Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/00858

 

 

 

 

 

 

     2020        03            09                                           101/ШШ2020/00858

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ц.Г групп

Хариуцагч: Р.Т

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ц групп ХХК-ийн захирал М.Г, өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн төлөөлөгч С.Нагашыбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тус компанийн захирал М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн О.Оюунсувд, Э.Идэрцог нартай 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13/11 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах. худалдан авах 13-11 тоот гэрээний нэмэлт зээлийн гэрээ"-г байгуулж Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Энхтайваны өргөн чөлөө-115, Номуун төвийн 5 давхрын баруун хойд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 210 m2 үл хөдлөх эд хөрөнгөний 94 m2 талбайг зээлээр худалдсан бөгөөд худалдан авагч талаас бичгээр гаргасан хүсэлт, иргэн Р.Тын зөвшөөрлийг үндэслэн иргэн Р.Тд өмнөх гэрээнд заасан эрх. үүргийг өөрчлөхгүйгээр шилжүүлэн 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23/14 тоот ”Үл хөдлөх эд хөрөнгө худалдах. худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Уг гэрээнд зааснаар иргэн Р. Т өмнөх гэрээний зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлбөрийг үргэлжлүүлэн төлөхөөр болж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан. Гэтэл Р.Тувшинжаргал 2015 оны 05 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж эхэлсэн ба 2016 оны 03 дугаар сараас хойш төлбөрөө огт төлөөгүй. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг албан бичгээр болон амаар удаа дараа шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй, өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийлгүйгээр манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашигласаар байсан.

Иймд манай компани Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23/14 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах. худалдан авах гэрээ”-нээс татгалзсанд тооцуулах, гэрээнээс татгалзсантай холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож олох ёстой байсан бодит орлогыг тодорхойлж хохиролд түрээсийн төлбөрийн жишиг үнэлгээгээр 75,062,384 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 2,237,094 төгрөг нийт 77,299,478 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Р.Т шүүхэд болон төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах гэжээ, би гэрээнээс татгалзахгүй. Намайг төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн нь үнэндээ төлбөрөө төлөөгүй биш түр хугацаагаар хойшлуулсан. Учир нь нэхэмжлэгч "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-гээр шилжүүлсэн хөрөнгөө надад мэдэгдэлгүй, нууцаар бусдад шилжүүлснээс болж надтай болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан этгээдтэй шүүхийн журмаар маргаан үүсч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэдэг мэдээллийг баттай эх сурвалжаас авсан. Бусдад хууль бусаар шилжүүлсэн цагаас эхлэн маргааныг эцэслэн шийдвэрлэж дуусталх хугацаанд миний зүгээс тэвчээртэй хандаж, аль болох эв эеийг хичээж өдийг хүрсэн. Cap бүр нэхэмжлэгч талтай уулзалт хийж. дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авна гэдгээ илэрхийлж байсан.

Өнөөдрийн байдлаар тухайн талбайн төлбөрийн тодорхой хувь болох 91.010.000 төгрөгийг нэхэмжлэгч талд 2014-2015 онд төлсөн бөгөөд буцааж аваагүй. нэхэмжлэгч бусадтай нууцаар хуйвалдаж. бусдад хууль бусаар шилжүүлсэн үйлдлүүдэд хамаарах хэрэг нэгэнт бүрэн шийдэгдсэн гэж үзэж байгаа бол миний зүгээс үлдэгдэл төлбөр 78.190.000 өнөөдөр ч гэсэн бүрэн төлж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах боломжтой болохоо үүгээр илэрхийлье.

Хоёр шаардлага гаргаж байгаа юм байна. Татгалзан тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Манай сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол татгалзан тооцуулж төлсөн шаардлагаа буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. 2014 оны 03 сард бидний өмнөн маргаж байсан үл хөдлөх буюу Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 115 , 84-ийн 5 давхарын 218 м.кв оффисын зориулалтай талбайгаас өөр оногдох 94 м.кв –ийг О.Оюунсувд, Б.Идэрцог нар эзэмшиж байсан.  Талуудын хооронд хэлцэл явагдаад 03 сараас эхлээд манайх энэ талбайг өөрийн эзэмшилтэд авъя. Цаашид бид төлбөрийг үргэлжлүүлээд дуусгана гэсэн саналыг тавьсан. 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Х.Ц групп” ХХК болон Р.Т нарын хооронд 23/14 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр бол нийт 94 м.кв заасан байдаг. Р.Т нь орж байх хугацаандаа өмнөх эзэмшигчийн өр төлбөрийн асуудлыг төлөөд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж эзэмшиж эхэлдэг. Сар сардаа мөнгөө төлөөд явдаг байсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлээд явж байх явцад өөр этгээд буюу н.Нямдаваа гэдэг хүн гарч ирдэг. н.Нямдаваа хэлэхдээ танай талбай минийх болсон. Та нар байраа чөлөөлж өгнө үү. Байраа чөлөөлж өгөхгүй бол бид нар шүүхэд нэхэмжлэл гаргаж та нарыг албадаж чөлөөлүүлэх энэ хэмжээний арга хэмжээ авна гэж ярьж байсан. Бид нар очиж уулзах үед “Х.Ц групп” ХХК-ийн зүгээс ямар нэг хариу өгдөггүй. Бүтэн жил гэрээгээр заасан үүргээ биелүүлээд мөнгөө төлөөд, зардлаа төлж байсан. Жилийн дараа төлөх мөнгөө зогсоодог юм. Өмнөх байгуулсан гэрээг нотариатаар орж баталгаажуулах. н.Нямдаваа гэдэг хүн ямар учиртай юм гэхэд “Х.Ц групп” ХХК-ийн зүгээс хамаагүй гэж хэлдэг. 2019 онд 12 сард тухайн байраас албадан чөлөөлөгдөж эзэмшигч н.Нямдаваад хүлээлгэж өгсөн. Бид нар урсгал зардал, түрээсийн орлогогыг төлөхгүй байх шаардлагад хариу өгдөг. Урсгал зардалыг 2014 оны 05 сарын 20-нд “Х.Ц групп” ХХК зүгээс зээлийн үүргийн гүйцэтгэлд тавьсан байдаг. Нэхэмжлэгч талын татгалзан тооцуулахыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Р.Т, Х.Ц групп ХХК-тай 2014 онд 23/14 тоот гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрөө хийж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан. Үүнээс 91.010.000 төгрөгийг төлсөн бө тухайн байранд өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж, cap бүр тогтмол төлбөрөө хийж байсан. 2015 оны 06 дугаар сард 9911-тэй дугаараас залгаж. “өөрийгөө Нямдаваа" гэж танилцуулаад "чиний амьдраад байгаа байр чинь минийх. би өнгөрсөн жилийн  5 дугаар сард гэрээгээр өөрийн болгож авсан" гэдэг, ингээд Х.Ц групп ХХК-тай очиж уулзахад "манайх н.Нямдаваагаас мөнгө зээлж авсан, удахгүй буцааж өгнө, танайд хамаарах ямар нэг асуудал болохгүи" гэсэн. Тэр цагаас манайх төлбөрөө талуудын маргааныг шийдвэрлэж дуустал түр хойшлуулсан.

Үүгээр миний эзэмшлийн эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн барьцаалсныг мэдсэн. Гэтэл одоо хууль ёсны өмчлөгч миний эрх. ашиг сонирхлыг үл тоож. бүүр нууцаар шилжүүлж. албадан чөлөөлүүлэх болж таарч байна. Бидний зүгээс дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй, 2014 оны 23/14 дугаартай гэрээ хүчин төгөлдөр байгаа. Цаашид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг бүрэн хэмжээгээр нэг дор төлж авахад бэлэн байна. Өмнө бүрэн хэмжээгээр төлөх гэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн маргаантай, Х.Ц групп ХХК-ийн санхүүгийн чадвар муудсан зэргээс шалтгаалж. мөн хэн хэнтэй ямар зорилгоор маргаан үүсгээд байгаа. тэдгээрийн нарийн учрыг олох, ирээдүйд үүсэх эрсдэлээс болгоомжилж өнөөдрийг хүргэсэн.

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр НШШГГ-аас Баянгол дүүргийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр ирж Х.Ц ХХК, Д.Нямдаваа нарт хобогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, талууд тохиролцон энэ үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Нямдаваагийн нэр дээр шилжүүлсэн талаар мэдэгдэж үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлөхийг мэдэгдсэн. Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 28-нд чөлөөлж өгсөн.

Иймд Р.Т цаашид үл хөддөх эд хөрөнгийг өмчлөх гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас Х.Ц групп ХХК-д төлсөн 91,010,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар гаргасан зардал 8,400,000 төгрөг, нийт 99,410,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Р.Т нь иргэн О.Оюунсувд, Э.Идэрцог нартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах. худалдан авах гэрээг өмчлөгч "Х.Ц Групп" ХХК-д мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр байгуулж төлбөр тооцоог хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд иргэн Р.Тын манай компанитай байгуулсан гэрээ нь өөрийн хүссэн нөхцөлийн дагуу хийгдсэн гэрээ байгаагүй, бусад этгээдтэй байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ байсан тул хүчин төгөлдөр бус юм.

Иргэн Р.Т манай компанитай гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 27,010,000 төгрөг л төлсөн бөгөөд нэхэмжлэлдээ иргэн О.Оюунсувд, Э.Идэрцог нарт төлсөн нийт мөнгөө манай компанид 91,010,000 төгрөгийг төлсөн мэтээр бичсэн байгаа нь анхнаасаа манай компанитай гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, иргэн О.Оюунсувд, Э.Идэрцог нартай байгуулсан гэрээг үнэлж байгаа болох нь харагдаж байна.

Сөрөг нэхэмжлэлээс үзэхэд хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Р.Тын төлсөн 27,010,000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр болж байна. Гэвч түүнийг байранд амьдарч байх хугацааны ашиглалтын зардлыг тооцон 846,468 төгрөгийг хасч 26,163,532 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх 73,246,468 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц ХХК, хариуцагч Р.Тд холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23/14 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанд тооцуулах, 77,299,478 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч 99,410,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч тал 2014 оны 23/14 тоот гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар маргаагүй ба 77,299,478 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээс 26,163,532 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23/14 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээний 1, 2-т зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө-115, 10 дугаар хороолол, Номуун төвийн 5 давхарт /баруун хойд хэсэгт/ байрлах 210 м.кв оффисийн зориулалттай талбайн 94 м.кв талбайг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч 169,200,000 төгрөгийг төлөх, гэрээ байгуулсан даруй 30,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Шүүхэд гаргасан талуудын тайлбар, баримтаар зохигч хэлэлцэн тохиролцож өмнөх худалдан авагчийн нөхцөлөөр буюу гэрээний үнийн үлдэх төлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал, хүүг нэмж тооцон сар бүр 1,900,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, тус мөнгөн дүн тохиролцооны дагуу 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл төлж байсан талаар маргаагүй байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчийн 2014 оны 23/14 тоот гэрээнээс татгалзсанд тооцуулах шаардлагын талаар хариуцагч маргаагүй бөгөөд зохигч хэн аль нь тус гэрээнээс татгалзаж, гэрээний харилцаагаа дуусгавар болгосон гэж үзэж үр дагавар, хохирлыг талууд харилцан шаардсан тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.

Үндсэн нэхэмжлэлийн тухай

Нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 01-2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөр тооцон түрээсийн төлбөр 75,062,384 төгрөг, ашиглалтын зардалд 2,237,094 төгрөг, нийт 77,299,478 төгрөгийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар нэхэмжилжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр ба нэхэмжлэгчийн тайлбарлаж буй зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн буюу мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл хангагдаагүй, талууд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ, хүү, хугацаа, хугацааны эцэст тодорхойлох үнийн талаар бичгээр хэлцэл хийгээгүй байна. Өмнөх худалдан авагч болох Э.Идэрцог, О.Оюунсувд нартай байгуулсан хуваарийг баримталсан гэх боловч энэ тухай бичгийн хэлцэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Энэ тохиолдолд талуудын хүсэл зориг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43.2.1-д зааснаар үгүйсгэгдэж, талууд гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон гэж үзэх ийнхүү тохирсныг зээлээр худалдах- худалдан авах гэрээний нөхцөл гэж үзэхгүй.

Хариуцагч гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, нэхэмжлэгч худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг бусад давхар худалдсан нь хариуцагч гэрээнээс татгалзах шалтгаан болсон талаар зохигч зөрүүтэй тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Ц групп ХХК, гуравдагч этгээд Д.Нямдаваа нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зээлийн үйл ажиллагаатай холбоотой хэлцэл хийгдэж байсан, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4690 дугаартай шийдвэрээр Х.Ц групп ХХК-иас 327,500,000 төгрөг гаргуулан Д.Нямдаваад олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр маргаж үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн, улмаар  хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлжээ.

Хариуцагч гэрээний үнийг 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрөөс нэг сард 1,900,000 төгрөгөөр тооцон 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл 27,010,000 төгрөг төлсөн байх ба худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч бусдад худалдсан шалтгаанаар төлбөрөө зогсоосон, байрыг гуравдагч этгээдэд шилжих хүртэл худалдан авах хүсэл зориг хэвээр байсан гэх хариуцагч, түүний төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэлтэй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдал нийцсэн, үнэн зөв гэж үзэхээр байна.

Дээрхээс үзэхэд талуудын гэрээнээс татгалзах нөхцөл нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн, талууд гэрээнээс татгалзсан явдалд хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэхээргүй байна. Мөн энэ талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 2457 тоот тогтоолд тодорхой дурдаж, дүгнэжээ.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийг ашиглаж өөрийн эзэмшилд байлгасан хугацааны төлбөрийг Тэнхлэг зууч ХХК-ийн 2018 оны 18/54 тоотод дурдсан жишиг үнээр тооцон 75,062,384 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан түрээсийн орлогод тооцон хариуцагч хариуцан арилгах үүрэггүй байна.

Өөрөөр хэлбэл талууд гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийн үндэслэлийг хариуцагч бий болгоогүй үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчаас 75,062,384 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардалд 2,237,094 төгрөгийг түрээсийн төлбөрийн нэхэмжилсэн хугацаагаар нэхэмжилснийг хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний биелсэн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгасан үеийн ашиглалтын зардлыг гэрээнээс татгалзсан нөхцөл байдлаас үл хамааран төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангав.

Сөрөг нэхэмжлэлийн тухай

Хариуцагч, нэхэмжлэгчийн өмнөөс 63,480,000 төгрөгийг Э.Идэрцог, О.Оюунсувд нарт, 27,010,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд тус тус төлсөн, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар 8,400,000 төгрөгийн зардал гаргасан үндэслэлээр 99,410,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч ашиглалтын зардал 846,468 төгрөгийг хасч 26,163,532 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч, иргэн Э.Идэрцог, О.Оюунсувд нараас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах авахаар хэлэлцэн тохирч, уг хэлцэлтэй холбоотойгоор Э.Идэрцог, О.Оюунсувд нарын нэхэмжлэгчид урьдчилж хэсэгчлэн төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч нэхэмжлэгчийн өмнөөс Э.Идэрцог, О.Оюунсувд нарт төлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч, Э.Идэрцог, О.Оюунсувд нарын тохирсон “нэг сард 1,900,000 төгрөг төлөх” нөхцөлөөр үргэлжлүүлэн нэхэмжлэгчид төлж өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцжээ.

Нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар хариуцагч, иргэн Э.Идэрцог, О.Оюунсувд нарт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авсны төлбөрт 63,480,000 төгрөг төлсөн нь тогтоогдож, шүүхэд Э.Идэрцог, О.Оюунсувд нар гэрчээр оролцож уг үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайг 1,980,000 төгрөгөөр хариуцагчид худалдсан гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй. Мөн хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 14-2015 оны 07 дугаар сарын 14-ны хооронд 27,010,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь талууд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна.

Э.Идэрцог, О.Оюунсувд нарт хариуцагчийн төлсөн 63,480,000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв талбайн үнийг 1,980,000 төгрөгөөр тооцсоны зөрүү үнэ /1,980,000-1,800,000=180,000. 180,000х94=16,920,000/ 16,920,000 төгрөг багтсан ба хариуцагч Р.Т, иргэн Э.Идэрцог, О.Оюунсувд нар үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв талбайн үнийг 1,980,000 тохирсон явдалд нэхэмжлэгч зөвшөөрөл өгсөн, түүний заавраар хийгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч м.кв талбайн зөрүү үнийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 63,480,000 төгрөгөөс үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү үнэ 16,920,000 төгрөгийг хасч үлдэх 46,560,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугара зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид төлөх үүрэгтэй.

Дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахын тулд хариуцагч ББСБ-аас зээл авч төлбөрөө төлсөн, нэхэмжлэгчийн тодорхойгүй байдлаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан орлого олох боломжоо алдаж зээлийн хүүгийн төлбөрт орсон гэж бусдад төлсөн зээлийн хүү 8,400,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан.

Хариуцагчийн энэхүү шаардлага үндэслэлгүй буюу Мөстийн өвөр булаг ББСБ ХХК-иас хариуцагч 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн, 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн зээлийн гэрээгээр 7,500,000 төгрөгийн зээлийг тус тус авсан байх боловч дурдсан мөнгийг нэхэмжлэгчид болон Э.Идэрцог, О.Оюунсувд нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнэд зориулан төлсөн нь дансны хуулга, бусад баримт тогтоогдсонгүй. Энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын харьцуулан үнэлж хариуцагч Р.Таас 2,237,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 75,062,384 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Х.Ц ХХК-иас 72,723,532 төгрөг гаргуулан хариуцагч Р.Тд олгож, сөрөг нэхэмжлэлээс 26,686,468 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Д.Нямдаваад түүний 99117878 дугаараар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролц шаардлагагүй талаар шүүхэд мэдэгджээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар гуравдагч этгээдийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Таас 2,237,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц ХХК-д, нэхэмжлэгч Х.Ц ХХК-иас 72,723,532 төгрөг гаргуулан хариуцагч Р.Тд тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 75,062,384 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 26,686,468 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,658,156 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,004,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Таас 50,743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ц ХХК-д, нэхэмжлэгч Х.Ц ХХК-иас 521,567 төгрөг гаргуулж хариуцагч Р.Тд тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Э.ЭНЭБИШ