Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00152

 

                                      ,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1019 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-д холбогдох

83,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс 83,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.6-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-аас 20,233,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,эд олгож, нэхэмжлэлээс 63,067,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1019 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-аас 27,634,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,эд олгож, нэхэмжлэлээс 55,666,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “259,115” гэснийг “269,120” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 1019 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...бидний зүгээс 2015.07.21, 2015.07.31, 2016.01.18, 2016.01.19, 2016.01.20, 2016.03.09-ний өдөр тус тус нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,эд зээлийн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан...” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг 2014.11.19-ний өдөр Э.Сандуйжавд худалдсан. Хариуцагчийн төлөөлөгч маргаан бүхий автомашиныг Э.Сандуйжавд худалдсан хэрнээ 2016.04.06-ны өдрийг хүртэл зогсоолоос гаргаагүй гэдэг ч уг зогсоолд 1 жил, 8 сар зогсоосон гэдгээ баримтаар нотолж чадаагүй байхад зогсоолын төлбөр төлөх ёстой гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг худалдан авсан Э.Сандуйжавыг манай компанийн ажилтан, бид зарахаар дүр эсгэж, худалдаж, түүний нэр дээр шилжүүлсэн гэх боловч Э.Сандуйжавыг “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-д ажилладаг, ямар ажил хийдэг болохоо нотлоогүй, ийм баримт хэрэгт байхгүй. Э.Сандуйжав нь уг тээврийн хэрэгслийг худалдан авсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байхад ийм гэрээ байгуулагдаагүй, шууд Ж.Золжаргал гэх хүн худалдан авсан мэтээр шүүх дүгнэж, алданги төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь илт үндэслэлгүй юм. Учир нь иргэн Э.Сандуйжавд автомашиныг “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК худалдсан өдрөөс хойш ,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний хариуцлага хүлээхгүй бөгөөд 2014.11.19-ний өдрөөс хойш хүү, алданги тооцохгүй байтал ямар үндэслэлээр Э.Сандуйжавд автомашиныг худалдсан гэрээг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүйгээ шүүх шийдвэртээ тусгаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Дамно” ХХК нь автомашинд бодит үзлэг хийгээгүй тул түүнийг үнэлэх боломжгүй” гэжээ. Үнэлж байгаа хөрөнгө нь бодитоор байх боломжгүй бол уг үнэлгээ гаргах гэж буй хөрөнгийн талаарх мэдээллийг үндэслэн хөрөнгийн үнэлгээг үнэлгээний газар журмынхаа дагуу үнэлж тогтоодог. “Дамно” ХХК-аар үнэлгээ хийлгэх тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчийн тогтоол гарч, уг хөрөнгийн үнэлгээний газрын шинжээч нарт хууль сануулж, гарын үсэг зуруулж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчөөгүй төдийгүй уг үнэлгээ хамгийн бодитой, үндэслэлтэй үнэлгээ юм. Мөн “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ нь уг тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн зах зээлийн жишиг үнэ гаргасан нь үнэлгээ тогтоох тухай холбогдох хууль тогтоомж, дүрэм журам зөрчөөгүй төдийгүй уг шинжээч нарт хууль сануулж, дүгнэлт гаргуулсан байдаг. Гэтэл эдгээр 2 үнэлгээг үндэслэлгүй гэсэн атал иргэн Э.Сандуйжав өөрийн хүслээр, өөрийнхөө дуртай газраа очоод хийлгэсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг илүү бодитой гэж үзэж байгаа нь илт хууль зөрчиж байна. Учир нь “Итгэлт-Эстимэйт” ХХК үнэлгээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй. Харин “Дамно” ХХК болон “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-д хэргийн оролцогч нараас хараат бусаар, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шинжээчээр томилогдож, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан тул эдгээр шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. Гэтэл аль дүгнэлтийг хэрэгт илүү ач холбогдолтой, хамааралтай байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.3. “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК нь барьцааны зүйл болох автомашиныг худалдахдаа Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасан “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.” гэснийг зөрчсөн, дуудлага худалдаа явуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, барьцааны зүйлийг үнэлүүлэх талаарх барьцаалуулагчийн эрхийг мөн хангаагүй төдийгүй хариуцагчид нэхэмжлэгчийн барьцааны зүйлийг худалдан борлуулах эрх үүсээгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 1019 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж дээрх шийдвэрийн зарим хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. ...Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь 2014.10.01-ний өдөр 1,400,000 төгрөг, 2014.11.21-ний өдөр зээлийн хүүд 1,400,000 төгрөг, үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, 2014.12.23-ны өдөр 900,000 төгрөг, 2015.04.06-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус төлж, зээлийн гэрээний хугацааг 2015.01.22-ны өдөр хүртэл сунгасан үйл баримт байдаг. Талуудын хооронд байгуулагдсан 2014.08.26-ны өдрийн 12/18 тоот зээлийн гэрээний 12 дугаар зүйлд “...зээлийн гэрээг хэдэн ч удаа сунгаж болох бөгөөд сунгасан тохиолдолд гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй...” гэж заасан ба хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн зээлийн тооцооны баримтаас үзэхэд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, харин зээлийн хүүд нийт 4 удаагийн төлөлтөөр 4,600,000 төгрөгийг төлсөн. Үүнийгээ ч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвшөөрдөг.

5.2. Гэтэл давж заалдах шатны шүүхээс зээлийн хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч, уг хассан хэмжээгээр зээлийн хүүг бууруулж байгаа нь үндэслэлгүй байна. Улмаар 2015.04.06-ны өдрөөс хойших хугацаанд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь зээл, зээлийн хүүд огт төлөлт хийгээгүй, зээлийн барьцаанд тавьсан Nisssan patrol автомашиныг 2016.04.04-ний өдөр хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-аар үнэлүүлэхэд 2010 онд үйлдвэрлэгдсэн JN1TANY62Z0000256 арлын дугаартай Nisssan patrol Y62 автомашины зах зээлийн үнийг 50,000,000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд бид 2016.04.07-ны өдөр 49,000,000 төгрөгөөр гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс автомашиныг худалдан борлуулсан өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардан авах эрхтэй ба үүнийг тооцвол үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 16,120,900 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, зогсоолын төлбөр 1,767,000 төгрөг, нийт 44,887,900 төгрөг болно. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ээс хариуцагч “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс 83,300,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 20,233,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 63,067,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 27,634,000 төгрөг гаргуулж, үлдэх 55,666,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... миний бие 2014.08.26-ны өдөр “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 28,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний барьцаанд 2010 онд үйлдвэрлэсэн... Nisssan patrol Ү-62 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу нийт 14,600,000 төгрөгийг төлсөн ба 14,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-аас машиныг зарах талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж, үүргийн гүйцэтгэлээ хангах ёстой байсан боловч автомашиныг 2014.11.19-ний өдөр Э.Сандуйжав гэдэг хүнд худалдаж, шилжүүлсэн байсныг мэдсэн... Хөрөнгийн үнэлгээний компаниар автомашины зах зээлийн үнэлгээг 98,100,000 төгрөгөөр үнэлсэн тул үүнээс зээлийн үлдэгдэл 14,800,000 төгрөгийг хасаад 83,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн,

хариуцагчаас “... ,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний хүүд 2014.10.01-нд 1,400,000 төгрөг, 2014.11.21-нд 1,400,000 төгрөг, үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, 2014.12.23-нд 900,000 төгрөг, 2015.04.06-нд 900,000 төгрөгийг тус тус төлсөн. 2015.04.06-ны өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй бөгөөд бидний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд барьцааны зүйлээр хохирлоо барагдуулах талаар мэдэгдсэн... Гэвч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй тул ,,,,,,,,,,,,,,,,ээс Ц.Энхбаатарт олгосон итгэмжлэлийн дагуу 2014.11.19-ний өдөр Э.Сандуйжавтай автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар Э.Сандуйжав нь 2016.04.04-ний өдөр хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-аар үнэлүүлэхэд автомашины зах зээлийн үнийг 50,000,000 төгрөг гэж тогтоосон. Мөн засвар, үйлчилгээний зардал нийт 9,972,100 төгрөг болсон. 2016.04.07-ны өдөр Э.Сандуйжав нь Ж.Золжаргалтай автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, машиныг “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-ийн зогсоолоос 2016.04.06-ны өдөр хөдөлгөсөн. Зээлийн тооцооллыг 2016.04.07-ны өдрийн байдлаар гаргахад үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 16,120,000 төгрөг, алданги 19,620,000 төгрөг, зогсоолын төлбөр 1,767,000 төгрөг, нийт 55,507,000 төгрөгийг төлөх ёстой... автомашин нь эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан тул яагаад ч 98,100,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д нийцсэн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан ба хугацааг сунгасан үйл баримт тогтоогдоогүй, иймд хариуцагч нэг сараас илүү хугацааны хүү шаардах эрхгүй, харин гэрээнд зээлийг төлөөгүй хугацаанд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан нь дээрх хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн тул алданги шаардах эрхтэй, мөн зээлийн гэрээний хугацаанд барьцаа хөрөнгө болох автомашиныг хариуцагч өөрийн хадгалалт хамгаалалтад байлгасан нь уг гэрээний үр дагавартай холбоотой тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5-д заасны дагуу зогсоолын төлбөр авах эрхтэй.

10. Хоёр шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ алданги болон зогсоолын төлбөрийг буруу тооцоолсон, мөн хэрэгт шинжээчийн гурван дүгнэлт авагдсан байхад хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

11. Иймд хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

12. Хариуцагч “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг этгээд тул тухайн тохиолдолд нарийвчилсан зохицуулалт буюу Иргэний хуулийн 286 дугаар зүйлийг хэрэглэх ба уг зүйлийн 286.3.-т зааснаар “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.

13. Хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш жилийн дараа барьцааны зүйлийг худалдан борлуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдаагүй, өөр этгээдэд шууд худалдан борлуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн байна.

14. Иймээс хариуцагч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3. дахь хэсгийн дагуу зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан 2014.09.26-ны өдрөөс хойш 10 хоногт алданги тооцох, мөн гэрээний хугацаа болох 1 сар болон зээлдэгч үүргээ биелүүлэх 10 хоног, нийт 40 хоногийн зогсоолын төлбөрийг шаардах эрхтэй.

15. Нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгийг үнэлсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (98,100,000 төгрөг), хариуцагч талаас “Дамно” ХХК-ийн дүгнэлтийг (50,000,000 төгрөг) шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба талуудын хэн аль нь эдгээр дүгнэлтийг эс зөвшөөрч, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”-г шинжээчээр томилсон, уг шинжээчийн дүгнэлтээр автомашиныг 65,600,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан журмын дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлтийг “зах зээлийн жишиг үнэлгээг тогтоосон” гэсэн үндэслэлээр үнэлэлгүй, нэг талын буюу хариуцагчийн шүүхэд өгсөн дүгнэлтийг бодитой гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй (Тодорхойлох хэсгийн 4.2).

16. Иймд, үндсэн зээл 28,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,400,000 төгрөг, 10 хоногийн алдангид 1,470,000 төгрөг, нийт 30,870,000 төгрөг, зээлийн төлбөр дээр 40 хоногийн зогсоолын төлбөр 80,000 төгрөг (хоногийн 2000 төгрөг)-ийг нэмэхэд 30,950,000 төгрөг болох ба үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 14,600,000 (зохигч маргаагүй) төгрөгийг хасахад нэхэмжлэгчийн төлөх ёстой төлбөр 16,350,000 төгрөг болно, үүнийг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон автомашины үнэ 65,600,000 төгрөгөөс хасахад зөрүү 49,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор байна.

17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн “...зээлийн гэрээ сунгагдсан байхад шүүхээс зээлийн хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч, уг хассан хэмжээгээр зээлийн хүүг бууруулж байгаа нь үндэслэлгүй, “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс автомашиныг худалдан борлуулсан өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардан авах эрхтэй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1019 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 286 дугаар зүйлийн 286.1., 286.3, 157 дугаар зүйлийн 157.1.5. дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК-аас 49,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,эд олгож, үлдэх 34,050,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “269,120”  гэснийг “... 404,200 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 296,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 436,280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД