Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/01350

 

 

 

 

 

 

 

 

 

 2020             04             21                                               101/ШШ2020/01350         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуков оффис хаягт байрлах оршин суух, “Х банк” ХХК /РД:2693321/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ гудамж, 21-509 тоот хаягт оршин суух, Хошууд овогт Батсуурийн А /РД:ОЭ70051501/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ гудамж, 21-509 тоот хаягт оршин суух, Булгадар овогт Намсайн Ц /РД:ОЭ45021503/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36.424.373,38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Хошууд овогт Батсуурийн А /РД:ОЭ70051501/, Булгадар ургийн овогт Намсайн Ц /РД:ОЭ45021503/ нар Х банкны Худалдааны танхим тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № ЗГ13/177 тоот Зээлийн гэрээ, № БГҮ/13/177 тоот барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө/-г тус тус байгуулж 40.000.000 /Дөчин сая/ төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан.

Зээлийн гэрээний барьцаанд хамтран үүрэг гүйцэтгэгч Балгадар овогт Намсайн Ц /РД:ОЭ45021513/-ий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204002946 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот нэгж талбарын 18644314246339 дугаартай 314 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот 63 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Иргэн Хошууд овогт Батсуурийн Мөнхбаяр /РД:ОЮ67041816/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204020308 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамж, 509 тоот нэгж талбарын 18644314260343 дугаартай 314 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай        газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот 96 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон бараа материал, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээнээс хойш 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн № ЗГ-15/200 тоот нэмэлт Зээлийн гэрээ, № БГ-15/200 тоот Барьцааны гэрээг байгуулан үлдэгдэл 35.000.000 /Гучин таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн барьцааны үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийг засан сайжруулах зорилгоор нэмэлт өөрчлөлтийг хамтад нь барьцаалуулсан бөгөөд Зээлдэгч Батсуурийн Агийн 5031203522 тоот төгрөгийн харилцах дансанд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 40.000.000 /Дөчин сая/ төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15.656.000 /арван таван сая зургаан зуун тавин зургаан мянга/-н төгрөг, нийт 55.656.000 /тавин таван сая зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн зээлийг олгосон.

Зээлдэгчид нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № ЗГ13/177 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ15/200 тоот зээлийн гэрээний 2  дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу үндсэн зээлээс 46.344.278,15 төгрөг, хүүгийн төлбөрт 15.195.572,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47.746,44 төгрөг, нийт 61.587.597,20 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Зээлдэгчид нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлээ төлөхийг удаа дараа утсаар холбогдож, зээл төлөх мэдэгдлээр шаардаж, төлбөр төлөөгүй тохиолдолд Хууль болон гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн № ЗГ13/177 тоот Зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ15/200 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.6, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч нарт хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 19.247.122.77 төгрөг, хүүгийн үлдэгдэл 96.877.22 төгрөг, нийт 19.344.000 төгрөгийн үлдэгдэл дээр 15.656.000 төгрөгийн зээл нэмж олгоод 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35.000.0000 төгрөгийн нэмэлт зээлийн гэрээ байгуулагдсан. 

Хариуцагч нараас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа бөгөөд 2015.02.11-ний өдөр 15.656.000 төгрөгийн зээлийг нэмж олгох үед үндсэн зээлийн төлбөр нь 34.903.122,77 төгрөг, 2 хоногийн хуримтлуулсан хүү 27.842,41 төгрөг байсан. Үүн дээр өмнөх зээлийн хүүгийн үлдэгдэл 96.877,22 төгрөгийг нэмж 124.719,64 төгрөг болж байгаа төлбөрөөс хүү бодогдсон. Хамтран зээлдэгч Н.Ц нь 2020.01.14-ний өдөр 340.600 төгрөг төлсөн, үүнийг үндсэн зээлийн төлбөрөөс хассан.  Зээлийн хүүд нэхэмжилсэн 23.245.749 төгрөг нь 2015.02.11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.01.15-ны өдөр хүртэлх хугацаанд бодогдсон.

Иймд хариуцагч Б.А, Н.Ц нараас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 23.245.749,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.843.373,38 төгрөг, нийт 36.401.373,38 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд болох хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Ций өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204002946 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот нэгж талбарын 18644314246339 дугаартай 314 м.кв Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот 63 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Мөнхбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204020308 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот нэгж талбарын 18644314260343 дугаартай 314 м.кв Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот 96 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 23.000 төгрөгийн хамт гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Намсай овогтой Ц би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21-509 тоот хаягт оршин суудаг 1945 онд төрсөн, нас 74, ганц бие болно. Миний охин Б.А 2013 онд хашаа байшингаа тавиулчих зээл авъя гэхээр нь зөвшөөрсөн. Та банкан дээр очиж гарын үсэг зурах хэрэгтэй байна гэсэн бөгөөд тухайн үед хамтран зээлдэгч болсон гэдгээ ойлгоогүй. 2017 онд Х банкны Ганбаатар гэдэг хүн манайд олон дахин ирж, Б.А нь зээлээ төлөхгүй байна, та хамтран зээлдэгч юм байна таны тэтгэврийг авах хэрэгтэй байна, тэгэхгүй бол хашаа байшинг чинь хураана гэсэн. Би хөгшин хүн, гэр оронгүй болчхоос айгаад гарын үсэг зурсан. Ингээд 2017 оны 07 дугаар сараас хойш өдий хүртэл 3 жил гаруй огт тэтгэвэр авалгүй нийт 10 гаруй сая төгрөг болж байна.

Би одоо энэ бүхнийг тооцохгүй. Нас сүүдэр өндөр болсон. Хэдэн жилийн өмнө харвалт өгсөн биеийн байдал маш муу байгаа тул энэ сараас эхлэн тэтгэврээ өөрийн гараар авмаар байна. Би тэр зээлээс огт мөнгө аваагүй, авсан хүн Б.А нь хариуцлагаа хүлээж зээлээ төлж барагдуулах байх.

Миний үнэн байдлыг хүн ёсоор ойлгож, зөвхөн тэтгэврийг минь надад өөрт минь олгуулж өгнө үү гэжээ.

/хх-ийн 51 тал/

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х банк” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд маргах зүйл байхгүй. Б.А миний бие “Х банк” ХХК-иас зээл хүлээн авсан, зээлийг эхэндээ цаг хугацаанд нь төлж байсан, тухайн үед урагшаа явж, лангуу түрээсэлж ажиллуулдаг байсан. Авсан зээлээ буруу ашиглаж, ямар ч эргэлтгүй, лангуу байхгүй болсон учир 2017 оноос зээлээ төлж чадахаа больсон. Гэвч ээж Н.Ций тэтгэвэр сар бүр 200-300 мянган төгрөгөөс суутгагдан төлөгдөж байсан.

Ингээд өөрөө зээлээ төлж чадахгүй байсан учир Увс аймагт байдаг авга эгчийнхээ хувийн шатахуун түгээгүүрийн газарт цэвэрлэгээ, түгээлт хийх зэргээр ажилд нь туслан бага цалин авч амьдарч байна. 

Ээж Н.Ц маань эмнэлгийн оношоор тархины хатингаршил оноштой, үүнийг өөрт нь хэлээгүй, эмнэлгийн бүх бичиг баримт байдаг, даралт нь байнга ихэсдэг. Жаахан гайгүй болохоор тэтгэврээ яриад тооны машин бариад суучихдаг болсон. Эмч нар бэлтгэлтэй байгаарай гэсэн тул ээж Н.Ций тэтгэврийг өөрт нь олгож өгөхийг хүсч байна. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Мөнхбаяр нь зээлийн барьцаанд тавих итгэмжлэл  олгосон бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдана гэдгийг мэдэж байгаа болно.

Иймд “Х” банкны нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 23.245.749,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.843.373,38 төгрөг, нийт 36.401.373,38 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах  шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.843.373,38 төгрөгийг зөвшөөрөхгүй, үлдэх хэсгийг бүхэлд нь зөвшөөрч байна. Гэхдээ банк хүүг яаж тооцсон болохыг мэдэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд нь хариуцагч Б.А, Н.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36.424.373,38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК, хариуцагч Б.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Ц нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 40.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, жилийн 26.4 хувийн хүүтэй,  24 сарын хугацаатай зээлдүүлэх, №ЗГ-13/177 тоот зээлийн гэрээ,

2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 35.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө зориулалтаар,  жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, № ЗГ-15/200 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

/хх-ийн 13-15, 24-25 тал/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 19.247.122.77 төгрөг, хүүгийн үлдэгдэл 96.877.22 төгрөг, нийт 19.344.000 төгрөг дээр 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15.656.000 төгрөг  нэмж олгож, мөн өдөр 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү зээлийн гэрээний үүрэг шаардсан гэж тайлбарласан, үүнтэй хариуцагч нар маргаагүй болно.

 

Талууд ийнхүү тохиролцсоноор зээлдэгч Б.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Ц нарын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ13/177 тоот зээлийн гэрээний үүрэг 40.000.000 төгрөгийн зээлийг хаасан болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

/хх-ийн 36-39 тал/

 

Зохигч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2013 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн №БГҮ 13/177 тоот, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №БГ-15/200 тоот барьцааны гэрээгээр:

1. Н.Ций өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002946 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот хаягт байршилтай, 18644314246339 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

2. Н.Ций өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 63 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө,

3. Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020308 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, 18644314260343 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

4. Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

 

/хх-ийн 16-18, 26-33 тал/

Хариуцагч Б.Ад 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Мөнхбаяр нь өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, буцаан авах, лавлагааны материал авах, хүлээн авах эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.

/хх-ийн 20, 22 тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

/хх-ийн 26,28,30,32 тал/

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагч Н.Ц нь гэрээний зүйлийг хүлээн аваагүй тул гэрээний үүрэг хүлээхгүй гэж, хариуцагч Б.А нь хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Цийг үүргээс чөлөөлөх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 23.245.749,56 төгрөгийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 3.843.373.38 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Б.А, Н.Ц нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч Б.А, Н.Ц нар шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох” эрхтэй байхаар зохицуулсны дагуу үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-д: ”Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна” гэсний дагуу нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Цээс үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх тул хариуцагч Н.Цийг зээлийн гэрээний үүрэг хүлээх үндэслэлгүй гэх хариуцагч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.А, Н.Ц нар энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Х банк” ХХК-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 24 сарын хугацаатай байгуулсан  гэрээний хугацаа  2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон, зээлдэгч нар  2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш үндсэн зээлд 46.344.278,15 төгрөг, хүүгийн төлбөрт 15.195.572,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47.746,44 төгрөг, нийт 61.587.597,20 төгрөгийг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс зөрчигдсөн, үүнээс хойших хугацаанд хуваарьт заагдсаны дагуу зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

/хх-ийн 36 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд баталгаа, зөвшөөрлийг зохицуулсан байх ба 3.2.1-д: “Х банкин дахь дансдаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг суутган авах”,

5 дугаар зүйлд банкны эрх, үүрэгтэй холбоотой заалтыг тусгасан, 5.1.2-т: “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах”,

5.1.5-т: “Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учирсан хохирлыг нэхэмжлэх”,

5.1.8-т: “Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардах”,

5.1.9-т: “Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцон авах” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч нарт зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан, зээлдэгч Н.Ц нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, өөрийн данс дахь мөнгөн хөрөнгийг үндсэн зээлд тооцуулах хүсэлт гаргасан байна.

 

Үүнээс үзэхэд “Х банк” ХХК нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгчээс шаардах, учирсан хохирлыг шаардах, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх, хамтран үүрэг гүйцэтгэгчээс бичгээр зөвшөөрөл авах зэрэг шаардах эрхээ хэрэгжүүлсэн, хамтран үүрэг гүйцэтгэгч бичгээр зөвшөөрөл өгснөөр түүний тус банк дахь харилцах данснаас зээлийн төлбөр суутгагдсан, ийнхүү төлбөрийг суутгах талаар талууд гэрээгээр тохиролцсон гэж үзнэ. 

/хх-ийн 40-41 тал/

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 9.311.721,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 23.245.749,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.843.373,38 төгрөг, нийт 36.401.373,38 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.А, Н.Ц нар 35.000.000 төгрөгийн зээлийг гэрээний хугацаа дууссан 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглаж, тухайн хугацааны зээлийн хүүг бүрэн төлөөгүй байна.

 

Зээлийн гэрээ ёсоор хариуцагч нар 35.000.000 төгрөгийн гэрээний хугацаанд хүүд 10.047.802.6 төгрөг төлөхөөс 5.385.074 төгрөг төлсөн, үлдэх 4.662.727.86 төлөөгүй, гэрээний хугацаа дууссан 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 1069 хоногийн ашигласан хугацааны хүүд 7.299.769 төгрөг, нийт 11.962.496.86 төгрөг, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүд 2.392.499 төгрөг тус тус төлөхөөр байна.

/9.311.721.85x2.2%=204.857x30=6.828х1069=7.299.769/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахын тулд нотариатын зардалд 23.000 төгрөг зарцуулсныг хариуцагч нарт хариуцуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.А, Н.Ц нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9.311.721.85 төгрөг, гэрээний хугацааны болон ашигласан хугацааны хүүд 11.962.497 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.392.499 төгрөг, нийт 23.666.717.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.757.655.53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн №БГҮ 13/177 тоот, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №БГ-15/200 тоот барьцааны гэрээгээр:

1. Н.Ций өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002946 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот хаягт байршилтай, 18644314246339 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

2. Н.Ций өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 63 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө,

3. Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020308 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, 18644314260343 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

4. Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.А, Н.Ц нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Б.А, Н.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 23.666.717.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.757.655.53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А, Н.Ц нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд:

- Н.Ций өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002946 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509/А тоот хаягт байршилтай, 18644314246339 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

- Н.Ций өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017132 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 300 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 63 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө,

- Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020308 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, 18644314260343 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 314 м.кв талбай бүхий газар,

- Б.Мөнхбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055475 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжны 509 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.А, Н.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 346.483.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410.272  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ