Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/624

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

            Улсын яллагч М.Очбадрах,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Ням, Ж.Энхтуяа,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъян, С.Батжаргал нарыг оролцуулан, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон, Т овогт Д-ийн Б, Б овогт Ц-ийн Б нарт холбогдох эрүүгийн 201625031900 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэртэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 23-553 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алдарт эхийн 2 дугаар одон”-гоор тус тус шагнуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д-ийн Б  (РД:хх000000),

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Гэр хорооллыг орон сууцжуулах” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 2-62 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Б (РД:хх0000000),

нар нь бүлэглэн

-Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох хугацаанд “ахмадын байрнаас хямд үнэтэй байр худалдан авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч М.Жаргалдоржоос 10.170.000 төгрөгийг,

-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хоорондох хугацаанд “2 өрөө, 48-50 метр квадрат байрыг 30 сая төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч У.Ундрахжаргалаас 20.340.000 төгрөгийг,

-Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Төрийн банкаар дамжуулан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “ахмадын байрнаас 53 метр квадрат байрыг 35 сая төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, хохирогч Д.Мөнхжаргалаас 25.170.000 төгрөгийг,

Шүүгдэгч Д.Б нь ганцаараа

-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд “100 айлд байрлах ахмадын байрнаас 54 метр квадрат байрыг 35 сая төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж Э.Мөнхтулгаас 12.170.000 төгрөгийг,

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа

-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хоорондох хугацаанд “Буянт-Ухаа 2 байранд төрийн албаны хөнгөлөлттэй байрыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч Г.Б-оос 7.150.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:-Би хүнд итгэсэн нь буруу боллоо. Ц.Б-ын эгчийг таньдаг учраас ямар нэг баримтгүй мөнгө дансаар болон бэлнээр өгсөн. Энэ асуудлыг Ц.Б-ын эгчийнх нь хүү н.Дугар мэдэж байгаа. Би хүн залилах байсан бол өөрийн хүүхдүүдийг энэ асуудалд оруулж мөнгө гаргахгүй байсан. Хэрэгт 170.000 төгрөгийн асуудал байнга л яригдаж байгаа. Ц.Б хэлэхдээ байр хөөцөлдөхөд хэрэглэх бичиг, баримтын мөнгө гэж хэлсэн. Тийм учраас би хүмүүст Ц.Б-тай уулзаарай гэж хэлэхээр Ц.Б би завгүй байна. Мөн миний дансаар мөнгө шилжүүлж болохгүй. Намайг байнга цаанаас шалгаж байдаг. Та мөнгийг нь авчих, би дараа өөрөө очоод танаас авна гэж хэлдэг байсан. Би хөгшин хүн орон сууцны тухай мэдлэг тааруухан. Ц.Б бидэнд байр авч өгөхгүй байсан бол яагаад Н.Буянтогтох, н.Ундрахжаргал, н.Баярсүх нарт 2-3 газарт байр үзүүлээд явдаг байсан юм бол үүнийг гайхаж байна. Миний хүү, бэр хоёрт мөн н.Дугарт 2 айлын газрыг 7.170.000 төгрөгөөр авч өгнө гэж хэлж мөнгө авсан. Бүх баримт надад байдаг. Намайг буруутай гэж үзвэл ямар учраас миний гаргаж өгсөн баримтуудыг авдаггүй юм. Өөрийн мөнгөө хаанаас яаж гаргаж авахыг мэдэхгүй байна. Хүмүүс надад итгэж байна гээд миний дансанд мөнгө шилжүүлж байсан нь үнэн. н.Даваажаргал руу залгаж 2.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. н.Мөнхтулгын 7.000.000 төгрөг миний дансанд орж 3.000.000 төгрөгийг дараа нь бэлнээр авч ирж өгсөн. Тэрийг нь Ц.Б манай гэрт ирээд миний хажууд тоолж үзээд авдаг байсан. Эдгээр мөнгө миний дансаар дамжсан учраас би буруутан болж байна. н.Ундрахжаргалын 15.360.000 төгрөгийн би Ц.Б-д өгсөн. Тэгээд Ц.Б-ын ажил дээр очиж уулзахад таны мөнгө улсын дансанд орсон. Оронд нь өөр хүн оруулж байж энэ мөнгө гарна. Эсвэл гарах боломжгүй байна гэж хэлсэн. Ц.Б, н.Ундрахжаргалд 2-3 байр үзүүлсэн гэдэг. Тэгээд н.Ундрахжаргалын мөнгийг та төлчих, таны бас охины чинь байр бараг л бэлэн болсон гэж хэлэхээр нь би төлсөн гэв.

Д.Б-ээс мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-Жаргалдорж энэ хэрэгт 10.170.000 төгрөгийн хохиролтой байгаа. Энэ мөнгөнөөс 5.170.000 төгрөгийг нь би аваагүй Жаргалдоржийн эхнэр Жавзмаа, манай охин Буянтогтох бид гурав цугтаа явж байгаад Төв бассейны ард байх ресторанд орж хоол идэж сууж байгаад Жавзмаа бэлнээр 5.000.000 төгрөгийг өгсөн юм. Дараа нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Жаргалдорж манай гэрт эхнэртэйгээ хамт бэлэн 5.000.000 төгрөг авч ирж өгсөн ба би түүнийг нь аваад маргааш нь ажлынх нь гадаа очиж манай хүү Хүрэлбаатарын цагаан өнгийн суудлын автомашин дотор бэлнээр өгсөн. Энэ үед хажууд Хүрэлбаатар байсан.

Э.Мөнхтулгын мөнгө Даваажаргалаар дамжигдан 2016 оны 5 дугаар сарын 07-нд миний дансанд 7.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг орж ирсэн тухай би Ц.Б-д хэлсэн чинь Ц.Б за байлгаж бай би нэг мөсөн авъя гэж хэлсэн. Тэгээд миний дансанд байж байсан ба 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ц.Б над руу яриад яаралтай мөнгө хэрэг болчихлоо би нөгөө байрны хүнтэй ярих гээд байна гээд манайд хүрээд ирэхээр нь нөгөө 7.000.000 төгрөг чинь байгаа гэсэн чинь 2.000.000 төгрөгийг нь одоо өгчих гээд манай гэрт ирхээр нь би бэлнээр 2.000.000 төгрөгийг ХУД 7 дугаар хороо Жаргалантын 23-553 тоотод байх гэртээ охин Буянтогтохын хажууд өгсөн Ц.Б өөрөө хар өнгийн машинтай бөгтөр нуруутай эрэгтэй хүнтэй цуг явж байсан. Ингээд 5.000.000 нь миний дансанд байж байхад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Даваажаргал манайд 3.170.000 төгрөгийг авч ирж надад өгсөн ба 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мөн 2.000.000 төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн юм. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10.500.000 төгрөг болгоод бэр Навчаа охин Буянтогтох, хүргэн Сэмжааны хажууд өгсөн. Ингээд Мөнхтулгын мөнгийг Ц.Б-д бүрэн өгсөн. Энэ үед Ц.Б-д манайд тэр бөгтөр нуруутай эрэгтэй хүнтэй цуг ирсэн.

У.Ундрахжаргалаас авсан 20.340.000 төгрөгийг бүгдийг нь өөрийнхөө дансаар аваад 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эхлээд 15.340.000 төгрөгийг нь Ц.Б-ын данс руу хийж байсан. Үлдсэн мөнгийг байр нь удаад байхаар нь буцаагаад Ундрахжаргалд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Удрахжаргалын данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Д.Мөнхжаргалаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Оюунбилэгийн дансаар 20.000.000 төгрөг, дараа нь бас миний дансаар 5.170.000 төгрөг орж ирсэн. Нийт 25.170.000 төгрег авсан. Мөнгө авсаны дараах нь данснаасаа 20.000.000 төгрөгөөр 1 удаа гаргаад ажил дээр нь /хэзээ гэдгийг нь санахгүй/ ганцаараа аваачиж өгсөн. Ажлын газрынх нь зүүн талд машин дотор өгсөн. Ямар машин дотор өгсөн гэдгээ санахгүй байна. үлдсэн 5.170.000 төгрөгийг нь Ц.Б намайг байхгүй хойгуур манай охин Буянтогтохоос ирж авсан байна лээ. Бас нөгөө бөгтөр нуруутай хүнтэйгээ явж байна лээ гэж байсан. Дээрх мөнгүүдийг хэзээ өгснийг нарийвчлан санахгүй барагцаагаар 2016 оны 5-аас 6 сарын үед өгсөн байх гэж бодож байна.

Би өөрөө бас ахмадын хямдхан байр авна гэж 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 23-553 тоотод байх гэртээ Хүргэн Сэмжаан, бэр Наваа, охин Буянтогтох нарын хажууд 5.170.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би мөн Ундрахжаргалын 15.340.000 төгрөгийг Ц.Б-ын өмнөөс төлж барагдуулсан байгаа. Энэ мөнгийг бас нэхэмжилж байна. Би нийт Ц.Б-аас 20.510.000 төгрөгөөр хохирчихоод байгаа. Мөн Жаргалдоржийн хохирлыг барагдуулах гэж Ц.Б-ын өмнөөс 1.000.000 төгрөгөөр бодож 2 үхэр өгсөн байгаа. Ц.Б өөрийнхөө өрийг барагдуулах гээд Жаргалдоржид Ханын мөлхөө тавилга, хөргөгч зэргийг өгч байсан. Яг хэдэн төгрөгөнд бодож өгсөнийг нь сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл тэр хоёрын хооронд болсон асуудал учраас мэдэхгүй байна.

            Манай хүү Ганбаатарын Хүрэлбат өөрийн Биг корн 67-33 УНЦ билүү УБЦ гэдэг жийп автомашинаа 11.000.000 төгрөгөөр 2016 оны 3 дугаар сарын үед зараад тэр 11.000.000 төгрөг нь надад байсан ба ХУД 8 дугаар хороо Сонсголонгийн 11-315 тоот дан хашааг 9.000.000 төгрөгөөр зарсан мөнгө бас бэлэн байсан ба ингээд 20.000.000 төгрөгийг өөрөөсөө аваачиж өгсөн юм. Мөнхжаргалын над руу шилжүүлсэн мөнгөнөөс би аваагүй, өөрөөсөө өгчихсөн юм.

Э.Мөнхтулгын хохирол барагдаагүй байгаа. Мөнхжаргалын 25.170.000 төгрөгийн хохирлыг бол би мэдэхгүй байна. Ц.Б өөрөө бүгдийг нь төлөөд дуусчихсан гэж хэлсэн. Жаргалдоржийн мөнгийг бол би 1.000.000 төгрөгөнд бодож 2 үхэр өгсөн ба бусад 9.170.000 төгрөгийг Ц.Б өөрөө төлсөн.

Ундрахжаргалын мөнгөнд Ц.Б манай хашаанд авч ирж буулгасан байсан Монгол гэрийг 700.000 төгрөгөнд зарсан ба тэр мөнгийг өгсөн. Мөн гэрийнх нь шалыг 250.000 төгрөгөөр бодож Ундрахжаргал өөрөө авсан. Үлдэгдэл 19.390.000 төгрөгийг нь би өөрөө төлж барагдуулсан байгаа. 2016 оны 7 дугаар сарын 26-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-нд 200.000 төгрөг, 2016.08.18-нд 5.000.000 төгрөг, 2016.08.24-нд 1.000.000 төгрөг, 2016.08.29-нд тэтгэвэрийн зээл аваад 3.000.000 төгрөг, 2016.09.15-нд 1.000.000 төгрөг, 2016.09.10-нд 500.000 төгрөг, 2016.09.25-нд 1.500.000 төгрөг өгч барагдуулсан байна. Үлдэгдэл 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Ц.Б хэлэхдээ Ундрахжаргал байраа бүтэхийг хүлээгээд тэвчихгүй мөнгөө нэхээд байна энэ хүүхэд хэл амтай хүүхэд учраас байрыг нь бүтээх аргагүй боллоо. Таны байр бол бүтэх учраас та Ундрахжаргалын мөнгийг төлж бай би харин таны байрыг шууд гаргаад өгчихнө гэж хэлж байсан юм. Тэгхээр нь би Ундрахжаргалын хохирлыг төлсөн гэжээ.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:-Би н.Мөнхжаргал, н.Жаргалдорж нартай холбогдох хэрэгт буруутай. н.Жаргалдоржийн 10.170.000 төгрөгийн асуудалд эхнэрийнх нь дансанд 2.000.000 төгрөг, Д.Б-ийн төрсөн эгчийн дансаар дамжуулж өгсөн. Д.Б эгчийн нэрээр 4.500.000 төгрөг, бэлнээр 640.000 төгрөг, улсын үнэлгээгээр гаргаагүй, дэлгүүрийн зарагдах үнэлгээтэй гэрийн тавилга 1.100.000 төгрөг, хөргөгч 1.090.000 төгрөг гээд н.Жаргалдоржийн хохирол төлбөр дууссан. Д.Б эгчид өөрийн 5 ханатай гэрийг өгсөн. Н.Мөнхжаргалын хувьд бэлнээр 10.120.000 төгрөг, 8 дугаар сарын 9-ний өдөр “Төрийн банк”-ны 181500049 тоот дансаар 450.000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 1.150.000 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, бэлнээр унааны мөнгө 300.000 төгрөг өгсөн. н.Ундрахжаргалын асуудал надад хамаагүй. Миний дансанд Д.Б эгчийн данснаас 4 дүгээр сарын 13-нд 5094076983 тоот дансаар 15.340.000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг н.Жаргалдорж, н.Ундрахжаргал, Д.Б эгчийн мөнгө гэж тайлбарладаг. Д.Б эгч 4.370.000 төгрөг, 4.500.000 төгрөг дансаар өгч бэлнээр 640.000 төгрөг өгсөн. Н.Буянтогтохтой холбоотой асуудал 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр н.Даваадорж гэх хүнтэй уулзсан гээд байгаа. Энэ хүнийг би танихгүй. Өмнөх шүүх хурал дээр л харсан. Би тэр хүний дансны дугаарыг мэдэхгүй. 7 дугаар сарын 11-ний өдөр миний дансны дугаарыг өгч 2.000.000 төгрөг шилжүүлчихээд дараа нь охинтойгоо ирээд авсан. Тухайн үед сургалт таараад н.Магадсайхан гэх жолоочийн хамт 11 дүгээр хорооллын ХААН банкнаас бэлнээр авч өгсөн. Одоо Н.Буянтогтохын мөнгө бид аваагүй гээд байх юм. Н.Буянтогтохоос 7.140.000 төгрөг авсан. Би Н.Буянтогтох, Д.Б эгч хоёроос мөнгө аваагүй. Би барилгын инженер мэргэжилтэй. Надад улсаас 39.9 метр квадрат 2 өрөө байр өгч 2016 оны 12 дугаар сард орж байсан. Тэр байрыг би Д.Б эгчид үзүүлж, харуулсан. Энэ байранд өргөдөл, гомдлын дагуу орж байсан гэж хэлсэн. Хүмүүс хэлэхдээ Ц.Б 9 дүгээр сард байранд оруулна гэсэн н.Ундрахжаргалд 3 байр үзүүлсэн гэж худлаа хэлээд байна. Д.Б эгч хэлэхдээ н.Ундрахжаргалыг мөнгө бэлэн. Нөхөр нь Цагдаагийн байгууллагад ажилладаг. Чи нэг байр үзүүлээдэх гэж хэлэхээр нь би ажлаасаа чөлөө авч гаалийн байрыг үзүүлж байсан гэв.

Ц.Б-аас мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхээр Д.Б эгч над руу залгаад зээлсэн мөнгөө өгч чадахгүй бол Мөнхтулга гэдэг хүнийг чиний хөөцөлдөж байгаа Төрийн орон сууц корпорацийн байрандаа оруул гэж хэлсэн. Тэгээд Мөнхтулга, Д.Б бид гурав миний хөөцөлдөөд байгаа байрны тэнд очиж уулзаад би Мөнхтулгад “энэ байранд орж болохгүй энэ байранд ганцхан төрийн байгууллагад ажилладаг хүн орох ёстой байр юм. Тийм болохоор чи орж болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхтулга надад “ямар сонин юм бэ таныг Д.Б эгч засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлагт ажилладаг орон сууц олгодог хүн гэж хэлсэн шүү дээ” гэсэн, би тухайн үед Мөнхтулгад “би гэр хорооллын орон сууцжуулах төсөл, Баянзүрх дүүрэг хариуцсан мэргэжилтэн” гэж хэлсэн. Мөнхтулга нь “надаас 20 гаруй сая төгрөгийг аваад Д.Б эгч таньд өгсөн гэж хэлсэн” гэсэн. Буянтогтох нь Д.Б-ийн төрсөн охин байгаа юм. Би Буянтогтох, Нууц-Эрдэнэ нараас огт мөнгө авч байранд оруулж өгнө, газар олж өгнө гэж хэлсэн удаа байхгүй. Д.Б нь өөрөө надад “эмчилгээнийхээ зардалд хэрэглэ” гэж хэлээд дансаар 15.340.000 төгрөг л өгсөн. Тэгтэл 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр утсаар яриад Даваадоржийн Мөнхөө гэдэг хүн “та миний байрыг бүтээж өгөх гэж байна уу” гэсэн, тэгээд би Д.Мөнхөөтэй уулзаад ямар учиртай талаар асуухад Д.Б нь Мөнхөөгөөс 27.000.000 төгрөгийг байранд оруулж өгнө гэж хэлээд авсан байсан. Тэгээд би тэр хүмүүст “би Д.Б-ээс мөнгө аваагүй тэгээд ч би байр бүтээж өгдөг хүн биш” гэдгээ хэлсэн. Тэгээд энэ асуудлын талаар Д.Б-тэй уулзахад Д.Б надад “чамд зээлсэн 15.000.000 төгрөгний 10.000.000 төгрөг нь Д.Мөнхөө гэдэг хүний мөнгө байгаа юм. Чи энэ хүний мөнгийг эргүүлж өг” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сард би Д.Мөнхөөд 10.200.000 төгрөг өгсөн. Учир нь Д.Б эгч надад 15.340.000 төгрөг зээлсэн учраас би мөнгө авсан өрөндөө бодоод тэр мөнгийг нь буцааж өгсөн. Би тухайн өдөртөө  2.000.000 төгрөгийг Д.Б-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ шууд данснаас аваад Д.Б нь Жавзмаад өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг Д.Б-ийн данс руу шилжүүлэх гэсэн боловч Д.Б нь Жавзмаагийн данс руу шилжүүл гэж хэлэхээр нь тухайн өдөртөө би 5064046252 дугаарын Мөнхөөгийн Жавзмаагийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс гадна Д.Б нь “7.000.000 төгрөгийг өгье харин оронд нь өөрийнхөө нэр дээр бүтэж байгаа байрандаа манай хүүхэд Хүрэлбаатарыг оруул” гэж хэлээд дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн энэ мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр манай ажил дээр ирээд авсан. Энэ талаар манай ажилд тусалдаг байсан Магадсайхан гэдэг хүн мэдэж байгаа, энэ хүний утасны дугаар байгаа. …Би Мөнхөөд ерөөсөө байр зарна гэж хэлээгүй. Д.Б эгч өөрөө надад би энэ хүмүүст байр зарна гээд хэлчихсэн юмаа, чи аргалаад өгөөч гэж надаар худлаа яриулсан. Түүнээс биш 20 гаруй метр квадрат 40.000.000 төгрөгөөр зарах байр байгаагүй. Би Д.Мөнхөөгийн нүдэн дээр Д.Б эгчид та ингэж ярьж болохгүй шүү дээ, энэ хавьд байгаа айлуудад өгөх ёстой гэж хэлсэн. ...Мөнхөөгийн мөнгөнөөс 15.340.000 төгрөг нь надад орж ирсэн. Тэр мөнгийг нь би цувуулан буцааж төлсөн. Надад тус болж байна гээд л өгөөд байсан. Ямар учраас өгөөд байгааг нь мэдэхгүй. Одоо бодоод байхад бусдаас мөнгө залилчихаад намайг хам хэрэгт татах гэж тэгсэн юм шиг байгаа юм. Тухайн үед бусдад итгэл төрүүлэхдээ намайг Нийслэлийн засаг даргын тамгын газарт ажилладаг, Бат-Үүл даргын туслах хийдэг гэх мэтээр итгэл төрүүлдэг байсан. ...2016 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хөгжим бүжгийн коллежийн харалдаа урд талын автобусны урд талд байх караокед Буянтогтох, Жавзмаа, Д.Б нар намайг ажил дээр байж байхад дуудсан ба намайг хоолонд оруулаад байсан. Д.Б эгч Жавзмаа, Буянтогтох хоёрын хажууд өөрөө 4.750.000 төгрөг өгч байсан. Уг мөнгийг өгчихөөд надад энэ манай хамаатны хүмүүс байгаа юм, санаа зоволтгүй, чи ар гэр амьдралын асуудлаа зохицуул гэж хэлж байсан. Уг мөнгөөр би 1 жилийн хугацаатайгаар байр түрээсэлж амьдарсан юм. Дараа нь Д.Б эгч 2016.4.13-ны өдөр миний данс руу 15.340.000 төгрөг шилжүүлсэн байсан, би үүнийг 4 хоногийн дараа Д.Б над руу утсаар ярихаар нь мэдсэн. Энэ үед би Дархан-Уул аймагт ажлаар явж байсан. Тэгээд яагаад уг мөнгийг шилжүүлсэн талаар асуусан чинь 15.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөг нь Жаргалдоржийн мөнгө байгаа юм. 5.170.000 төгрөг нь миний өөрийн мөнгө байгаа юм шүү гэж явуулсан ба би энэ мөнгөөр чи төрийн сууцны корпорацид байр хөөцөлдөөд өгөөч гэсэн ба надад тийм эрх байхгүй тийм боломж байхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь Д.Б миний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ямар учиртай мөнгө шилжүүлснийг нь би мэдэхгүй.

Дараа нь Д.Б-ийн охин Буянтогтохын данснаас над руу 2.000.000 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа ажил дээрээс ирээд аваад явсан. Уг мөнгийг авч явахад Магадсайхан гэж надтай ажил хэргийн холбоотой хүн цуг байсан. Д.Б-, Буянтогтох хоёр байсан. Мөнжаргал гэж эмэгтэй 2016.04.13-нд миний дансанд 15.З40.000 төгрөг орж ирсний дараахан удалгүй надтай утсаар яриад ирж уулзаж байсан. Дүү билүү эгч Мөнхөө гэж хүнийхээ зураг,  бичиг баримтыг нь өөрийнхөө бичиг баримттай авчихсан явж байсан. Би тухайн үед мөнгийг нь Д.Б рүү буцаагаад шилжүүлэе гэсэн чинь шилжүүлэх хэрэггүй наад хүнд чинь буцаагаад мөнгийг шилжүүлчих юм бол алдчихаж магадгүй гэж Мөнхжаргал гэх эмэгтэй нь яриад байсан гэжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогч Г.Б мэдүүлэхдээ:-Ц.Б эгч мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2015 оны шинэ жилээр Ц.Б эгчтэй танилцсан. Ц.Б эгч газрын албанд ажилладаг, миний эхэд ахмадын байр бүтээж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед би “Асралт баян хайрхан” ХХК-д ажилладаг байсан. Тэгээд байр бүтээж өгнө гэж хэлэхээр нь цалингийн зээл 5.000.000 төгрөг авч, Ц.Б эгчид бэлнээр өгсөн. Дараа дахин эгч нь 2 дүүдээ тус болъё, та 2 залуу хүмүүс байна, “Буянт-Ухаа 2” хороололд захирагчийн албанаас ажилчиддаа 70 гаран метр квадрат байр өгч байна. Эгчдээ итгээрэй гэж хэлсэн. Тэгээд би н.Саранцэцэг эгчээс дахин 5.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж аваад Ц.Б эгчид бэлнээр өгсөн. Дараа нь 1.370.000 төгрөг хэрэгтэй гээд би ажил дээр нь аваачиж өгсөн. Гэтэл ажлын газрынх нь хүн Ц.Б эгч хуралд орсон гэж гарч ирсэн. Би тэр хүнд 1.370.000 төгрөг бэлнээр нь уутанд хийгээд өгч байсан. Дараа дахин 610.000 төгрөг дутаад байна 2 тусдаа дансанд шилжүүл гээд 300.000 төгрөгийг Ц.Б эгчийн дансанд, 310.000 төгрөгийг Д.Алтанцэцэг гэж хүний дансанд шилжүүлсэн. Ингээд нийт 7.150.000 төгрөг өгсөн. Байрны урьдчилгааг 12.150.000 төгрөг гэж хэлэхэд мөнгө дутагдаад байна гэхэд эгч нь үлдсэн мөнгийг өгье. Миний дүү дараа эгчдээ төлөөрэй гэж хэлсэн. “Буянт-Ухаа 2” хорооллын 5 давхарт байр авах уу, 8 давхарт авах уу гэж асуудаг байсан. Надаас нийт авсан мөнгө нь 2 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг бичиг, баримтын мөнгө 170.000 төгрөг, ажил дээр нь аваачиж өгсөн 1.370.000 төгрөг, бэлнээр 610.000 төгрөг гээд нийлээд 7.150.000 төгрөг болж байна гэв.

Г.Б-оос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 02 дугаар сараас эхлэн Ц.Б-тай танилцаж хуурай эгч дүүс болсон. Өөрийгөө Бат-Үүл даргын туслахаар ажилладаг, Нууц-Эрдэнэ та хоёр гэр бүл байгаа юм чинь би Буянт-Ухаа 2 хороололд байр хөөцөлдөж өгье, эгч нь өөрөө батлан даагчаар оръё, тэр байр 2016 оны 5 дугаар сард ашиглалтанд орно, бичиг баримтаа бүрдүүлж өг гэсэн. Ингээд Нууц-Эрдэнэ бид хоёр зөвшөөрөөд, эх Д.Б-ийн дансаар 5.175.000 төгрөг шилжүүлж өгүүлсэн ба бэлнээр 1.370.000 төгрөг, 310.000 төгрөг Ц.Б-ын данс руу, үлдсэн 300.000 төгрөгийг нь Ц.Б-ын өгсөн өөр хүний данс руу шилүүлж 7.155.000 төгрөг өгсөн гэжээ.

Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

1.У.Ундрахжаргалаас:-Би Д.Б бөөд үзүүлж харуулдаг юмаа. 2016 оны хавар нөхөр Лхагвадоржтой очиж Д.Б-т үзүүлж байгаад байр орон сууцтай болмоор байна гэж асуутал өөдөөс би нэг Захирагчийн ажлын албанд ажилладаг Ц.Б гэж хүнтэй танилцсан. Энэ том албан тушаалтай хүн би охиндоо байр захиалчихсан байгаа гэхээр нь надад байр олоод өгөөч гэж хэлтэл Д.Б нь нэг хүн орохоор тохирчихсон байгаа, тэр больчихвол чамд хэлье гээд өнгөрсөн. Тэгтэл Д.Б над руу яриад Төрийн орон сууц Буянт-Ухаа 2 юмуу 100 айлд байрлах ахмадын байрны аль нэгэнд оруулж өгнө 2 өрөө байрыг 30.000.000 төгрөгөөр өгнө гэхээр нь яагаад хямд үнэтэй байгаа юм гэж асуухад Ц.Б гэж хүн өөрөө том албан тушаалтай хүн учраас Ахмадуудад зүгээр олгож байгаа байрны дундаас унагаагаад 30.000.000 төгрөгөөр олж өгч байгаа гэж надад итгүүлсэн. ...байрны урьдчилгаа мөнгөнд 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000, 5 дугаар сарын 27-нд 10.000.000, 6 дугаар сарын 14-нд 2.150.000, дахин 2.850.000 төгрөгийг шилжүүлж бэлнээр 340.000 төгрөг өгч нийт 20.340.000 төгрөг өгсөн байгаа. ...үүнээс хойш байр удаашраад байхаар нь Д.Б-ийг шахаж шаардаж байраа үзье ордероо гаргуулъя гэхэд Ц.Б-тай уулзуулсан.  ...Ц.Б нь Д.Б эгч надад чамайг хэлсэн, Д.Б эгч чамайг өөрийнх нь төрсөн дүү шиг хүн байгаа гэхээр нь би чамд байр хөөцөлдөж байна, бараг бэлэн болчихсон, 100 айлд уу Буянт-Ухаа-2, 5 шард байрлах байрнууд байна чи байршлаа сонго, би одоо амжихгүй амралтаа авч байгаа, орж ирэхээр байраа үз чамайг ямар ч байсан байртай болгож өгнө гэж гээд байсан. Би амарч орж ирээд байранд чинь оруулна гэж хэлчихээд таг болчихсон. Тэгээд амралтаа аваад ажилдаа орчихсон гэж дуулаад байн байн залгаад ярихад өмчлөх эрхийг нь баталгаажуулахыг хүлээж байна, түлхүүр нь бэлэн байна гээд удаашруулаад байхаар нь Д.Б эгчийн гэрт очиж сууж, нилээн хэд хоног уйгагүй явж байж мөнгөө цувуулж авсан. Ц.Б-аас мөнгөө нэхэхээр Улсын дансанд орчихсон мөнгийг яаж буцааж авах юм бэ гэж хэлдэг байсан гэжээ.

            2.Э.Мөнхтулгаас:-2016 оны 5 дугаар сард миний бие орон сууц худалдан авахаар сонирхож, найз нөхөддөө хэлж байсан. Тэгтэл найз Анхбаяр ашиглалтанд ороогүй хямдхан байр байх шиг байна гээд Даваажаргал гэх хүний утасны дугаарыг өгсөн. Ингээд Анхбаяраар дамжуулж Даваажаргалтай танилцан орон сууцны талаар асуусан. …100 айлд байрлах ахмадын байрнаас 54 мкв байрыг 35.000.000 төгрөгөөр худалдан авч болно гэхээр нь эхний ээлжинд 7.000.000 төгрөг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын Хаан банкны салбараас шилжүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мөн Даваажаргалын Хаан банкны данс руу 6.000.000 төгрөг 2 хувааж шилжүүлсэн. Дараа нь 2.170.000 төгрөг эхнэрийнхээ Худалдаа хөгжлийн банкны интернэт гүйлгээгээр Даваажаргалын Хаан банкны данс руу шилжүүлсэн ба нийт 12.170.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш Даваажаргалд дахин мөнгө шилжүүлээгүй, учир нь баталгаа гаргаж өгөөгүй гэсэн асуудал тавихад Даваажаргал чи Д.Б гэж хүнтэй уулз, энэ хүн чамд байр авч өгөх гэж байгаа хүн юмаа, би бол огт хамааралгүй гэж хэлсэн. Тэгээд Даваажаргалаас Д.Б гэх хүний утасны дугаарыг авч ярьж байгаад түүний гэр болох Яармагт очиж уулзахад Д.Б байр чинь асуудалгүй бүтнэ, харин чи үлдэгдэл мөнгөө өгөх хэрэгтэй байна. Байр бүтээж өгч байгаа хүн нь Нийслэлд барилгын мэргэжилтэн Ц.Б гэж хүн бий, энэ хүн байр бүтээж өгнө гэж хэлэхээр нь дахиж мөнгө өгч чадахгүй баталгаа гаргуулж авсны дараа мөнгө өгнө гэдгээ хэлсэн. Тэгтэл Д.Б нь тэгвэл ахмадын байранд ороход гэрээ хийдэг юм тэр гэрээг хийж өгнө, намайг нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, оршин суух газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг зэрэг материалыг гаргуулан авсан. Тэрнээс хойш байнга Д.Б-тэй холбогдоход өнөө маргаашгүй бүтнэ, маргааш, нөгөөдөр гэрээ хийнэ гэж хэлдэг байсан. Сүүлдээ 2016 оны 9 дүгээр сард уг байранд хүмүүсээ оруулна гэхээр нь Ц.Б гэж хүнтэй чинь уулзъя, юу болоод байна гэсэн асуудал тавихад Ц.Б уулзах боломжгүй, гэхдээ байр чинь бүтнэ гэж хэлсэн. Ингээд 8 сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын хойд талд байрлах саарал өнгийн 10 гаруй барилгын тэнд Д.Б-, Ц.Б нартай уулзахад Ц.Б нь Д.Б-ээс мөнгө авсан тэгэхдээ тэр мөнгө нь надад зориулсан байрны мөнгө бол биш харин Д.Б нь өөртөө байр захиалж байгаа талаар хэлсэн. Энэ яриаг сонсож байсан Д.Б нь энэ яриаг үгүйсгээгүй ба Ц.Б нь энэ байрыг өмчлүүлж ордер гаргаж өгөх боломжгүй гэхээр нь тэгвэл мөнгөө буцааж авъя Ц.Б-, Д.Б нарт хэлэхэд Д.Б нь чиний мөнгийг эргүүлэн өгнө гэж хэлсэн гэжээ.

            3.М.Жаргалдоржоос:-2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр Жавзмаа бөө Д.Б-т очиж үзүүлэхэд нь Д.Б "ахмадын байрыг хямдхан авах уу" надад хотын захирагчийн ажлын албанд таньдаг хүн байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Хөгжим бүжгийн коллежийн тэнд ресторанд орж, Д.Б-ээр дамжуулж Ц.Б-тай танилцаж 5.170.000 төгрөг өгсөн. Тэгээд дараа нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Д.Б нь “өгсөн мөнгө чинь хүрэхгүй байна. Дахиж мөнгө өгөх шаардлагатай гэхээр нь би 5.000.000 төгрөг Д.Б-ийн гэрт нь очиж өгсөн. Ц.Б-, Д.Б нар нь эхнэр Жавзмаа бид хоёрыг Хангай хотхоны 13 давхар ахмадын байрны 8 давхарт байгаа байрыг худалдан авна гэж дагуулж очиж үзүүлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сард Ц.Б "би ажилгүй болсон чинь бүтэхээ больчихлоо, түрээсийн орон сууц түр аваад өгье, 2 жил түрээсэлж байгаад өөрийн чинь нэр дээр шилжүүлээд өгье гэхээр нь зөвшөөрөөгүй, нэгэнт байр бүтэхгүй болсон юм чинь мөнгөө авъя гэж Ц.Б-аас удаа дараа шаардсаар байгаад Ц.Б-аас нийт 4.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээн авсан. ...Д.Б нь 2 бяруу өгсөн одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэжээ.

                4.Д.Мөнхжаргалаас:- Д.Б-тэй анх Мөнхөөгөөр дамжуулж танилцсан. Манай дүү Мөнхөө хямдхан байр зарах хүн байна, та авах уу гэж асуусан юм. Би тэгээд тэр байрыг нь үзэж сонирхохоор Д.Б гэх настай эмэгтэйтэй 100 айлын хойд замаар явж байгаад Ахмадын байр ч гэл үү нэг хүрэн өнгөтэй байрны гадаа Д.Б гуайн унаж явсан машин дотор орж уулзсан. Тэгэхэд энэ хавьд маш хямдхан байр байгаа, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд орно, 54 мкв байрыг 40.000.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь хаана байгаа байр юм бэ үзэж болох уу гэж асуутал одоохондоо орж болохгүй байна, үзүүлэх хүн нь ирээгүй байна, надад бичиг баримтаа урьдчилгаа мөнгө өгчих гээд ерөнхийдөө авахаар тохиролцоод салсан. Тэгээд дүүтэйгээ ярьж байгаад найдвар муутай юм шиг болохоор нь эргэж Д.Б-т дүүтэйгээ яриад болихоор шийдлээ гэж хэлчихээд байж байтал Д.Б нь удалгүй эргэж залгаснаа энэ чинь найдвартай байр, дахиж та нарт ийм байр олдохгүй гэх мэт итгэл төрүүлсэн юм яриад байсан. Манай дүү нь Д.Б-ийг мундаг сайн бөө гээд байсан болохоор итгээд бичиг баримтаа бүрдүүлж Д.Б-т өгсөн. Өөрийнх нь хүүхэд бас байранд орно гээд хүүхдийн бүрдүүлж өгсөн материалыг үзүүлээд байсан. Байрны мөнгөө 2 хувааж өгсөн ба 20.000.000 төгрөг, 5.170.000 төгрөг Д.Б-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн боловч байр нь бүтэхгүй удаашраад байхаар нь Улаанбаатар хотод байдаг дүү Мөнхөө хөөцөлдсөөр байж Д.Б-, Ц.Б хоёроос мөнгөө буцааж авсан. Одоо нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэжээ.  

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.О.Анхбаяраас:-Би Даваажаргалыг танилцуулаагүй. 2015 оны үед яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Хавар байсан байх манай хамаатны Даваажаргал маш хямдхан ахмадын байр зарагдах гээд байна би авах гэсэн чинь боломжгүй болчихоод байна чи авах уу гэж надад санал тавьсан юм. Тэр үед надад байр авах бодол, мөнгөний чадал ч байгаагүй учир тухайн үед байр хайж байсан найз Мөнхтулгад хандан байр байна гэж байна, манай хамаатны хүн хэлж байна, чи асуугаад үзээч гэж хэлсэн. Тэгээд холбож өгсөн. Тэрнээс цаашаа юу болсныг мэдэхгүй тэд нар хоорондоо учраа олсон гэжээ.

2.О.Даваажаргалаас:-Би Д.Б гэх хүнийг 2008-2009 оны үеэс мэднэ. Намайг Архангай аймгийн Цэнхэр суманд амьдарч байхад манай нутагт явуулаар ирж үздэг хардаг бөө гэж байсан. ...2016 оны 5 дугаарын сарын үед Архангай аймагт байдаг манай хамаатны эгч Чоймбын Оюунбилэг над руу утсаар яриад эгчийн дүү маш хямдхан ахмадын байр байна, Д.Б удган хөөцөлдөж авч өгнө гэж байна, чи сонирхох уу гэж асуусан. Хэдэн төгрөгний үнэтэй ямар байр юм бэ гэсэн чинь зөндөө олон сонголтууд байгаа ер нь бол зах зээлийн үнээс маш хямдхан, ер нь бол дүүрэг бүрт сонгох боломжтой гэж танилцуулж байсан. Тэгээд би сонирхож үзээд мөнгө төгрөг байхгүй байсан учраас орох боломжгүй юм байна гэсэн чинь өөр хүн байвал асууж сураглаж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр Эрдэнэ-Очир болон манай нөхрийн эгчийн хүүхэд болох Анхбаяр нарын найз Мөнхтулга гэж залуу байр авна гэж сонссон байсан учраас Мөнтулгад дээрх Оюунбилэг эгчийн хэлсэнийг хэлж танилцуулсан чинь Мөнхтулга наадах чинь ямар хямдхан юм бэ боломжийн юм байна. Намайг цаад хүмүүстэй нь холбоод өгөөч гэсэн. Тэгээд би Оюунбилэг эгчид хэлсэн чинь удалгүй Д.Б эгч над руу яриад хөөцөлдөж олж өгөх байраа 54 метр квадрат талбайтай байрыг 35.000.000 төгрөгөөр олж өгнө, хотын аль ч дүүрэгт байж болно. Ахмадын байр хөтөлбөрт хамруулаад ахмадын нэр дээр байр гарангуут нь нэрийг нь шилжүүлээд болчихно гэж хэлж байсан. Тэгээд уг асуудлыг 2016 оны Улсын их хурлын сонгуулиас өмнө яаралтай бүтээж өгнө гэж яаралтай бүх мөнгөө өгөөд дээр нь иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг, өмнө орон сууцгүй гэсэн лавлагаа, ордерийн мөнгө гээд 170.000 төгрөг гэж байсан. Д.Б эгч болохоор мөнгөө л хурдан хийгээдэх яаралтай хийгээдэх гээд байсан. Тэгээд би энэ тухай Мөнхтулгад дамжуулж хэлээд мөнгөө аваачаад өгчих гэсэн чинь Мөнхтулга надад би тэр хүмүүсийг чинь сайн танихгүй итгэхгүй байна мөнгөө чамаар дамжуулж өгнө гээд өгсөн, бүх мөнгөө надаар дамжуулж өгсөн. Мөнхтулга мөнгөө миний дансанд хийхээр нь би Мөнхтулгатай цуг байж байгаад тэр дор нь Д.Б эгчийн данс руу хийдэг байсан гэжээ.

3.Т.Нууц-Эрдэнээс:-Анх 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Б нь манай хадам эх Д.Б-ийн гэрт ирэхэд нь танилцаж байсан юм. Тэгээд тэрнээс хойш 2016 оны 2 дугаар сард Ц.Б нь манай гэрт ирээд өөрийгөө “Газрын албанд ажилладаг байрны ордер шийдэж өгдөг, Бат-Үүл даргын туслах” гэж танилцуулж байсан. Тэр үед Ц.Б-, Баттогтох бид гурав тохирохдоо “байрны урьдчилгаа мөнгө нь 12.000.000 төгрөг байгаа 5.000.000 төгрөгийг нь би та хоёрт хувиасаа зээлнэ 7.000.000 төгрөгийг нь бичиг баримтын мөнгөтэйгээ та хоёр өгөөрэй” гэж Ц.Б нь Баттогтох бид хоёрт хэлсэн. Тэгээд Ц.Б нь эхнэр бид хоёрт Буянт-Ухаа 2 хороололд төрийн албаны хөнгөлөлттэй байр хоёрхон ширхэг байна. Нэгийг нь танай Д.Б-т нөгөөг нь та хоёрт олж өгч туслъяа гэж хэлсэн. Тэгээд бид нар Ц.Б-ыг бид нарыг байранд оруулж өгөх юм байна гэж ойлгоод 2016 оны 3 дугаар сард Д.Б-ээр дамжуулан Саранцэцэгээс зээлж авсан 5.000.000 төгрөгийг Ц.Б нь эх Д.Б-ийн гэр болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 23-553 тоотод байх гэрт нь ирж авсан. Тэгээд 2016 оны 3 дугаар сар дотроо багтаагаад 1.370.000 төгрөгийг Саранцэцэгээс зээлж аваад Ц.Б-д бэлнээр ажил дээр нь аваачиж өгөх гэсэн боловч Ц.Б нь “хуралтай байна туслахаа гаргаад авахуулая гэж хэлээд Сувд-Эрдэнэ гэдэг хүнийг гаргаад авахуулсан. Дараа нь 610.000 төгрөг миний данснаас, 300.000 төгрөг Ц.Б-ын данс руу үлдсэн 310.000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүсэн, энэ нь 2016 оны 4 дүгээр сард болсон. Дараа нь бэлнээр 170.000 төгрөгийг байрны бичиг баримтын мөнгө гэж хэлээд Ц.Б-д бэлнээр манай гэрт ирэхэд өгсөн. Энэ явдлаас хойш би Ц.Б-тай уулзахгүй байж байгаад, утсаар ярихад “улсын баяр наадам дуусгаад би баяртай мэдээ дуулгана” гэж хэлсэн. Тэгээд би баяр өнгөрөөгөөд дахиад Ц.Б-тай холбогдоход Ц.Б нь “удахгүй бүтнэ” гэдэг байсан тэгээд би бүүр сүүлдээ уур хүрээд Ц.Б-тай албаар уулзая гэж дуудаж байгаад Сансарт буузны газарт уулзахад Ц.Б нь “эгч нь ажилгүй болсон та хоёрын мөнгийг буцааж өгнө, бүгдийг нь өгч чадахгүй цувуулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Ц.Б нь утсаа авахгүй, сураггүй болчихсон гэжээ.

4.Б.Саранцэцэгээс:-2016 оны 02 дугаар сард 5.000.000 төгрөгийг Д.Б Буянтогтох хоёр манай ажил дээр ирээд, Буянтогтох нь Буянт-Ухаа 2-т байр авах гэж байгаа, хүн хямдхан байр олж өгөх гэж байгаа юм. Тэр үедээ надад байр зарах гэж байгаа талаар хэлээгүй. Д.Б ярихдаа Буянтогтоход тэр Буянт-Ухаа хоёрын байрыг авч өгнө гэж ярьж байсан. Тэгээд удаагүй байж байхад дахиад мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 1.500.000 төгрөг авсан. Тэрнээс хойш 2016 оны 7 дугаар сард Д.Б “ахмадын байранд орох гэж байгаа юм. Мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд 5.000.000 төгрөг авсан. Тэгээд дараа нь 2016 оны 8 дугаар сард Д.Б дахиж над дээр ирээд “5.000.000 төгрөг зээлээч” гэсэн тэгэхэд нь би тухайн үед Д.Б-ээс ямар учиртай хаана ямар байр авах гэж байгаа талаар асуухад Д.Б надад хэлэхдээ “100 айлд ахмадын байр 25.000.000 төгрөгөөр авах гэж байгаа. Захирагчийн албанд ажилладаг нэг хүн байр авч өгөх байгаа юм” гэж хэлсэн. Би Д.Б-ээс “Буянтогтох нөгөө байрандаа орсон уу?” гэхэд Д.Б арай ороогүй байгаа. Удахгүй бүтэх байх.” гэж хэлсэн гэжээ.

5.Д.Мөнхөөгөөс:-Анх нутгийнхаа хүн болох Оюунбилэгээр дамжуулж Д.Б-тэй танилцаж байсан. Хямд байр олдох талаар Оюунбилэгээс  сонсоод байр захиалж болох талаар асуулгахад болно гэж байна, 2 өрөө болгох боломжтой 1 өрөө байрыг 35.000.000 төгрөгөөр худалдан авч болох талаар ярьсан тул Улаанбаатар хотод байдаг эгч Д.Мөнхжаргалыг Д.Б гэж хүнтэй уулзаад байр тодруулж бичиг баримтаа өгөөрэй гэж хэлсэн багөөд манай эгч Мөнхжаргал нь Д.Б-тэй уулзаж 35.000.000 төгрөгөөр байр авахаар болж 25.170.000 төгрөг өгсөн ба 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болтол нөгөө байр нь тодорхойгүй сураггүй болчихоор нь Оюунбилэгээс Д.Б-ийн утасны дугаарыг нь авч ярихад Засгийн газраас өгч байгаа байр болохоор оочер дараалалтай байна. Мөнгөө бүрэн өгсөн хүмүүс нь ороод байна, үлдсэн 10.000.000 төгрөгөө өгчихвөл түрүүнд орчихоор байна, мөн байр, орц, давхраа сонгох боломжтой, цаана нь их том хүн байгаа гэж хэлэхээр нь итгээгүй. 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирээд Д.Б-тэй уулзахад Нарантуулын ард загварын байр үзүүлнэ, ирж байраа үз гэж хэлсэн. Тэгээд яваад очиход Д.Б нь нэг танихгүй эмэгтэй мөн охинтойгоо ирсэн байсан ба тэр эмэгтэйг байр зохицуулж өгч байгаа хүн Ц.Б гэж танилцуулсан. Ц.Б нь Цагаан хуаран гэх хотхонд 1 өрөө 20 метр квадрат байрыг 40.000.000 төгрөг гэж үзүүлсэн ба анх Д.Б-тэй ярьсанаас тэс өөр болоод явчихсан. Тэгэхээр нь анх 53 метр квадрат байрыг 35.000.000 төгрөг гэж бид нар ярьж тохирсон шүү дээ гэтэл Ц.Б-, Д.Б хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Ингэхдээ Ц.Б гэх хүн ярихдаа би Мөнхжаргал гэж хүний нэрээр Д.Б-ээс 15.000.000 төгрөг л авсан, үлдсэн 10.000.000 төгрөгийг нь Д.Б өөрөө авсан байна гэж хэлсэн. Ингээд асуудал бишдээд ирэхээр нь мөнгөө нэхээд шүүх, цагдаад өгнө гэж хэлтэл Ц.Б нь нөхөр бид хоёрыг тусад нь дуудаж уулзахдаа угаасаа ахмадын байр гээд хөнгөлөлттэй байр байсан чинь одоо боломжгүй болчихлоо, өөр дүүргээс сонгох боломжтой гэхээр нь та нарт хулхидуулж чадахгүй мөнгөө авъя гэсэн чинь би 15.000.000 төгрөгийг нь төлнө 10.000.000 төгрөгөө Д.Б-ээс аваарай, би 15.000.000 төгрөгийг чинь Засгийн газарт тушаачихсан учраас мөнгө гаргахгүй байгаа, оронд нь өөр хүнийг олж мөнгийг нь хийж байж чиний мөнгийг өгнө гэхээр нь тэгвэл эгч Мөнхжаргалын байр авахаар бүрдүүүлж өгсөн материалыг нь авъя гэхэд бас тэрийг өгөх боломжгүй гэж хэлсэн. Д.Б-т хандан та ямар муухай юм бэ 10.000.000 төгрөгийг нь авчихсан байна шүү дээ гэсэн чинь би 10.000.000 төгрөгийг нь авчихсан юмаа тэр мөнгийг чинь өгчихье гээд банк ороод 10.000.000 төгрөг авч өгсөн. Тэр өдрөөс хойш Ц.Б-ын ажил дээр байнгын очиж, мөнгөө нэхэж суусаар байж бага багаар цувуулж өгсөн ба 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр миний амралтын хугацаа дуусч нутаг буцах болоход нийт 13.000.000 төгрөгийг цувуулж өгсөн ба 2.000.000 төгрөгний үлдэгдэл байсныг 9 дүгээр сарын дундуур нэхүүлж байж өгсөн. 13.000.000 төгрөгөө цувуулж Ц.Б-аас өөрийн биеэр авсан. Байр захиалж өгсөн мөнгө нь эгч Д.Мөнхжаргал бид хоёрын дунд мөнгө байсан юмаа, надад гомдол санал байхгүй гэжээ.

6.М.Намсрайхүүгээс:-Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хийдэг. Ахмадын орон сууц хөтөлбөр нь 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн засаг даргын 7-720 дугаартай захирамжаар батлагдсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн зорилго нь харж хандах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, төрийн албан хаагч нарыг уг хөтөлбөрт хамруулж хөнгөлөлттэй үнээр түрээслэх буюу халамжийн орон сууц юм. Ахмадын орон сууцыг өмчилж өөрийн нэр дээр авах боломжгүй, зөвхөн түрээсээр амьдрах боломжтой ба түрээслэж байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нас барсан тохиолдолд дараагийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг түрээсээр л оруулна. Түүнээс хүүхэд хамаатан саданд нь дамжуулна гэсэн ойлголт огт байхгүй. 2013 оны Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо буюу 100 айлын орчимд 2 орон сууц баригдаж ашиглалтанд орсон. ...Гэр хорооллын Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байсан. Гэр хорооллын хөгжлийн газар нь манай байгууллагатай ямар ч харилцаа холбоо хамаарал байхгүй гэжээ.

7.Г.Хүрэлбаатараас:-Эх Д.Б нь надад мөнгө өгөөд нэг эмэгтэй дүүгээсээ авсан мөнгө байгаа юм. Энэ мөнгийг Ц.Б-д Сансарын тунелийн наад талд байдаг замын урд талд байдаг газарт нь очиход албаны хүмүүс ажиллаж байсан. Би Д.Б-ээс авсан мөнгөө Ц.Б-д 5.000.000 төгрөг 2016 оны 3 дугаар сарын үед өгсөн. Дараа нь яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. 10.170.000 төгрөгийг аваачиж өгч байсан гэжээ.

8.Н.Жавзандуламаас:-Би Ц.Б эгчтэй 2013 оноос эхлэн Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл орон нутгийн өмчид үйлдвэрийн газарт Ц.Б мэргэжилтнээр, би хүний нөөцөөр ажиллаж байсан. Би 2016 онд 6 ханатай гэрийг зарах болоод ажлынхаа хүмүүст хэлсэн чинь Ц.Б эгч хүн хайгаад үзье гэснээ 7 хоногийн дараа гэрийг чинь үзье хашаандаа бариад байж байгаач гэж хэлсэн. Тэгтэл Ц.Б эгч өөрөө ирж үзээд авъя гээд нэг өдөр нэг залуу буюу над руу утсаар ярьсан танихгүй эгч буюу сая нэрийг нь мэдэх болсон Д.Б түүний хүү хамтдаа ирээд аваад явсан. Ц.Б надад хэлэхдээ манай хоёр хөгшин байдаг хашаандаа өөрийнхөө хүүг тусад нь гаргах гээд худалдан авч байгаа, яг барих залуу нь энэ гээд дагуулж ирсэн залуу руугаа заагаад байсан гэжээ.

9.Ц.Долгороос:-Би Ц.Б-ын төрсөн эгч нь юм. Нэг өдөр Ц.Б над руу яриад стенк, хөргөгч хоёроо Д.Б-т өрөөндөө өгөхөөр боллоо та хүргээд өгөх үү гэхээр нь би хүргэж өгч чадахгүй, чи өөрөө учраатай бол өөрөө хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд намайг байхгүй хойгуур Ц.Б өөрөө ирээд аваад явсан байсан. Ц.Б нь байранд орох гэж байгаа, өргөдлөө өгчихсөн гэж ярьж байсан. Тэр байр нь бүтчихсэн амьдарч байгаад удалгүй гарчихсан, сар болгон мөнгө төлдөг түрээсийн байр байсан юм шиг байна лээ худалдаж аваагүй гэжээ.

10.Ч.Насанхандаас:-...төрсөн ахаа нас барахад би Ц.Б-аас 2013 оны 11 дүгээр сарын үед 600.000 төгрөг зээлж аваад 1 сарын дараа өгч байсан. Хамгийн сүүлд 1.000.000 төгрөгийг 2016 оны зун Ц.Б-аас зээлж авсан мөнгийг 2,3 сарын дараа буцаагаад өгч байсан. Би Ц.Б-ын амьдралыг сайн мэдэхгүй ер нь бол жаахан боломжтой амьдралтай шиг л байгаад байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх баримтуудыг дүгнэн үзвэл:

Нэг.Прокуророос шүүгдэгч Д.Б-, Ц.Б нарыг бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд “2 өрөө, 48-50 метр квадрат байрыг 30 сая төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч У.Ундрахжаргалаас 20.340.000 төгрөгийг, Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Төрийн банкаар дамжуулан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “ахмадын байрнаас 53 метр квадрат байрыг 35 сая төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, хохирогч Д.Мөнхжаргалаас 25.170.000 төгрөг, нийт 45.510.000 төгрөг залилан авсан хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүгдэгч нар нь дээрх иргэдээс авсан мөнгийг амласан ёсоор орон сууц олж өгч чадаагүйн улмаас У.Ундрахжаргалаас авсан 20.340.000 төгрөг, Д.Мөнхжаргалаас авсан 25.170.000 төгрөг, нийт 45.510.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын дунд үе хүртэл хугацаанд тус тус цувуулан, буцаан өгч дуусгасан байжээ.  

 

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Д.Б-, Ц.Б нарт холбогдох 2016 2503 1900 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн байх ба энэ хэрэгт холбогдуулан У.Ундрахжаргалыг 2017 оны 3 дугаар сарын 25-нд, Д.Мөнхжаргалыг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус тус хохирогчоор тогтоож байжээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэх үед У.Ундрахжаргал, Д.Мөнхжаргал нарын хувьд хохирол, хор уршгийн талаар ямар нэг гомдол санал байхгүй байсан байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан тул шүүгдэгч Д.Б-, Ц.Б нарыг бүлэглэн У.Ундрахжаргал, Д.Мөнхжаргал нарыг залилж 45.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй гэж үзэж, дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Хоёр:Шүүгдэгч Д.Б-, Ц.Б нар нь ахмадын хөнгөлттэй орон сууц олгох эрх бүхий албан тушаалтан биш, тийм эрхгүй атлаа бүлэглэн “ахмадын байрнаас хямд үнэтэй байр худалдан авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа нэрээр хохирогч М.Жаргалдоржоос 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 10.170.000 төгрөг цувуулан авсан,

 

Шүүгдэгч Д.Б нь ганцаараа “100 айлд байрлах ахмадын байрнаас 54 метр квадрат байрыг 35 сая төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Мөнхтулгаас нийт 12.170.000 төгрөг цувуулж авсан,

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа “Буянт-Ухаа 2 байранд төрийн албаны хөнгөлөлттэй байрыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч Г.Б-оос 7.150.000 төгрөг цувуулж авсан болох нь

 

шүүгдэгч Д.Б-ийн “Би хүнд итгэсэн нь буруу боллоо. Ц.Б-ын эгчийг таньдаг учраас ямар нэг баримтгүй мөнгө дансаар болон бэлнээр өгсөн. Хэрэгт 170.000 төгрөгийн асуудал байнга л яригдаж байгаа. Ц.Б хэлэхдээ байр хөөцөлдөхөд хэрэглэх бичиг, баримтын мөнгө гэж хэлсэн. Тийм учраас би хүмүүст Ц.Б-тай уулзаарай гэж хэлэхээр Ц.Б би завгүй байна. Мөн миний дансаар мөнгө шилжүүлж болохгүй. Намайг байнга цаанаас шалгаж байдаг. Та мөнгийг нь авчих, би дараа өөрөө очоод танаас авна гэж хэлдэг байсан. Ц.Б бидэнд байр авч өгөхгүй байсан бол яагаад Н.Буянтогтох, н.Ундрахжаргал, н.Баярсүх нарт 2-3 газарт байр үзүүлээд явдаг байсан юм бол үүнийг гайхаж байна. Хүмүүс надад итгэж байна гээд миний дансанд мөнгө шилжүүлж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

            хохирогч М.Жаргалдоржийн “Д.Б "ахмадын байрыг хямдхан авах уу" надад хотын захирагчийн ажлын албанд таньдаг хүн байна гэж хэлсэн. Тэгээд Д.Б-ээр дамжуулж Ц.Б-тай танилцаж 5.170.000 төгрөг өгсөн. Тэгээд дараа нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Д.Б нь “өгсөн мөнгө чинь хүрэхгүй байна. Дахиж мөнгө өгөх шаардлагатай гэхээр нь би 5.000.000 төгрөг Д.Б-ийн гэрт нь очиж өгсөн. Ц.Б-, Д.Б нар нь эхнэр Жавзмаа бид хоёрыг Хангай хотхоны 13 давхар ахмадын байрны 8 давхарт байгаа байрыг худалдан авна гэж дагуулж очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Б-ын “Ц.Б эгч газрын албанд ажилладаг, миний эхэд ахмадын байр бүтээж өгнө гэж хэлж байсан. ... “Буянт-Ухаа 2” хорооллын 5 давхарт байр авах уу, 8 давхарт авах уу гэж асуудаг байсан. Надаас нийт авсан мөнгө нь 2 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг бичиг, баримтын мөнгө 170.000 төгрөг, ажил дээр нь аваачиж өгсөн 1.370.000 төгрөг, бэлнээр 610.000 төгрөг гээд нийлээд 7.150.000 төгрөг болж байна” гэх мэдүүлэг,

            хохирогч Э.Мөнхтулгын “Даваажаргалаас Д.Б гэх хүний утасны дугаарыг авч ярьж байгаад түүний гэр болох Яармагт очиж уулзахад Д.Б байр чинь асуудалгүй бүтнэ, харин чи үлдэгдэл мөнгөө өгөх хэрэгтэй байна. Байр бүтээж өгч байгаа хүн нь Нийслэлд барилгын мэргэжилтэн Ц.Б гэж хүн бий, энэ хүн байр бүтээж өгнө гэж хэлэхээр нь дахиж мөнгө өгч чадахгүй баталгаа гаргуулж авсны дараа мөнгө өгнө гэдгээ хэлсэн. Д.Б нь чиний мөнгийг эргүүлэн өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг,  

             

гэрч О.Даваажаргалын “Д.Б намайг Архангай аймгийн Цэнхэр суманд амьдарч байхад манай нутагт явуулаар ирж үздэг хардаг бөө гэж байсан. Д.Б эгч над руу яриад 54 метр квадрат талбайтай байрыг 35.000.000 төгрөгөөр олж өгнө, хотын аль ч дүүрэгт байж болно. Ахмадын байр хөтөлбөрт хамруулаад ахмадын нэр дээр байр гарангуут нь нэрийг нь шилжүүлээд болчихно гэж хэлж байсан. Мөнхтулга мөнгөө миний дансанд хийхээр нь би Мөнхтулгатай цуг байж байгаад тэр дор нь Д.Б эгчийн данс руу хийдэг байсан” гэх мэдүүлэг,

гэрч Т.Нууц-Эрдэнийн “Ц.Б нь манай гэрт ирээд өөрийгөө “Газрын албанд ажилладаг байрны ордер шийдэж өгдөг, Бат-Үүл даргын туслах” гэж танилцуулж байсан. Тэр үед Ц.Б-, Баттогтох бид гурав тохирохдоо “байрны урьдчилгаа мөнгө нь 12.000.000 төгрөг байгаа 5.000.000 төгрөгийг нь би та хоёрт хувиасаа зээлнэ 7.000.000 төгрөгийг нь бичиг баримтын мөнгөтэйгээ та хоёр өгөөрэй” гэж Ц.Б нь Баттогтох бид хоёрт хэлсэн. Ц.Б нь “эгч нь ажилгүй болсон та хоёрын мөнгийг буцааж өгнө, бүгдийг нь өгч чадахгүй цувуулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Ц.Б нь утсаа авахгүй, сураггүй болчихсон” гэх мэдүүлэг, 

гэрч Б.Саранцэцэгийн “Д.Б надад хэлэхдээ “100 айлд ахмадын байр 25.000.000 төгрөгөөр авах гэж байгаа. Захирагчийн албанд ажилладаг нэг хүн байр авч өгөх байгаа юм” гэж хэлсэн. Би Д.Б-ээс “Буянтогтох нөгөө байрандаа орсон уу?” гэхэд Д.Б арай ороогүй байгаа. Удахгүй бүтэх байх.” гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

гэрч М.Намсрайхүүгийн “Ахмадын орон сууц хөтөлбөрийн зорилго нь харж хандах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, төрийн албан хаагч нарыг уг хөтөлбөрт хамруулж хөнгөлөлттэй үнээр түрээслэх буюу халамжийн орон сууц юм. Ахмадын орон сууцыг өмчилж өөрийн нэр дээр авах боломжгүй, зөвхөн түрээсээр амьдрах боломжтой ба түрээслэж байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нас барсан тохиолдолд дараагийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг түрээсээр л оруулна. Түүнээс хүүхэд хамаатан саданд нь дамжуулна гэсэн ойлголт огт байхгүй. ...Гэр хорооллын Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байсан. Гэр хорооллын хөгжлийн газар нь манай байгууллагатай ямар ч харилцаа холбоо хамаарал байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Г.Хүрэлбаатарын “Би Д.Б-ээс авсан мөнгөө Ц.Б-д 5.000.000 төгрөг 2016 оны 3 дугаар сарын үед өгсөн. Дараа нь яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. 10.170.000 төгрөгийг аваачиж өгч байсан” гэх мэдүүлэг, хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогч нарын мөнгө шилжүүлсэн болохыг нотолсон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Т овогт Д-ийн Б-, Б овогт Ц-ийн Б-нарыг бусдын сүсэг бишрэлийг далимдуулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, энэ зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь 2016 онд бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны хуучин Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах боловч 2017 оны 7 дугаар сараас мөрдөгдсөн шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” хэмээн заасан тул шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарт торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжтой гэж шүүх үзлээ. Торгох ялын нэг нэгжийг нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.

Шүүгдэгч Д.Б-ээс 12.170.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Мөнхтулгад олгуулахаар, шүүгдэгч Ц.Б-аас 7.150.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-од тус тус олгуулах нь зүйтэй. Хохирогч Э.Мөнхтулга нь гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж байгаа гэх тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярсүхэд хохирлын мөнгө олгуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч М.Жаргалдоржийн төлбөрт шүүгдэгч нараас бэлэн мөнгө, гэрийн тавилга, хөргөгч, 6 ханатай гэр, 2 ширхэг бяруу өгсөн болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байх ба хэргийн 2 дугаар хавтасны 86 дугаар талд хавсаргасан “М.Жаргалдорж би 6 сая төгрөг авах байсан. Одоо энэ бүгдийг авсан болохоор ямар ч хохирол авахгүй болно” гэх бичгийн баримт хавсаргасан тул шүүгдэгч нараас хохирогч М.Жаргалдоржид төлөх төлбөргүй гэж дүгнэв. Хохирогч М.Жаргалдорж нь өмнөх шүүх хуралдаан дээр үлдэгдэл 3.170.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч түүний дээрх “хохирол авахгүй” гэх бичгийн баримт нь хууль бус, хуурамч болох нь бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх байна. 

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Б, Д.Б нарын утсаар ярьсан ярианы бичлэгийг 2017 оны 11 дүгээр сард Сиди-д хуулбарлан авч хэрэгт хавсаргаж ирүүлсэн ба дээрх ажиллагааг гүйцэтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр хураан аваагүй тул шүүх уг эд мөрийн баримтыг үнэлээгүй болно.  

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг тэдгээрийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-ийн Б, Б овогт Ц-ийн Б нарт холбогдох хэргээс бүлэглэж У.Ундрахжаргал, Д.Мөнхжаргал нарыг залилан 45.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Б-, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

3.Шүүгдэгч Т овогт Д-ийн Б, Б овогт Ц-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын сүсэг бишрэлийг далимдуулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 1.200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Б-ыг 1.200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нар нь энэ тогтоолын 4-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 12.170.000 (арван хоёр сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулж, хохирогч Аовогт Э-ийн М (РД:хх000000)-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярсүх (РД:хх0000000)-д, шүүгдэгч Ц.Б-аас 7.150.000 (долоон сая нэг зуун тавин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Ганбаатарын Буянтогтох (РД:хх000000-д тус тус олгосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 7.5 дугаар зүйлд зааснаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Д.Б-ийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 22-00 тоотод байрлалтай 69 мкв талбайтай Ү00000000 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн сууц, өмчлөн эрхийн 00000000 тоот гэрчилгээтэй 444м2 газрыг, шүүгдэгч Ц.Б-ын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 00 гудамжны 000 тоотод байрлалтай гэр бүлийн зориулалттай 699 мкв газар өмчлөх эрх, 56.04 м.кв хувийн сууц зэрэг эд хөрөнгө битүүмжилснийг дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ