Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 706

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Б.Халиуна нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:А.А

Хариуцагч:Чингэлтэй дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Я.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э-т холбогдох хэсэг, Я.Э олгосон 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0059403 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 450 м.кв газрыг нэхэмжлэгч А.А-д олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд Я.Э, гуравдагч этгээд Я.Э-ийн өмгөөлөгч Л.Т, иргэдийн төлөөлөгчөөр Б.С нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Шадивлан зусланд 450 м.кв бүхий газрыг анх тус дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Д.Х*******д ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах №430 тоот гэрчилгээ олгосон байдаг. Би 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д.Х*******гаас газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх гэрээ байгуулж уг газрыг шилжүүлж авсан бөгөөд уг гэрээ болон газрын гэрчилгээ, дагалдах бичиг баримтуудын хамт газар эзэмшигчийн нэр шилжүүлэх хүсэлтийг тухайн оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан. Мөн 2005 оны 10 дугаар сард өөрийн авсан газар дээр хашаа бариулж, 2007 оны 5 дугаар сараас эхлэн байшин барьж уг газар дээр өнөөдрийг хүртэл амьдарч байна. 

2007 оны 06 дугаар сард Я.Э******* гэх хүн ирээд “Энэ газрыг эзэмших эрхийн гэрчилгээ миний нэр дээр байгаа, газар чөлөөлж өг” гэсэн. Тухайн үед газрын албаны мэргэжилтэн н.Отгонбаатар “иргэн А.А******* болон Я.Э*******ийн газар хоорондоо давхцаагүй байна” гэж амаар хариу өгсөн бөгөөд Я.Э******* ч чимээ сураггүй болсон. Гэтэл миний 2005 онд шилжүүлэн авч 2007 оноос хойш байшин барьж, амьдарч ирсэн газарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №84 тоот захирамжаар Я.Э*******т газар эзэмшүүлэн, 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0059403 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Нэгэнт бусдад олгогдсон бусдын хууль ёсны эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан Я.Э*******т газар олгосон нь “Газрын тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, А.А******* миний газар эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр байх тул хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Маргаан бүхий газарт би 2007 оны оноос хойш амьдарсан байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга уг газрыг Я.Э*******т эзэмшүүлэхдээ энэ газар бусдын хууль ёсны эзэмшилд байгаа эсэх, бодит байдалд эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийг шалгаж тодруулаагүй гэж үзэж байна. 

Мөн А.А******* миний 2005 онд гаргасан “газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх” хүсэлтийг шийдвэрлээгүй мөртлөө 2006 онд уг газрыг бусдад олгосон нь хууль бус байх байх бөгөөд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Шадивлан зусланд байрлах, 450 м.кв газрыг А.А*******гийн нэр дээр шилжүүлэн, эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №84 тоот захирамжаар иргэн Я.Э*******т 450 м.квадрат бүхий газрыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Дээрх захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газрын алба Я.Э*******т газар эзэмших гэрчилгээ олгосон. Тухайн үед маргаан бүхий  газар Газрын албаны мэдээллийн санд ороогүй, хэн нэгэн этгээдийн эзэмшил ашиглалтад байгаагүй байсан тул дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү газрыг олгосон байдаг. 2000 оны захирамжийн талаар ярьж байна. Энэ захирамж Чингэлтэй дүүргийн Газрын алба болон Засаг даргын тамгын газрын архивт байдаггүй, мэдээллийн санд зураг нь суугдаагүй тул өөр хүний газартай давхцалтай байсан гэдгийг тодруулах ямар ч боломжгүй. Газрын албаны мэдээллийн санд зураг нь байхгүй учир гуравдагч этгээд Я.Э*******т эзэмшүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна” гэв.

Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь иргэн Д.Х*******гаас энэ газрын эрх шилжүүлэн авсан талаар гэрээ манай байгууллагын архивт байдаггүй. Манай мэдээллийн сан 2004 оноос цахимаар газрыг бүртгэж эхэлсэн. А.А******* тухайн үед буюу 2005 онд маргаан бүхий газрын эрх шилжүүлэх гэрээгээ дүүргийн Засаг даргаас аваад манай байгууллагад хандсан бол ийм зүйл болохгүй байсан. Ингэж яваагүйн улмаас тухайн газрыг давхцалгүй байна гэж үзэн иргэн Я.Э*******ийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Я.Э******* өөрийн эзэмшлийн газартай холбоотой асуудлаар удаа дараа зохих байгууллагуудад хүсэлт гаргасан ба зохих хуулийн дагуу өмчилж авсан нь тогтоогддог. Харин иргэн А.А*******г энэ газрыг өмчилж байсан талаар нотлох ямар ч бичиг баримт архивт байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч энэ газрын эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтээ 2005 онд гаргаж байсан талаар Нийслэлийн Газрын албаны архиваас бичиг гарч ирээгүй. Энэ захирамж гарч байсан талаар хэн ч мэдэх боломжгүй. А.А******* нь 2000 онд тухайн газрыг эзэмших эрхийг авсан мөртлөө 2007 он хүртэл нэг ч удаа Кадастрын зураг хийлгэж байгаагүй байсан учир Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Чингэлтэй дүүргийн газрын албанаас энэ газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан. Я.Э*******ийн эзэмшлийн газар нэхэмжлэгчийн газартай давхцалгүй байна гэж н.Ёндон гэх хүнийг гэрчээр  асуулгахад хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2000 онд иргэн Д.Х*******д газар эзэмшүүлэх захирамж архивт байдаггүй гэж ярьж байна. Гэтэл энэ захирамж нэхэмжлэгчид өөрт нь байдаг. Мөн шүүхээс энэ газрыг эзэмшиж байсан талаар лавлагаа авахад гарч ирсэн. Я.Э*******ийг хууль ёсны дагуу газрыг авсан гэдэгт нэхэмжлэгч маргахгүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/131 тоот захирамжаар иргэн Д.Х*******д Шадивлан зусланд 0.15 га 2 айлын газрыг 5жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Энэ нь 2015 оны  08 дугаар сарын 15-ны өдрийн 2/729 тоот Нийслэлийн архивын газрын 4796 дугаартай лавлагаа, түүний 2 дугаар хавсралтаар нотлогддог. Д.Х*******д олгосон газрыг иргэн Д.Х*******, н.Ц******* нарт 450, 450 м.квадратаар 2 хувааж олгосон тойм зураг хавтаст хэрэг авагдсан байгаа. 2001 оны 11 дүгээр сарын үед газрын кадастрын зураг хийдэггүй, зөвхөн тойм зургаар газрыг баталгаажуулдаг байсан. Д.Х*******, н.Ц******* нар хөрш айлууд байсан гэдгийг гэрч н.Н******* нотолдог. Энэ талаар Ч.Н******* гэрчийн мэдүүлэгтээ “н.Ц*******гээс газрыг шилжүүлж авсан. Тухайн үед танай хөрш айл нутгийн чинь хүн байгаа. Харин хөрш залгаа байсан А.А******* гэх хүнийг танихгүй, харин түүний аав ээж 2-г тухайн газарт байшин барьж байх үеэс нь мэднэ” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд гэрч Ч.Н*******гийн газар н.Ц*******гийн газар, Ч.Н*******гийн эзэмшиж байгаа газар хөрш Д.Х*******гийнх мөн болох нь тогтоогддог. Тухайн үед худалдаж болдоггүй байсан тул нэхэмжлэгч А.А******* Д.Х*******гаас эрх шилжүүлж авсан. 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн газрын эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталгаажуулж хүчин төгөлдөр болсон. Энэ гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Шадивлан зусланд байрлах  450 м.квадрат Чингэлтэй дүүргийн Засаг даргын №131 тоот захирамжаар эзэмшүүлсэн газрыг иргэн Д.Х*******гаас А.А*******д шилжүүлсэн өгсөн. Үүнийг нотлох бас нэг баримт бол Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнийн даргалж, нарийн бичгийн даргаар М.Биндэръяаг оролцуулан гэрч Түмэннасангийн Г*******ыг гэрчээр асуусан шүүх хуралдааны тэмдэглэл байдаг. Энэхүү гэрчийг асуусан шүүх хуралдаанд гуравдагч этгээд Я.Э*******, түүний өмгөөлөгч нар байлцсан. Гэрч Т. Г******* мэдүүлэхдээ иргэн Д.Х******* нь өөрийн танил Баянгол дүүргийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүмүүсээр дамжуулж надад эзэмшиж болохоор газар байгаа гэж хэлсэн, би түүнийг нь А.А*******д хэлээд цуг нотариат орж эрх гэрээгээ батлуулаад Чингэлтэй дүүрэгт байрлах газрыг авсан. Тэгээд шууд Чингэлтэй дүүргийн газрын алба орж бүртгүүлсэн ба харин буцах тасалбар өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Т.Г******* Д.Х*******, А.А******* нарыг хооронд нь зуучилсан байдаг. Энэ мэдүүлгээс  үзэхэд А.А******* нь газрыг шилжүүлж авсан болох нь нотлогддог. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/6386 албан тоотоор Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны газраас иргэн Д.Х*******гаас А.А*******д шилжүүлэн олгосон 450 м.квадрат газрын баримтуудыг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/8909 албан тоотоор иргэн Д.Х*******гийн хөрш залгаа газар болох н.Ц*******гийн эзэмшлийн газартай холбоотой нотлох баримтуудыг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны газарт, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6140 албан тоотоор н.Ц*******гээс газар шилжүүлэн авсан Ч.Н*******гийн №44853 тоот газар гэрчилгээтэй түүхчилсэн лавлагааг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Газрын албаны архивт тус тус хандсан. Хариу албан тоотуудаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжууд хавсралтын хамт нотлох баримтаар ирсэн. Өөр ямар ч баримт байдаггүй. Чингэлтэй дүүргийн Засаг дарга газрын тухай хууль зөрчсөн. Гэрчилгээг хүчингүй болгосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Хариуцагч 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б/131 тоот захирамжаар маргаан бүхий газрыг Д.Х*******д №430 тоот гэрчилгээгээр олгосон мөртлөө ямар үндэслэлээр Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон тухай нотлох баримтыг авчирч өгөөгүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №84 тоот захирамжийн Я.Э*******т холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэдгийг зөрчсөн гэж үзэж байна. Д.Х*******д Шадивланд газар олгосон талаар баримтууд тодорхой байгаа. Хариуцагчийн өөрсдийнх нь хайнга байдлаас болж газрыг давхардуулан олгосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч А.А******* Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э*******т холбогдох хэсэг, Я.Э*******т олгосон 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0059403 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 450 м.кв газрыг нэхэмжлэгч А.А*******д олгохыг даалгах” гэж тодруулжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тодруулж Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч А.А******* Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/131 дүгээр захирамжаар иргэн Д.Х*******д тус дүүргийн 18 дугаар хороо, Шадивлангийн зусланд 2 айл, 0.15 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулсан, нэхэмжлэгч А.А*******  Д.Х*******гаас 450 м.кв газрыг 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээгээр” шилжүүлэн авч газар эзэмших хүсэлтээ 2005 оны 09 дүгээр сард төрийн захиргааны байгууллагад гарган уг газартаа 2007 оноос хашаа, байшин барин одоо хир амьдарч байгаа гэж тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн,..... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.5-д “ Хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг........, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” гэж хуульчилжээ.

Гэтэл нэхэмжлэгч А.А******* маргаан бүхий энэхүү газрыг шилжүүлэн авах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу зохих байгууллагад гаргаж  байсан үйл баримт тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т (овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа) заасан шаардлагыг хангасан газар эзэмших хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж гаргаж шийдвэрлүүлээгүй нь түүнийг хууль ёсоор газар эзэмших эрх нь үүсээгүй этгээд гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Д.Х*******гаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэх боловч энэ талаарх хүсэлтээ холбогдох баримтын хамт эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй, шилжүүлж авсан гэх газрын эзэмших эрхийг баталгаажуулаагүйгээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болоогүй, уг газрын эзэмших эрхийн талаар маргах эрхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2005 онд Д.Х*******гаас шилжүүлж авсан газраа эзэмших хүсэлт гаргасан талаар дүүргийн газрын албанд баримт байхгүй байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж захиргааны байгууллагыг буруутгах, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохыг даалгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анх маргаан бүхий газрыг Д.Х*******д Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/131 дүгээр захирамжинд зааснаар 5 жил, 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар бүхий гэрчилгээнд бичигдсэнээр 4 жилийн хугацаатай олгосон, уг газрыг эзэмших эрх 2005 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “ Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;”  гэж хуульчилсний дагуу  маргаан бүхий газрыг ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар өмнөх эзэмшигч Д.Х******* болон эрхийг шилжүүлж авсан гэх нэхэмжлэгч холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүйгээс тухайн газрыг эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч газрыг эрх шилжүүлэх гэрээгээр авмагц кадастрын зураг хийлгэж мэдээллийн санд оруулаагүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтантай газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй зэргээр хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай. 

Маргаан бүхий газар дүүргийн газрын мэдээллийн санд болон архивт хэн нэгэнд олгосон мэдээлэл байхгүй байсныг шалгаж гуравдагч этгээд Я.Э*******ийн гаргасан хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжаар Я.Э*******т тус дүүргийн 18 дугаар хороо Шадивлангийн зусланд 18642321183608 нэгж талбарын дугаар бүхий 465 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд 2007 онд нэхэмжлэгч А.А******* маргаан бүхий газарт байшин барьж эхэлсэн үеэс гуравдагч этгээд Я.Э*******ийн гомдлоор газар чөлөөлөх талаар дүүргийн Засаг даргын захирамж гарч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа газар чөлөөлүүлэх албан шаардлага хүргүүлж байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч А.А******* тухайн газарт зөвшөөрөлгүй үл хөдлөх хөрөнгө барьснаар тухайн газрыг эзэмших эрх баталгаажихгүй бөгөөд энэ утгаараа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 450 м.кв газрыг нэхэмжлэгч А.А*******д олгохыг даалгах тухай нэхэмжлэгч А.А*******гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5-д заасныг баримтлан  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 450 м.кв газрыг нэхэмжлэгч А.А*******д олгохыг даалгах тухай А.А*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР 

                   ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА

                          ШҮҮГЧ                              У.БАДАМСҮРЭН