Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 291

 

                                                                           

Ш.А, П.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Ш.А, П.Б нарт холбогдох 1812001100100 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Л овогт Ш-ийн А,

2. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт П-ийн Б нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.А, П.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн Ш.А гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. Шүүгдэгч П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-нд ажлаасаа чөлөө авч, аймаг руу явж 02 дугаар сарын 22-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн гэдэг нь худал юм. Хавтаст хэрэгт авагдсан тухайн өдрийн ажлын ирцийн бүртгэлд ажилласнаар бүртгэлтэй байхаас гадна гэрчлэх хүмүүс байна. Мөн П.Б нь Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхдээ цахим бүртгэлд бүртгүүлж, дугаар авч үзүүлсэн гэж мэдүүлдэг боловч тухайн эмнэлгийн цахим бүртгэлийг шалгуулахад хуурамч гэдэг нь нотлогдсон. Эмнэлгийн цахим бүртгэл нь хэрэгт авагдсан бөгөөд баримтын доор нь 5 сард нөхөж оруулав гэж тэмдэглэгдсэн нь хуурамч болохыг нотолж байна. П.Б эмнэлгийн цахим бүртгэл нь хуурамч гэдэг нь нотлогдоход дахин мэдүүлэг өгсөн байсан, үүнд эмнэлгийн цахимд бүртгүүлж, дугаар аваагүй, Ууганбаяр эмчийг таньдаг болохоор бичиг хийлгээд авсан гэсэн байна. П.Б-гийн мэдүүлэгт сумын эмчид огт үзүүлээгүй Архангай аймгийн эмчид үзүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд сумын эмчийн бичгээр шүүхийн шинжилгээнд орж гэмтэлгүй гэж гарсан. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.

Миний бие 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр П.Б-гийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтлийг учруулаагүй. Тухайн эмчийн бичгийг гаргасан Ууганбаяр нь тархи доргилт гэх бичгийг бие даан гаргаж өгдөг эрхтэй эмч биш юм. Үүнийг шүүх хурал дээр П.Б-гийн өмгөөлөгч энэ бичгийг гаргаж өгдөг эмч нь тухайн өдөр байхгүй байсан болохоор Ууганбаяр эмч дур мэдэн гаргаж өгсөн гэж тайлбарласан. Тархи доргилт гэж картанд нь бичихдээ юуг үндэслэн бичсэн нь тодорхойгүй байна. Тархины бичлэг, имрай зургийн аль нэгийг үндэслэн гаргах ёстой. Мөн Ууганбаяр эмчийн бичгийн огноо нь засвартай баримт байна. П.Б нь худал мэдүүлэг өгч, хэргийн материалд байгаа баримтуудыг хуурамчаар үйлдсэнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Иймд надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ш.А-ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Ш.А нь П.Б-гийн биед тархи доргилт буюу “хөнгөн” зэргийн гэмтэл учруулаагүй, түүний үйлдэл, “хөнгөн” гэмтэл хоёрын хооронд гэмт хэргийн шалтгаант холбоо байхгүй болно. П.Б-гийн биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан нь эргэлзээтэй байдаг юм. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарны 25-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хөнгөн” зэргийн гэмтэл учирсныг тогтоосон бөгөөд уг дүгнэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нөхөн бичиж өгсөн, огноо нь засвартай эмч Ууганбаярын гаргасан эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй тодорхойлолтыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэрэг явдал болж өнгөрснөөс хойш 75 хоногийн дараа нөхөж бичиж өгсөн байдаг. Харин хэрэг явдал болсны дараахан буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр П.Б-гийн эрүүл мэндэд “хөнгөн” зэргийн гэмтэл буюу тархи доргилт гэмтэл учраагүй байна. П.Б нь хуурамч нотлох баримт бүрдүүлж, улмаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хавтаст хэрэгт тодорхой байдаг. Тухайлбал 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхдээ цахим санд бүртгүүлж, эмчид үзүүлсэн дугаар авсан гэж 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нөхөн бичилт хийж, хуурамч нотлох баримтыг гаргаж өгсөн. П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвд өөрийн албан үүргээ гүйцэтгэж байсан төдийгүй энэ өдөр хохирогч Ш.А-тай тааралдан маргалдсан байдаг. Мөн П.Б 2018 оны 02 дугаар сард нэг ч цагийн чөлөө аваагүй, тухайн сард ажлын бүх өдрүүдэд бүтэн ажилласан нь Архангай аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн цагийн бүртгэл, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын цагийн бүртгэл зэргээс тодорхой харагдаж байна. 2018 оны 02 дугаар ажлаас цагийн чөлөө аваагүй атлаа Архангай аймгийн Цэцэрлэг сумаас 200 километрийн зайд орших аймгийн төв Эрдэнэбулган суманд ирж Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчид ирж үзүүлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус зохих өөрчлөлт оруулж Ш.А-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.А, П.Б нар хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн Ш.А, П.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн Ш.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Харин шүүгдэгч Ш.А-д холбогдох хэрэгт хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Учир нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 138 дугаартай дүгнэлтээр П.Б-гийн биед учирсан баруун зовхины гадна буланд жижиг сорви, зүүн чихний дэлбээний ар хэсэгт зулгаралтын сорви гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтмол алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дурдсан байх бөгөөд уг дүгнэлтэд тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учраагүй болохыг тогтоосон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч П.Б-гийн биед тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж хэрэг гарснаас хойш 75 хоногийн дараа тогтоохдоо эмч Б.У-ын үзлэгийн тэмдэглэл гэх эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэл болгожээ. Шинжээчийн энэхүү дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдуулсан бол энэхүү шинжээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар хуульчилсан. Гэтэл П.Б-гийн эрүүл мэндэд учирсан гэх тархи доргилт гэмтлийг гэмт хэрэг гарснаас хойш 75 хоногийн дараа шүүгдэгчийг биечлэн үзэхгүйгээр нөхөн тогтоосон нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Б-гийн биед үзлэг хийсэн эмч Б.Ууганбаяр нь үзлэгийн тэмдэглэлдээ тархи доргилт гэмтэл учирсан тухай дүгнэх болсон үндэслэлээ заагаагүй байгаа нь уг баримтад тулгуурлан гарсан шинжээчийн дүгнэлтийг мөн эргэлзээ бүхий гэж үзэх шалтгаан болно.

Шүүгдэгч Ш.А-ын П.Б-гийн биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Ш.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 5 дахь заалтын Ш.А-ыг гэм буруутайд тооцсон, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН