Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1215

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа       даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01099 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Т.Ариунболор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2371 дугаартай шүүхийн шийдвэр, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1002 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Б-ын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээг тогтоолгоход төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээ 81.437.436 төгрөг болсон бөгөөд уг үнэлгээг 2020 оны 3 дугаар сарын 02-ны 4/6420 дугаартай албан бичгээр надад мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлалгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай тогтоолын дагуу Б.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамранжавын гудамжны 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах, 52.45 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцны “Сэлэнгэ эстимэйт” ХХК-аар тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02371 дугаартай шийдвэрээр Б.Б-оос 40.093.886 төгрөгийг гаргуулж, "Бат Ундран Мандах ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Б-од төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар хороо, 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 81.437.436 төгрөгөөр үнэлсэн. Иймээс үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмуудыг баримтлаагүй байх ба батлагдсан шинжлэх ухааны аргуудад тулгуурлан үнэлгээг тогтоогоогүй байна гэх үндэслэл, шаардлагыг маш тодорхой тусгасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийг үнэлгээ хийх хуульд заасан журмуудыг зөрчсөн эсэх, батлагдсан аргачлалаар хийсэн эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэт нэг талыг барьсан хуульд үндэслээгүй шийдвэр гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 02371 дугаар шийдвэрээр Б.Б-оос 39.737.250 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 356.636 төгрөгийн хамт гаргуулж “Бат ундран мандах ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19251381 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, төлбөр төлөгч Б.Б-ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 39 дүгээр байрны 58 тоот, улсын бүртгэлийн           Ү-2205033231 дугаарт бүртгэлтэй, 52.45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан үйл баримт тогтоогджээ. /хх 35-37, 67/

Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 120 тоот тогтоолоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар үнэлгээ гаргуулахаар шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 39-40/

Шинжээч нь дээрх орон сууцыг 81.437.436 төгрөгөөр үнэлж, дүгнэлтийг НШШГГ-т хүргүүлж, хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчид 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4/6420 тоот мэдэгдлээр хүргүүлснийг хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 62/

Түүнчлэн, хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч өртгийн хандлага болон зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн үндэслэлээ үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан, тухайн хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дах хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                    Н.БАТЗОРИГ