Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/00791

 

 

2020 04 14

182/ШШ2020/00791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Ш овогт Ч.Л /РД:ХЕ73/, Чингэлтэй дүүрэг, 76 тоот

Хариуцагч: НДЕГ , Чингэлтэй дүүрэг, өөрийн байр

 

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 815 тоот шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл 7 сар 17 өдөр гэж тооцон, энэ хугацааны цалин хөлсийг 4,863,115 төгрөгөөр тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг НДЕГ т даалгасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 221/МА2019/0097 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн цалин хөлстэй холбоотой хэсгийн мөнгөн дүнг өөрчилж, дундаж цалинг нэмэгдэл, нэмэгдэл хөлс шагнал урамшууллыг нэмж тооцож олгох болгон өөрчлөлт оруулсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 116 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүсч 2019 оны 07 сарын 29-ний өдөр НДЕГ т өргөдөл өгсөн боловч дарга амралттай эзгүй байна гэсэн тайлбар өгсөөр байгаад 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 1/119 тоот албан бичгээр ажлын санал ирүүлсэн. Энэ албан тоот 2019 оны 11 сарын 15-ны өдөр гэрийн хаягаар ирсэн. Цалин мөнгөтэй холбоотой үг, өгүүлбэр байхгүй байсан тул 2019 оны 12 сарын 09-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай очиж уулзахад 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс хуучин ажилд чинь томилно, шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсийг өгнө, бусдыг шийдэх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. 2019 оны 12 сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 4,863,115 төгрөгийг надад өгсөн. Нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг мөнгөтэй болохоороо өгнө гэсэн. 2020 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар ажилд эгүүлэн томилоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд цалингийн сүлжээ 2 удаа өөрчлөгдсөн. Ажилд эгүүлэн тогтоохгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байгаагийн улмаас миний ажиллаж хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх ноцтой зөрчигдсөөр байна. Иймд 2018 оны 12 сарын 13-ны өдрөөс ажилд орох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэмэгдлүүдийг оруулан хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0815 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0097 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 116 дугаар тогтоолыг хариуцагч НДЕГ  биелүүлэн ажилласан. Дээрх шүүхийн шийдвэрүүд болон нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 1/119 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллуулах санал хүргүүлсэн боловч нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан байна. Мөн нэхэмжлэгчийн цалин хөлсийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0815 болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0097 дугаартай магадлалаар нэг өдрийн цалин хөлсийг тогтоож шийдвэрлэсэн. Цалингийн сүлжээ нэмэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Хариуцагч НДЕГ  нь нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал тооцож, 2020 оны үйл ажиллагааны цалингийн зардлаас үлдсэн мөнгөөр олгох боломжтой байна. Эмэгтэйчүүдийн баяр болон хүүхдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр мөнгө биш бэлэг л өгдөг. Урамшууллын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөө гардаг бөгөөд Ч.Л гийн хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж дүгнээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир одоо дүгнэх боломжгүй гэв.

Шүүх нэхэмжлэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 815 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222/МА2019/0097 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 116 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын урамшуулал олгох тухай, цалинг шинэчлэн олгох тухай болон бусад тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч Ч.Л  нь хариуцагч НДЕГ т холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,310,330 төгрөг, түүний ажиллаагүй хугацаанд цалин хөлс, нэмэгдэл шинэчилдсэний зөрүүд 2,874,515 төгрөг, хоол унааны зардалд 1,085,000 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 745,018 төгрөг, бусад урамшуулалд 200,000 төгрөгийг тус тус гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх мөнгийг хохирол гэж тодорхойлоод байгаа боловч нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэл нь цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэл. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байдаг тул дээрх шаардлагууд үүнд багтана гэж шүүх үзэв.

Хариуцагч НДЕГ  нь нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох боломжтой, нэхэмжлэлийн бусад хэсгийг олгох боломжгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 815 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222/МА2019/0097 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 116 дугаар тогтоолоор Ч.Л г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 7 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулахаар шийдвэрлэж, уг 4,863,115 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард Ч.Л д олгосон нь шүүхийн шийдвэр, талуудын тайлбараар тогтоогдож байна. Ч.Л  нь урьд Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч урьд шүүхийн шийдвэрийг хянуулж байсан байдлыг харгалзан ажил олгогч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 15 сарын цалин хөлстэй тэнцэх олговор болох 14,310,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов. Шүүхийн шийдвэр энэ өдөр гарч буй боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тооцож нэхэмжилснээр хязгаарласан болно. Нэхэмжлэгч дээрх хугацаанд ажиллаагүй тул шинэчлэгдсэн цалин, нэмэгдлийн зөрүү, хоол унааны мөнгө, үр дүнгийн болон бусад урамшууллыг олгох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн цалин хөлсний дунджийг түрүүчийн шүүхийн шийдвэрт заасан дунджаар тооцсон болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-ийг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газраас 14,310,330 төгрөгийг гаргуулж олгож, нэхэмжлэгчийн 4,904,533 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн олговор олгосон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 229,502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.