Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1124

 

“Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01350 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-, Н.Ц-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36 424 373,38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-, Н.Ц-нар Х банкны Худалдааны танхим тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын   22-ны өдрийн № ЗГ13/177 тоот зээлийн гэрээ, № БГҮ/13/177 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 40.000.000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. Зээлийн гэрээнээс хойш 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн № ЗГ-15/200 тоот нэмэлт зээлийн гэрээ, № БГ-15/200 тоот барьцааны гэрээг байгуулан үлдэгдэл 35.000.000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Зээлдэгч нар үндсэн зээлээс 46.344.278,15 төгрөг, хүүд 15.195.572,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.746,44 төгрөг, нийт 61.587.597,20 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зээлдэгчид нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн № ЗГ13/177 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ15/200 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.6, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч нарт хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 19.247.122,77 төгрөг, хүү 96.877,22 төгрөг, нийт 19.344.000 төгрөгийн үлдэгдэл дээр 15.656.000 төгрөгийн зээл нэмж олгоод 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35.000.0000 төгрөгийн нэмэлт зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн хүүд нэхэмжилсэн 23.245.749 төгрөг нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бодогдсон. Иймд хариуцагч Б.А-, Н.Ц-нараас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, хүүд 23.245.749,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.843.373,38 төгрөг, нийт 36.401.373,38 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 23,000 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд болох хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Цэвээний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204002946 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот нэгж талбарын 18644314246339 дугаартай 314 м.кв Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот 63 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Мөнхбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204020308 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот нэгж талбарын 18644314260343 дугаартай 314 м.кв Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Н.Ц-шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц-би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21-509 тоот хаягт оршин суудаг 1945 онд төрсөн, нас 74, ганц бие болно. Миний охин Б.А- 2013 онд хашаа байшингаа тавиулчих зээл авъя гэхээр нь зөвшөөрсөн. Та банкан дээр очиж гарын үсэг зурах хэрэгтэй байна гэсэн бөгөөд тухайн үед хамтран зээлдэгч болсон гэдгээ ойлгоогүй. 2017 онд Х банкны н.Ганбаатар гэдэг хүн манайд олон дахин ирж, Б.А- нь зээлээ төлөхгүй байна, та хамтран зээлдэгч юм байна таны тэтгэврийг авах хэрэгтэй байна, тэгэхгүй бол хашаа байшинг чинь хураана гэсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сараас хойш өдий хүртэл 3 жил гаруй огт тэтгэвэр авалгүй нийт 10 гаруй сая төгрөг болж байна. Би тэр зээлээс огт мөнгө аваагүй, авсан хүн Б.А- нь хариуцлагаа хүлээж зээлээ төлж барагдуулах байх. Миний тэтгэврийг өөрт минь олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х банк” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд маргах зүйл байхгүй. Б.А- миний бие “Х банк” ХХК-аас зээл хүлээн авсан, зээлийг эхэндээ цаг хугацаанд нь төлж байсан, тухайн үед урагшаа явж, лангуу түрээсэлж ажиллуулдаг байсан. Авсан зээлээ буруу ашиглаж, ямар ч эргэлтгүй, лангуу байхгүй болсон учир 2017 оноос зээлээ төлж чадахаа больсон. Гэвч ээж Н.Цэвээний тэтгэвэр сар бүр 200-300 мянган төгрөгөөс суутгагдан төлөгдөж байсан. Ингээд өөрөө зээлээ төлж чадахгүй байсан учир Увс аймагт байдаг авга эгчийнхээ хувийн шатахуун түгээх газарт цэвэрлэгээ, түгээлт хийх зэргээр ажилд нь туслан бага цалин авч амьдарч байна. Ээж Н.Ц-маань эмнэлгийн оношоор тархины хатингаршил оноштой, үүнийг өөрт нь хэлээгүй, эмнэлгийн бүх бичиг баримт байдаг, даралт нь байнга ихэсдэг. Ээжийн тэтгэврийг өөрт нь олгуулж өгнө үү. Үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр  23.245.749,56 төгрөгийг би төлж барагдуулна, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.843.373,38 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.А-, Н.Ц-нараас зээлийн гэрээний үүрэгт 23.666.717,85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.757.655,53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-, Н.Ц-нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд:

- Н.Цэвээний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002946 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот хаягт байршилтай, 18644314246339 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

- Н.Цэвээний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 63 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө,

- Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020308 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, 18644314260343 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

- Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.А-, Н.Ц-нараас улсын тэмдэгтийн хураамжид 346.483,59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410.272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор ч хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч Б.А-, Н.Ц-нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс үндэслэлгүйгээр 12.757.655,53 төгрөгийг хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч нараас нэхэмжилсэн зээлийн хүүгийн төлбөрийн 23.245.572,61 төгрөг нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 1568 хоногийн хугацаанд бодогдсон хүү,  нэмэгдүүлсэн хүүд 3.843.901,97 төгрөг нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалын хавсралтад заасан аргачлалын дагуу бодож гаргасан дүнгүүд болно. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Б.А-, Н.Ц-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал нийт 36.424.373,38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын  хооронд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 40.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, №ЗГ-13/177 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 35.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө зориулалтаар, жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, № ЗГ-15/200 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 13-15, 24-25 /

 Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №БГ-15/200 тоот барьцааны гэрээг байгуулж Н.Цэвээний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002946 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот хаягт байршилтай, 18644314246339 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 63 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020308 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, 18644314260343 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 26-33/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон Б.А-, Н.Ц-нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болохыг үндэслэлтэй дүгнэсэн байна.

Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс, хойш зээлдэгч нар зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.А-, Н.Ц-нар 35.000.000 төгрөгийн зээлийг гэрээний хугацаа дууссан 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглаж, тухайн хугацааны зээлийн хүүг бүрэн төлөөгүй байна.

 Анхан шатны шүүх хариуцагч нарын төлбөл зохих зээлийн хүүг 4.662.727.86 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүг 7.299.769 төгрөг, нийт 11.962.496.86 төгрөг төлүүлэхээр тооцооллыг буруу хийснээс гадна Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй дүгнэлт хийснийг залруулах нь зүйтэй.

Мөн хариуцагч Б.А- нь үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 23.245.749,56 төгрөгийг  тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад зээлийн хүүг хасч тооцсон нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцээгүй байна.

 

Талууд хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  зээлийн гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцсэн тул хариуцагч нар үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүсэх нэмэлт үүрэг болох нэмэгдүүлсэн хүү 3.843.373,38 төгрөг төлөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, зээлийн хүүг буруу тооцсон байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, хүүд 23.245.749,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.843.373,38 төгрөг, нийт 36.401.373,38 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой нотариатын зардал 23.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар хэн аль нь гомдол гаргаагүй болно.

 Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагдсан үлхөддлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01350 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “23 666 717,85” гэснийг “36 401 373,38” гэж, “12 757 655,53” гэснийг “23 000” гэж, 3 дах заалтын “410 272” гэснийг “339 957” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  нэхэмжлэгчээс төлсөн 219 073 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА  

                                                                                              Н.БАТЗОРИГ