Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1019

 

Ч.Г-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ДА” ХХК-д холбогдох

Барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс 83 300 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г- 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр "Доог -Алт" ХХК -тай  №12/8 тоот зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээгээр 28.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №1228 тоот барьцааны гэрээг давхар байгуулсан. Тус барьцааны гэрээгээр 2010 онд үйлдвэрлэсэн, 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр  Монголд орж ирсэн бөгөөд 04-58УНӨ улсын дугаартай Nisssan patrol Ү-62 маркийн автомашиныг барьцаалсан. Миний бие эдийн засгийн хямралаас болж эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон ч зээлийн гэрээний дагуу нийт 14.600.000 төгрөгийг төлсөн ба нийт 14.800.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. №12/8 тоот зээлийн гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дууссаны дараа зээлдүүлэгч "ДА” ХХК-аас барьцаанд байгаа машиныг зарах талаарх мэдэгдэл ирүүлсэн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасны дагуу “ДА" ХХК нь уг барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж, үүргийн гүйцэтгэлээ хангуулах ёстой байсан. Гэвч зээлдүүлэгч нь дуудлага худалдаа зарлахгүйгээр барьцаан хөрөнгө болох 04-58 УНӨ улсын дугаартай Nisssan patrol Ү-62 маркийн автомашиныг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Э.Сундуйжав гэсэн хүнд худалдаж, уг хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлсэн байсныг мэдсэн. Ингээд би “ДА" ХХК-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №101/11132016/32998 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 19 ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Прокурорын газраас энэ хэргийг иргэн Ч.Г- болон “ДА” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэд хоорондын иргэний маргаан гэж үзэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байх хугацаанд хөрөнгийн үнэлгээний компаниар 04-58 УНӨ улсын дугаартай Nisssan patrol Ү-62 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тогтоож, 98.100.000 төгрөгөөр үнэлсэн. ДА" ХХК нь Иргэний хуулийн 159дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн. Би 2011 онд уг машиныг “Моннис моторс" ХХК-аас 101.172 америк доллараар худалдан авч байсан бөгөөд надад илт хохиролтой байна. Иймээс 98.100.000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр болох 14.800.000 төгрөгийг хасаад Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу “ДА” ХХК -аас 83.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ДА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд хуралдаанд  гаргасан тайлбартаа: Ч.Г- нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “ДА” ХХК-тай 1218 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 28.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй “ДА” ХХК-аас зээлсэн. Уг зээлийн гэрээний дагуу тус өдөр барьцааны гэрээг байгуулж, 2010 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Патрол маркийн 04-58УНӨ улсын дугаартай цайвар шаргал өнгөтэй автомашиныг барьцаалсан. Ч.Г- нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.400.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн хүүнд 1.400.000 төгрөг, үндсэн зээлээс 10.000.000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 900.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг тус тус төлсөн. Улмаар 2015 оны 4 дүгээр  сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй бөгөөд бидний зүгээс 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус тус нэхэмжлэгч Ч.Г-эд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж хэрэв хохирлоо барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээр хохирлоо барагдуулах талаар мэдэгдсэн мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн. Нэгэнт нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байсан тул 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ч.Г-ээс Ц.Энхбаатар луу олгосон 2010 онд үйлдвэрлэгдсэн 04-58УНӨ улсын дугаартай Ниссан Патрол автомашиныг бусдад худалдах, ашиглах, захиран зарцуулах, бүх хэлбэрийн гэрээнд гарын үсэг зурж төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Энхбаатар нь Ц.Сандуйжавтай автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар Ц.Сандуйжав нь Ниссан Патрол автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт'' ХХК-аар үнэлүүлэхэд 2010 онд үйлдвэрлэгдсэн JN1 TANY62Z0000256 арлын дугаартай NISSAN PATROL Ү62 автомашины зах зээлийн үнийг 50.000.000 төгрөг болохыг тогтоосон. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Моннис моторс” ХХК-д очин уг автомашинд явах эд ангийн оношилгоог хийлгэхэд нийт 19 нэр төрлийн сэлбэг, тос тослогооны материал, урсгал үйлчилгээ. сэлбэг хэрэгслийг авч тавих. шаардлагатай буюу уг сэлбэг хэрэгсэл, тос тослогоо, ажлын хөлс зэрэг нь нийлээд нийт 9.972.100 төгрөг болж, бидний зүгээс хийлгэх санхүүгийн боломж бололцоо байхгүй байсан тул автомашиныг Э.Сандуйжав нь Ж.Золжаргалтай тохиролцож “ДА” ХХК-нийн зогсоолоос 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлгөн гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Э.Сандуйжав нь Ж.Золжаргалтай автомашин худалдах, худалдан авах гэрээг JN1TANY62Z0000256 арлын дугаартай, NISSAN PATROL Y-62 маркийн 04-58 УНӨ улсын дугаартай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашиныг Э.Сандуйжавын нэр дээр шилжүүлсэн боловч маргаан бүхий автомашиныг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “ДА” ХХК-ийн зогсоолоос хөдөлгөж, гаргаагүй. Хариуцагчийн зүгээс зээлийн тооцооллыг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар гаргасан ба тооцооллоор 18.000.000 төгрөг, зээлийн хүү 16.120.000 төгрөг, алданги 19.620.000 төгрөг, зогсоолын төлбөр 1.767.000 төгрөг, нийт 55.507.000 төгрөгийг төлөх ёстой. Нэхэмжлэгч нь эдийн засгийн хямралаас болж зээлийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба уг автомашин нь эвдрэл гэмтэлтэй, засвар үйпчилгээ хийх шаардлагатай болсон байсан тул зах зээлийн үнэ цэнэ яагаад ч 98.100.000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.6-д заасныг баримтлан хариуцагч “ДА” ХХК-аас 20.233.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-эд олгож, нэхэмжлэлээс 63.067.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 574.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ДА” ХХК-аас 259.115 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-эд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Итгэлт-Эстимэйт'' ХХК үнэлгээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй. Харин “Дамно” ХХК болон “Монголын хөрөнгийн үнэлгээчдийн холбоо” ТББ-д хэргийн оролцогч нараас хараат бусаар шинжээч томилогдсон тул эдгээр шинжээчийн дүгнэлтүүд ач холбогдолтой байхад шийдвэрт тусгаагүй. Хариуцагч нь автомашиныг худалдахдаа Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасанг зөрчиж мэдэгдээгүй, барьцааны зүйлийг үнэлүүлэх талаархи барьцааллуулагчийн эрхийг мөн хангаагүй төдийгүй хариуцагчид нэхэмжлэгчийн барьцааны зүйлийг худалдан борлуулах эрх үүсээгүй юм.  Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Г- нь зээлийн гэрээний хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан үйл баримт байдаг. /хх- 63/ Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 12/18 тоот зээлийн гэрээний 12 дугаар зүйлд заасан ба хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн зээлийн тооцооны баримтаас үзэхэд нэхэмжпэгч Ч.Г- нь үндсэн зээлэзс 10.000.000 төгрөг, хүүнд нийт 4 удаагийн төлөлтөөр 4.600.000 төгрөгийг төлсөн. Улмаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш хугацаанд нэхэмжпэгч Ч.Г- нь үндсэн зээл, зээлийн хүүнд огт төлөлт хийгдээгүй. Автомашины зах зээлийн үнийг 50.000.000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд бид 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 49.000.000 төгрөгөөр гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Ингээд “ДА” ХХК-ийн зүгээс автомашиныг худалдан боруулсан өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү алдангийг шаардан авах эрхтэй ба үүнийг тооцвол үндсэн зээл 18.000.000 төгрөг, хүү 16.120.900 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 43.120.000 төгрөг болно. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжпэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасан эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хуульд байхгүй заалт хэрэглэсэн, тооцооны алдаа гаргасныг залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Г-, хариуцагч “ДА” ХХК-д холбогдуулан барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс 83.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барьцааны зүйлийг худалдан борлуулсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1218 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч 28.000.000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар хариуцагчаас зээлдэн авч, зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн “ Nissan patrol Y-62” маркийн 04-58УНӨ улсын дугаартай суудлын автомашиныг барьцаалжээ. /хх-ийн 6-7/

 

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 14.600.000 төгрөгийг хариуцагчид төлсөн, Ч.Г-ээс Ц.Энхбаатарт олгосон автомашиныг бусдад худалдах, ашиглах, захиран зарцуулах, бүх хэлбэрийн гэрээнд гарын үсэг зурж төлөөлөх  итгэмжлэлийн дагуу Ц.Энхбаатар нь Ц.Сандуйжавт 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, Э.Сандуйжав нь Ж.Золжаргалд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус тус  автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 33-35/

 

 Дээрх зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар  талууд маргаагүй ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх заалтыг шүүх зөв дүгнэсэн.

Харин барьцаагаар хангагдах үүргийн хэмжээний талаар болон барьцаалагдсан автомашиныг худалдан борлуулах үнэлгээний талаар маргажээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг 98.100.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан, зээлийн үлдэгдэл 14.800.000 төгрөг гэсэн шалтгаанаар хариуцагчаас 83.300.000 нэхэмжилсэн.

 

Хариуцагч тал  нэхэмжлэгчийн зээлийн үүргийг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18.000.000 төгрөг, хүү 16.120.000 төгрөг, алданги 19.620.000 төгрөг, зогсоолын төлбөр 1.767.000 төгрөг, нийт 55.507.900 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан ба уг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх байдал  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

Талууд зээлийн гэрээнд заасны дагуу алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт тус тус нийцсэн байхаас гадна мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5, зээлийн гэрээний 7-д заасны дагуу барьцааны зүйлийн хадгалалтын зардлыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн 14.800.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн 10.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 1.400.000 төгрөгийн хүү төлсөн талаар дүгнэсэн боловч  бусад төлсөн төлбөрийг хасч тооцоогүй орхигдуулжээ.

 

Талууд зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан тул нэхэмжлэгч 29,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан ба нийт 14.600.000 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу түүний гүйцэтгээгүй үүрэг 14.800.000 төгрөг болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүрэгт 7.400.000 төгрөгийн алданги тооцоход  нийт 22.200.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний 7, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч барьцааны зүйлийн хадгалалтын зардлыг хариуцах үүрэгтэй болохыг зөв дүгнэсэн боловч автомашины өмчлөх эрх Ц.Энхбаатараас Ц.Сандуйжавт 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжсэн, автомашиныг “ДА” ХХК-нийн зогсоолоос 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлгөн гаргасан гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй байхад зогсоолын төлбөрт 1.767.000 төгрөгийг тооцсон үндэслэлгүй.

 

Барьцааны гэрээ байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш автомашины өмчлөх эрх Ц.Энхбаатараас Ц.Сандуйжавт шилжсэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 83 хоног байх бөгөөд зээлийн гэрээний 7-д хадгалалтын хөлсийг хоног тутамд 2000 төгрөг байхаар тохиролцсон тул 166.000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

 

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх төлбөр 22.366.000 төгрөг байсан гэж үзнэ.

Барьцааны зүйл болох автомашины үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ийн дүгнэлтэд автомашинтай танилцаж, бодит үзлэг хийж дүгнэлт гаргаагүй бол “Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбоо” ТББ-ын дүгнэлтээр зах зээлийн жишиг үнэлгээг  тогтоосон байна.

 

Нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч зургаан удаа сануулж мэдэгдэл хүргүүлж байсан баримт хэрэгт авагдсан, уг мэдэгдлийг хүлээн авсан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан зэргээс үзэхэд хариуцагч нь барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн, харин нэхэмжлэгч ийнхүү  мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогджээ.

 

Ийм учраас анхан шатны шүүх барьцааны зүйл болох автомашиныг бодитой үзэж, шинжлэн дүгнэлт гаргасан “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг бодит байдалд нийцсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох үүргээ биелүүлээгүй, зохигчид автомашины хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байгаа тул автомашиныг худалдан борлуулсан 49.000.000 төгрөгөөс бус  хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн тайланг үндэслэн хариуцагч нь  Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт зааснаар зөрүү үнэ /50.000.000-22.366.000=27.634.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “ДА” ХХК-аас 27.634.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-эд олгож, нэхэмжлэлээс 55.666.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт  зааснаар хариуцагч “ДА” ХХК-аас 27.634.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-эд олгож, нэхэмжлэлээс 55.666.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “259.115” гэснийг “269.120” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3,  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  259,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 285 төгрөгийг шүүгчийн захиражаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН      

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                              Н.БАТЗОРИГ