Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00844

 

2021           06            24                                          001/ХТ2021/00844

 

 

 

...................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01099 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1215 дугаар магадлалтай,

 

...................ын нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ...................ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Т.Ариунболор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 2371 дугаартай шүүхийн шийдвэр, 2019.10.21-ний өдрийн 1002 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч ...................ын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээг тогтоолгоход төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээ 81,437,436 төгрөг болсон бөгөөд уг үнэлгээг 2020.03.02-ны 4/6420 дугаартай албан бичгээр надад мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлалгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.02.18-ны өдрийн 120 дугаартай тогтоолын дагуу ...................ын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамранжавын гудамжны 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах, 52.45 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцны Сэлэнгэ эстимэйт ХХК-аар тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 102/ШШ2019/02371 дугаартай шийдвэрээр ...................оос 40,093,886 төгрөгийг гаргуулж, "Бат Ундран Мандах ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.11.12-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч ...................од төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар хороо, 39 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 81,437,436 төгрөгөөр үнэлсэн. Иймээс үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01099 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...................ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...................т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1215 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ................... хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэн талуудын тайлбар мэтгэлцээн хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй мөн Иргэний хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал: 1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбараа баталсан баримт хэрэгт авагдаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дах хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна” гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь Иргэний хууль болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаагүй улмаас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхаас гадна “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмуудыг баримтлаагүй байх ба батлагдсан шинжлэх ухааны аргуудад тулгуурлан үнэлгээг тогтоогоогүй байна гэх үндэслэл, шаардлагыг маш тодорхой тусгасан байхаас гадна Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилох үедээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж гарын үсэг зуруулах журмыг ноцтойгоор зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийг үнэлгээ хийх хуульд заасан журмуудыг зөрчсөн эсэх, батлагдсан аргачлалаар хийсэн эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилохдоо эрх, үүрэг хариуцлагыг урьдчилан сануулах хуульд заасан журмыг баримтлаагүй байхад хэт нэг талыг барьсан хуульд үндэслээгүй шийдвэр гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ...................т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 02371 дугаар шийдвэрээр ...................оос 39,737,250 төгрөгийг гаргуулж Бат ундран мандах ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ...................ын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 39 дүгээр байрны 58 тоот, 3 өрөө орон сууцны үнийг талууд тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2020.02.18-ны өдрийн 120 тоот тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шинжээч орон сууцыг 81,437,436 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбар, нотолгоо гаргаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

 

Иймд нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэх гомдол үндэслэлгүйгээс гадна шинжээчид хууль сануулсан байхад /хх-40/ энэ талаар хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01099 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 1215 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД