Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1076

 

А.З-ын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч А.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-ын НБУГ-т  холбогдох

Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны Б/390 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.З- нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/117 дугаар тушаалаар Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны үйл ажиллагааны төлөвлөлтийн тасагт аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр томилогдсон, үүний дараа 2018 оны 8 дугаар 24-ний өдрөөс тус албаны Нисэх буудлын үйл ажиллагаанд бэлтгэх хэсгийн зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтнээр томилогдон, мөн өдрийн 03/03/26 тоот хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. 2019 оны 3 дугаар сард жирэмсний амралтаа авсан байхад Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/390 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Тухайн ажпын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан хэдий ч ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хууль зүйн үндэслэлийн тухайд хариуцагч НБУГ- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг хууль тогтоогч хориглосон байдаг. Газрын даргын 2019 оны Б/390 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгожээ. А.З- нь хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажил олгогчтой байгуулан ажиллаж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл буюу хуульд заасан ерөнхий үндэслэл юм. Хууль тогтоогч жирэмсэн эмэгтэй, эсхүл гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ямар тохиолдолд ажлаас чөлөөлөх талаар маш ойлгомжтой хуульчилж өгсөн байдаг. Иймд Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 390 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.З- нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Нисэх буудлуудын удирдах газрын харъяа Төв аймгийн Сэргэлэн сумын хөшигтийн хөндийд байрлах, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын захиргааны албанд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Анударийн оронд ажиллаж байсан. Б.Анударь нь өөрөө үндсэн ажилтан, ажилдаа эргэн орох хүсэлт гарсан тул түүний оронд ажиллаж байсан А.З-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэсдэслэлээр хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-д заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. ИНЕГ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/388 дугаартай тушаалаар Б.Анударьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллах нэгж хэсгийг “Нисэх буудлыг уйл ажиллагаанд бэлтгэх хэсэг”, ажлын байрны буюу албан тушаалын нэрийг “Зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтэн” болгож өөрчилсөн. Б.Анударийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/60 дугаартай тушаалаар Б.Анударьд хүүхэд асрах чөлөөг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд цалингүй олгосон. Ингэж Б.Аундарьд хүүхэд асрах чөлөө олгосноор нэхэмжлэгч А.З-тай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн хугацаатай гэрээ буюу Б.Анударийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд буюу Б.Анударийг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар байгуулан, АӨЗА-ны Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсэгт зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллуулсан. Улмаар Б.Анударь нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу НБУГ-ын дарга 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б/356 дугаартай тушаал гаргаж мөн өдрөөс Б.Анударийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажлаас халахыг хориглосон зохицуулалт нь тухайн ажлын байранд ажиллаж байгаа “үндсэн” буюу “хугацаагүй” хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд хамаарна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлуудыг заасан. Тухайн ажлын байр буюу зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтний ажлын байр 2 орон тоотой батлагдсан бөгөөд энэхүү орон тоон дээр Б.Анударь, Д.Цэнд-Аюуш нар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажилладаг. Энэ бүх баримтаас үзэхэд Б.Анударийн оронд “хугацаатай” хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан А.З-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, хуульд нийцнэ.

Мөн нэхэмжлэгч А.З-ын АӨЗА-ны захиргаанд гаргаж өгсөн 0480655 дугаартай жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлээр зохицуулсан жирэмсний болон амаржсаны амралт олгогдсонд тооцогдох баримт юм. Энэ баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар “хүүхэд асрах чөлөө”-тэй байсан хугацаанд гэдэгт хамаарахгүй, учир нь дээрх баримтаар нэхэмжлэгч А.З-ыг “амаржсан” гэдгийг л нотлох баримт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “...эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж заасны дагуу А.З- нь хүүхэд асрах чөлөө хүссэн баримт өргөдөл, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн бичгийг тус тус үндэслэн хүүхэд асрах чөлөөг НБУГ-ын даргын тушаалаар олгодгийг ажил олгогчид гаргаж өгөөгүй тул түүний гаргасан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсгийн зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн Цэрэн овогт Аварзэдийн Золжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг хориглосон байхад шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Ажилтан буюу нэхэмжлэгч А.З- нь хөдөлмөрийн гэрээг  цуцлахаар санаачлага гаргаагүй. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мѳн нэхэмжлэгч А.З- нь 2019 оны 4 дугээр сарын 18-ны ѳдѳр амаржсан 6а 2019 оны 6 дугаар сарын 16-ны ѳдѳр амаржсаны 60 хоногийн чѳлѳѳ дуусч, улмаар ажил олгогч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны ѳдрийг хүртэл нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 320.000 тѳгрѳгѳѳр тѳлж байсан нь хүүхэд харах чѳлѳѳ олгогдсон гэж үзэхээр байна. Гэтэл шүүх илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж, чѳлѳѳ олгогдоогүй мэтээр хэргийн бодит байдлыг бүрэн зѳв тогтоож чадаагүй. Мѳн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, ѳмгѳѳлѳгч хурал давхардсан талаарх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хуульд заасан журмыг ноцтой зѳрчсѳн болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.З- нь хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-ын НБУГ-т холбогдуулан тус газрын даргын 2019 оны Б/390 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч байгууллага нэхэмжлэлийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч А.З- нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсгийн зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтнээр түр томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулж, мэргэжилтэн Б.Анударийг хүүхэд асрах чөлөөний хугацаанд уг гэрээ үйлчлэх нөхцлийг тохиролцсон байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцжээ.

 

 Ажил олгогч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/390 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 6, 108/

Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр 07-ны өдрийн Б/388 дугаар тушаалаар Б.Анударьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллах нэгж хэсгийг “Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсэг”, ажлын байрны буюу албан тушаалын нэрийг “Зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтэн” болгож өөрчилсөн. Түүнчлэн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/60 дугаартай тушаалаар Б.Анударьд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд цалингүй хүүхэд асрах чөлөөг олгож, Нисэх буудлуудын удирдах газрын дарга 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б/356 дугаартай тушаалаар Б.Анударийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон учраас А.З-ыг тухайн ажлын байрнаас чөлөөлөх талаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан уг гэрээг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 64-89/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл…” хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч А.З-ыг  мэргэжилтэн Б.Анударийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажиллуулахаар зохигчдын хооронд хугацаатай гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн гэж үзнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2019 оны Б/390 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Ажил олгогчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээр бус 37.1.3-т  заасан үндэслэлээр гарсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн....” гэсэн  давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд заасан өмгөөлөгч Д.Ганбаярын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хуралдаан давхацсан гэх байдал нотлогдоогүй, өмнө нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул түүний хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ