Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/01214

 

 

 

 

 

 

 

                                 2020        04         08  

   101/ШШ2020/01214

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У ХХК холбогдох

 

Цалин хөлс 5,000,000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* /№1585/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.С би “У” ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажилд орж сард 20 хоног уурхай дээр ажиллаж сарын цалин 5,000,000 төгрөг байхаар /татварын дараа 5,000,000 төгрөг байхаар/ тохиролцож ерөнхий механик инженерийн ажилд орсон билээ. Хөдөлмөрийн гэрээ хийсэн боловч нэг хувийг надад өгөөгүй билээ. Би гэрээнд заасны дагуу ажил үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. Харин 2019 оны 7 дугаар сарын 31-нд үндэслэлгүйгээр миний цалинг 20 хувь бууруулах тушаал гаргасан байсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Түүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 04-нд н.******* захирал өөрөө намайг балмадаар зодож хөөж туун ажлаас халагдах өргөдлийг хүчээр бичүүлэн уурхайгаас явуулсан билээ. Түүнээс хойш халагдсан тушаал, тойрох хуудас зэргийг бүрдүүлсэнийг сонссон боловч надад өгөөгүйгээр барам миний 7 дугаар сарын цалинг миний цалингийн дансанд оруулаагүй болно. Миний цалинг 2 хувааж оруулдаг байсан бөгөөд 1,900,000 төгрөгөөс татвар, харин үлдэгдлээс нь суутгалгүй шууд шилжүүлдэг байсан.

Миний бие О.С нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 7, 8 дугаар сарын цалин болох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч надад ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хариуцагч компани нь огт өгөөгүй, миний /нэхэмжлэгчийн / 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ажлаас халсан тушаалыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх хүсэлтийн дагуу хариуцагч “У” ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №19/66 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлснээр уг өдөр ажил олгогчийн шийдвэрийг би хүлээн авсан гэж үзэж байгаа бөгөөд ажилтан намайг ажлаас буруу халсан гэж үзэн, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгoй байна.

Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг мөрдлөг болгон гаргасан байна. Ерөнхий захирлын гаргасан уг тушаалыг би хулээн зөвшөөрөхгүй, хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй байна. Миний бие О.С анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч А.******* захирал зодож, хөөж тууж ажлаас халагдах өргөдлийг хүчээр бичүүлж уурхайгаас явуулсан юм гэж бичсэн байгаа. 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий захирал А.Бурэнтогтох нь намайг зодсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад, ... “Улз гол группийн ерөнхий захирал А.******* нь уурхайн кемпэнд байрлах хурлын зааланд уурхайн даргаар ажиллаж байсан С.Сод-Эрдэнийг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь ууж явсан кофегоо цацаж, зүй бус хэллэгээр доромжилж, туүнийг зодож, зүүн хацар, зүүн хөмсгөнд зулгаралт, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Шинжээчийн дүгнэлт, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Шийтгэлийн хуудас, А.*******ыг торгосон Хаан банкны мөнгөн шилжүүлэг торгуулийн баримт зэрэг баримтуудаар шалгагдан тогтоогдсон байдаг.

Иймд 2019 оны 7 дугаар сарын цалин болон 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин болох 5,000,000 төгрөгийг гаргуулах, намайг ерөнхий механик инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эруүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “У” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.*******, Б.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн О.С нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн шүүхэд “У” ХХК-иас 7, 8 дугаар сарын цалин болох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “У" ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах тайлбарыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслан комисс анх дутам хянан шийдвэрлэнэ”, мөн тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ гэрээний 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж хуульчилсан байна. Харин нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бөгөөд энэ талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу манай байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 65 дутаар зүйлийн 65.1.3-т “Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хуульчилсан. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 болон 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа болон гомдлыг харьяалж шийдвэрлэх байгууллагыг заасан хуулийн зохицуулалт гэж үзэж байна.

Иймд иргэн О.С“У” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхэд иргэн О.С нь “Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. О.С нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж, ажлын байраа орхин явсан ба энэ хугацаанаас хойш ажлын байранд эргэн орох болон ажилласан хугацааны цалин гаргуулахаар компанид хандаагүй буюу бичгээр ямар нэгэн хүсэлт, гомдол өнөөдрийг хүртэл ирүүлээгүйг хариуцагч тал өмнөх тайлбартаа дурдсан. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Ажлаас чөлөөлөгдөх хусэлт гаргасан тул ажилласан хугацааны цалин болох 5,000,000 төгрөгийг “У” ХХК-иас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа ч ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дэмжсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талын “ажлаас халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах” тухай хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэх үед хариуцагч тал ‘‘Манай компани нь ажлаас халах тухай шийдвэр гаргаагүй тул байхгүй. Учир нь ажилтан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан, түүнийг олгогч хүлээн авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан" гэж тайлбар хийсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргана" гэж заасан байдаг. Хэрэв нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас буруу халагдсан гэж үзэж буй бол 30 хоногийн дотор буюу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр нь гомдол гаргах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч шийдвэрлэх, ажлаас халах тухай шийдвэр гаргасныг ажилтан хүлээн авч гомдол гаргах нь эрх зүйн үр дагаврын хувьд өөр байдаг тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.С нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан

  • “2019 оны 7 дугаар сарын болон 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны өөрийн ажилласан хугацааны цалин хөлс 5,000,000 төгрөг гаргуулах”,
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

            Хариуцагч “У” ХХК нь эхний шаардлагын хувьд хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан тул манай байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан буюу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хуульд заасан гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн, анх нэхэмжлэл гаргахдаа ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байсан гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            “У” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19/13 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалаар О.С нь Ерөнхий механикийн албан тушаалд мөн өдрөөс эхлэн, сарын 1,900,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

            О.С нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “...энэ өдөр тодорхой шалтгааны улмаас ажлаас гарах гэж байгаа учир ажлаас чөлөөлж өгнө үү” гэж, уг өргөдөлд цохолт хийсэн албан тушаалтан “...ажил тасалж, ажлын хариуцлага алдсанаа ухамсарлаж ажлаас халагдах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч зохих журмын дагуу тушаал гаргая ...” гэжээ.

 

            Ийнхүү О.С нь тодорхой шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан боловч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг түүнд тухайн цаг хугацаанд ажил олгогчийн зүгээс хүлээлгэн өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хүчинд автан ажлаасаа гарсан, энэ агуулгаараа өөрийн ажиллаж байсан хугацааны цалинг гаргуулахаар анх шүүхэд хандсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Өөрөөр хэлбэл “У” ХХК-ийн ерөнхий захирал А.******* 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах тус группийн уурхайн кемпэд байрлах хурлын зааланд уурхайн даргаар ажиллаж байсан О.Сямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь ууж явсан кофегоо цацаж, зүй бус хэллэгээр доромжилж, түүнийг зодож, зүүн хацар, зүүн хөмсгөнд зулгаралт, дух, зүүн даланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулж, үүнийг зөрчлийн шинжтэй гэж үзэн Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна.

 

            Улмаар дээрх зөрчилд нь А.*******од Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, тэрээр уг зөрчлөө хүлээн зөвшөөрч, торгуулийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

            Харин О.С нь шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гомдол гаргаж, түүний гаргасан гомдлыг Төв аймгийн прокурорын газраас дахин хянаж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна.

 

            Хэдийгээр эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусаагүй байгаа боловч 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “У” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах тус группийн уурхайн кемпэд байрлах хурлын зааланд ерөнхий захирал А.******* нь О.Сбие эрх чөлөөнд халдаж, улмаар үүнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичигдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            “У” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19/66 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар О.Смөн өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

            Уг тушаалыг ажил олгогчийн зүгээс ажилтан О.Сд хүлээлгэн өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргуулах хүсэлт гаргасны дагуу “У” ХХК-иас 2019 оны 10 дугаар сард хэргийн материалд ирүүлж, улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор нэхэмжлэгч О.С нь шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь дээрх тушаалыг О.Сд хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласан ба, тушаалыг ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчид мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй болно.

 

            О.С нь хэдийгээр ажлаас халагдах хүсэлтийг өөрөө гаргасан боловч өргөдөлдөө “...тодорхой шалтгааны улмаас ...” гэж бичсэн, энэ нь дээрх үйл баримтуудаас дүгнэхэд “У” ХХК-ийн ерөнхий захирал А.*******од зодуулсантай холбоотой асуудлаас үүдэлтэйгээр хүчинд автаж, өргөдлөө бичсэн гэж үзэхээр, өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс өөрийн хүсэлтээр гэсэн өргөдөл бичихийг шаардсан, зүй бус нөлөөлөлд орж өөрийн хүсэл зоригийн дагуу бус, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргаагүй байна.

 

            Эдгээрээс дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар буюу хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачилгаар цуцалсан гэх хариуцагч “У” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19/66 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Сурьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч О.С нь 2019 оны 7 дугаар сар болон 8 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд өөрийн хариуцсан ажлаа хийсэн, ийнхүү ажил хийсэн, хийгээгүйн хувьд хариуцагч маргаагүй бөгөөд энэ хугацааны цалин хөлсийг аваагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

            “У” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19/55 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар О.С нь “өөрийн хариуцаж буй ажилдаа хариуцлагагүй хандаж, ажилчдын уур амьсгалыг хагалан бутаргах хандлага гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир 2019 оны 7, 8 дугаар сарын нийт цалинг 20-иар бууруулан олгох”-оор шийдвэрлэсэн байх ба уг тушаалд О.С гомдол гаргаагүй байна.

 

            Ийнхүү дээрх тушаалд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй, дээрх хугацааны цалин хөлс нь 5,000,000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч уг цалин хөлсийг хэрхэн тооцож буйгаа нотлоогүй тул хариуцагч “У” ХХК-ийн нягтлан бодогчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “Ерөнхий механик О.С цалингийн тооцоо”-ны дагуу 2019 оны 7, 8 дугаар сарын цалингаас 20 хувь тооцсон тооцооллын дагуу 1,200,614 /1,002,551+198,063/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 7, 8 дугаар сарын цалин хөлсийг тооцохдоо нэмэгдэл цалин /хувьсах цалин/-г хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна.

 

             Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            “У” ХХК-ийн О.Сажилд авсан тушаал болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 1,900,000 төгрөг байхаар тохирч, уг цалин хөлснөөс ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журмаар нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож байсан болох нь хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            О.Стэй байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.4-т “Ажил олгогчийн зүгээс ажилтанд олгох цалингийн тооцоолол, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал ... ыг энэхүү гэрээ болон дотоод журмаар зохицуулсан болно”, 4.1.2 дахь заалтын “д”-д “эрхэлсэн ажлын амжилтын үр дүнгээр тус компанид мөрдөж буй журмын дагуу шагнал, урамшуулал олгох /компанийн урамшууллын журмыг үндэслэнэ/” үүргийг ажил олгогч хүлээхээр тус тус заажээ.

 

            “У” ХХК-иас О.Сд цалин хөлсийг олгохдоо түүний Хаан банкин дахь 5017108829 тоот дансанд дараахи байдлаар олгосон байна. Үүнд:

  1. 2019.03.11-ний өдөр 2 удаагийн шилжүүлгээр 1,528,350+3,415,150=4,943,500 төгрөг,
  2. 2019.04.10-ны өдөр 2 удаагийн шилжүүлгээр 2,978,200+1,528,350=4,506,550 төгрөг,
  3. 2019.05.10-ны өдөр 2 удаагийн шилжүүлгээр 1,528,350+2,974,000=4,502,350 төгрөг,
  4. 2019.06.10-ны өдөр 2 удаагийн шилжүүлгээр 2,988,800+1,528,340=4,517,140 төгрөг,
  5. 2019.07.09-ний өдөр 2 удаагийн шилжүүлгээр 3,030,700+1,528,350=4,559,050 төгрөг,

 

            Үүнээс үзвэл “У” ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журам зэргийг үндэслэн ажилтан О.Сд үндсэн цалин хөлснөөс гадна нэмэгдэл хөлс олгож байсан болох нь тогтоогдож байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн “а”-д ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд “ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал” орохоор заажээ.

 

            Мөн журмын 9 дүгээр зүйлд “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж заасан байх тул О.Сөөрийн Хаан банк дахь дансанд “У” ХХК-ийн “цалин” гэсэн утгаар шилжүүлж байсан нийт цалин, хөлснөөс ажилтны сүүлийн цалин бүтэн авсан 3 сар буюу 4, 5, 6 дугаар сарын дундаж цалин хөлснөөс дараахи байдлаар тооцов.

 

            Үүнд:   4,502,350+4,517,140+4,559,050=13,578,540 төгрөг ба, үүнийг 3 сард хуваахад 4,526,180 төгрөг, үүнийг сарын нийт ажлын өдрийн дундаж 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин хөлс 210,520 төгрөг болж байна.

 

            О.С нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажлын өдрийг тооцоход 173 хоног ба үүнийг нэг өдрийн цалин хөлс 210,520 төгрөгөөр тооцоход 36,419,960 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй байна. 

 

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.1-д “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэж заажээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.С“У” ХХК-ийн ерөнхий механикийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 36,419,960 төгрөг, О.С2019 оны 7, 8 дугаар сард аваагүй цалин хөлс болох 1,200,614 төгрөг, нийт 37,620,574 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс цалин хөлс 3,799,386 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гарын утасны viber /вайбер/-ийн чатанд үзлэг хийлгэх, “У” ХХК-иас О.Сэмчид үзүүлсэн гэх 85,800 төгрөг болон санхүүгээс 553,800 төгрөгийг юуг үндэслэн юуны суутгалд суутгасан талаарх холбогдох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2019/17660 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч О.С нь үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан, нотлох баримт гаргуулах хүсэлтийн хувьд хариуцагчийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Ерөнхий механик О.С цалингийн тооцоо”-г гаргаж өгсөн, өөр баримт байхгүй гэх тайлбар зэргээр уг захирамжийн биелэлт хангагдсан гэж үзсэн болно.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.С“У” ХХК-ийн ерөнхий механикийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 36,419,960 /гучин зургаан сая дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун жар/ төгрөг, О.С2019 оны 7, 8 дугаар сард аваагүй цалин хөлс болох 1,200,614 /нэг сая хоёр зуун мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөг, нийт 37,620,574 төгрөгийг хариуцагч “У” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч О.Сд олгож, О.Сэрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “У” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч О.Снэхэмжлэлээс цалин хөлс 3,799,386 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.Сд олгож, хариуцагч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,053 /гурван зуун дөчин зургаан мянга тавин гурав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ