Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1051

 

 

З.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01159 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.А-гаас хариуцагч О.Г-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 49 156 588 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Гнь 2014 оны 3 дугаар сард 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гэсэн санал тавьсан тул  хадгаламжид байсан 32 000 000 төгрөгийн гэрээг цуцалж, уг мөнгийг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр О.Г-ын 5007038340 тоот дансанд шилжүүлсэн. 2-3 сар болоод буцаан өгнө гэсэн боловч өгөөгүй тул гэрт нь очиж уулзахад эхнэр н.Сарантуяа нь надаас зээлсэн төгрөгийг Г.Одхүүд зээлүүлсэн талаар хэлсэн. Г.Оөмнө нь надаас хүүгээр чинь дамжуулан 10 000 000 төгрөг зээлье гэхээр нь өгөөгүй, тэр хүнийг сайн танихгүй. О.Г өөрөөс нь зээлсэн мөнгөө авна гэж хэлсэн. Үүнээс хойш О.Г-аас мөнгөө байнга нэхэх болсон. Автомашинаа зараад өгье гэсэн ч өгөөгүй, Бор-Өндөрт байгаа 3 өрөө байраа өгнө гэсээр цаг хугацаа хожиж өнөөдрийг хүрсэн. Түүнтэй тохирсон 3 сарын хугацаагаар 31 990 000 төгрөгийг 16,7 хувийн хүүтэй, хадгаламж барьцаалсан зээл авч, 32 000 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед О.Гсарын 10 хувийн хүүтэй зээлэх санал тавьсан. О.Гнь тохиролцсон хугацаандаа зээлсэн төлбөрийг өгөөгүй тул 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хадгаламжид байсан төгрөгөөр зээлээ төлсөн. Хэрэв О.Гтохирсон хугацаандаа зээлээ хүүгийн хамт өгсөн бол хадгаламж цуцалж хохирохгүй байсан бөгөөд 35 549 282.41 төгрөгийг жилийн 10,3 хувийн хүүтэй хадгалуулах байсан. 2019 он хүртэл хадгаламжийн хүүгээр хохирч байна. Иймд 32 000 000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн хүү 1 028 588 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 5 жил 6 сарын хадгаламжийн хүү болох 18 128 000 төгрөгийг тус тус нэмж нийт 51 156 588 төгрөг төлөхөөс 2017 оны 5 сард төлсөн 2 000 000 төгрөгийг хасаж 49 156 588 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч О.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А-гаас 32 000 000 төгрөг хүлээн авч, Г.Одхүүд 10 хувийн хүүтэй зээлсэн боловч тэрээр өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. Мөн итгэл эвдэх замаар их хэмжээний мөнгө надаас авсан. Энэ асуудлаар миний бие Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст өргөдөл гаргаж, улмаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. З.А-гаас зээлсэн 32 000 000 төгрөгийн асуудал хамт шалгагдаж байгаа. 2017 онд хийгдсэн З.А, Г.Онарын хооронд мөнгө зээлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан. Энэ зээлийг миний бие аваагүй тул төлж чадахгүй. Зуучилж өгснөөр хохирч байна. З.Абанкнаас зээл авсан, зээлтэй байснаа ч хэлээгүй, энэ талаар сая л мэдлээ. Мөн зохих хэмжээний хөрөнгө болох ТҮЦ хүртэл өгсөн. Зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон З.А-гийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр О.Г-аас 20 000 000 төгрөгийг бэлнээр, 10 000 000 төгрөгийг дансаар авсан. Тухайн үед зээлийн хүүг 10 хувь гэж ярьж байсан ч гэрээг бичгээр хийгээгүй. Энэ зээлийг 10 хувийн хүүтэй авах болсон шалтгаан нь О.Г-ын чулууг зараад ашиг олоод төлнө гэсэн ч ашиг олоогүй. З.Ад баталгаа гаргасан асуудал бол мөнгө олчихвол төлчихнө гэж бодож хийснээс мөнгийг бодитоор аваагүй, О.Г-ын шаардсанаар бичиж өгсөн. Миний бие О.Г-аас авсан зээлийг боломжоороо өөрт нь төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Г-аас зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 31 028 588 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ад олгож, нэхэмжлэлээс 18 128 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571 582 төгрөгөөс 403 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 167 949 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 313 093 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Гдавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 30 000 000 төгрөг гаргуулж З.Ад олгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. 2016 оны 12 дугаар сард З.А, Г.Онар зээлийг хүүгийн хамт төлөх талаар баталгааны бичгийг хоорондоо байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Одхүүг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан. Миний бие З.Аболон Г.Онарын хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн байхад шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу Г.Одхүүг хамтран хариуцагчаар оролцуулснаар хэргийн нөхцөл байдал бодитойгоор тогтоогдож З.Ань Г.Одхүүгээс зээлсэн мөнгөө эргүүлэн авах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч З.Ань хариуцагч О.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг, хохиролд 1 028 588 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хадгаламжийн хүү буюу олох байсан орлогод 18 128 000 төгрөг нийт 51 156 588 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 000 000 төгрөгийг хасаж, 49 156 588 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

З.Ань 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хаан банк дахь О.Г-ын эзэмшлийн 5007038340 тоот дансанд 32 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба хариуцагч уг мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй. Хариуцагч нэхэмжлэлийн татгалзсан үндэслэлээ “мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй Г.Одхүүд дамжуулан өгсөн тул төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хаан банк дахь О.Г-ын эзэмшлийн 5007038340 тоот дансанд 32 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь зээлээр авсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч З.Ань 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкнаас хадгаламж барьцаалсан зээл 31 990 000 төгрөг авч, зээлийн хүүд 1 028 588 төгрөг, нийт 33 018 588 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 1 028 588 төгрөгийг хохиролд тооцож хариуцагч О.Г-аас шаардах эрхтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч З.Ад 2017 оны 5 дугаар сард хариуцагч О.Г2 000 000 төгрөг төлсөн тул шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа мөн үеэс тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шатны шүүх хариуцагч О.Г-аас үндсэн зээл 30 000 000 төгрөг, хохирол 1 028 588 төгрөг, нийт 31 028 588 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагч О.Гнь нэхэмжлэгч З.А-гаас зээлсэн мөнгөн хөрөнгийг Г.Озахиран зарцуулсан гэх үндэслэлээр хариуцагчийг солих болон  хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хангахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар О.Гнь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгч З.А-гийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольж болно. Өөрөөр хэлбэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн этгээдийг хариуцагчаас татах эрхгүй. /хх-73, 94,101/

Мөн зохигчдын тайлбар, “З.А-гаас мөнгөн хөрөнгө зээлээгүй, О.Г-аас зээлсэн 30 000 000 төгрөгийг өөрт нь буцаан төлнө” гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Одхүүгийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч З.Аболон гуравдагч этгээд Г.Онарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч О.Г-ын “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч О.Гнь өөрт учирсан хохирлоо Г.Одхүүгээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 642 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                               ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                   Д.БАЙГАЛМАА