Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1074

 

О.С-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01214 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч О.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “УГ” ХХК-д холбогдох

 

Цалин хөлс 5 000 000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С-э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнасан, Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.С-э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С-э би “УГ” ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажилд орж сард 20 хоног уурхай дээр ажиллаж сарын цалин 5.000.000 төгрөг байхаар /татварын дараа 5.000.000 төгрөг байхаар/ тохиролцож ерөнхий механик инженерийн ажилд орсон билээ. Хөдөлмөрийн гэрээ хийсэн боловч нэг хувийг надад өгөөгүй билээ. Би гэрээнд заасны дагуу ажил үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. Харин 2019 оны 7 дугаар сарын 31-нд үндэслэлгүйгээр миний цалинг 20 хувь бууруулах тушаал гаргасан байсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Түүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр А.Бүрэнтогтох захирал өөрөө намайг зодож хөөж туун ажлаас халагдах өргөдлийг хүчээр бичүүлэн уурхайгаас явуулсан билээ. Түүнээс хойш халагдсан тушаал, тойрох хуудас зэргийг бүрдүүлснийг сонссон боловч надад өгөөгүйгээр барам миний 7 дугаар сарын цалинг миний цалингийн дансанд оруулаагүй болно. Миний цалинг 2 хувааж оруулдаг байсан бөгөөд 1.900.000 төгрөгөөс татвар, харин үлдэгдлээс нь суутгалгүй шууд шилжүүлдэг байсан. Миний бие О.С-э нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 7, 8 дугаар сарын цалин болох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч надад ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хариуцагч компани нь огт өгөөгүй, миний /нэхэмжлэгчийн / 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ажлаас халсан тушаалыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх хүсэлтийн дагуу хариуцагч “УГ” ХХК-аас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №19/66 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлснээр уг өдөр ажил олгогчийн шийдвэрийг би хүлээн авсан гэж үзэж байгаа бөгөөд ажилтан намайг ажлаас буруу халсан гэж үзэн, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг мөрдлөг болгон гаргасан байна. Ерөнхий захирлын гаргасан уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй байна. 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий захирал А.Бүрэнтогтох нь намайг зодсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Төв аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Шинжээчийн дүгнэлт, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Шийтгэлийн хуудас, А.Бүрэнтогтохыг торгосон хаан банкны мөнгөн шилжүүлэг торгуулийн баримт зэрэг баримтуудаар шалгагдан тогтоогдсон байдаг. Иймд 2019 оны 7 дугаар сарын цалин болон 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин болох 5,000,000 төгрөгийг гаргуулах, намайг ерөнхий механик инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эруүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнасан, Б.Сайнбаяр, Б.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1,  129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт тус тус хуульчилсан байна. Харин нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бөгөөд энэ талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу манай байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 65 дутаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хуульчилсан. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 болон 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа болон гомдлыг харьяалж шийдвэрлэх байгууллагыг заасан хуулийн зохицуулалт гэж үзэж байна. Иймд иргэн О.С-ийн “УГ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгож өгнө үү. О.С-э нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж, ажлын байраа орхин явсан ба энэ хугацаанаас хойш ажлын байранд эргэн орох болон ажилласан хугацааны цалин гаргуулахаар компанид хандаагүй буюу бичгээр ямар нэгэн хүсэлт, гомдол өнөөдрийг хүртэл ирүүлээгүйг хариуцагч тал өмнөх тайлбартаа дурдсан. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хусэлт гаргасан тул ажилласан хугацааны цалин болох 5.000.000 төгрөгийг “УГ” ХХК-аас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа ч ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дэмжсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын ажлаас халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэх үед хариуцагч тал “манай компани нь ажлаас халах тухай шийдвэр гаргаагүй тул байхгүй. Учир нь ажилтан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан, түүнийг олгогч хүлээн авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан" гэж тайлбар хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан байдаг. Хэрэв нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас буруу халагдсан гэж үзэж буй бол 30 хоногийн дотор буюу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр нь гомдол гаргах үндэслэл болохгүй юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.С-ийг “УГ” ХХК-ийн ерөнхий механикийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 36.419.960 төгрөг, О.С-ийн 2019 оны 7, 8 дугаар сард аваагүй цалин хөлс болох 1.200.614 төгрөг, нийт 37.620.574 төгрөгийг хариуцагч “УГ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч О.С-эд олгож, О.С-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “УГ” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч О.С-ийн нэхэмжлэлээс цалин хөлс 3.799.386 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.С-эд олгож, хариуцагч “УГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346.053 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.С-э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие О.С-эд нь “УГ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19/55 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсныг албан ёсоор танилцуулаагүй, гардаж аваагүй ба хариуцагч талаас шүүхийн шатанд шинээр уг тушаалыг гаргаж өгсөн тул миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгийг анхнаасаа шүүхэд хэлж байсан ба тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэгч миний хүсэлтээс болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас харагдана. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн "УГ ХХК”-ийн сахилгын шийтгэл ногдуулах тухай еренхий захирлын тушаал гарсан байсныг миний бие шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа хожим мэдсэн учраас нэгэнт миний нэхэмжлэлтэй холбоотой маргаан шүүхийн шатанд явж байгаа учраас дээрх тушаалыг шүүхээр хамтад нь мөн дүгнүүлэх боломжтой гзж үзсэн. Гэтэл намайг шүүхээс сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд гомдол гаргаагүй байна гзж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан байна. Нэгэнт шүүхийн шатанд хариуцагчаас дээрх шинээр гаргаж өгсөн тушаал тул шүүхээс намайг гомдол гаргаагүй байна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Миний бие ажилдаа хариуцлагагүй хандаж байгаагүй, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хов живийн асуудалд оролцдоггүй байсан. Ийм учраас би 2019 оны 7 дугаар сарын бүтэн цалин болон 8 дугаар сарын 1-ний өдрөөс 3-ны өдрийг дуустал ажилласан буюу 3 өдрийн цалингаас нийт 20 хувиар суутгуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2019 оны 7 дугаар сарын бүтэн цалин болон 8 сард 3 хоног ажигласан цалингаа хасч тануулах хүсэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар 6 дугаар сарын цалинг 7 дугаар сард буюу дараа сард цалин авсан бөгөөд хамгийн бага сарын цалинг 4.500.000 төгрөгөөр бодож 7 сарын бүтэн цалин, үүн дээр 3 хоногийн цалин ( ажлын 20 хоногоор тооцоход 1 өдрийн цалин 225.000) 675.000 төгрэг, нийт 5.175.000 төгрөг болж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр хангагдсан 1.200.614 төгрөгийг хасч тооцон 3.974.386 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд нэхэмжлэгчид 3.974.386 төгрөгийг гаргуулан зөвтгөн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О.С-э нь 2019 оны 8 дугаар сарын 04-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж, ажпын байраа орхин явсан ба энэ хугацаанаас хойш ажилдаа ирээгүй, ажлын байранд эргэн орох талаар ажил олгогчид хандаагүй буюу бичгээр ямар нэгэн хүсэлт, гомдол өнөөдрийг хүртэл гаргаагүй нь талуудын шүүхэд гаргасан нотлох баримт болон тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл хугацаанд ажилд эргэн орохгүй, ажилласан хугацааны цалин 5.000.000 төгрөгөө л авах тухай илэрхийлж ирсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй буюу хэрэв ажлаас буруу халагдсан тухай маргаж байсан бол энэ үед нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг нэхэмжлэгч талд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас буруу халагдсан гэж үзэж буй бол 30 хоногийн дотор буюу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан буюу тус өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Харин ажлаас чөлөөлөгдөх хүсэлт шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр нь гомдол гаргах үндэслэл болохгүй юм. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүйгээс хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Нэхэмжлэгч О.С-э нь хариуцагч “УГ” ХХК-д  холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын болон 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин хөлс 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч О.С-э нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хариуцагч “УГ” ХХК-д ерөнхий механикийн ажилд томилогдон ажиллаж байсан,  “УГ” ХХК-ийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19/55 дугаар тушаалаар өөрийн хариуцаж буй ажилдаа хариуцлагагүй хандаж, ажилчдын уур амьсгалыг хагалан бутаргах хандлага гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнд 2019 оны 7, 8 дугаар сарын нийт цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19/66 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар мөн өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-ийн 22, 23, 43/

Нэхэмжлэгч О.С-э нь цалин хөлс гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан нэхэмжлэлийг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаан дотор тус тус гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн.

Харин нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19/55 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар  эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргаагүй байна.

Нэхэмжлэлд “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үндэслэлгүйгээр цалинг 20 хувиар бууруулсан” гэж дурдсан байхаас гадна хариуцагч талаас 2019 оны 19/55 дугаартай тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нотлох баримтаар гаргасантай нэхэмжлэгч 2019 оны 10 сарын 01-ний өдөр танилцсан тул “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан” гэж үзэх бөгөөд энэ үеэс хойш  шаардлагаа нэмэгдүүлээгүй байна. /хх-ийн 1, 23 /

Хариуцагч нь цалин хөлс олгоогүй үйл баримтыг үгүйсгээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан нэхэмжлэлийг, цалин хөлсний талаарх маргаантай хамтруулан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн  үндэслэлгүй, энэ талаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19/55 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаар гомдол гаргаагүй тул цалингийн тооцооны баримтыг үндэслэн хариуцагч байгууллагаас 2019 оны 7, 8 дугаар сарын цалин хөлс 1.200.614 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3.799.386 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг  дуусгавар болгох үндэслэлийг  зохицуулсан.

 

Ажилтны хүсэлт нь ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх ёстой.

 

“УГ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19/66 дугаартай тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн О.С-этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч энэ нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч О.С-э нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “...энэ өдөр тодорхой шалтгааны улмаас ажлаас гарах гэж байгаа учир ажлаас чөлөөлж өгнө үү...” гэсэн өргөдөл гаргасан, уг өргөдөлд цохолт хийсэн албан тушаалтан “...ажил тасалж, ажлын хариуцлага алдсанаа ухамсарлаж ажлаас халагдах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч зохих журмын дагуу тушаал гаргая ...” гэж тэмдэглэжээ. /хх-ийн 38/

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “УГ” ХХК-ийн ерөнхий захирал А.Бүрэнтогтох нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах уурхайн кемпэд байрлах хурлын зааланд уурхайн даргаар ажиллаж байсан О.С-ийн нүүрэн тус газар нь ууж явсан кофегоо цацаж, зүй бус хэллэгээр доромжилж, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, А.Бүрэнтогтоход Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, тэрээр уг зөрчлөө хүлээн зөвшөөрч, торгуулийг төлсөн  үйл баримт тогтоогдсон. / хх-ийн 44-49 /

 

Мөн О.С-ийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргасан гомдлыг Төв аймгийн Прокурорын газраас дахин хянаж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 193401012 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдсон байна. / хх-ийн 116 /

 

Нэхэмжлэгчийн “...А.Бүрэнтогтох захирал өөрөө намайг балмадаар зодож хөөж туун ажлаас халагдах өргөдлийг хүчээр бичүүлэн уурхайгаас явуулсан...” гэх тайлбарыг болон дээрх нотлох баримтуудыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгчийн өргөдөлдөө дурдсан “тодорхой шалтгаан” нь “УГ” ХХК-ийн ерөнхий захирал А.Бүрэнтогтоход зодуулсантай холбоотой болох нь  хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх О.С-ийг “УГ” ХХК-ийн ерөнхий механикийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 36.419.960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  дээрх тушаалыг хариуцагч талаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

УГ ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19/55 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд О.С-э хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “...хариуцагчаас 3.974.386 төгрөгийг нэмж гаргуулах тухай” давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01214 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн  төлсөн 340 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ