Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/01383

 

 

 

 

 

     2020           04            23                                                 184/ШШ2020/01383

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК /рд: 254/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗД холбогдох,

3,5 км сайжруулсан шороон зам, 12 метр урт, 8 метр өргөн төмөр гүүрний төлбөрт 28,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т миний бие “Н" ХХК-ийг 1999 оны 2 дугаар сард нэг гишүүнтэйгээр байгуулж өөрийн хүүхдүүдийн хамт гэр ахуйн төмөр эдлэл, цонх палконы төмөр хамгаалалт хийх, суурилуулах үйл ажиллагааг эрхэлж байсан. Тухайн үед хөдөө орон нутгаас нийслэлд суурьших зорилготой айлын нүүдэл тасардаггүй байсан үе. Улаанбаатар хотын баруун бүс Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо хотын төвөөс 29 км алслагдсан газар хөдөөнөөс маш олон айл ирж манай хороо 12,600 гаруй хүн амтай захын айлууд нь Толгойтын хуучин эцсийн автобусны буудал, 69-р дэлгүүр, 42-р сургуулиас 2-2,5 км холдсон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байсан. Нийтийн тээвэр, галын машин, түргэн тусламж, цагдаагийн үйлчилгээ авахын тулд Толгойтын хуучин эцсээс 2,3 гүн жалга гарч очдог, өвөл цас хунгарлаад хаачихдаг хүндхэн газар байлаа. Дээрх асуудлаар дүүрэг, хорооны иргэд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, хорооны засаг дарга болон иргэдийн хурлын тэргүүлэгчид зам засах, нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах талаар удаа дараа гомдол гаргаж байсан. Тухайн үед дүүрэг, хорооны Засаг дарга нар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг төр засгийн холбогдох байгууллагуудад уламжилсан боловч төр засгаас ямар ч арга хэмжээ аваагүй юм. Тус хорооны хүүхэд багачууд, оюутан залуус хичээл сургуульдаа явахдаа өдөр бүр 2,3 гуу, жалга дамжин 2 км газрыг туулж нийтийн тээврийн үйлчилгээ болон сургуульдаа хүрдэг байв. Улмаар 2000 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найдан, 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Чүлтэмгомбо, дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Цолмон нар манай гэрт ирж бид зөвшилцөж тохирсны дагуу орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр “Сонгинохайрхан дүүргийн 1-р хороогоо хөгжүүлье” нэртэй төсөл боловсруулсан юм. Төлөвлөгөөний дагуу миний бие “Н" ХХК-ийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Д.Польхүү, тус хорооны Засаг дарга Б.Чүлтэмгомбо нартай 2000 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №01 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулж тус хорооны тулгамдсан асуудал болох 3,5 км газар автобус явуулах зам гүүрийн ажлыг миний бие гардан хийхээр болсон. Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн Б хэсэгт зааснаар Иргэдийн хурлын тэргүүлэгчид, хорооны Засаг дарга, хэсгийн дарга нар тогтоол гаргаж хорооны иргэдээс замын ажилд зориулах хөрөнгө цуглуулж зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон. Ингээд 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Н" ХХК ажлаа эхэлж Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр цэргийн хотхоны арын 600 метр гаруй машин байтугай морьтой хүн явах боломжгүй байсан эрэг мөргөцөг газрыг нурааж тэгшлэн 650,000 м3 уулын хайргыг 3 км газраас зөөж тэгшлэн индүүдэн Нарангийн голын одоогийн эцсийн буудал хүртэл 3,5 км сайжруулсан хайрган зам тавьж Нарангийн гол дээр миний бие өөрийн гараар 12 метр урттай, 8 метр өргөнтэй төмөр гүүрийг тус тус өөрийн хөрөнгөөр барьж 2000 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан билээ. Б.Т би манай дүүрэгт ажилгүй байсан 46 микро автобусны жолооч нарыг нэгтгэж “Монгол Цалам" нэртэй хоршоо байгуулан 1 дүгээр хорооныхоо 12,000 иргэдээ замтай, гүүртэй, нийтийн тээвэртэй болгосон билээ. Энэ бүх ажлыг хийхдээ төрийн байгууллагаас нэг ч төгрөг гараагүй бөгөөд Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу иргэдээс ч мөнгө цуглаагүй юм. Миний бие өөрт байсан 7,000,000 төгрөг дээр Тээвэр хөгжлийн банкнаас 10,000,000 төгрөг, Хадгаламж банкнаас 10,000,000 төгрөгийн хүүтэй зээл авч, танил нөхдөөсөө төмөр, цемент зээлэн нийт 28,000,000 төгрөгөөр зам, гүүрийн ажлыг гүйцэтгэсэн. “Н” ХХК-ийн захирал Б.Т би ажлаа эхлэхдээ хувь хүнээс 20 гаруй сая төгрөгийг түр хугацаатай хүүгүй зээлээр авч уг зээлээ буцааж төлөхийн тулд дээр дурдсан банкуудаас зээл авсан билээ. Улмаар миний тавьсан зам, гүүрийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын Б/49 тоот захирамжаар 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдөр томилсон комисс албан ёсоор хүлээн авч өнөөдрийг хүртэл асуудалгүй ашиглагдаж байна. Миний бие тухайн үед дүүрэг, хорооны засаг дарга, хурлын төлөөлөгч нарын хүсэлтээр орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан боловч өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэг болон төр засгийн холбогдох байгууллага миний бүтээн байгуулсан зам, гүүрийг хүлээн авсан хэрнэ төлбөрөө төлөөгүй юм. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг болон 1 дүгээр хорооны Засаг дарга нар “шуурхай шийдвэрлэхгүй бол болохгүй асуудал тулгараад байна” дээшээ хандсан боловч төсөв мөнгөний асуудалтай гээд хөдөлж өгөхгүй юм. Танай “Н" ХХК энэ асуудлыг шийдвэрлээд машин явах боломжтой болвол төсөв мөнгийг бид иргэдээс цуглуулах, ажил дууссаны дараа холбогдох байгууллагад хүлээлгэн өгч таны мөнгийг гаргаж өгөх болно” гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Миний бие Нийслэлийн өмчийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарын хуралд өөрийн гараар барьсан зам, гүүрийг хүлээлгэн өгч төлбөр авахаар хандсан боловч манай шийдвэрлэх асуудал биш ийшээ ханд, тийшээ ханд гээд тодорхой хариу өгөөгүй. Хуулиар Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг авто замын хөгжлийн газар авто замтай холбоотой хөрөнгө оруулалт, урсгал засвар, өргөтгөн шинэчлэх, шинээр барих зэрэг нийслэлийн авто замтай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэдэг байгууллага 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөн л манай шийдвэрлэх асуудал биш гэсэн хариу өгсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүтээн байгуулсан 3,5 км сайжруулсан шороон зам, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 талаараа явган хүний замтай 12 метр урттай, 8 метр өргөнтэй төмөр гүүрний төлбөр нийт 28,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргээс гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЗД холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын даргатай 2000 оны 04 дүгээр сард байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” нь бичгийн нотлох баримтын шаардлагад нийцэхгүй байна. “Н” ХХК нь тухайн үед 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,5 км сайжруулсан шороон зам, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 талаараа явган хүний замтай 12м урттай, 8м өргөн төмөр гүүрийг барьж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг өөрийн бизнесийг өргөжүүлэх ашиг олох зорилгоор тус ажлыг хийсэн нь хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн албан тоот, дүүргийн Засаг даргын Тамгын газар, 1 дүгээр хорооны Засаг даргын дэмжсэн албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна. Сонгинхайрхан дүүргийн 2001 оны Б/49 дүгээр захирамж нь иргэдийн хүсэлтийн дагуу өөрийн хөрөнгөөр 3,5 км замыг засан сайжруулан төмөр битон гүүр барьж иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулахад хүч хөдөлмөр гаргасныг сайшааж нийтийн тээврийн үйлчилгээг стандартын дагуу явуулж тухайн замыг засан сайжруулж байхыг “Н” ХХК-д үүрэг болгосон байх бөгөөд ямар нэгэн төлбөр төлөх нөхөн олговор олгох үүрэг хүлээхээр захирамжлаагүй байна. Дүүргийн Засаг дарга тус ажлыг тухайн үед дэмжсэн иргэд олон нийтэд сурталчилсан бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна. Нэхэмжлэгч нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн №-2201012882 дугаар бүхий өөрийн өмчлөлийн 2 талаараа явган хүний замтай 12м урттай, 8м өргөн төмөр гүүрийг барихад гарсан зардлыг захиргааны байгууллагаар төлүүлэх гэж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Мөн 2001 онд хийсэн зам, гүүрний төлбөрийг 19 жилийн нэхэмжилж байгаа нь гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жил, эсхүл ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн хугацаа өнгөрсөн тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Нийслэлийн ЗД холбогдуулан 3,5 км сайжруулсан шороон зам, 12 метр урт, 8 метр өргөн төмөр гүүрний төлбөрт 28,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг  “Н” ХХК, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, тус хорооны Засаг дарга нарын 2000 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр 3,5 км сайжруулсан шороон зам, 12*8 метр харьцаатай төмөр гүүр барьж хүлээлгэн өгсөн тул түүний үнэ 28,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч тал Хамтран ажиллах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тус гэрээний дагуу  ЗД ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр мэтгэлцэж байна.

 “Н” ХХК, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, тус хорооны Засаг дарга нарын хооронд 2000 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж,  гэрээгээр иргэдийн хурлын тэргүүлэгчид, хорооны Засаг дарга нь иргэдийн хурлын тогтоол гаргаж, хорооны иргэдээс замын ажилд зориулах хөрөнгө цуглуулах, зам засварын ажилд хяналт тавих, “Н” ХХК нь зам, гүүрний ажлыг эхлүүлэх, гэрэлтүүлэг, замын тэмдэг тавих, замаар тээвэр хийж байгаа автобусны жолооч нарыг журамлан, зам тээврийн аюулгүй байдлыг хангах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1-р хх-131-132/

Талуудын гэрээгээр хийсэн тохиролцоо, зорилго, хүлээсэн үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. 

Хамтран ажиллах гэрээний гол шинж бол талууд ашиг олох, эсхүл тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх явдал юм. Гэрээний зорилгыг “. . . хорооны 2000 гаруй өрх, 10,000 гаруй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэл зохих эн тэргүүний ажил болж байгаа 3,5 км газарт жижиг оврын автобус явуулах, нийтийн чухал яаралтай хэрэгцээнд үйлчилж байх телефон холбоотой болгох” гэж тодорхойлсноос үзэхэд ашиг олох нь нэн тэргүүний зорилго бус харин хорооны иргэдийн нийгмийн нэг асуудлыг шийдвэрлэх зорилгыг тавьжээ. /1-р хх-131-132/

 Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т хамтран ажиллах гэрээний оролцогчдын хураамж нь мөнгө, эд хөрөнгө, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр оруулж болохоор заасан учир “Н” ХХК нь мөнгөн хөрөнгө гарган, зам, гүүр барих замаар, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, тус хорооны Засаг дарга нар мөнгөн хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулах, зам, гүүр барих бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэх, холбогдох эрх бүхий байгууллагад гэрээний зорилгын талаар асуудлыг тавих, зам, гүүрний ажилд хяналт тавих байдлаар гэрээний хураамжийг тохирчээ.   

Нэхэмжлэгч гэрээний зорилгыг хэрэгжүүлэхээр 12 дугаар сургуулийн баруун талд орших хайрган замын залгаа “Наран гол” дээр байрлах 12 метр урт, 8 метр төмөр бетон гүүр, 3,5 км урттай шороон замыг барьж Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулсан сайжруулсан шороон зам, түүний байгууламж болон гүүрийг ашиглалтад хүлээн авах комиссын 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1, 2 дугаар актаар зам, гүүрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ. /1-р хх-142-143/

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж зааснаар талуудын хамтын ажиллагааны үр дүнгээр бий болсон зам, гүүр нь гэрээний оролцогчдын дундаа өмчлөх хөрөнгө юм. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, 12 дугаар сургуулийн баруун талд орших хайрган замын залгаа “Наран гол” дээр байрлах 12 метр урт, 8 метр өргөн 17,000,000 төгрөгийн үнэ бүхий төмөр бетон гүүрний хууль ёсны өмчлөгч нь “Н” ХХК байна. Гэрээнд оруулсан хураамж, түүний үр шимээс бий болсон хөрөнгийн өмчлөгч хэн байх талаар тохиролцоогүй боловч нэхэмжлэгч гүүрийн өмчлөгчөөр 2003 онд бүртгүүлсэн, хариуцагч тал энэ талаар маргаагүй байгаагаас дүгнэхэд талууд энэ талаар тохирсон, эсхүл гэрээний тал хожимоо хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  /1-р хх-26, 140/

Талууд гэрээнд хугацаа тохироогүй учир гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзнэ. Талуудын 2000 онд байгуулсан гэрээний хугацаа үргэлжилж байгаа үгүйг түүний зорилго биелэгдсэн эсэхээс дүгнэх боломжтой.

“Н” ХХК нь 3,5 км зам, гүүрээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан нь Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Алтайгаас 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Улаанбаатар хотын ерөнхий менежерт хаягласан “Өргөдөл шилжүүлэх тухай” 8/7806 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэдийн хурлын тэргүүлэгчдийн даргын 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн зам тээврийн газрын даргад хаягласан “Нийтийн тээврийн шугам сунгуулж өгөхийг хүсэх тухай” 1 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн захирагчийн ажлын албанд хаягласан “Хүсэлт хүргүүлэх тухай” 18 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хаягласан “Хүсэлт хүргүүлэх тухай” 40 тоот албан бичиг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн зам тээврийн газарт хаягласан ““Н” ХХК-ийн албан бичиг, иргэн Б.Тын өргөдлийн тухай” 1/1830 тоот албан бичиг, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны  өдрийн 116 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай” 30 дугаар тушаалаар тогтоогдож байна. /1-р хх-23, 29-31, 136, 196-211, 214/  

Хамтран ажиллах гэрээний гол шинж бол гэрээний талууд хамтын үйл ажиллагаа явуулснаар хамтран ажиллах гэрээний зорилго биелсэн байх учиртай. Зорилго биелэгдсэн тохиолдолд гэрээний оролцогчдын хамтын ажиллагаа буюу гэрээний эрх, үүрэг дуусгавар болдог. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын байгуулсан гэрээний зорилго биелэгдсэн тул талуудын харилцан хүлээх эрх, үүрэг дуусгавар болсон буюу Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-т заасан гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна.

Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд гэрээний оролцогч нөгөө талаас үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг, гэрээнээс гарч өөрт ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахыг, эсхүл гэрээний нөгөө талыг үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцлан, учирсан хохирлоо шаардах зэрэг эрхтэй юм.

Нэгэнт гэрээ биелэгдэн дуусгавар болсон тул нэхэмжлэгч дээрх шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, оруулсан хураамжаас бий болсон үр шим болох зам, гүүрний үнийг буцаан шаардах эрхгүй.  

Түүнчлэн нэхэмжлэгч 2000 онд байгуулсан гэрээний талаар 20 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэжээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна.

Өмнө дүгнэсэний дагуу талуудын байгуулсан гэрээний үүрэг гэрээний зорилго биелэгдсэнээр дуусгавар болсон учир шаардах эрхийг тухайн үеэс үүссэн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.   

Хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцнэ. Нэхэмжлэгч үе үеийн Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтнуудад зам, гүүрний талаар албан бичиг хүргүүлж байсан боловч үүнийг тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн үзэхгүй. /1-р хх-180-192/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч ЗД холбогдох 3,5 км сайжруулсан шороон зам, 12 метр урт, 8 метр өргөн төмөр гүүрний төлбөрт 28,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч ЗД холбогдох 3,5 км сайжруулсан шороон зам, 12 метр урт, 8 метр өргөн төмөр гүүрний төлбөрт 28,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН