Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/00853

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2020/00853 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 30а байр, 27 тоотод оршин суух, Ганбаатарын Ганцог /РД:ЦГ78051019/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хороолол, 18 байр, 2 тоотод оршин суух, Ганбаатарын Надмидцэрэн /РД:ЦГ75062816/ нарт холбогдох

160,301,382 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, хариуцагч Г.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нар нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хас Банктай 1080019116 дугаартай зээлийн гэрээ, 1080019116-01, 1080019116-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 122,000,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хувьсах хүүтэй, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээнд Г.Надмидцэрэн нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 1080019116 дугаартай зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамжны 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамжны 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамжны 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2202015332 дугаартай, нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Г-2202015331 дугаартай, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 1080019116 дугаартай зээлийн дансыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг 1,049 хоног тус тус хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан 1080019116 дугаартай зээлийн гэрээний 6.1.1-д тус тус заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 137001947 дугаартай зээлийн гэрээ дугаар зээлийн гэрээг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар доорх зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үндсэн төлбөр 103,888,014 төгрөг, зээлийн үндсэн хүү 55,824,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588,620 төгрөг, нийт 160,301,382 төгрөгийг зээлдэгч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас гаргуулах, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.

2017 оны 7 сарын 6-ны өдрийн А1/951 тоот Хас банкны ерөнхий захирлын тушаалаар хувьсах хүүтэй зээлүүд жилийн 18 хувийн тогтмол хүүтэй болсон, зээлдэгч нартай гэрээг болон эргэн төлөлтийн хуваарийг хийгээгүй юм байна лээ. Зээлийн төлбөрөө хуваарьт өдрөө төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацааны хүүг нь урьдчилж төлүүлээд, дараагийн төлөлтөөс нь хасаж тооцоод явдаг. 2018.02.28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, Г.Ганцог олдохгүй байсан учир шүүхэд хандаж чадаагүй явсаар 2019 оны 11 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гэрээгээ цуцалж, төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон ... гэв.

Хариуцагч Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Ганцог, Г.Надмидцэрэн нар Хас банк ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 122,000,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.3 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Гэрээний 2.2-т зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба тус хугацаанд мөрдөх зээлийн хувьсах хүүгийн хувь хэмжээг 19.8 хувь хэмээн тооцож байсан. Хас банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Зээлийн гэрээ-нд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр жилийн хүүгийн хувийг 18 хувь болгон өөрчлөлт оруулсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон. Хариуцагч нар нийт 70,160,850 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний 5.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой гэж үзэхээр байна. Банктай байгуулж буй зээлийн гэрээ нь байнга хэрэглэгдэх, гэрээний нөхцөлийг урьдчилан тогтоож, зээл авахаар ирсэн зээлдэгч бүрд санал болгодог тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний стандарт нөхцөлөөр хуулийн заалтыг тодотгосон журам тогтоож болох хэдий ч түүний агуулгыг өөрчилж, банкнаас тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч болох зээлдэгч нарт хохиролтой байдлаар тодорхойлох нь хуульд харшилна. Иймд хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцоолж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар 70,169,820 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна, маргаангүй ... гэв.

Хариуцагч Г.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нар нь нэхэмжлэгч Хас банк ХХК- тай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 122,000,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу тодорхой төлбөрүүдийг төлж байсан. Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлбөрийг суутгаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна, хариуцагч нар тооцоолол хийгээгүй учир тоо хэлж маргах боломжгүй байна. Шаардлагатай гэвэл санхүүгийн шинжээч томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан заалтыг хэрэглэж өгнө үү. Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалангийн тайлбарыг дэмжиж байна ... гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нарт холбогдуулан зээлд 103,888,014 төгрөг, хүүд 55,824,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 588,620 төгрөг, нийт 160,301,382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаагүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 122,000,000 төгрөгийг хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нарт 10 жилийн хугацаатай, жилийн 3,3 хувь дээр 16.5 хувийн суурь хүүг нэмж, 19.8 хувийн хувьсах хүүтэйгээр зээлж, Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022608 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж, зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал Г.Ганцог, Г.Надмидцэрэн нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Хас банк ХХК өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.

Хас банк ХХК 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Г.Ганцогт 122,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Г.Ганцогийн Хас банк дахь 1080019116 тоот дансны хуулгаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Зээлдэгч нар 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 2 сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 70,169,820 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Талууд зээлийн жилийн хүүг хувьсах нөхцөлтэйгээр гэрээний 2.2-т тохиролцсон байх ба 2017.07.06-ны өдөр зээлийн жилийн хүү 18 хувь болж, анх гэрээ байгуулснаас 1.8 хувиар буурсан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байх боловч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүйн улмаас Хас банк ХХК хариуцагч Г.Ганцогт 2017.07.04, 2019.10.04-нд тус тус зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээгээ цуцалж, шүүхэд хандах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Хас банкны шаардах хуудсаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т ...Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно..., талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн эсхүл бүрэн төлөөгүй бол гэрээний 6.1-д зааснаар банк нэг талын санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Хас банк ХХК гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч талын төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаж аваагүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасанд нийцэхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч нар зөрчвөл Хас банк ХХК дараа сарын төлөх хүүг урьд сарын төлбөртэй хамтад нь төлүүлж, дараа сард хүүг багасгаж төлүүлж байсан нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол гэх баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул дараа сард төлөх хүүг урьдчилж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийн төлөлт хийгдэхэд 23,650,773 төгрөгийн хүүгийн төлбөрийн, 106,888,014 төгрөгийн үндсэн төлбөрийн зөрчил тус тус байсан гэж тайлбарласнаас, талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хуульд зааснаар гэрээг цуцлах нөхцөл 2018.02.28-ны өдөр бүрдсэн байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсанаар гэрээ цуцлах нөхцөл 2018.02.28-ны өдрийн байдлаар үүссэн, үр дүн гарахгүй нь тодорхой болсон байхад нэхэмжлэгч тал шүүхэд хандалгүй 625 хоногийн хугацаа өнгөрүүлсний дараа 2019.11.18-ны өдөр шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна.

Хас банк ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн А1/951 тоот тушаалд зааснаар Хас банк ХХК болон Г.Ганцог, Г.Надмидцэрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний жилийн хүү 18 хувь болсон, зээлийн гэрээний 2.7-д гэрээний 2.3-д заасан үндэслэлээр зээлийн хүүг нэмэгдүүлсэн, буурсан тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөх бөгөөд зээлдэгч энэхүү өөрчлөгдсөн эргэн төлөлтийн хуваарьтай өөрийн биеэр танилцах үүрэгтэй гэж заасан үүргээ Хас банк ХХК зээлийн хуваарь өөрчлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хас банк ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн А1/951 тоот тушаалд зааснаар Хас банк ХХК болон Г.Ганцог, Г.Надмидцэрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний жилийн хүү 18 хувь болсон, уг тушаалыг 2017 оны 8 сарын 1-нээс мөрдөхөөр заасан тул хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваариар 2017.08.03-ны өдрийг хүртэл үндсэн зээл, хүүд 79,570,035.29 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Энэ хугацаанд нийт төлсөн 70,169,820 төгрөгийг хасвал, хуваарь өөрчлөх үе 2017.08.03-ны байдлаар 9,400,215.29 төгрөгийн гэрээний үүргийн зөрчилтэй байсан гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний жилийн хүү 18 хувь болсон байхад гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийгээгүй, хүү өөрчлөгдсөн 2017.08.03-ны өдрөөс 2018.08.03-ны өдрийг хүртэлх 365 хоногийн хугацаанд гэрээг цуцлахаар шүүхэд хандах боломжтой байсан, хэргийн нөхцөл байдал зэргээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2018.08.03-ны өдрөөр тасалбар болгон цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.

Эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2018.08.03-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 107,030,622 төгрөг байсан, уг үндсэн зээлийн жилийн хүүг 18 хувиар тооцоход 19,265,512 төгрөг болж байна. /107,030,622*18хувь/

Эргэн төлөлтийн хуваариар 2017.08.03 хүртэл зээлдэгч нар зээл, хүүд 79,570,035.29 төгрөг төлөхөөс 70,169,820 төгрөг төлж, хүү өөрчлөгдөх хүртэлх үүрэгт 9,400,215.29 төгрөг дутуу төлөлттэй байсан.

Үндсэн зээлийн үлдэгдэлд 107,030,622 төгрөг, үндсэн зээлийг 2017.08.03-ны өдрөөс 2018.08.03-ны өдрийг хүртэл ашигласан хугацааны хүүд 19,265,512 төгрөг, 2014.11.06-наас 2017.08.03-ны өдрийг хүртэл нийт 35 удаагийн төлбөрийн үлдэгдэл 9,400,215.29 төгрөг, нийт 135,696,349.29 /нэг зуун гучин таван сая зургаан зуун ерэн зургаан мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор гэрээний 5.1-д заасан байх боловч аль дүнгээс, ямар хугацааны хооронд, хэдэн хувийн үндсэн хүүгээс хэдэн хувиар тооцсон тооцоолол ойлгомжгүй /19.8 хувийн хувьсах хүү 2017.08.01-нээс 18 хувь болсон, 2 өөр үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор байхад хэрхэн тооцсон нь ойлгомжгүй/, тооцооллыг шүүх тооцоолон бодох боломжгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 588,620 төгрөг, зээлийн хүү, үндсэн зээлд илүү нэхэмжилсэн 24,046,412.71 төгрөг, нийт 24,605,032.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас зээлд 107,030,622 төгрөг, зээлийн хүүд 19,265,512 төгрөг, хүү өөрчлөгдөх хүртэлх гэрээний үүрэгт 9,400,215.29 төгрөг, нийт 135,696,349.29 /нэг зуун гучин таван сая зургаан зуун ерэн зургаан мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 24,605,032.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022608 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 135,696,349.29 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч үндсэн зээлд 103,888,014 төгрөг нэхэмжилсэн, шүүх 107,030,622 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй 3,142,608 төгрөгийг шийдсэн гэж харагдахаар боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрээгүй, шүүх хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, төлбөрийг тооцсон, нэхэмжлэлийн шаардлага дотор багтаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас 135,696,349.29 /нэг зуун гучин таван сая зургаан зуун ерэн зургаан мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,605,032.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022608 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 135,696,349.29 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,029,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас 906,632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ