Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1184

 

“НЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01383 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “НЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч СХД ЗДд холбогдох

3,5 км сайжруулсан шороон зам, 12 метр урт, 8 метр өргөн төмөр гүүрний төлбөрт 28 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Тогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө орон нутгаас нийслэлд суурьших зорилготой айлын нүүдэл тасардаггүй байсан үе. Улаанбаатар хотын баруун бүс Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо хотын төвөөс 29 км алслагдсан газар хөдөөнөөс маш олон айл ирж манай хороо 12.600 гаруй хүн амтай захын айлууд нь Толгойтын хуучин эцсийн автобусны буудал, 69 дугээр дэлгүүр, 42 дугаар сургуулиас 2-2,5 км холдсон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байсан. Дээрх асуудлаар дүүрэг, хорооны иргэд СХД ЗД, хорооны засаг дарга болон иргэдийн хурлын тэргүүлэгчид зам засах, нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах талаар удаа дараа гомдол гаргаж төр засгаас ямар ч арга хэмжээ аваагүй юм. Тус хорооны хүүхэд багачууд, оюутан залуус хичээл сургуульдаа явахдаа өдөр бүр 2,3 гуу, жалга дамжин 2 км газрыг туулж нийтийн тээврийн үйлчилгээ болон сургуульдаа хүрдэг байв. Улмаар 2000 оны 3 дугаар сард СХД ЗД Л.Найдан, 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Чүлтэмгомбо, дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Цолмон нар манай гэрт ирж бид зөвшилцөж тохирсны дагуу орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороогоо хөгжүүлье нэртэй төсөл боловсруулсан юм. Төлөвлөгөөний дагуу миний бие “НЦ" ХХК-ийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Д.Польхүү, тус хорооны Засаг дарга Б.Чүлтэмгомбо нартай 2000 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулж тус хорооны тулгамдсан асуудал болох 3,5 км газар автобус явуулах зам гүүрийн ажлыг миний бие гардан хийхээр болсон. Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн Б хэсэгт зааснаар харилцан тохиролцсон. Ингээд 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Нуман Цагаан" ХХК ажлаа эхэлж Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр цэргийн хотхоны арын 600 метр гаруй машин байтугай морьтой хүн явах боломжгүй байсан эрэг мөргөцөг газрыг нурааж тэгшлэн 650.000 м3 уулын хайргыг 3 км газраас зөөж тэгшлэн индүүдэн Нарангийн голын одоогийн эцсийн буудал хүртэл 3,5 км сайжруулсан хайрган зам тавьж Нарангийн гол дээр миний бие өөрийн гараар 12 метр урттай, 8 метр өргөнтэй төмөр гүүрийг тус тус өөрийн хөрөнгөөр барьж 2000 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан билээ. Б.Тогтох би манай дүүрэгт ажилгүй байсан 46 микро автобусны жолооч нарыг нэгтгэж “Монгол Цалам" нэртэй хоршоо байгуулан 1 дүгээр хорооныхоо 12.000 иргэдээ замтай, гүүртэй, нийтийн тээвэртэй болгосон билээ. Энэ бүх ажлыг хийхдээ төрийн байгууллагаас нэг ч төгрөг гараагүй бөгөөд хамтран ажиллах гэрээнд заасны дагуу иргэдээс ч мөнгө цуглаагүй юм. Миний бие өөрт байсан 7.000.000 төгрөг дээр Тээвэр хөгжлийн банкнаас 10.000.000 төгрөг, Хадгаламж банкнаас 10.000.000 төгрөгийн хүүтэй зээл авч, танил нөхдөөсөө төмөр, цемент зээлэн нийт 28.000.000 төгрөгөөр зам, гүүрийн ажлыг гүйцэтгэсэн. “НЦ” ХХК-ийн захирал Б.Тогтох би ажлаа эхлэхдээ хувь хүнээс 20 гаруй сая төгрөгийг түр хугацаатай хүүгүй зээлээр авч уг зээлээ буцааж төлөхийн тулд дээр дурдсан банкуудаас зээл авсан билээ. Улмаар миний тавьсан зам, гүүрийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын Б/49 тоот захирамжаар 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдөр томилсон комисс албан ёсоор хүлээн авч өнөөдрийг хүртэл асуудалгүй ашиглагдаж байна. Миний бие тухайн үед дүүрэг, хорооны засаг дарга, хурлын төлөөлөгч нарын хүсэлтээр орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан боловч өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэг болон төр засгийн холбогдох байгууллага миний бүтээн байгуулсан зам, гүүрийг хүлээн авсан хэрнэ төлбөрөө төлөөгүй юм. Хуулиар Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг авто замын хөгжлийн газар авто замтай холбоотой хөрөнгө оруулалт, урсгал засвар, өргөтгөн шинэчлэх, шинээр барих зэрэг нийслэлийн авто замтай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэдэг байгууллага 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөн л манай шийдвэрлэх асуудал биш гэсэн хариу өгсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүтээн байгуулсан 3,5 км сайжруулсан шороон зам, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 талаараа явган хүний замтай 12 метр урттай, 8 метр өргөнтэй төмөр гүүрний төлбөр нийт 28.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргээс гаргуулж нэхэмжлэгч “НЦ” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын даргатай 2000 оны 4 дүгээр сард байгуулсан хамтран ажиллах гэрээ нь бичгийн нотлох баримтын шаардлагад нийцэхгүй байна. “НЦ” ХХК нь тухайн үед 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,5 км сайжруулсан шороон зам, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 талаараа явган хүний замтай 12м урттай, 8м өргөн төмөр гүүрийг барьж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг өөрийн бизнесийг өргөжүүлэх ашиг олох зорилгоор тус ажлыг хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Сонгинхайрхан дүүргийн 2001 оны Б/49 дүгээр захирамж нь иргэдийн хүсэлтийн дагуу өөрийн хөрөнгөөр 3,5 км замыг засан сайжруулан төмөр битон гүүр барьж иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулахад хүч хөдөлмөр гаргасныг сайшааж нийтийн тээврийн үйлчилгээг стандартын дагуу явуулж тухайн замыг засан сайжруулж байхыг “НЦ” ХХК-д үүрэг болгосон байх бөгөөд ямар нэгэн төлбөр төлөх нөхөн олговор олгох үүрэг хүлээхээр захирамжлаагүй байна. Дүүргийн засаг дарга тус ажлыг тухайн үед дэмжсэн иргэд олон нийтэд сурталчилсан бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна. Нэхэмжлэгч нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн №-2201012882 дугаар бүхий өөрийн өмчлөлийн 2 талаараа явган хүний замтай 12м урттай, 8м өргөн төмөр гүүрийг барихад гарсан зардлыг захиргааны байгууллагаар төлүүлэх гэж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Мөн 2001 онд хийсэн зам, гүүрний төлбөрийг 19 жилийн нэхэмжилж байгаа нь гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жил, эсхүл ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн хугацаа өнгөрсөн тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “НЦ” ХХК-ийн хариуцагч СХД ЗДд холбогдох 3,5 км сайжруулсан шороон зам, 12 метр урт, 8 метр өргөн төмөр гүүрний төлбөрт 28.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороонд 2000 оны үед 12.000 иргэд амьдарч байсан бөгөөд дэд бүтэц байхгүй, нийтийн тээвэр галын машин түргэн тусламж цагдаа хүрч ирэхэд хүндрэлтэй байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд улсын төсөв хүрэлцэхгүй байсан учраас дүүрэг хорооны эрх бүхий албан тушааптнуудтай зөвшилцөж харилцан тохиролцсоны дагуу "Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороогоо хөгжүүлье" нэртэй төсөл боловсруулаглаж, 2000 оны 4 дүгээр сарып 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. 2001 оны 05 дугаар сарын 07-ны өлөр 3.5 метр сайжруулсан зам болон төмөр гүүрийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын захирамжаар томилогдсон 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан. Үүнээс хойш 2010 он хүртэл зам болон гүүрийн засвар үйлчилгээг "НЦ" ХХК хариуцан гүйцэтгэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар хянуулдаг байсан болно. Компанийн зүгээс 2001 онд хийсэн ажлын хөлс гаргасан хөрөнгө оруулалтын хэмжээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 27.783.600 төгрөг болсныг л нэхэмжилсэн. Харин одоогийн ханшаар 400.000.000 төгрөг болж байгаа, уг бүтээн байгуулалтын ажилд төрөөс нэг ч төгрөг гараагүй болно. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг уг мөнгийг шаардах эрхгүй мэтээр үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Тухайн газарт шинэ зам тавигдаж, гүүрийг шинэчилж барьсан цагаас эхлэн өөрийн өмч болох гүүр болон сайжруулсан зам тавихад оруулсан хөрөнгө мөнгөний талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд олон арван хүсэлт гомдол шаардлага гаргаж, хариу авч байсан болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Энэ нь Иргэний хуулийи 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарах байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн.  Шийдвэрийн ТОГТООХ хэсэгт "...Иргэний хуулнйи 476 дугаар зүйлийн 476-д заасныг баримтлан иэхэмжлэгч “Нуманнагаан” ХХК-ийн... шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..." гэжээ. Иргэний хуулинд 476 дугаар зүйлийн 476 гэсэн хэсэг байхгүй, иймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж, чадаагүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй, Иргэний хуульд байхгүй заалт баримталсан  нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Нуман цагаан” ХХК нь хариуцагч СХД ЗДд холбогдуулан 3,5 км сайжруулсан шороон зам, 12 метр урт, 8 метр өргөн төмөр гүүрний төлбөрт 28.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Нуман цагаан” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, тус хорооны Засаг дарга нартай  2000 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр 3,5 км сайжруулсан шороон зам, 12 * 8 метр харьцаатай төмөр гүүр барьж хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч уг хамтран ажиллах гэрээг шаардлагын үндэслэл болгосон гэж үзэхээргүй байна.

Уг хамтран ажиллах гэрээний оролцогч нь хариуцагч СХД ЗД биш байхаас гадна Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Иргэдийн хурал,  тус хорооны Засаг даргын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг хариуцагчид шилжсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Харин нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулсан 12 метр урт, 8 метр төмөр бетон гүүр, 3,5 км урттай  сайжруулсан шороон замыг  ашиглалтад хүлээн авах комиссын 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1, 2 дугаар актаар зам, гүүрийг байнгын ашиглалтад хүлээн авсан, өнөөдрийг хүртэл нийтийн хэрэгцээнд ашиглагдаж байгаа үйл баримтыг болон нэхэмжлэгчийн “...үүнээс хойш уг төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дахин засвар шинэчлэлтийн ажил хийсэн ...” гэх тайлбарыг шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч “Нуман цагаан” ХХК нь уг төмөр бетон гүүрний хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан төмөр бетон гүүрийг  засварлах ажил хэзээ, ямар байгууллага, ямар эх үүсвэрээр /...улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж…/ хийгдсэн болохыг тодруулах  шаардлагатай байна.

“Нуман цагаан” ХХК нь өөрийн барьж байгуулсан 12 метр урт, 8 метр төмөр бетон гүүр, 3,5 км урттай  сайжруулсан шороон замын  ашиглалт, засвар үйлчилгээг 2001 оноос хариуцаж ирсэн боловч цаашид зам, гүүрийн ашиглалт, засвар арчлалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдалтай холбож нэхэмжлэлээ тайлбарласан байхад шүүх 3,5 км зам, гүүрээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан явдлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгох, улмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн  нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нь нийтийн болон хувийн өмч нийлсэн холилдсон үндэслэлээр шаардлага гаргасан эсэх, төмөр бетон гүүрний  засвар шинэчлэлтийн ажил хэзээ хийгдсэн нь тодорхой бус байхаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн  З дах хэсэгт  “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж заасан тул тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй  тохиолдолд давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,000  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

                                                          ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ        

                                                                                                            Н.БАТЗОРИГ