Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1050

 

 

“Х ЦГ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00858 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК-ийн хариуцагч Р.Т-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанд тооцуулж хохирол 77 299 478 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 99 410 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани О.О, Э.И нартай 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 13/11 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 13-11 тоот гэрээний нэмэлт зээлийн гэрээг байгуулж, Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-115, Номуун төвийн 5 давхрын баруун хойд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 210 м.кв үл хөдлөх эд хөрөнгөнийн 94 м.кв талбайг зээлээр худалдсан. Р.Т-ын зөвшөөрлийг үндэслэн өмнөх гэрээнд заасан эрх, үүргийг өөрчлөхгүйгээр шилжүүлэн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 23/14 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Р.Тзээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлбөрийг үргэлжлүүлэн төлөх үүргээ 2015 оны 5 дугаар сараас эхлэн зөрчсөн. 2016 оны 3 дугаар сараас хойш төлбөрөө огт төлөөгүй. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлөхийг албан бичгээр болон амаар удаа дараа шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд манай компани Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23/14 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанд тооцуулах, гэрээнээс татгалзсантай холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож олох ёстой байсан орлого түрээсийн төлбөр 75 062 384 төгрөг, ашиглалтын зардал 2 237 094 төгрөг, нийт 77 299 478 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч Р.Тшүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х ЦГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие гэрээний үүргээ хуваарийн дагуу төлөх хугацааг түр хойшлуулсан. Учир нь “Х ЦГ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг бусдад шилжүүлснээс болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан этгээдтэй маргаан үүсч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэх мэдээллийг авсан. Үлдэгдэл төлбөр 78 190 000 төгрөгийг төлж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах талаар саналаа Р.Т илэрхийлсэн. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанд тооцуулах шаардлагыг зөвшөөрч байна. Р.Тнь сар сардаа төлбөрөө төлж байсан. Гэтэл  гэх хүн байраа чөлөөлж өг гэсэн. Энэ талаар “Х ЦГ” ХХК-ийн зүгээс ямар нэг хариу өгөөгүй. 2019 онд 12 дугаар сард тухайн байрыг эзэмшигч Д.Н-д хүлээлгэж өгсөн. Бид урсгал зардал, түрээсийн төлбөрийг төлөхгүй. 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Х ЦГ” ХХК-ийн зүгээс зээлийн үүргийн гүйцэтгэлд тавьсан байдаг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Р.Тнь “Х ЦГ” ХХК-тай 2014 онд 23/14 тоот гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг төлж үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан. Р.Тнь худалдах, худалдан авах гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж, cap бүр тогтмол төлбөрөө төлж нийт 91 010 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 6 дугаар сард Д.Нуг байрыг авсан талаар мэдэгдсэн тул төлбөрийг төлөхийг түр хойшлуулсан. Р.Т-ын эзэмшлийн эд хөрөнгийг “Х ЦГ” ХХК нь бусдад дур мэдэн барьцаалсан байсан. Гэтэл хууль ёсны өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг үл тоож 94 м.кв талбайн өмчлөх эрхийг нууцаар шилжүүлж албадан чөлөөлүүлэх болсон. 2014 оны 23/14 дугаартай худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч “Х ЦГ” ХХК, Д.Ннарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Нямдаваагийн нэр дээр шилжүүлсэн тул сайн дураар чөлөөлөхийг мэдэгдсэн. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлж өгсөн. Иймд Р.Тцаашид үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас “Х ЦГ” ХХК-д төлсөн 91 010 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар гаргасан зардал 8 400 000 төгрөг, нийт 99 410 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Р.Тнь О.О, Э.Инартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа өмчлөгч "Харгант цамхаг групп" ХХК-д мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр төлбөр тооцоог хийсэн болох нь тогтоогдсон. Р.Т-ын манай компанитай байгуулсан гэрээ нь өөрийн хүссэн нөхцөлийн дагуу хийгдсэн гэрээ байгаагүй, бусад этгээдтэй байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул  хүчин төгөлдөр бус юм. Р.Тманай компанитай гэрээ байгуулснаас хойш 27 010 000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлдээ О.О, Э.Инарт төлсөн төлбөрөө манай компанид 91 010 000 төгрөгийг төлсөн мэтээр бичсэн байна. Р.Т-ын төлсөн 27 010 000 төгрөгөөс ашиглалтын зардал 846 468 төгрөгийг хасаж 26 163 532 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлээс 73 246 468 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т-аас 2 237 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК-д, нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК-аас 72 723 532 төгрөг гаргуулан хариуцагч Р.Т-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 75 062 384 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 26 686 468 төгрөгийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 658 156 төгрөг, хариуцагчийн төлсөн 1 004 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Т-аас 50 743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК-д, нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК-аас 521 567 төгрөг гаргуулж хариуцагч Р.Т-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х ЦГ” ХХК-ийн төлөөлөгч М.Гдавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл хангагдаагүй, талууд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ, хүү, хугацаа, хугацааны эцэст тодорхойлох үнийн талаар бичгээр хэлцэл хийгээгүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй. Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 23/14 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд тус гэрээний 2 дугаар зүйлд төлбөр төлөх хугацаа, үнэ, хүү зэргийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтыг байхгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Талууд Иргэний хуульд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байхад энэхүү гэрээг огт байхгүй мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23/14 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан эсэх, үнэ, хугацаа, хүү зэргийн талаар маргаагүй байхад уг үйл баримтыг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх гэрээнээс татгалзсанд нэхэмжлэгч буруутай гэж хариуцагчийг мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч уг гэрээ нь хэлбэрийн төдий, барьцаанд тавих хэлбэрээр санхүүгийн үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ тухай Д.Нямдаваагийн тайлбар болон шүүхийн шийдвэрээс тодорхой харагдана. Хариуцагч Р.Тнь 2014 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл 5 жил 7 сарын хугацаанд уг байрыг үнэ төлбөргүй эзэмшиж, ашигласан боловч 2015 оны 7 дугаар сараас хойш төлбөр, ашиглалтын зардал ч төлөөгүй 4 жил гарган амьдарсан. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байсан боловч өмчлөх эрхийн асуудал маргаан гэж төлбөрийг төлөөгүй. Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлж байсан бол гэрээг цуцлах шаардлага үүсэхгүй байсан. Үүнтэй холбоотой 5 жил гаруй хугацаанд түрээслэж олох байсан ашгаа хохиролд тооцон нэхэмжилсэн. Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2457 дугаар тогтоолыг үндэслэл болгосон. Энэ тогтоол тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол биш тул нэхэмжлэгчийн гэм буруутай гэдгийг нотлох баримт биш. Иймд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК нь хариуцагч Р.Т-д холбогдуулан олох байсан орлого 75 062 384 төгрөг, ашиглалтын зардал 2 237 094 төгрөг, нийт 77 299 478 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “худалдах, худалдан авах гэрээний өмчлөх эрхийг нэхэмжлэгч нь бусдад шилжүүлсэн тул гэрээнээс татгалзсан” гэж марган, гэрээний үнэд төлсөн 91 010 000 төгрөг, хохирол 8 400 000 төгрөг, нийт 99 410 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээс орон сууц ашиглалтын зардалд 846 468 төгрөгийг хасаж 26 163 532 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

“Х ЦГ” ХХК нь Э.И, О.О нартай 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 13/11 дугаар гэрээг байгуулж Баянгол дүүрэг 5 дугаар хороо, ЭТӨЧ-115, 10 дугаар хороолол, Номуун төвийн 5 давхарт байрлах оффисийн зориулалтай 94 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалджээ. Хариуцагч Р.Тнь Э.И, О.О нартай тохиролцож зээлээр худалдах, худалдан гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авахаар тохиролцсон.

Дээрх үйл баримтыг үндэслэн “Х ЦГ” ХХК, Р.Тнар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 23/14 тоот гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулан, худалдагч гэрээний зүйл болох 94 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Р.Т-ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 169 200 000 төгрөгийн 17,7 хувь буюу 30 000 000 төгрөгийг гэрээ хийсэн даруй төлөх ба үлдэгдэл төлбөрийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.

Гэвч уг хавсралтад талууд гарын үсэг зураагүй, мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог болох төлөх төлбөрийн хэмжээ, хүүгийн талаар тохиролцсон байдал гэрээнд тусгагдаагүй, талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй зэргээс дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. /1х-14-19/.

Өөрөөр хэлбэл, зохигч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт заасан хэсэгчилэн хийх төлбөрийн хэмжээ, хүүгийн хэмжээний талаар хэлэлцэн тохиролцоогүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагч Р.Тнь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК-д 27 010 000 төгрөг, Э.И, О.О нарт 63 480 000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн төлбөр төлөлтийн тооцоо, Хаан банкны дансны баримтаар тогтоогдсон байна. /1х-151-178,184/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн шатны анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4690 дугаар шийдвэрээр “Х ЦГ” ХХК-аас 327 500 000 төгрөг гаргуулж Д.Н-д олгож шийдвэрлэжээ.

 “Х ЦГ” ХХК нь энэ төлбөрт маргааны зүйл болсон Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 115 дугар байрны 5 дугаар давхрын баруун хойд хэсэгт байрлах 94 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Н-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шилжүүлсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогджээ. Иймд “Х ЦГ” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23/14 тоот гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Р.Т-д шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн. /1х-230, 2х-110-111/

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. “Х ЦГ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт худалдан авагч Р.Т-ын төлсөн төлбөрийг буцаан өгөх ёстой. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Р.Т-д шилжээгүй тул мөн хуульд зааснаар хариуцагч нь “Х ЦГ” ХХК-д шилжүүлэх зүйлгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тохиролцооноос үзвэл 94 м.кв талбайг 169 200 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь 1 м.кв-ыг талбайн үнийг 1 800 000 төгрөгөөр тооцсон гэж үзэхээр байна. Иймд Э.И, О.О нарт Р.Т-ын төлсөн 63 480 000 төгрөгөөс 1 980 000 төгрөгөөр тооцсоны зөрүү 16 920 000 /180 000 төгрөг х 94/ төгрөгийг хасаж 46 560 000 төгрөгийг нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар хариуцагч Р.Тгомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Х ЦГ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн буруутай тул хариуцагч Р.Т-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд 75 062 384 төгрөгийг шаардах эрхгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “шүүх нотлох баримт буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 533 262 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                  Д.БАЙГАЛМАА