Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 321

 

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн

Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Д.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0288 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: өмгөөлөгч Б.М,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нар,

Нэхэмжлэгч Ч.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох “Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0288 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шүүх нотлох зарчмыг ноцтой зөрчин нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг санаатайгаар бүрэн гүйцэд хийгээгүй болох нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гаргасан дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх талд авагдсан 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжид “Эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр “Газар эзэмших эрх дуусгавар болох тухай” захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэснийг үндэслэн “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаагүй нь анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргасан гэж үзэхээр байна.

4. Миний бие захиргааны хэргийн шүүхийг нотлох баримт цуглуулах үүрэг бүхий шүүх гэж үзэж байсан бөгөөд тухайн хэрэг маргаантай холбоотой нотлох баримтыг бүхэлд нь татаж талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй байтал анхан шатны шүүх Дундговь аймгийн Газрын албанд байсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн координаттай давхцаагүй болохыг тодорхойлсон кадастрын зургийг хэрэгт аваагүйн улмаас шүүхийн шийдвэр болсон захирамж нь ямар баримтыг үндэслэсэн болох нь тодорхойгүй, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн захирамж гарснаар гуравдагч этгээд тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байтал ямар хүсэлт саналыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн захирамж гарсан нь тодорхойгүй, мөн хэрэгт авагдсан давхцалтай гэх баримтууд нь хэний газартай ямар байдлаар давхцсан нь ойлгомжгүй баримт байсаар байхад давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

5. Миний бие дээрх хоёр захирамжийг хоёуланг нь тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаснаар гуравдагч этгээд болох “Т” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөхөөр байтал анхан шатны шүүх гуравдагч этгээдээр татаагүй нь шүүхийн шийдвэрийг хариуцагч талд гаргахаар аль хэдийн дүгнэлтээ гаргасан гэж үзэхээр байна. Иймээс анхан болон давах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Тодруулбал анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг ноцтой зөрчин анхан шатны шүүх хэргийн 1 дүгээр хавтасны 211-222, 2 дугаар хавтасны 50-51 дэх талд авагдсан баримтуудыг хөдөлбөргүй үнэн хэмээн тогтоож, шийдвэр гаргасан нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

6. Маргаан бүхий газрыг манайх хуулийн дагуу эзэмшиж байсан ба маргаж байгаа захирамжуудад манай эзэмшлийн газрын аль хэсгээс нь яагаад хасч байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, ямар ч хууль зүйн үндэслэлгүй манай газраас хасч дээрэмдэж байна. Өөрөөр хэлбэл уг газрыг 2002 оноос Ч.Л эзэмшиж байгаа билээ. Гэтэл анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчдийн  дүгнэлт, аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын  газрын шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн  нь шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

7. Тухайлбал энэхүү хэргийн оролцогч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчдийн дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчдийн дүгнэлтүүдийг үндэслэх нь хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байгаа ба нэг шинжээчийн дүгнэлт гаргасан нь хэргийн оролцогч, нөгөө дүгнэлт гаргасан нь хэргийн оролцогчийн дээд шатны байгууллага. Гэтэл анхан шатны шүүх үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Ч.Л-ийн эзэмшиж байгаа газраас яагаад гэнэт хуйвалдаж хасах болсон нь маргаж байгаа захирамжуудаас харахад тодорхойгүй, ойлгомжгүй, мөн хүний газрыг дур мэдэн дээрэмдэн авч байгаад гомдолтой байна. Энэ талаар анхан шатны шүүх дээр болон хэргийн материалд цугларсан баримтуудад хангалттай байгаа билээ.

8. Мөн Ерөнхий шүүгч Б.Сугиржавыг манай талаас удаа дараа татгалзсаар байтал энэ хэргийг шйдвэрлэх гэж улайрсаар хэргийг шийдвэрлэж, манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүгч хүний ёс зүйтэй холбоотой ба энэ хэргийн шийдэлт нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй. Гэтэл ерөнхий шүүгч Б.Сугиржав нь хэргийн оролцогч болох хариуцагч О.Б-тэй 10 жилийн нэг анги, хоорондоо найз нөхдийн дотно харилцаатай гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М миний бие өөрөө татгалзан гаргах тухай хүсэлтийг бичгээр гаргахад Ерөнхий шүүгч нь миний хүсэлтийг өөрөө шийдвэрлэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд энэхүү эрхийг тусгайлан заагаагүй байх тул татгалзлыг хүлээн авах боломжгүй талаарх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 тоот албан бичгээр хүсэлтийг буцаан хүргүүлсэн. Иймд миний бие нэхэмжлэгч Ч.Л-ээр мөн шүүгчээс татгалзаж буй татгалзлыг бичгээр хүргүүлсэн ба энэхүү хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шийдвэрлэж мөн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба энэхүү шүүгчдийн зөвлөгөөнд татгалзан гаргагдаж байгаа шүүгч Б.Сугиржав өөрөө оролцож тогтоол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т “Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно”, 85.6-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтуудыг илтэд зөрчиж уг хэрэгт хувийн сонирхлоор хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас хэргийг шийдвэрлэж байгаа ерөнхий шүүгч Б.Сугиржавыг удаа дараа татгалзсаар байхад энэхүү татгалзлыг татгалзан гаргагдаж байгаа шүүгч өөрөө шийдвэрлэж байгаа нь хууль бус, хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгааг илэрхийлж байна. Үүнийг давж заалдах шатны шүүх мөн анхаараагүйд гомдолтой байна. Шүүгч хүн шударга үнэнийг эрхэмлэн тогтоох ёстой ба өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарах үүрэгтэй. Татгалзсаар байхад өөрөө шүүгчдийн зөвлөгөөнд орж татгалзлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн боломжгүй билээ.

9. Мөн шүүх хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон байсан ба шүүх хуралдаан дээр манай талаас маргаж байгаа газарт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан ба шүүгчээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэж ойлгосон. Гэтэл маргааш нь шүүх хуралдаан үргэлжилсэн ба энэхүү хүсэлттэй холбоотой ажиллагаа хийгдээгүй, шууд хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “...үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 117/Ш32018/0039 дүгээр захирамжаар үзлэг хийлгэх шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид гомдол гаргаагүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлд даргалагчаас “санал хүсэлт байна уу гэхэд” итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэж хариулсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан бүхий газарт үзлэг хийгдээгүй шууд хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авахааргүй байна” гэж давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Миний бие үзлэг хийлгэх тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан ба хүсэлтдээ шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийлгэхээр тодорхой тусгасан байгаа. Гэтэл шүүх ямар ч үндэслэлгүйгээр “шүүх хийхгүй, хувийн кадастрын компаниар хийлгүүл” гэж шүүх хуралдаан зөвлөлдөөд шийдвэрлэсэн. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүх хуралдаанаас өмнө бидэнд огт танилцуулаагүй ба давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

10. Шүүхийн магадлал хууль ёсны, бодитой байх шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр зөвтгөж байгаа нь тодорхой бус эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн газрын талаар дүгнэлтийг үнэн зөв хийж чадаагүй, магадлалаас харахад үндэслэлгүй эзэмшиж байсан газрыг хасч олгоогүй юм уу эсвэл давхацсан газрын давхцлыг арилгасан юм уу гэдэгт хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй.

11. Магадлалд иргэн Ч.Л-ийн эзэмшиж байсан 633 м.кв газар нь “Т” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцсан гэж дүгнэлт хийсэн боловч уг давхцлыг арилгаж хэдэн тоот ямар захирамж хэзээ гарсан, давхцал нь ямар хэмжээтэй байсан талаар дурдаж, дүгнэлт огт хийгээгүй.

12. Хариуцагч 38 м.кв газрыг хасч олгосон гэх боловч иргэн Ч.Л, “Т” ХХК-ийн эзэмшлийн газрын давхцлын талаарх Геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтийн хавсралтад байгаа давхцлын хэмжээ нь 38 м.кв газрын хэмжээнээс илүү байгаа нь харагдаж байхад шүүх бодитой дүгнэлт хийгээгүй.

13. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нэхэмжлэлд дурдсан 38 м.кв газрын хэмжээтэй ямар үндэслэлээр хэрхэн холбогдож байгаа талаар бодитой дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь дээрх шийдвэрүүд үндэслэл муутай, эргэлзээтэй болоход хүргэсэн.

14. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо хэрхэн уялдаж байгаа нь тодорхой бус, шинжээчээс асуусан асуултынхаа хүрээнд дүгнэлт гаргаагүй. Геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтийн шинжээчээс асуух асуулт гэсэн хэсэгт “Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 300 тоот захирамжаар “Т” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4517,5 м.кв эзэмшил газрыг одоогийн кадастрын зурагтай харьцуулан маргаан бүхий “Т” ХХК-ийн хашаан доторх контейнер байршуулсан газар нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэний эзэмшлийн газарт хамаарч байгаад шинжилгээ хийх гэсэн боловч уг дүгнэлт дээрх асуултад хариулт өгөөгүй байдаг.

15. Хариуцагч хариу тайлбартаа давхардуулан нэмж олгосон гэж дурдсан байхад шүүх дүгнэхдээ үндэслэлгүй нэмж олгосон гэх зэргээр хууль зүйн үр дагавар нь өөр өөр асуудалд бодитой хандаж шийдвэрлээгүй байна. Иргэн С.Ө-ийн эзэмшил газарт 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр кадастрын зураг хийгдсэн байдаг бөгөөд уг баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй учраас шинжээчийн дүгнэлтүүд бүхэлдээ алдаатай болсон байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг бүрэн хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

17. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны А/12 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 130-136 дахь тал/ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчдийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/140 дүгээр дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй, тодруулбал, нэхэмжлэгч болон “Т” ХХК-ийн эзэмшил газрын давхцлын хэмжээ болон байршил ялгаатай, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эзэмшил газраас хасагдсан гэх 38 м.кв газар нь чухам хаана гэдэг нь тодорхойгүй буюу тогтоогдохгүй байна.

18. Хариуцагчаас хэргийн нотлох баримтаар өгсөн Ч.Л-ийн эзэмшиж буй газрын байршлын схем зураг /1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/-т харуулсан 2013 оны А/566 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг тогтоон баталгаажуулахдаа үндэслэлгүй олгосон гэх 38 м.кв газар нь дээрх шинжээчдийн дүгнэлтүүдийн аль алинаас нь зөрүүтэй, энэхүү тодорхойгүй нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүйд хүрэхээр байна.

19. Зүй нь шүүх нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн 480 м.кв газар нь хаана ямар байршилтай байсан, энэ нь 2013 оны А/566 дугаар захирамжаар 633 м.кв газар болж нэмэгдэхдээ “Т” ХХК-ийн 2004 онд эзэмших эрх нь үүссэн 3961 м.кв газартай давхцсан эсэх, хэрэв давхцсан бол хаагуур ямар хэмжээгээр давхцсан, уг давхцал нь маргаан бүхий актаар хасагдсан /1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал дахь хариуцагчийн өгсөн газрын байршлын схем зурагтай/ 38 м.кв газартай таарч буй эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх байжээ.

20. Дээрх нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх маргаан бүхий газарт үзлэг хийх, шаардлагатай бол дахин шинжээч томилох, түүнчлэн “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийх шаардлагатай байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, ... -ын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”; 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын ... улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн маргаж буй 38 м.кв газар нь “Т” ХХК-ийн эзэмшил газарт хамаарч байгаа гэх үйл баримт байх тул тус компанийг гуравдагч этгээдээр зайлшгүй татан оролцуулах шаардлагатай. Ийнхүү оролцуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүх шаардлагатай гэж үзсэн бол холбогдох этгээдийг гуравдагч этгээдээр татах бөгөөд харин оролцох эсэх нь гуравдагч этгээдийн эрх юм.

22. Иймээс шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, хэрэгт авагдсан давхцалтай гэх баримтууд нь хэний газартай ямар байдлаар давхцсан нь ойлгомжгүй, давхцал нь ямар хэмжээтэй байсан болон шинжээчийн дүгнэлтүүд нэхэмжлэлд дурдсан 38 м.кв газартай ямар үндэслэлээр хэрхэн холбогдож байгаа талаар бодитой дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтүүд нь хоорондоо хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй, шинжээчээс асуусан асуултын хүрээнд дүгнэлт гараагүй, “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, тус компанийн эзэмшил газрын кадастрын зураг хэрэгт бүрэн авагдаагүй, маргаан бүхий газарт үзлэг хийх ёстой байсан гэсэн /Тодорхойлох хэсгийн 3-5, 9, 11-15/ нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

23. Харин “шүүгчээс татгалзах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхдээ ерөнхий шүүгч Б.Сугиржав өөрөө орсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3, 85.6-д заасныг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй /Тодорхойлох хэсгийн 8/. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсэг нь мөн зүйлийн 85.3 дахь хэсгээс бие даасан тусдаа зохицуулалт бөгөөд уг зохицуулалтын дагуу ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, ... бол шүүгчдийн зөвлөгөөний олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд шүүгчдийн зөвлөгөөн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдэнэ.

24. Түүнчлэн, Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг анхаарах нь зүйтэй.

25. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0288 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ