Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2015/0366/З |
Дугаар | 221/МА2017/0834 |
Огноо | 2017-11-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2017/0834
А.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, гуравдагч этгээд Я.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэртэй, А.А-гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5-д заасныг баримтлан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 450 м.кв газрыг нэхэмжлэгч А.А-д олгохыг даалгуулах” тухай А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр нар давж заалдах гомдолдоо: “...Д.Хулганаагаас газар эзэмшүүлэн авах хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан тэр даруйд дүүргийн Газрын албанд хүргэж өгсөн талаар гэрч н.Ганбаяр мэдүүлдэг. Тэрээр мэдүүлэгтээ “...Д.Хулганаа нь Баянгол дүүргийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын дарга, танил ах. Надад газар байгаа гэж хэлээд А.А-д би дамжуулж хэлээд уулзаж нотариат орж батлуулаад Чингэлтэй дүүргийн газрыг авсан” гэжээ. Тэгэхээр яах аргагүй Д.Хулганаагийн газрыг А.А худалдаж авсан нь нотлогдож байна.
Дүүргийн газрын алба болон архивт нэхэмжлэгч А.А-гийн холбогдолтой баримт байтугай анх газар эзэмших гэрчилгээ авсан Д.Хулганаатай холбоотой нэг ч баримт байдаггүй. Мөн Д.Хулганаатай хамт газар эзэмших гэрчилгээ авч байсан н.Цэндсүрэнгийн материал ч байхгүй байгаа нь дүүргийн Газрын албаны хариуцлагагүй байдлаас болж газар эзэмшигч нарын материалууд байхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа нэхэмжлэгч хүсэлтээ хуульд заасан журмын дагуу зохих байгууллагад гаргаж байсан үйл баримт тогтоогдсонгүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/131 дүгээр захирамжаар Д.Хулганаад Шадивлан зусланд 0,15 га 2 айлын газрыг эзэмшүүлсэн байдаг. Энэ нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2/729 дугаартай Нийслэлийн Архивын газрын 4796 дугаар лавлагаа түүний 2 хавсралтаар нотлогддог. Хавсралтын 8 дугаар мөрөнд Д.Хулганаа 2 айл, байрлал Шадивлан, зориулалт зуслан, газрын хэмжээ 0,15, хугацаа 5 жил эдэлбэрийн зориулалт ашиглуулах гэж тодорхой бичсэн байдаг. Тэгэхээр Д.Хулганаа гэх хүн ямар ч байсан хоёр айлын газар ашиглах эрхтэй байсан нь тогтоогдож байна. Д.Хулганаа хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан учраас А.Алтануяад газраа шилжүүлсэн. Хуульд заасны дагуу Д.Хулганаа нь А.А-д шилжүүлэн өгсөн тул эрх, үүрэг нь А.А-д шилжсэн гэж үзэхээр байна. Харин А.А нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүргэж өгсөн, газар эзэмших эрх шилжиж ирсэн гэж ойлгож явсан байна. Газрын албаны эс үйлдэхүйгээс болж газар эзэмших эрхийн гэрчилгээ А.А-гийн нэр дээр шилжиж ирээгүй болох нь Газрын албаны архивт маргаан бүхий газрын талаарх нэг ч баримт байхгүй байгаагаар нотлогддог.
Газрын алба буюу эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулахаар хүсэлт болон нотлох баримтуудаа өгсөөр байхад эрх бүхий байгууллага нь газар эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулаагүй байгаа нь Газрын албаны эрх бүхий албан тушаалтны эс үйлдэхүй гэж үзэхээр байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжиж ирээгүй учраас А.А өөрийн эзэмшиж байгаа газрын төлбөрийг төлөх боломжгүй. Кадастрын зургийн тухайд гэвэл нэгэнт худалдаж авсан газар нь эргэлтийн цэгээрээ хашаатай гэж худалдагч зааж өгсөн, н.Цэндсүрэн гэдэг хүний газартай хөрш залгаа гэж гаргасан тойм зураг байсан тул дахин кадастрын зураг хийлгэх шаардлага байхгүй гэж үзсэн. Мөн гэрч н.Ганбаярын зөвлөсний дагуу Д.Хулганаагаас газар худалдан авсан даруйдаа А.А хашаа барьсан байдаг. Гэтэл хашаа барьсан газар дээр Кадастрын зураг үйлдэхдээ Кадастрын болон газрын албаны мэргэжилтнүүд очиж үзсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/131 дүгээр захирамжаар Д.Хулганаад 2 айлын 0,15 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж улмаар 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр газар ашиглах 430 дугаар гэрчилгээг олгосон байна.
Д.Хулганаа нь А.А-тай 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дээрх газраас 450 м.кв газар ашиглах эрхийг А.А-д шилжүүлэхээр “эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч А.А нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 450 м.кв газрыг нэхэмжлэгч А.А-д олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших хүсэлтээ 2005 оны 9 дүгээр сард төрийн захиргааны байгууллагад гарган уг газартаа 2007 оноос хойш хашаа, байшин барьж амьдарч байгаа бөгөөд миний газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгосон нь хууль бус” гэж тайлбарлан маргажээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж тус тус заасан ба иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд уг хүсэлтийг дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулжээ.
А.А нь Д.Хулганаагаас эрх шилжүүлэх гэрээний дагуу 450 м.кв газрыг шилжүүлэн авсан гэх боловч уг газрыг эзэмших хүсэлтээ холбогдох баримтын хамт эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй, газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй тул маргаан бүхий газрыг А.А нь гуравдагч этгээд Я.Э-ээс өмнө эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжаар Я.Э-т тус дүүргийн 18 дугаар хороо Шадвилангийн зусланд 465 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийн 0059403 дугаар гэрчилгээг олгосон нь холбогдох хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан тул тухайн дүүргийн Засаг даргад хүсэлт гаргалгүйгээр ганцхан А.А Д.Хулганаа нарын хооронд байгуулсан “эрх шилжүүлэх тухай” гэрээгээр нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр нар давж заалдах гомдолдоо “...Д.Хулганаа нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан бөгөөд хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлэн газар эзэмших гэрчилгээгээ Д.Хулганаа нь А.А-д шилжүүлэн өгсөн тул эрх, үүрэг нь А.А-д шилжсэн гэж үзэхээр байна” хэмээн дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд А.А нь Д.Хулганаатай “эрх шилжүүлэх гэрээ” байгуулсны дараа Чингэлтэй дүүргийн Засаг даргад уг гэрээний дагуу газар эзэмших хүсэлтийг гаргасан гэх боловч нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул А.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга хөндсөн гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА