Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 280

 

                                                                           

Ц.Б, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1104 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолтой, Ц.Б, Д.Б нарт холбогдох 201625031900 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Т овогт Д-ийн Б,

2.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргээс бүлэглэж У.У, Д.М нарыг залилан 45,510,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Б, Ц.Б нарыг бусдын сүсэг бишрэлийг далимдуулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нарын тус бүрт 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос  шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Б, Ц.Б нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нарын тус бүрт 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэж,

9 дэх заалтын “...эд хөрөнгө битүүмжилснийг дурдсугай” гэснийг “...эд хөрөнгийг хохирол, төлбөр гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Д.Б-ээс 3,170,000 төгрөг гаргуулж, хохирогч М.Ж-д олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүх хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Оюунгэрэл бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 624 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б-ыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1104 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос  шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Б, Ц.Б нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нарын тус бүрт 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэж,

9 дэх заалтын “...зэрэг эд хөрөнгө битүүмжилснийг дурдсугай” гэснийг “...зэрэг эд хөрөнгийг хохирол, төлбөрийг гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Д.Б-ээс 3,170,000 төгрөг гаргуулж, хохирогч М.Ж-д олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаартай тогтоолоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэж 01 дугаар дүгнэлт гаргасан байна. Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...” шинэ нөхцөл илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолд торгох ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Д.Б-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Прокурор хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу хянахдаа уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд бичгээр дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна.

Дээрх зохицуулалтын дагуу прокуророос Д.Б, Ц.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох” нөхцөл байдал шинээр илэрсэн гэсэн үндэслэлээр дүгнэлт бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нарыг тус бүр 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1104 дүгээр магадлалаар шүүгдэгч нарыг тус бүр 4,000,000 төгрөгөөр торгох ял болгон хүндрүүлэн өөрчилснийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болохоор хуульчлагдсан байсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуулийн дээрх зохицуулалтын ял хүндрүүлэх хэсэгтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн...баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн 01 дүгээр дүгнэлт гаргасныг Монгол Улсын Их хурал хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудын “ял хүндрүүлэх” тухай зохицуулалтад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ял хүндрүүлэх эрхгүй болж, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлсэн хэргүүдийг дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Иймээс прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Д.Б, Ц.Б нарыг тус бүр 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн болон уг заалтыг хэвээр үлдээсэн хяналтын шатны шүүхийн тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1104 дүгээр магадлалын шүүгдэгч Д.Б, Ц.Б нарыг тус бүр 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн болон уг заалтыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР