Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00674

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1077 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

******* ТӨААТҮГ-ын Нисэх буудлуудын удирдах газарт холбогдох 

Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны Б/390 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018.03.29-ний өдрийн Б/117 дугаар тушаалаар Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны үйл ажиллагааны төлөвлөлтийн тасагт аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр томилогдсон, үүний дараа 2018.08.24-ний өдрөөс тус албаны Нисэх буудлын үйл ажиллагаанд бэлтгэх хэсгийн зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтнээр томилогдон, мөн өдрийн 03/03/26 тоот хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. 2019 оны 03 дугаар сард жирэмсний амралтаа авсан байхад Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019.09.13-ны өдрийн Б/390 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Тухайн ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан хэдий ч ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хууль зүйн үндэслэлийн тухайд хариуцагч Нисэх буудлуудын удирдах газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг хууль тогтоогч хориглосон байдаг. Газрын даргын 2019 оны Б/390 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгожээ. ******* нь хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажил олгогчтой байгуулан ажиллаж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл буюу хуульд заасан ерөнхий үндэслэл юм. Хууль тогтоогч жирэмсэн эмэгтэй, эсхүл гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ямар тохиолдолд ажлаас чөлөөлөх талаар маш ойлгомжтой хуульчилж өгсөн байдаг. Иймд Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 390 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ. 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ******* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын харъя Төв аймгийн Сэргэлэн сумын хөшигтийн хөндийд байрлах, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын захиргааны албанд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Анударийн оронд ажиллаж байсан. Б.Анударь нь өөрөө үндсэн ажилтан, ажилдаа эргэн орох хүсэлт гарсан тул түүний оронд ажиллаж байсан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. ИНЕГ-ын даргын 2018.09.07-ны өдрийн Б/388 дугаартай тушаалаар Б.Анударьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2018.08.24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллах нэгж хэсгийг Нисэх буудлыг уйл ажиллагаанд бэлтгэх хэсэг, ажлын байрны буюу албан тушаалын нэрийг Зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтэн болгож өөрчилсөн. Б.Анударийн 2018.09.18-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018.10.01-ний өдрийн Б/60 дугаартай тушаалаар Б.Анударьд хүүхэд асрах чөлөөг 2018.09.24-ний өдрөөс 2019.09.24-ний өдрийг хүртэл хугацаанд цалингүй олгосон. Ингэж Б.Аундарьд хүүхэд асрах чөлөө олгосноор нэхэмжлэгч *******тай 2018.08.24-ний өдөр хөдөлмөрийн хугацаатай гэрээ буюу Б.Анударийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд буюу Б.Анударийг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар байгуулан, АӨЗА-ны Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсэгт зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллуулсан. Улмаар Б.Анударь нь 2019.08.14-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу НБУГ-ын дарга 2019.08.19-ний өдөр Б/356 дугаартай тушаал гаргаж мөн өдрөөс Б.Анударийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажлаас халахыг хориглосон зохицуулалт нь тухайн ажлын байранд ажиллаж байгаа үндсэн буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд хамаарна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлуудыг заасан. Тухайн ажлын байр буюу зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтний ажлын байр 2 орон тоотой батлагдсан бөгөөд энэхүү орон тоон дээр Б.Анударь, Д.Цэнд-Аюуш нар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажилладаг. Энэ бүх баримтаас үзэхэд Б.Анударийн оронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, хуульд нийцнэ. Мөн нэхэмжлэгч *******ын АӨЗА-ны захиргаанд гаргаж өгсөн 0480655 дугаартай жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлээр зохицуулсан жирэмсний болон амаржсаны амралт олгогдсонд тооцогдох баримт юм. Энэ баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд гэдэгт хамаарахгүй, учир нь дээрх баримтаар нэхэмжлэгч *******ыг амаржсан гэдгийг л нотлох баримт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ...эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж заасны дагуу ******* нь хүүхэд асрах чөлөө хүссэн баримт өргөдөл, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн бичгийг тус тус үндэслэн хүүхэд асрах чөлөөг НБУГ-ын даргын тушаалаар олгодгийг ажил олгогчид гаргаж өгөөгүй тул түүний гаргасан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсгийн зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн Цэрэн овогт Аварзэдийн Золжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1077 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019.09.13-ны өдрийн Б/390 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2020.03.19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дүгээр шийдвэрээр Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу ойлгон, буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: ******* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018.03.29-ний өдрийн Б/117 дугаар тушаалаар Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны үйл ажиллагааны төлөвлөлтийн тасагт Аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр томилогдсон, үүний дараа 2018.08.24-ний өдрөөс тус албаны Нисэх буудлын үйл ажиллагаанд бэлтгэх хэсгийн Зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтнээр томилогдон, мөн өдрийн 03/03/26 тоот хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болно. Миний бие 2019 оны 3 дугаар сард жирэмсний амралтаа авсан байсан байхад Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019.09.13-ны өдрийн Б/390 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Миний бие нь тухайн ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан хэдий ч ажил олгогч намайг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4,40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. гэж заасан журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэж зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг хориглосон байхад шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална, 38.1.1-д Ажилтан санаачилсан, 38.1.2-т Ажил олгогч санаачилсан гэжээ. Гэтэл ажилтан буюу нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар санаачилга гаргаагүй. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгч ******* нь 2019.04.18-ны өдөр амаржсан ба 2019.06.16-ны өдөр амаржсаны 60 хоногийн чөлөө дуусч, улмаар ажил олгогч 2019.09.13-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 320,000 төгрөгөөр төлж байсан нь хүүхэд харах чөлөө олгогдсон гэж үзэхээр байна. Гэтэл шүүх илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж, чөлөө олгогдоогүй мэтээр хэргийн бодит байдлыг бүрэн зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангахаас татгалзсан гэж тайлбарладаг боловч хариуцагч хариу тайлбараа ирүүлснээс хойш хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлохгүй, хугацаа алдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан талаар баримтаа хавсарган, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх, бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно. Түүнчлэн хариуцагч байгууллагын нэршил солигдсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд уг хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хариуцагч талаас гаргуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлээгүй орхисон бөгөөд хүсэлт шийдвэрлээгүй үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул итгэмжлэлээ хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, холбогдох хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж тайлбарласан. 2020.03.19-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг өмнөх шүүх хуралдаанаар хангасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг өмнө нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд дахин өмгөөлөгчтэй холбоотой шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахгүй, ...хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүн таслах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзнэ гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саатуулах, шүүн таслах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилго агуулаагүй бөгөөд хуралдаанд оролцохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй хуулиар олгогдсон эрхийн дагуу хүсэлтүүдийг гаргаж шийдвэрлүүлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим-ыг хангахгүй орхиж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийг тус тус зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.0З.19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 1077 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨААТҮГ-ын Нисэх буудлуудын удирдах газарт холбогдуулан тус газрын даргын 2019 оны Б/390 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2018.08.24-ний өдөр Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсгийн зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтнээр түр томилогдож, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд мэргэжилтэн Б.Анударийг хүүхэд асрах чөлөөний хугацаагаар ажиллах нөхцөлийг тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг зөрчөөгүй байна.

Ажил олгогч 2019.09.13-ны өдрийн Б/390 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогчийн 2018.09.07-ны өдрийн Б/388 тушаалаар Б.Анударьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2018.08.24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллах нэгж хэсгийг Нисэх буудлыг үйл ажиллагаанд бэлтгэх хэсэг, ажлын байрны буюу албан тушаалын нэрийг Зорчигч терминалын үйлчилгээний төлөвлөлтийн мэргэжилтэн болгож өөрчилсөн. Түүнчлэн, 2018.10.01-ний өдрийн Б/60 тушаалаар Б.Анударьд 2018.09.24-ний өдрөөс 2019.09.24-ний өдрийг хүртэл хугацаанд цалингүй хүүхэд асрах чөлөөг олгож, Нисэх буудлуудын удирдах газрын дарга 2019.08.19-ний өдөр Б/356 тушаалаар Б.Анударийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон тул *******ыг тухайн ажлын байрнаас чөлөөлөх талаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан уг гэрээг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. 

Нэхэмжлэгч *******ыг мэргэжилтэн Б.Анударийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажиллуулахаар ажил олгогч нь ажилтантай хугацаатай гэрээ байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2019 оны Б/390 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шүүхийн шийдвэрийн үндэслэл зөв, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

Ажил олгогчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээр бус 37.1.3-т заасан үндэслэлээр гарсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/00679 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1077 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД