Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1217

 

Ч.Л-гийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00791 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Л-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НДЕГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, хохиролд нийт 19,286,517 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Л-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 815 тоот шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл 7 сар 17 өдөр гэж тооцон, энэ хугацааны цалин хөлсийг 4.863.115 төгрөгөөр тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг НДЕГ-т даалгасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0097 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн цалин хөлстэй холбоотой хэсгийн мөнгөн дүнг өөрчилж, дундаж цалинг нэмэгдэл, нэмэгдэл хөлс шагнал урамшууллыг нэмж тооцож олгох болгон өөрчлөлт оруулсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 116 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүсч 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр НДЕГ-т өргөдөл өгсөн боловч дарга амралттай эзгүй байна гэсэн тайлбар өгсөөр байгаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/119 тоот албан бичгээр ажлын санал ирүүлсэн. Энэ албан тоот 2019 оны 11 сарын 15-ны өдөр гэрийн хаягаар ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 4.863.115 төгрөгийг надад өгсөн. Нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг мөнгөтэй болохоороо өгнө гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ажилд эгүүлэн томилоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд цалингийн сүлжээ 2 удаа өөрчлөгдсөн. Ажилд эгүүлэн тогтоохгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байгаагийн улмаас миний ажиллаж хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх ноцтой зөрчигдсөөр байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс ажилд орох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор,  хохиролд нийт 19.286.517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0815 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0097 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 116 дугаар тогтоолыг хариуцагч НДЕГ- биелүүлэн ажилласан. Дээрх шүүхийн шийдвэрүүд болон нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/119 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллуулах санал хүргүүлсэн боловч нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Мөн нэхэмжлэгчийн цалин хөлсийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0815 болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0097 дугаартай магадлалаар нэг өдрийн цалин хөлсийг тогтоож шийдвэрлэсэн. Цалингийн сүлжээ нэмэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан. Хариуцагч НДЕГ- нь нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал тооцож, 2020 оны үйл ажиллагааны цалингийн зардлаас үлдсэн мөнгөөр олгох боломжтой байна. Эмэгтэйчүүдийн баяр болон хүүхдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр мөнгө биш бэлэг л өгдөг. Урамшууллын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөө гардаг бөгөөд Ч.Л-гийн хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж дүгнээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир одоо дүгнэх боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газраас 14.310.330 төгрөгийг гаргуулж олгож, нэхэмжлэгчийн 4.904.533 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн олговор олгосон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 229.502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Л- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжпэлийн анхны шаардлага “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” байсан, гэхдээ шаардлагын энэ хэсгийг “ажилгүй байсан хугацааны олговор, ажлаас хууль бусаар шилжүүлсний улмаас учирсан хохирлыг гаргуулах” болгон 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөн тодруулж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14.310.330 төгрөг, ажлаас хууль бусаар шилжүүлсний улмаас учирсан хохиролд 4.976.187 төгрөг, нийт 19.286.517 төгрөгийг нэхэмжилж өөрчилсөн. Шүүх хурал эхлэхийн өмнө хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтад үндэслэн хохирлын хэмжээнд өөрчлөлт орж, нийт 19.214.863 төгрөгийг нэхэмжилсэн. Ажилгүй байх хугацаанд УИХ-ын болон Засгийн газрын тогтоолуудаар төрийн албан хаагчдын үндсэн болон нэмэгдэл цалин хөлс нэмэгдэж, байгууллагаас нийт ажилтнуудад шагнал урамшуулал олгогдсон, эдгээрийг би, хэрвээ ажлаа хийгээд явж байсан бол авах байсан, албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлээс болоод авч чадаагүй учраас надад учирсан хохирол мөн. Иймээс ч нэхэмжлэлдээ хохирлоо төлүүлэх гэж оруулсан. Гэтэл шүүх хохирлын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй, улмаар хуулийн үндэслэлийг дурдалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хэрэгсэхгүй болгосон. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус заасныг хэрэглээгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь цалин хөлс нэхэмжилсэн шаардлага мөн, цалин хөлсний бүрэлдхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал орно гэсэн атлаа хоол унааны нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, хүүхдийн баярын болон эмэгтэйчүүдийн баярын урамшууллыг хасч тооцсоноороо хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч өөрөө хүссэндээ ажиллаагүй биш хариуцагчийн буруугаас ажиллаагүй болох нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байхад нотлох баримтыг зөв үнэлээгүй. Дундаж цалин хөлсний дүнг гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-лавлагаа /сарын цалин хөлс 1.015.022 төгрөг/ болон миний өөрийн тооцон гаргасан ажилгүй байсан хугацааны олговор буюу хоол, унаа, бусад урамшууллыг оруулаагүй тооцоо /сарын цалин хөлс 954.021 төгрөг/ гээд зөрүүтэй 2 нотлох баримт байхад аль багыг нь үндэслэн цалин хөлсний дүнг тооцсоноороо нотлох баримтыг буруу үнэлсэн. Миний тооцоо бол ажилгүй байсан хугацааны олговроос гадна хохирлыг нэхэмжлэхдээ зөвхөн олговортой нь хамаатуулж гаргасан тооцоо, гэтэл шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн гэж буруу тодорхойлон улмаар буруу тооцоог үндэслэн дүнг гаргасан. Захиргааны хэргийн шүүхэд ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэл гаргасан, иргэний шүүхэд ажилгүй байсан хугацааны олговроос гадна хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохирлоо нэхэмжилсэн, 2-рт Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэрт дундаж цалин хөлсийг олгох гэж байгаа болохоос мөнгөн дүнг заагаагүй, гэтэл шүүх дундаж цалин хөлсний дүнг тооцохдоо цалингийн нэмэгдэл, шагнал урамшуулал, хоол, унааны нэмэгдлүүдийг хассан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нотлох баримт мөн хэдий ч утга агуулгын хувьд хөдөлшгүй үнэн, зөв байх албагүй, гэтэл энэ шийдвэрийг иргэний шүүх үнэн зөв гэж үнэлэн, шийдвэрийнхээ үндэслэл болгосноороо нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Л- нь хариуцагч НДЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, хохиролд нийт 19.286.517 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тооцож олгоно гэж, харин нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын  28-ны өдрийн А./169, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаар цалин шинэчлэн тогтоох тухай тушаал нотлох баримтаар хэрэгт авагдсан боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогч болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын “хуулбар үнэн” тэмдэг дарсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эрхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан бөгөөд  энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

Хариуцагч байгууллагын архивын “хуулбар үнэн” дардастай баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж тухайн баримтад үндэслэж дүгнэлт хийх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00791 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                               ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                       Н.БАТЗОРИГ