Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1123

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01054 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ҮУПК” УТҮГ-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 218 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02377 тоот шийдвэрээр хариуцагч нь Б.Т-ыг Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалаас үндэслэлгүй халсан буюу хэвлэх үйлдвэрийн ажилчин ажлын байранд үндэслэлгүйгээр шилжүүлсэн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон. Шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гарч, улмаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ҮУПКийн захирлын Б.Т-ыг ажилд томилох тухай Б/15 тоот тушаалын дагуу ажилдаа буцаж орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон, тушаал гарган ажилд нь эгүүлэн авсан тул хариуцагч нь өөр ажилд буруу шилжүүлсэн ажилтанд олговор олгох ёстой. Хуульд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг олгоно гэсэн тул нэхэмжлэгч ямар хугацаанд ажилгүй байх байснаа мэдээгүй тул анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалин хөлс шаардаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилдаа очоогүй, ажиллаагүй гэх тайлбар гаргадаг. Гэтэл ажилтан нь Үндсэн хуульд зааснаар ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй. Мөн хуульд хэнийг ч хууль бусаар албадан ажиллуулж болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч шилжүүлсэн ажилд нь очиж ажилласан бол хариуцагч албадан хөдөлмөрлүүлсэн асуудалд орох байсан. Тиймээс нэхэмжлэгчийг ажилдаа очоогүй гэж буруутгаж болохгүй. Угаасаа очиж ажиллаагүй нь үнэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөр ажилд буруу шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор олгох үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тусгагдсан 2018 оны 3, 4, 5 сарын дундаж цалин хөлс болох 888.415 төгрөгөөр тооцож, нийт 7 сарын цалинтай тэнцэх олговорт 6.218.905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т-ыг сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлсэн болохоос ажлаас нь халаагүй юм. Б.Т-ыг ажлаас үндэслэлгүй халаагүй, өөр ажилд шилжүүлсэн. Тэгвэл Хөдөлмөрийн хуулийг 36.1.2 нь өөр ажилд шилжүүлсэн бол гэж хуульчлаагүй. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг нь энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу олговор олгохыг заасан. Тэгвэл хөдөлмөрийн хуулийн 36.1.2, 69.1 дэх хэсэгт өөр ажилд буруу шилжүүлсэн бол нөхөн олговор олгоно гэсэн заалт байхгүй. Б.Т- нь өөр ажилд буруу шилжүүлсэн тухай нэхэмжлэлээ 2019 оны 9 дүгээр сард шүүхэд өгөхдөө нэхэмжлэлийн шаардлагадаа өөр ажилд буруу шилжүүлсэн гэсэн тухай бичсэнээс биш цалин олговор нэхэмжлээгүй юм. Шүүх тухайн асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн нь зөв юм. Энэ асуудал 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 3 дугаар cap хүртэл бараг 9 cap болж байна. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо шүүхэд гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин олговор огт нэхэмжлээгүй, 9 сарын дараа нэхэмжилж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь шилжүүлсэн өөр ажилдаа 2019 оны 9 дүгээр сард очих ёстой байтал очоогүй. Тэр ажлаа хийж байсан бол цалингийн зөрүүгээ авах ёстой байсан байх. Гэтэл нэхэмжлэгч өөр ажилдаа ч очоогүй. Угтаа бол тэр ажлаа хийж байхдаа шүүхээр гомдлоо шийдвэрлүүлэх ёстой байсан. Ажилдаа ирээч гэхээр наад ажлыг чинь хийхгүй гэсэн хариу өгсөн байсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарах үед цалингаа нэхээгүй тул тэр мөнгийг олгохгүй. Харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл дундаж цалин хөлс 661.906 төгрөгөөр тооцож олговор олгох ёстой байх. Дундаж цалин хөлсийг хариуцагч байгууллагын нягтлан бодогч өөрөө бодож гаргасан бөгөөд Засгийн Газрын тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээнд үндэслэн энэ дүнг гаргасан тул нэхэмжлэгч талын тооцооллыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл энэ цалингаар бодож олгох ёстой байх. Хувь хүн нэхэмжлэлээ яаж гаргах нь түүний асуудал боловч шүүх албан ёсны бичиг баримтыг үндэслэж шийдвэрээ гаргадаг учир хариуцагч байгууллагын нягтлан бодогчийн гаргасан бичгийн нотлох баримтыг үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох байх. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж л үзэж байна гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан ҮУПКоос 2.311.315 төгрөгийг гаргуулж Б.Т-д олгож, Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.907.590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51.931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан хэрэг маргааныг шүүх хоёр хэсэгт хувааж хянан шийдвэрлэх ёстой гэх агуулга бүхий үнэлэлт дүгнэлт хийсэн, мөн үүнийгээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд ийм зохицуулалт байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Т-ын хөдөлмөрлөх эрх 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажил олгогч буюу хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас зөрчигдсөн, уг хугацаанд цалин хөлс аваагүй. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Т-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Мөн түүний ажилгүй байсан хугацаа түр зогсоогүй, тасалдаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг хоёр өөр хугацаанаас тоолсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.    Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан байдаг. Тиймээс нэхэмжлэгч Б.Т- нь цалингийн зөрүү болох олговор биш, харин урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хийсэн үнэлэлт дүгнэлт үндэслэлтэй гэж үзвэл хэрэг маргаан удааширсан, эсхүл давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргасан нэхэмжлэгчийн хувьд сүүлийн гурван сарын олговроо аваад бусад хугацаанд нь ажил ч үгүй, цалин хөлс ч үгүй хохрох нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт заасанг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Хэрэв хариуцагч нэг сарын 661.906 төгрөгийн цалин олгохыг зөвшөөрөөгүй бол 3 сар 9 хоногийг 151.120 төгрөгөөр үржүүлж 453.360 + 63.259 = 516.619 төгрөгийн олговор авах ёстой байсан юм байна. Тиймээс   шийдвэрт   өөрчлөлт   оруулж   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зөв тодорхойлсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч “ҮУПК” УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6.218.905 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02377 дугаар шийдвэрээр “ҮУПК” УТҮГ-ын захирлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Т-ыг нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул дахин нотлох шаардлагагүй гэж үзнэ.  /хх-ийн 12-16/

Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын     06-ны өдрийн 573 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэрийг албадан гүйцэтгэж, “ҮУПК” УТҮГ-ын захирлын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Б.Т-ыг нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан ажилтнаар буцаан томилжээ. /хх-ийн 8/

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар  ажилтныг ажлаас буруу халсан нь шүүхээр тогтоогдвол түүний эрх зүйн үр дагавар нь ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгодог бол ажил олгогчийн санаачилгаар ажилтныг өөр ажилд буруу шилжүүлсэн нь тогтоогдож, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгодог болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 тоот тушаалаар томилогдсон хэвлэх үйлдвэрийн ажилтнаар ажиллаагүй  болох нь тогтоогдсон тул  урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхгүй.

 Харин шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Т-ыг өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоож, өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч хариуцагчаас зөрүүтэй тэнцэх олговор шаардах эрхтэй болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон байхаас гадна нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны олговор гэж хөөн хэлэлцэх хугацааг хоёр өөр хугацаанаас тоолсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй тул шүүхийн шийдвэр гарахаас өмнөх 10 хоногийн хугацааны олговрыг шүүх зөв тодорхойлсон байна.

 Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байр нь ТҮ-7-2, хэвлэх үйлдвэрийн ажилтны ажлын байр нь ТҮ-4-2 зэрэглэл, ангилалд хамаарах  бөгөөд шүүх 2 ажлын байрны цалингийн зөрүүг Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгээр тооцсон нь зөв болжээ.

 Мөн хариуцагчийн зөвшөөрсөн тайлбарын хэмжээнд  шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойших хугацааны зөрүүтэй тэнцэх олговрыг сарын 661,906 төгрөгөөр тооцсон нь талуудын зарчимд нийцсэн байна.  

Иймд  анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас зөрүүтэй тэнцэх олговорт 2,311,315 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасантэй нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01054 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                    Н.БАТЗОРИГ