Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/01054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Л-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: “Ж” УТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,218,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02377 тоот шийдвэрээр хариуцагч нь Лыг “Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаал”-аас үндэслэлгүй халсан буюу хэвлэх үйлдвэрийн ажилчин ажлын байранд үндэслэлгүйгээр шилжүүлсэн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гарч, улмаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Жийн захирлын “Лыг ажилд томилох тухай” Б/15 тоот тушаалын дагуу ажилдаа буцаж орсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг.

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон, тушаал гарган ажилд нь эгүүлэн авсан тул хариуцагч нь өөр ажилд буруу шилжүүлсэн ажилтанд олговор олгох ёстой. Хуульд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг олгоно гэсэн тул нэхэмжлэгч ямар хугацаанд ажилгүй байх байснаа мэдээгүй тул анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалин хөлс шаардаагүй. Харин ажилд эгүүлэн авсан тушаал гарсан өдрөөс хойш 8 хоногийн дараа шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилдаа очоогүй, ажиллаагүй гэх тайлбар гаргадаг. Гэтэл ажилтан нь Үндсэн хуульд зааснаар ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй. Мөн хуульд хэнийг ч хууль бусаар албадан ажиллуулж болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч шилжүүлсэн ажилд нь очиж ажилласан бол хариуцагч албадан хөдөлмөрлүүлсэн асуудалд орох байсан. Тиймээс нэхэмжлэгчийг ажилдаа очоогүй гэж буруутгаж болохгүй. Угаасаа очиж ажиллаагүй нь үнэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөр ажилд буруу шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинтэй тэнцэх олговор олгох үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тусгагдсан 2018 оны 3, 4, 5 сарын дундаж цалин хөлс болох 888,415 төгрөгөөр тооцож, нийт 7 сарын цалинтай тэнцэх олговорт 6,218,905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02377 тоот шийдвэрээр үндэслэлгүй ажлаас халагдсаныг тогтоосон гэж нэхэмжлэлээ гаргасан байна. Гэтэл Лыг сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлсэн болохоос ажлаас нь халаагүй юм.

Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эрүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ... гэж заажээ. Лыг ажлаас үндэслэлгүй халаагүй, өөр ажилд шилжүүлсэн. Тэгвэл Хөдөлмөрийн хуулийг 36.1.2 нь өөр ажилд шилжүүлсэн бол гэж хуульчлаагүй байна.

Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 нь энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу олговор олгохыг заасан. Тэгвэл хөдөлмөрийн хуулийн 36.1.2, 69.1-д өөр ажилд буруу шилжүүлсэн бол нөхөн олговор олгоно гэсэн заалт байхгүй байна.

Л нь өөр ажилд буруу шилжүүлсэн тухай нэхэмжлэлээ 2019 оны 9  дүгээр сард шүүхэд өгөхдөө нэхэмжлэлийн шаардлагадаа өөр ажилд буруу шилжүүлсэн гэсэн тухай бичсэнээс биш цалин олговор нэхэмжлээгүй юм. Шүүх тухайн асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн нь зөв юм. Энэ асуудал 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 3 дугаар cap хүртэл бараг 9 cap болж байна. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо шүүхэд гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин олговор огт нэхэмжлээгүй, 9 сарын дараа нэхэмжилж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Нэхэмжлэгч нь шилжүүлсэн өөр ажилдаа 2019 оны 9 дүгээр сард очих ёстой байтал очоогүй. Тэр ажлаа хийж байсан бол цалингийн зөрүүгээ авах ёстой байсан байх. Гэтэл нэхэмжлэгч өөр ажилдаа ч очоогүй. Угтаа бол тэр ажлаа хийж байхдаа шүүхээр гомдлоо шийдвэрлүүлэх ёстой байсан. Ажилдаа ирээч гэхээр наад ажлыг чинь хийхгүй гэсэн хариу өгсөн байсан.

Нэгэнт шүүхийн шийдвэр гарах үед цалингаа нэхээгүй тул тэр мөнгийг олгохгүй. Харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл дундаж цалин хөлс 661,906 төгрөгөөр тооцож олговор олгох ёстой байх. Дундаж цалин хөлсийг хариуцагч байгууллагын нягтлан бодогч өөрөө бодож гаргасан бөгөөд Засгийн Газрын тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээнд үндэслэн энэ дүнг гаргасан тул нэхэмжлэгч талын тооцооллыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл энэ цалингаар бодож олгох ёстой байх.

Хувь хүн нэхэмжлэлээ яаж гаргах нь түүний асуудал боловч шүүх албан ёсны бичиг баримтыг үндэслэж шийдвэрээ гаргадаг учир хариуцагч байгууллагын нягтлан бодогчийн гаргасан бичгийн нотлох баримтыг үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох байх.

Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж л үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л нь хариуцагч “Ж” УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 6,218,905 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын дундаж цалин хөлсийг 661,906 төгрөгөөр тооцож олгохыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргахдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ажлаас үндэслэлгүй халаагүй, харин өөр ажилд шилжүүлсэн боловч уг ажлыг хийгээгүй учир цалин хөлсний зөрүү ч шаардах эрхгүй гэх үндэслэлүүдийг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“Ж” УТҮГ-ын захирлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 тоот тушаалаар Лыг Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтнээс чөлөөлж, хэвлэх үйлдвэрийн ажилтнаар томилсон байх ба энэ тушаалыг эс зөвшөөрч, өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэлээр гаргасан Лын гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02377 дугаар шийдвэрээр хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоожээ.

 

Шүүхийн шийдвэрт талууд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүйгээс уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа дууссанаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гаргаж, мөн өдөр 32 тоот гүйцэтгэх хуудсыг нэхэмжлэгчид олгосон байх бөгөөд энэ хугацаанаас хойш буюу “Ж” УТҮГ-ын захирлын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Лыг Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан ажилтнаар буцаан томилжээ.

 

Нэхэмжлэгч нь ийнхүү томилогдохоосоо өмнө 2019 оны 6 дугаар сард ээлжийн амралт авснаасаа хойш буюу 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн өөр ажилд буюу хэвлэх үйлдвэрийн ажилтнаар ажиллаагүйгээс цалин хөлс аваагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ үйл баримтад маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн шаардлагад мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

Хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх үр дагавар үүсдэг тул шүүх хөөн хэлэлцэг хугацааг тоолох нь маргаанд ач холбогдолтой.

 

Олговрын хэмжээний тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан.

 Манай тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, харин өөр ажилд буруу шилжүүлсний улмаас шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор бус харин бага цалинтай ажилд шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүү болох олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх асуудал яригдана.

 

Нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны олговор гэж 2 хэсэгт хувааж, хөөн хэлэлцэх хугацааг хоёр өөр хугацаанаас тоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь, өөр ажилд буруу шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүү олговрыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь эрх зөрчигдсөн буюу өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн тушаал гарсан үеэс эхлэн тоологдож, олговор шаардсан нэхэмжлэлийг шүүхэд хэдийд гаргаснаас хамааран түүнээс өмнөх 3 сарын хугацааны доторх олговрыг хөөн хэлэлцэх хугацааны дотор гэж үзэх бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн бүх хугацааны цалингийн зөрүү олговрыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа ажилд эгүүлэн тогтоох хүртэл үргэлжилж, тогтоосон өдрөөс уг үргэлжлэх хугацаа зогсож, хуульд заасан 3 сарын хугацаа тоологдож эхэлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг хоёр өөр хугацаанаас тоолох үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгчийг өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоосон шүүхийн шийдвэр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгч 2 сар 20 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үеийн хугацааг хасан тооцож, шүүхийн шийдвэрээс өмнөх 2019 оны 8 дугаар сарын 01-ээс 2019 оны 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх хугацаанд хамаарах олговрын 10 хоногт холбогдох хэсгийг хуульд заасан хугацааны дотор, харин үлдэх хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний хойно гаргасан гэж үзэхээр байна.

 

Харин шүүхийн шийдвэр гарснаас хойших олговор гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажилд эгүүлэн авсан өдрөөс хойш 14 хоногийн дараа гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гэж үзнэ.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны олговор шаардсан нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул энэ хугацааны олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Бага цалинтай ажлыг хийгээгүй буюу шилжүүлэн томилсон ажлыг нэхэмжлэгч өөрөө гүйцэтгээгүй явдал нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг бүхэлд нь түүнд олгох үндэс болохгүй, цалин хөлсийг хийсэн хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгох Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан зохицуулалт энд үйлчлэх тул шүүх дээр дурдсан хугацааны олговрыг Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны цалин болон хэвлэх үйлдвэрийн ажилтны ажлын байрны цалингийн зөрүүгээс тооцож олгоно.

 

Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байр нь ТҮ-7-2, хэвлэх үйлдвэрийн ажилтны ажлын байр нь ТҮ-4-2 зэрэглэл, ангилалд хамаарах цалингийн сүлжээгээр цалинждаг ажлын байр болох нь шүүхийн 181/ШШ2019/02377 тоот шийдвэрт бичигдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон энэ хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

 

Хэвлэх үйлдвэрийн ажилтны ажлын байрны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх 2 ажлын байрны цалингийн зөрүүг Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Уг жишгээс үзвэл албан тушаалын ТҮ-4 зэрэглэлийн 2 дугаар шатлалын цалингийн доод жишиг 364,854 төгрөг, ТҮ-7 зэрэглэлийн 2 дугаар шатлалын цалингийн доод жишиг 469,171 төгрөг байх тул зөрүү 104,317 төгрөгийн 10 хоногт ногдох 48,520 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор гэж үзэхээр байна.

 

Харин шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны зөрүүг Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцвол албан тушаалын ТҮ-4 зэрэглэлийн 2 дугаар шатлалын цалингийн доод жишиг 528,553 төгрөг, ТҮ-7 зэрэглэлийн 2 дугаар шатлалын цалингийн доод жишиг 679,673 төгрөг буюу зөрүү 151,120 төгрөг гарч байна.

 

Гэхдээ хариуцагч тал шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойших буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 2020 оны 3 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацааны олговрыг сарын 661,906 төгрөгөөр тооцож олгохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул зөвшөөрсөн хэмжээгээр олговрыг тооцох нь зүйтэй.

 

Энэ хугацаанд ногдох буюу 3 сар 9 хоногийн олговор 2,262,795 /(661,906х3)+(661,906:21,5х9хоног) төгрөг гарч байх тул үүний дээр 10 хоногийн олговор 48,520 төгрөгийг нэмж, нийт 2,311,315 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,907,590 төгрөгт холбогдох шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Жоос 2,311,315 төгрөгийг гаргуулж Лд олгож, Лын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,907,590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй ба эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА