Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00172

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01159 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1051 дүгээр магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 49,156,588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч, түүнийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,156,588 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01159 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 31,028,588 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 18,128,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571,582 төгрөгөөс 403,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 167,949 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 313,093 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1051 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,642 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Д.Наранцэцэг нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хэдийгээр ******* нь *******т 32,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч мөнгийг Г.Одхүүгийн хүсэлтээр авч, Г.Одхүү өөрийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. Мөн хэргийн 11 дүгээр талд 2016.12.19-ний өдөр *******, Г.Одхүү нарын хооронд "Мөнгө зээлсэн баримт үйлдсэнээр зээлийн үүрэг Г.Одхүүд шилжиж Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар *******гийн зөвшөөрлөөр тэд тохиролцсон байдаг. Г.Одхүү өөрийн гараар мөнгийг хүлээн авснаа зөвшөөрч хариуцан төлөхөө илэрхийлэн баримт үйлдэж *******д өгсөн. Шүүх хуралдааны тэмдэглэлд ч нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Одхүүд зээлснийг мэдсэн тухай ярьсан байна. 3.Алдармааг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ******* 2019.08.01-ний өдрийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст Г.Одхүүд холбогдуулан *******гаас дамжуулан авахуулсан 32,000,000 төгрөгийн асуудлаар өргөдөл гаргаснаар Г.Одхүүд эрүүгийн хэрэг үүсгэн одоо хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Хавтаст хэргийн баримтад энэ талаар хангалттай баримт авагдсан, мөн хариуцагч тал хүсэлт гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 5.1.8-д заасныг хэрэглэлгүй шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т шүүх өөрийн санаачлагаар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хамтран хариуцагчаар татан оролцуулах эрхтэй байгаа ба заавал нэхэмжлэгчийн зөвшөөрөл байхыг шаардахгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй шийдвэр магадлал гарган *******гийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Д.Наранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 31,028,588 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 18,128,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг, хохиролд 1,028,588 төгрөг, 2014.06.07-ны өдрөөс 2020.01.07-ны өдрийг хүртэл хадгаламжийн хүү буюу олох байсан орлогод 18,128,000 төгрөг, нийт 51,156,588 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж, 49,156,588 төгрөгийг гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч ******* ...мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй Г.Одхүүд дамжуулан өгсөн тул төлөх үндэслэлгүй... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,128,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.  

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. Нэхэмжлэгч 2014.03.14-ний өдөр Хаан банк дахь *******ын эзэмшлийн 5007038340 тоот дансанд 32,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. 

Гэрээг талууд амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хүчин төгөлдөр гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

******* нь зээл 10,000,000 төгрөгийг *******ын эзэмшлийн дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоноос гадна энэ талаар талууд маргаагүй байх тул нэхэмжлэгч хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

12. Нэхэмжлэгч 2014.03.27-ны өдөр Хаан банкнаас хадгаламж барьцаалсан зээл 31,990,000 төгрөг авч, зээлийн хүүд 1,028,588 төгрөг, нийт 33,018,588 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 зааснаар 1,028,588 төгрөгийг хохиролд тооцож хариуцагч *******аас шаардах эрхтэй талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Хариуцагч ******* 2017 оны 5 дугаар сард *******д 2,000,000 төгрөг буцаан төлсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1зааснаар хөөн хэлэлцэх хугацаа мөн үеэс тасалдсан гэж дүгнэснийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй. 

13. Анхан болон давж заалдах шатны шатны шүүх хариуцагч *******аас үндсэн зээл 30,000,000 төгрөг, хохирол 1,028,588 төгрөг, нийт 31,028,588 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалт, тэдгээрт тусгагдсан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 зааснаар ******* нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгч *******гийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольдог учиртай. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн этгээдийг хариуцагчаар татах эрхгүй бөгөөд *******ын хариуцагчийг солих болон хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй.

15. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Одхүүгийн ...*******гаас мөнгөн зээлээгүй, *******аас зээлсэн 30,000,000 төгрөгийг өөрт нь буцаан төлнө... гэсэн тайлбараас гадна, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарууд зэргээс дүгнэвэл *******, Г.Одхүү нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Д.Наранцэцэг нарын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01159 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1051 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Д.Наранцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Г.АЛТАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД                Б.МӨНХТУЯА 

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                            Х.ЭРДЭНЭСУВД