтмол ирж, бурхандаа өргөсөн тахилаа сэргээн, дараа нь хамтдаа өглөөний цайгаа ууж, ном хаялцдаг сайхан уламжлалтай. Байгууллагуудын хүсэлтээр хамт олонд нь сэтгэлээ засах, стресс ядаргаа тайлах талаар хичээл ном зааж эхэлж байна. Бид бүх үйл ажиллагаагаа нийтэд үнэ төлбөргүй хүргэж байна. Гаднаас орж ирсэн харийн шашны сүм хийд Монгол дахь сүм хийдийн 70 хувийг эзэлж байгаа. Өнөөгийн нөхцөлд монголчуудын уламжлалт соёл, шашин шүтэлгийг хамгаалах үйлсэд манай байгууллага идэвхи гаргаж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны буддын шашны байгууллагууд дотроо нэр хүндтэй бөгөөд, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Гандан хийдийн хүсэлтээр Зопа Ринбүчи багш маань Гандан дахь Идгаачойнзэлэн дацанг барьж өгсөнд Их Хамба Чойжамц гуай туйлын их талархалтай ханддаг билээ. Бид уг дацангийн лам нарын хоол хүсний зардалд дэмжлэг үзүүлж байна. Өнөө цагт харийн зарим шашны хэт даврагсад дайн дажин гаргаж, харгис хэрцгий байдлаараа дэлхий нийтийг цочирдуулж, бүхэл бүтэн Европ тивийг ганхуулж байгааг бид бүхэн сэтгэл түгшин хэвлэл мэдээллээр харж байна. Харин бидний бүх үйл ажиллагаа бусдын сайн сайхны амьтан бүрийн тусын тулд хийгдэж байна.

Манай байгууллагад тавьсан татварын актын талаар:

2.1 Чингэлтэй дүүргийн татварын байгууллагаас тавьсан актны хувьд манай байгууллага буян номын байгууллага бөгөөд шашны байгууллагын /төрийн бус байгууллагын/ санхүүгийн тайлангаа ямагт үнэн зөв гарган өгч, хэнийг ч хууран мэхлэх, орлогоо нуун дарагдуулах санаа агуулаагүй бөгөөд шашны байгууллага хэрнээ НӨАТ төлөх ёстой гэдгийг огт мэдээгүйн улмаас ийм өндөр торгуульд унаад байна. Хуульд шашны байгууллага НӨАТ төлөгч биш гээд заасан байгаа. Бид НДШ, ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн татвар, газар ашигласны төлбөр зэргийг ямагт цаг тухайд нь төлж ирсэн билээ. Манай байгууллагын удирдлагад олон жил гадаадын иргэд бөгөөд дээрээс нь буддын шашны лам хуврага хүмүүс ажиллаж байсан учир манай орны хууль дүрмийг /НӨАТ-ын тухай/ сайн ойлгоогүй явж ирсэн байна. Мөн биднийг хариуцаж ажиллдаг татварын байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө өгч байгаагүй юм байна.

Манай байгууллагын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох захиргааны хэргийг Дээд шүүхийн шүүгч хатагтай Д.М******* 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш*******ийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Зомпа Ринбүчи ламтан манай байгууллагад үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эх үүсвэр болгон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чиван Чагдаржавын гудамж 27-д орших 4 давхар 9 айлын орон сууц болон конторын зориулалттай дутуу баригдсан байрыг 1999 онд авч өгч бид уг барилгыг зориулалтын дагуу барьж дуусгаж уг 9 айлын орон сууц, конторын байраа хөлслүүлж орлогоор нь дээр дурьдсан үйл ажиллагаагаа санхүүжүүлж, тус төв болон түүний харьяа 2 байгууллагын нийт 20 ажиллагсадынхаа /19 монгол, нэг австрали багш/ цалинг л дөнгөж тавьж хүргэдэг юм. Эдгээр ажилчдын тэн хагас нь Дулмаалин хийдийн харуул хамгаалалт, халуун шөлний газрын ажилчид болон уг Сүхбаатар дүүргийн байрны харуул, үйлчилгээний ажилтнууд юм. Энэ 20 хүн дотор өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэтгэврийн хүмүүс зонхилдог бөгөөд, эдийн засгийн хямралт байдлаас ганц хүний цалингаар гэр бүлээ авч яваа хүмүүс ч олон байна.

Бидэнд ноогдуулсан татвар, хүү торгуулийг төлөхөд хүрвэл эдийн засгийн ийм хямралтай нөхцөлд манай байгууллагын ажиллагаа бүр мөсөн зогсож, эмзэг бүлгийн хэдэн хүмүүс хоолгүй, манай байгууллагын 20 хүн ажилгүй болход хүрэх юм. Түрээсийн орлого олдог гээд байгаа байрнаас хүртэл одоо бид түрээсээ тэр болгон цаг хугацаанд нь авч чадахгүй л байна.

Чингэлтэй дүүргийн татварын байгууллага манай байгууллагад акт тавихдаа манай байгууллагын дансаар орж ирсэн түрээсийн орлого гэсэн бүхэнд НӨАТ оногдуулсан байна.

Дээд шүүхийн хуралдааны явцад энэ /469 759 435,9 төгрөгийн зөрчил гэсэн/ тоог хэрхэн гаргасан бэ? Гэсэн Дээд шүүхийн шүүгчийн асуултанд Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Ц.Б******* хариулахдаа манай байгууллагын дансаар орж ирсэн түрээс гэсэн орлого болгоныг түүх байдлаар гаргасан гэсэн хариулт өөрөө өгч, үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 2009-2013 оны хооронд уг 4 давхар 9 айлын орон сууцны байрыг зохих зориулалтын дагуу /орон сууцны зориулалтын дагуу/ түрээслүүлсэн байх бөгөөд, зөвхөн 1 дүгээр давхарын оффисын өрөөг оффисын зориулалтаар түрээслүүлсэн байна. Орон сууц хөлслүүлсэн орлого хэрхэн бүрдсэн талаар нотлосон дэлгэрэнгүй тооцоог бид 2016 оны 1 дүгээр сард шүүхэд нэмж гаргаж өгсөн материал дотроо хавсагасан байгаа. Манай байгууллага 2010 онд орон сууцны түрээснээс 52, 319, 795.60 төгрөг, 2011 онд орон сууцны түрээснээс 64,341,795.60 төгрөг, 2012 онд орон сууцын түрээснээс 79,248,433.10 төгрөг, 2013 онд орон сууцын түрээснээс 75,819,810 төгрөг тус тус олсон байх бөгөөд 2009-2013 оны хооронд /5 жилийн хугацаанд/ 329,747,897.70 төгрөгийн түрээсийн орлогыг орон сууцны түрээсээс олсон байна. Тиймээс актаар тавьсан 469 759 435,9 төгрөгийн зөрчил гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, алдаатай тооцоо байх тул татварын байцаагч нарын 469 759 435,9 төгрөгийн орлого гэсэн дүнгээс орон сууцны түрээсийн орлого болох 329 747 897,70 төгрөгийг хасаж тооцож өгөхийг шүүхээс хүсч байна. Энэ хоёр дүнгийн зөрүү болох 140 011 538,20 төгрөг нь оффис, гаражын түрээсээс орсон орлого болж байгаа тул уг дүнд ногдох НӨАТ болох 12728 321,65 төгрөгийг бид хүлээн зөвшөөрч, төлөхөд бэлэн байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд НӨАТ төлөгч нэг ширхэг ч шашны байгууллага байхгүй байгаа хэдий ч Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны хуралдаанаас бид орон сууцнаас бусад түрээсийн орлогод шашны байгууллага ч гэсэн НӨАТ төлөх үндэслэлтэй гэсэн Дээд шүүхийн тайлбарыг ойлгож хүндэтгэж үзэж, 2015 оны 12 дугаар сарын 15 аас эхлэн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэн тайлан тооцоо гаргаж ажиллаж эхлээд байна.

Бид анх гаргаж байсан манай байгууллага шашны байгууллага тул НӨАТ төлөгч биш гэсэн нэхэмжлэхийн ерөнхий шаардлагаа эргэн харж орон сууцнаас бусад түрээсийн орлогодоо НӨАТ төлөгч болж бүртгүүлсэнийг шүүх анхааралдаа авч шийдвэр гаргахдаа бас харгалзан үзнэ үү.

Өнгөрсөн хугацаанд тус байгууллага зөвхөн ашиглалтын зардалд /халаалт, цахилгаан, ус, утас, интернетийн үйлчилгээг НӨАТ тай худалдан авалт хийж /төсөвт 2009-2013 оны хооронд нийт 15, 294,998.33 төгрөг НӨАТ төлсөн байна.

2009 онд 2,565, 651.70 төгрөг, 2010 онд 3,049,985.28 төгрөг, 2011 онд 3, 004, 916.68 төгрөг, 2012 онд 3, 531,978.85 төгрөг, 2013 онд 3,142,465.82 төгрөг, Манай байгууллагын хэмжээнд төлсөн энэ 15 294 998,33 төгрөгийн НӨАТ-ын дүнгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чинван Чагдаржавын гудамж 27-д орших уг 4 давхар барилгын ашиглалтын зардалд бид 2009-2013 оны хооронд нийт 5 803 818,18 төгрөгийн НӨАТ төлсөн байна. НӨАТ-ын тайлан гаргахдаа нэг талаас олсон орлогдоо НӨАТ ноогдуулж тооцохоос гадна уг орлогыг олоход гарсан зардалдаа төлсөн НӨАТ-ыг суутган тооцуулдаг тул энэ зарчмаар 2009-2013 оны хооронд манай байгууллагын тус байрны ашиглалтын зардалд төлсөн 5 803 818, 18 төгрөгийн НӨАТ-ыг төлөх ёстой 12 728 321, 65 төгрөгийн НӨАТ-аас хасаж тооцож өгнө үү. Энэ хоёр дүнгийн зөрүү болох 6 924 503,47 төгрөгийн НӨАТ-ыг бид зөвшөөрч төлбөрийн график гаргаж төлөхөд бэлэн байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч манай орны түүхэнд хэзээ ч байгаагүй их өршөөлд 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс өмнө хувь хүмүүс төрсөн цагаасаа эхлэн, компаниуд байгуулагдсан цагаасаа эхлэн ямар л хууль бус юм хийсэн, нуун дарагдуулсан, улсаас идэж ашигласан бүхнээ ил гаргаж, төрийн өршөөлд хамрагдаж байна. Хэдэн тэрбум, их наядаар хэмжигдэх хөрөнгө хууль бусаар олсон, ашигласан зөрчлүүд илэрч, байгууллагын ажилчид мэл гайхаж, хэлэх үгээ ч олохгүй байна. Улс орны алт, мөнгө, байгалийн баялгыг эгэл хүний санаанд багтамгүй хэмжээгээр хувьдаа завшсан тохиолдлууд ил гарч байна. Үүнийх нь төлөө нэрийг нь хэзээ ч гаргахгүй, хэргийг нь хэзээ ч сөхөхгүй гэсэн хуулийн заалтыг гаргаад эдгээр хүмүүс хамгаалалтандаа орчихсон байна. Хувь хүн нийгмийн даатгалаа төлөөгүй, жижиг компаниудын ганц нэг олсон орлогоо нуусан энэ тэр бол юу ч биш юм. Манай байгууллага зөвхөн татварын байгууллагын шалгалтанд өртсөн гэсэн үндэслэлээр энэ хуульд хамрагдаж чадахгүй байна. Хэзээ ч шалгагддаггүй, хамгаалалттай компаниуд байдаг гэдгийг бүгд мэднэ. Татварын байцаагчын акт бол туйлын үнэн биш юм. Байцаагч ч гэсэн алдаа гаргаж болно. Бүхэл бүтэн байгууллагын 5 жилийн санхүүгийн тайлан баримтыг хэдхэн хоногийн дотор шалгаад огт алдаагүй дүгнэлт гаргана гэдэг бол боломжгүй зүйл юм. Гэтэл алдаатай акт тавьсны төлөө ашгийг бус, Монголчуудынхаа л төлөө чадах ядахаар зүтгэж буй шашны байгууллагыг ийнхүү торгох нь бусдад олгож буй хязгааргүй их өршөөлтэй харьцуулвал ёс зүйгүй үйлдэл болж байна. Гэтэл бид юу ч нуун дарагдуулаагүй, бидний үйл ажиллагаа цаг ямагт бусдыг зовлонгоос бага ч гэсэн салгах, жаргалын шалтгаантай учруулахад чиглэгдсэн буддын сургаалийн дагуу хийгдэж ирсэн билээ. Манай байгууллагын ажиллагсадын байгууллагаас авсан зүйл бол зөвхөн багахан хэмжээний цалин. Ийм шудрага бус байдлыг харгалзан үзэж, Эрхэм хүндэт шүүгч та манай байгууллагыг шүүхчийнхээ итгэл үнэмшил, ялыг хүндээс нь хөнгөрүүлэх зарчмаараа шийдэж, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн тухай хуулиуд гарч, эдгээр хуулиудын үйлчлэх хугацаа дуусаагүй байгаа одоогийн энэ шинэ нөхцөл байдал, нийтээрээ эдэлж буй өршөөлийг харгалзан үзэж манай байгууллагын асуудлыг нааштайгаар шийдэж бидний буян номын хүмүүнлэгийн үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай албан бичгтэй танилцлаа. Татварын улсын байцаагчид бид хяналт шалгалтын хуулийн дагуу эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сүүлд өгсөн нотлох баримт дээр үндэслэн шүүх бүрэлдэхүүн олсон орлогын хэмжээг багасгах эрх зүйн боломж байдаг бол татвар, торгуулийн хэмжээг багасгах саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд хандаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Б******* болон Б.Бат-Эрдэнэ нарын ногдуулсан 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350002169 тоот актыг хууль бус болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т заасны дагуу хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Махаяна уламжлалыг хадгалах төв-ийн гүйцэтгэх захирал М.Энхмандах Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Бат-эрдэнэ нар нь Махаяна уламжлалыг хадгалах төв шашны байгууллагын 2009-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж 469,759.4 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого олж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд ногдох 46,975.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 140.9 мянган төгрөгийн хүү, 19,552.3 мянган төгрөгийн торгууль нийт 66,669.1 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсныг өршөөлийн хуульд хамруулж хүчингүй болгуулах гэж өөрчилжээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Бат-Эрдэнэ нар нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Нийслэлийн Татварын газрын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/719 тоот албан бичгийн дагуу хяналт шалгалт хийж, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350002169 дугаартай хяналт шалгалтын актаар 469,759.4 мянган төгрөгийн зөрчилд нодох 46,975.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 140.9 мянган төгрөгийн хүү, 19,552.3 мянган төгрөгийн торгууль, нийт 66,669.1 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

Улмаар нэхэмжлэгч нь 350002169 тоот актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд татварын маргаан таслах зөвлөлөөс 2014 оны 12 дугаар сарын 19-ны 106 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн 350002169 тоот актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйилчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, мөн зүйлийн 7.4 дэх хэсэгт Дор дурдсан үйл ажиллагааг үйлчилгээ үзүүлсэн-д хамааруулна, 7.4.4-д байшин, барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулахаар байна.

Үүнээс дүгнэж үзэхэд Махаяна уламжлалыг хадгалах төвийн үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсэн үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8 дахь хэсэгт заасан ...түрээслэх үйлчилгээ-нд хамаарахгүй, мөн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа боловч энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан шашны үйлчилгээ-нд хамаарахгүй тул уг хөдлөх хөрөнгө түрээслүүлсэн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйлчилгээ гэж үзэх боломжгүй тул нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ актаар ногдуулсан торгууль, алданги нь захиргааны шийтгэл бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамрагдана гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дараахи нэхэмжлэлийн шаардлагын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.2-т татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтэрхээгүй байна, 74.4-т Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу торгууль, алданги, хүү нь захиргааны шийтгэл гэж үзэхээр байх тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөхөөр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг болон уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй юм.

Нэхэмжлэгч Монгол дахь махаяна уламжлалыг хадгалах төв-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох торгууль, алданги, хүү ногдуулсан татварын улсын байцаагчийн 350002169 дугаар акт нь 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж зааснаар торгууль, алданги, хүүг захиргааны шийтгэл хэмээн үзэж татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 250002169 дугаар актаар ногдуулсан нийт 66,669,12.5 төгрөгийн төлбөрөөс нөхөн татварын 46,975,943.7 төгрөгийн төлбөрийг төлүүлж, торгууль, алданги, хүүгийн 19,693.2 төгрөгийн төлбөрийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Махаяна уламжлалыг хадгалах төв ийн нэхэмжлэлийн шаардлагын нөхөн татвар 46,975.9 төгрөгийн төлбөрийг төлүүлж, актаар ногдуулсан торгууль, алданги, хүүгийн 19,639.2 төгрөгийн төлбөрийг хасч багасгасугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР