Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1125

 

“ЭТВБ” ХХК-ийн                                                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/00966 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЭТВБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МГСХ” НҮТББ-д холбогдох

Гэрээний дагуу шилжүүлсэн 15 000 ам.доллар буюу 35 950 200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Буянхишиг   нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, Ш.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МГСХ” НҮТББ нь Мисс юниверсе-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн, Мисс юниверсе-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалтын эрхийг авсан Монгол улс дахь цорын ганц хууль ёсны эзэмшигч учраас хамтран ажиллах санал гаргасан бөгөөд тус компани саналыг хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “МГСХ” НҮТББ нь Мисс юниверсе-2018 үндэсний ялагч тодоруулах тэмцээн, Мисс юниверсе-2018 олон улсын тэмцээний шууд дамжуулалт төслийн хэрэгжүүлэгч болж, Эн ти ви телевизийн сувгаар нэвтрүүлэг, шууд дамжуулалт, телевизийн шоу болон бусад контентууд хийх хүрээнд хамтран ажиллах, ивээн тэтгэгч олох, маркетингийн төлөвлөгөө гаргахад хамтарч төслийн продюсероор ажиллан зохион байгуулалтын ажлыг хариуцан нийт цэвэр ашгийн 25-50 хувь болон гэрээ байгуулсны төлбөр хүлээн авахаар харилцан тохиролцсон бөгөөд харин “ЭТВБ” ХХК нь маркетингийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэл болон дамжуулалт, холбогдох зардлыг хариуцан ивээн тэтгэгч олох зэрэг үүргийг тус тус хүлээж гэрээний 3.7-д тохирсон. Мөн гэрээ байгуулсныг төлбөр 15.000 ам.долларыг “МГСХ” НҮТББ-ын худалдаа, хөгжлийн банк дахь 427007936 тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай компани шилжүүлсэн. Гэвч тус байгууллага нь мөнгө авснаас хойш манай компанитай ирж уулзахгүй, утсаа авахгүй зугтан алга болж хамтран ажиллах гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Иймд хариуцагч “МГСХ” НҮТББ-аас 15.000 ам.доллар буюу 35.950.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн Хариуцагч “МГСХ” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МГСХ” НҮТББ нь дэлхийн хамгийн алдартай гоо сайхны тэмцээн Мисс юниверсе-2018 үндэсний ялагч тодруулах, Мисс юниверсе 2018 олон улсын тэмцээнийг шууд дамжуулах эрхийг эзэмших болсон. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Анхбаяр нь Эн ти ви телевизэд сэтгүүлчээр ажиллах хугацаандаа буюу 2018 оны 6 дугаар сард тус телевизийн захирал А.Баярбаттай уулзаж, түүнд контентын эрх авснаа хэлэхэд тэрээр хамтран ажиллана гэсэн. Лицензийн зардал болон бусад зардлыг бүрэн гаръя гэсэн тохиролцоотойгоор 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, төслийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Улмаар 2018 оны 4 дүгээр сард гэрээнд заасны дагуу лицензийн төлбөр болох 15.000 ам.долларыг “МГСХ” НҮТББ-ын дансанд хүлээн авч тухайн өдрөө АНУ-ын IMG UNIVERSE LLC-ийн дансанд шилжүүлсэн. “МГСХ” НҮТББ-ын тэргүүн Ж.Анхбаяр нь хамтран ажиллах гэрээнд заасны дагуу төслийн гүйцэтгэгч продюсерээр томилогдсон үеэс эхэлж баг бүрдүүлсэн. Харин хамтран ажиллах гэрээний нэг тал болох “ЭТВБ” ХХК-ийн зүгээс тодорхой шалтгаангүйгээр төслийн ажилд оролцохгүй болсноос ивээн тэтгэгч олох төлөвлөгөө гаргах, бэлтгэх хугацаагүй болсон нь том эрсдэл үүсгэсэн. Тэмцээнийг Эн ти ви телевизээр гаргах хүсэлтийг хүлээн авч, 20 хүний бүрэлдэхүүнтэй, бичлэгийн багийг явуулсанг хүлээн авч тэмцээний үйл ажиллагааг шууд дамжуулж, дараа нь бага зэрэг засвар оруулж, тэдний эфирээр нэвтрүүлэх, тохиролцоонд хүрч хамтран ажилласан. Эн ти ви телевиз гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2018 оны 12 дугаар сард Тайланд улсад болсон дэлхийн миссийн тэмцээнийг Монгол улсад шууд дамжуулж чадаагүй. “ЭТВБ” ХХК, “МГСХ” НҮТББ хоёрын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хамран ажиллах гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т тус тус зааснаар мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-д зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сарын хугацаа өнгөрсний дараа гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15.000 ам.доллар нь төслийн нийт зардалд тооцогдсон тул иргэн хариуцагч нь нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр хариуцах үүрэггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МГСХ” НҮТББ-аас 15.000 ам.доллар буюу 35.950.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЭТВБ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337.701 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал гэрээний хугацаанд татгалзах хүсэлтээ бичгээр өгөөгүй, хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан байхад шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан хэмээн дүгнэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь буруу. Хариуцагч "МГСХ" НҮТББ-ийн тэргүүн Ж.Анхбаяр нь 2018 оны 10 дугаар сарын дунд хүртэл хугацаанд "Эн Ти Ви" (NTV) телевизэд хөдөлмөрийн гэрээгээр сэтгүүлчийн орон тоонд ажиллаж байсан, гэрээнд заасан гар утасны дугаараа өөрчлөөгүй ба 2018 оны 10 дугаар сард "Мисс юниверсе-2018 үндэсний ялагч тодруулах тэмцээн" зохион байгуулж, төслийн гүйцэтгэх продюсерын үүргээ бүрэн биелүүлсэн болно. Өөрөөр хэлбэл өөр телевизийн лого ашиглаагүй, төгсгөлийн ёслолын ажиллагааны рекламыг өөр телевизээр нэвтрүүлээгүй, тэмцээнийг өөр телевизээр шууд дамжуулаагүй болно. Нэхэмжлэлийн өмгөөлөгчөөс: нэхэмжлэгчийн   шаардлагад байхгүй тайлбарыг үндэслэл болгон, "Мисс юниверсе-2018 ОУ-ын тэмцээний шууд дамжуулалт"-ын эрхийг аваагүй байсан, төлбөрийг   зориулалтын бусаар ашигласан гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно. Хэрэв   нэхэмжлэлд  хариуцагчийг  дээр  дурдсан эрхийг аваагүй байснаас нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн талаар шаардлага гаргасан бол түүнийг татгалзсан үндэслэл, нотлох баримт шүүхэд гаргах боломж байсныг дурдаж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултанд: хариуцагчийн өмгөөлөгч 2018 оны 3 дугаар сард "ЭТВБ" ХХК-ийн захирал н.Баярбаттай уулзаж эрх авснаа хэлж, хамтран ажиллах талаар бүх бичиг баримтыг танилцуулснаа хэлсэн талаар бичигдсэн байхад шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудсанд хариуцагчийн тайлбарт 2018 оны 6 дугаар сард н.Баярбат захиралтай уулзаж, эрх авснаа хэлсэн гэж зориуд буруу бичсэн. Шүүх хуралдааны дүрс бичлэгийг хуулбарлан авах хүсэлтийг шүүхийн тамгын хэлтэст гаргахад дуу гарахгүй, техникийн шаардлага хангахгүй байна гэсэн хариу өгсөн. Хэрэв нэхэмжлэгч тал дээрх эрх олгосон бичиг баримтыг үзээгүй, өөрийг нь хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэж байгаа бол 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэх шаардлага гаргаагүй болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Хамтран ажиллах гэрээний 4.1-д заасан төлбөр болох 15.000 ам.доллар нь төсөл хэрэгжсэн буюу "Мисс юниверсе-2018 үндэсний ялагч тодруулах тэмцээн" зохин байгуулагдсан тохиолдолд нийт өртөгт тооцогдохоор гэрээний 4.4-т заасантай зөрчилдөөгүй болно. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг бодитоор үнэлж дүгнэлгүй хариуцагчийг "гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийг зориулалтын бусаар ашигласан" хэмээн буруу дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээ, хуульд заасан хугацаанд гэрээнээс татгалзах хүсэлтээ бичгээр гаргаагүй бөгөөд нэгэнт гэрээний хугацаа дууссан байхад гэрээнээс татгалзах, татгалзсанаас үүсэх үр дагавар шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ЭТВБ” ХХК нь хариуцагч “МГСХ” НҮТББ-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 15.000 ам.доллар буюу 35.950.200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр NTV телевизийн эфирээр гарсан “Miss Universe Mongolia 2018” тэмцээний дүрс бичлэгийг нэхэмжлэгч талаас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, хариуцагч талаас 58 минутын дүрс бичлэгийг хуулбарласан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж ирүүлжээ. /хх-ийн 55, 71

            Гэтэл уг дүрс, дууны бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, огт үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн  дээр гаргана”, “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн шаардлагуудыг зөрчжээ. 

            Нэхэмжлэгч тал хариуцагчийг хамтран ажиллах гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж, хариуцагч тал тэмцээний үйл ажиллагааг шууд дамжуулж, хамтран ажилласан гэж маргаж байгаа тохиолдолд уг дүрс, дууны бичлэг хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

            Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн хамт нотлох баримтаар CD 1 ширхгийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлсэн эсэх нь тодорхой бус, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дах хэсэгт зааснаар үзлэг хийлгээгүй байна. Иймд уг нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжгүй юм.

            Иймд анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/00966 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,000  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

              ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА  

                                                                                                            Н.БАТЗОРИГ