Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1073

 

“Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н-, Г.Г-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 160 301 382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Г.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал, Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Ганцог, Г.Н- нар нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х банктай 1080019116 дугаартай зээлийн гэрээ, 1080019116-01, 1080019116-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 122.000.000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хувьсах хүүтэй, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээнд Г.Н- нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 1080019116 дугаартай зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамжны 227/1 тоотод байрлах 184,82 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамжны 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамжны 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2202015332 дугаартай, нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Г-2202015331 дугаартай, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 1080019116 дугаартай зээлийн дансыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг 1049 хоног тус тус хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд талуудын хооронд байгуулсан 1080019116 дугаартай зээлийн гэрээний 6.1.1-д тус тус заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалт болон 137001947 дугаартай зээлийн гэрээ дугаар зээлийн гэрээг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар доорх зээлийн үндсэн төлбөр 103.888.014 төгрөг, хүү 55.824.748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588.620 төгрөг, нийт 160.301.382 төгрөгийг зээлдэгч Г.Ганцог, Г.Н- нараас гаргуулах, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А1/951 тоот Х банкны ерөнхий захирлын тушаалаар хувьсах хүүтэй зээлүүд жилийн 18 хувийн тогтмол хүүтэй болсон, зээлдэгч нартай гэрээг болон эргэн төлөлтийн хуваарийг хийгээгүй. Зээлийн төлбөрөө хуваарьт өдрөө төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацааны хүүг нь урьдчилж төлүүлээд, дараагийн төлөлтөөс нь хасаж тооцоод явдаг. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, Г.Г-олдохгүй байсан учир шүүхэд хандаж чадаагүй явсаар 2019 оны 11 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гэрээгээ цуцалж, төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон гэжээ.

Хариуцагч Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганцог, Г.Н- нар “Х банк” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 122.000.000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.3 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Гэрээний 2.2-т зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба тус хугацаанд мөрдөх зээлийн хувьсах хүүгийн хувь хэмжээг 19.8 хувь хэмээн тооцож байсан. “Х банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар зээлийн гэрээнд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр жилийн хүүгийн хувийг 18 хувь болгон өөрчлөлт оруулсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон. Хариуцагч нар нийт 70.160.850 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний 5.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой гэж үзэхээр байна. Банктай байгуулж буй зээлийн гэрээ нь байнга хэрэглэгдэх, гэрээний нөхцөлийг урьдчилан тогтоож, зээл авахаар ирсэн зээлдэгч бүрд санал болгодог тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний стандарт нөхцөлөөр хуулийн заалтыг тодотгосон журам тогтоож болох хэдий ч түүний агуулгыг өөрчилж, банкнаас тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч болох зээлдэгч нарт хохиролтой байдлаар тодорхойлох нь хуульд харшилна. Иймд хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцоолж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар 70.169.820 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна, маргаангүй гэжээ. 

Хариуцагч Г.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Ганцог, Г.Н- нар нь нэхэмжлэгч “Х банк” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 122.000.000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу тодорхой төлбөрүүдийг төлж байсан. Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлбөрийг суутгаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна, хариуцагч нар тооцоолол хийгээгүй учир тоо хэлж маргах боломжгүй байна. Шаардлагатай гэвэл санхүүгийн шинжээч томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан заалтыг хэрэглэж өгнө үү. Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалангийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ганцог, Г.Н- нараас 135.696.349,29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24.605.032,71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Г.Ганцог, Г.Н- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022608 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 135.696.349,29 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.029.657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганцог, Г.Н- нараас 906.632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1080019116 дугаартай зээлийг гэрээг 1 талын санаачилгаар цуцалсан гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан. Зээлийн гэрээ цуцлахаас өмнөх үүргийн гүйцэтгэл хэвээр үлдэх ёстой атал анхан шатны шүүх гэрээний хугацаанд төлөгдсөн үндсэн зээл болон зээлийн хүүнд төлөгдсөн төлбөрийн дүнг өөрчлөн үндсэн зээлийн үлдэгдлийг 107.030.622 төгрөг гэж буруу тогтоосон. Шүүхээс гэрээг цуцалсан 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр хариуцагч нар 63.169.820 төгрөг төлсөн байхад шүүх 70.169.820 төгрөгийг хассан. Өөрөөр хэлбэл 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үндсэн зээлд төлсөн 7.000.000 төгрөгийг өмнөх зээлийн хүүгийн төлбөрөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдлийг 107.030.622 төгрөгөөр тогтоосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас илт зөрүүтэй байна. Талууд зээлийн гэрээг 120 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2024 онд дуусах ёстой байсан. Хариуцагч 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдөр хамгийн сүүлд төлбөр хийсэн ба үүнээс хойш 6 сарын дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээг цуцалж байгаа нь нийт хугацаа 120 сартай харьцуулахад ялимгүй зөрчил гэж үзэхээр байна. Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн байхад анхан шатны шүүх гэрээг цуцалж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний хугацааг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр шүүх цуцалснаар зээлдүүлэгчийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн  453.1 дэх хэсэгт заасан хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 24.605.032,71 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний 5.2-т заасан заалтын хүчин төгөлдөр байдлын талаар маргасан боловч анхан шатны шүүхээс уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасанд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан. Зохигч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний нөхцөлүүдийг банкнаас урьдчилан бэлтгэж, зээлдэгч нарт санал болгосон, энэ төрлийн зээл бүрт ижил нөхцөлтэй гэрээ байгуулдаг тул гэрээний стандарт нөхцөлд хамаарна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий гэрээний заалт нь хуульд нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Гэрээний стандарт нөхцөлийн тухайд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээ хязгаар нь шударга ёс, харилцан итгэлцлийн зарчимд харшлахгүй байх бөгөөд стандарт нөхцөлийг хүлээн авагч зээлдэгч талд хохиролгүй байх явдал байна. Тухайн гэрээний мөн чанартай салшгүй холбоо бүхий гол эрх, үүргийг хязгаарлаж байгаа ба ингэснээр гэрээний зорилгод хүрэх боломжгүй нөхцөл байдал үүсч буй бол ийм агуулга бүхий стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр бус байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргаан бүхий заалт нь Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллыг журамласан заалтын агуулгыг илтэд гуйвуулан, эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хүүг төлүүлж, эцэст нь үндсэн төлбөрийг төлүүлснээр өрийн хэмжээ багасахгүй үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хохиролтой нөхцөл байдалд хүргэнэ. Зээлийн гэрээний нөхцөлийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн заалтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлүүдээр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2-т Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг зөрчиж, зээлдэгчид илт хохиролтой нөхцөл бүрдүүлсэн. Шүүхийн шийдвэрт “...Хариуцагч талын төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаж аваагүй нь Иргэний хуулийн 216.4-т заасанд нийцэхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн хэдий ч дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй. Хариуцагч нарын төлөөлөгчдөөс хэргийн материалтай танилцах, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4804 дугаартай захирамжаар “...Зээлийн хувийн хэрэгт авагдсан зээлийн гэрээ, холбогдох баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн, гэрээнээс татгалзахтай холбоотой нотлох баримтаа нэхэмжлэгч тал шүүхэд бүрдүүлж өгөх үүрэгтэй байхад хариуцагч Г.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтуудыг гаргуулах хүсэлт гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцээгүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй... Х банк ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А1/951 дугаартай тушаалаар төгрөгийн зээлийн суурь хүү 15.5 хувь болж 1 хувиар буурсан, хэргийн 6 дугаар хуудсанд дах зээл, хүүгийн тооцоолол, 2017 оны 6 дугаар сарын 12-нд 18 хувь болсон гэх баримтаас үндэслээд зээл, хүүгийн тооцооллоо хийх боломжтой байсан гэж дүгнээд, “Х банк” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалтай танилцаж, тайлбар гаргах гэсэн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна...” гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах боломж олгох хүсэлтийг ганц хариуцагч Г.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал гаргаагүй, хариуцагч Г.Ганцогийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан мөн адил гаргасан байдаг. Энэ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 853 дугаартай тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагч Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилцахад “Х банк” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А1/951, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А-900, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А-761 дугаартай тушаал, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-345 дугаартай тушаалууд байгаагүй. Хавтаст хэрэгт шинээр нотлох баримт ирсэн талаар шүүгчийн туслахаас мэдэгдээгүй. Шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаан эхлэхээс 20 минутын өмнө хавтаст хэрэгт “Х банк” ХХК-ийн ерөнхий захирлын дээрх тушаалууд авагдсан гэдгийг мэдсэн. Тус тушаалуудын аль нь энэ хэрэгт ямар хамааралтай гэдгийг дүгнэж, тайлбарлах хугацаа хангалтгүй байсан тул хариуцагч нарын төлөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах боломжоор хангуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс хариуцагч Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалангийн хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, хариуцагч Г.Н-гийн итгэмжпэгдсэн төлөөлөгч У.Азжаргалын гаргасан хүсэлтүүдийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Г.Ганцог, Г.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 160.301.382 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч  Г.Г-болон хамтран үүрэг гүйцэтгэгч  Г.Н- нартай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1080019116 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 122.000.000 төгрөгийг зээлдэгч нарт 120 сарын  хугацаатай, жилийн 3,3 хувь дээр 16,5 хувийн суурь хүүг нэмж, 19,8 хувийн хувьсах хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон байна./ хх-ийн 9-11 /

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184,82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн            Ү-2202022542 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022608 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 16-30/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон Г.Ганцог, Г.Н- нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болохыг үндэслэлтэй дүгнэсэн байна.

Талууд зээлийн мөнгөн хөрөнгө 122.000.000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөн дүнгийн  талаар  тус тус маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүйн улмаас “Х банк” ХХК хариуцагч Г.Ганцогт 2017 оны 7 дугаар сарын      04-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна. / хх-ийн 15, 31, 32 /

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг дээр дурдсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ цуцласан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлах нөхцөл 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрдсэн байсан гэж үзсэн нь үндэслэлгүй болсон байхаас гадна хариуцагч талын төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаж аваагүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй гэж хуулийг буруу тайлбарлажээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх зохицуулалт нь зөвхөн гүйцэтгэх хугацаа нь болсон үүрэгт хамааралтай ба талууд гэрээний хавсралтаар сар бүр төлөх зээл, хүүгийн хэмжээг тохиролцсоныг үндэслэн зээлдэгчийн төлсөн мөнгийг үндсэн зээл, хүүд хуваарилан зээлийн үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тусгасан гэрээний хавсралт нь гэрээний салшгүй хэсэг мөн боловч талууд зээлийн жилийн хүүг 19,8 хувийн хувьсах хүүтэйгээр гэрээний 2.2-т тохиролцсон байсныг “Х банк” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А1/951 тоот тушаалд зааснаар зээлийн гэрээний жилийн хүү 18 хувь болгож, анх гэрээ байгуулснаас 1,8 хувиар буурсан нөхцөлөөр хариуцагч нарын зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол хийснийг буруутгах үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх зээлийн гэрээний 5.1-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцсэн байхад тооцоолол ойлгомжгүй гэсэн хуульд заагдаагүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Иймд анхан шатны шүүх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцлах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл 103.888.014 төгрөг, зээлийн хүү 55.824.748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588.620 төгрөг, нийт 160.301.382 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэргийн материалтай танилцсан байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

Мөн зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг хамааралгүй бөгөөд хэрэглэх ёстой хууль биш байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  гаргасан “...шүүх  ... зээлийн гэрээний 5.2-т заасан нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр бус болохыг дүгнэсэнгүй...”  гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2. дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Ганцог, Г.Н- нараас  160 301 382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай” гэж, 3 дах заалтын “906 632” гэснийг “1 029 657” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 906 632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс төлсөн 280 976 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ